Pages

2007-08-27

Хорвоо дэлхий уудам, хийх ажил их байна

Номыг бичсэн Солонгосын ДЭҮ-гийн ерөнхий захирал, үндэслэгч Ким Ү Жүн гудамжны сонин худалдагчаас дэлхий даяар алдаршсан том бизнэсмэн болсон нь энэхүү номыг нь унших хангалттай шалтгаан юм.

Номын гол хандлага бол залуусыг ажил хөдөлмөрийн амт шимтэнд уриалан дуудах амжилтанд хүрсэн ахын захиас маягтай тун мундаг ном юм. Японы Киосэра группыг үндэслэгч Инамори Казүогийн Амжилтанд хүрэх гал эрмэлзлэл гээд ном байна. Залуу хүнд, Удирдан манлайлагч хүнд юу хэрэгтэй байдгыг сургасан бас л мундаг сайхан ном. Энэ мэт амжилтанд хүрсэн лийдэрүүд залуу хойч үеийнхэнээ зөв замд уриалан дуудаж амжилтанд хүрэхийн сайхныг өөрийн явдал мөрөөр үлгэрлэн үзүүлсэн жишээ олон байдаг билээ. Одоогоор манайд дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх ямар нэгэн онцгой гавъяатан алга. Энэ бол муу зүйл биш, харин ч эдгээр мундаг лийдэрүүд шиг хэлсэн үгийг нь залуус амтархан хүлээж авдаг хүн болох боломж япон солонгос залуусаас илүүтэй байна гэсэн үг шүү дээ. Үүнд хүрэхийн тулд эхлээд эдгээр амжилтанд хүрэгсэдийн өөрсдийнх нь бичсэн энэ мэт ном зохиолуудыг зориуд уншиж үзэх хэрэгтэй. Энэ хоёр номыг бичигсэдийн нэг адил чанар бол зөв зорилго тодорхойлох, түүндээ хүрэхээр галзуу мэт гүргэр зүтгэл.

Хаш чулуу арьсгүйг бод
Хамаг амьтан мөнх бусыг бодож хатууж...
(Өчигдөр телевизээр тайлбарлаж байсан мөнх бусын тухай их хаадын билэг сургаалиас сэдэвлээд зохиочихлоо. Утга санааг нь л гаргахыг хичээсэн маань энэ.)

Хаш чулуу хамгаалах арьсгүй ч хатуу чанарын бэлэгдэл, хүн мөнх бус ч хаш чулуу мэт сэтгэл зүрхээрээ хамгаалагддаг билээ. Нэг л амьдрах амьдралаа зөв зорилгын төлөө зүрх сэтгэлийнхээ хатуу чанараар хальралгүй зүтгэвэл энэ мэт номыг зохиогсдын хүрсэн амжилт, хүссэн хүсэл утга учираа олж байгаа хэрэг билээ.

Номын хэсгээс: ...Үргэлжид ядуу зүдүү байсан хэрнээ харин түүндээ гуньж гутарч байгаагүй. Надад юу юунаас үнэ цэнэтэй залуу халуун нас байсан бөгөөд түүний минь бэлгэ тэмдэг болсон аугаа их хүсэл тэмүүллээр буцалж явдаг байсан би. Тийм болохоор би юу боллоо ч гэж сэтгэлээр унах билээ дээ. Залуу хүнд зайлшгүй байх эрхэм чухаг зүйл олон боловч тэмүүлэл мөрөөдөл шиг үнэ цэнэтэй зүйл гэж ер үгүй. Амьдралаар хичнээн ядуу тааруу ч хүсэл тэмүүллээр дүүрэн хүн огтхон ч ядууд тооцогдохгүй. Хүсэл тэмүүлэл ихтэй байх тусам төдийчинээ баян байдаг. Юу ч үгүй атлаа сэтгэлээ тэжээх тэмүүлэл мөрөөдөлтэй, юунд ч үл атаархах тийм үе бол залуу нас... Түүх бол тэмүүлэн мөрөөдөгчийнх болой...

Post a Comment