Pages

2007-08-24

Анна Каренина


Л.Толстойн энэхүү романийг бол заавал уншиж үзэх ёстой гэж хайж эрж лавлахаас асуух шахаж явжийж олж авсан юм. Болороод байдаг гэдгийг нь мэдэж байсан ч өөрийнхөө номын санд байлгах ёстой гэж үзсэндээ тэгсэн хэрэг. Сайхан номын сантай болох нэг мөрөөдөлтэй хүн л дээ би, тэгээ л...

Олон сайн хүний буянд муу ном уншиж явсангүй ээ, бүх л номыг сайн ном сайхан ном гэж дүгнэдэг байснаа сая энэ номны тухай бичихээр суухдаа анзаарав. Товчхон хэлбэл өчүүхэн миний уншиж амжсан номууд дундаас хамгийн мундаг соруудын нилээд дээгүүрт жагсах ном гэж бодож байна.

Миний хамгийн дуртай дүр бол Левин. Эцэг эхийнхээ эдлэн газрыг өвлөж авсан, хөдөө газраа аж ахуй хөтлөн эдлэндээ амьдардаг, эхэн үедээ ганцаараа байх ба нууцхан хайрлаж явсан эгч дүү гурван бүсгүйн бага Кититэй сууж, сэтгэл хангалуун жаргалтай сайхан амьдарч буй эр. Язгууртаны хүмүүжилтэй өндөр боловсролтой боловч хөдөөгийн сэхээтэн гэдэг утгаараа өөрийн найз хотын сэхээтэн, хүргэн ах, бас багийн найз ... (түй чёрт! нэрийг нь мартчиж, оросуудын баахан нэрийг цээжлэх гэж үнэндээ бичиж авах дээрээ тулсаныг нуух юун. Гэнэт л нэг Дарья Ивановна гараад ирнэ. Энэ чинь эгч дүү гурвын аль нь билээ гээ л манараад явчихна гэцүү дээ гэцүү гсн :D) –тайгаа зөвхөн найз нөхрийн ёсоор найзархах боловч хөрөнгө мөнгө нэр төр амьдралын сайн сайхныг үзэх үзэл, голч зарчмын хувьд тэс ондоо хүн.

Китид сэтгэлээ илчлээд анх удаа бүтэлгүйтсэний дараа гэртээ ирээд ахуй амьдралдаа нямбай анхаарч ажиллаж байгаа нь... бүтэхгүй нь, үгүй э найдлага бий хэмээн дотроо өөртэйгөө тэмцэлдэж байхдаа морь унаад шалбааг тойрон газар боловсруулж байгаа ажилчид уруу ой дундуураа явж байх нь бараг л нүдэнд харагдаж байлаа, хажууд нь сэрчигнэх навчны чимээ, морьны алхаа, амьсгаа нь эгээтэй л сонсогдож байлаа хөөрхий. Толстой та шүү гээд огцомдоод унахгүй юу хэ хэ.

Ихэнх зохиолууд нэгэн хэвэнд цутгасан мэт сайн хүн сайнаараа л байдаг “дуусдаг”, чикест хүн хэнд ч дийлддэггүй байх ёстой, нэг муу гол эсрэг дүр маш утгагүй ашиг сонирхолоосоо болж гол дүртэй тэмцэлдээд байдаг гэх мэтээр туйлшраагүй, хүний зан характер үйлдэл зэргээрээ хэнийг нь ч дорд үзэгдүүлээгүй, бас хүнээс дээрд хүн үзэгдүүлээгүй бичиж чадсан зохиол юм уу гэж бодогдсон. Ер нь сайн зохиолууд хэмээн цоллуулахад иймэрхүү хандлага бас нөлөөлдөг юм биш бээз.

Эмэгтэй дүрүүдийн хувьд Анна бол ёстой сонгодог идеал дүр. Алдаа оноо гэм зэм хүртэх ёстой жаргалдаа тэмүүлэх энэ тэр нь тэр чигээрээ сэтгэл татам дүр. Багадаа ухаантайхан байгаад тэр үед энэ номыг уншсан бол би лав Аннад дурлаж мэдэхээр тийм гоё дүр.

Товчхон танилцуулах юм бол аав ээжийнхээ заншил ёсоор сэтгэлгүй боловч сайн хүний эхнэр болон хүү эр нөхөртэйгөө амьдарч байгаад тохиолдлоор Китигийн дурлаад байсан Вронскийтэй учир ургана. Нөхрөөсөө салж, хүүгээсээ хагацан байж бүтэх “учиртай” дурлалд автсан Анна бүсгүйн сонголт болсон энэхүү гүн Вронский гэдэг этгээд бол бас тун эрч хүчээр дүүрэн, тийм гээд тодорхойлоход асар хэцүүгээр барахгүй үнэндээ бол Левиний хажууд бодолтой буурь суурьтай аж ахуйч нухацтай хүн биш юм. Гэхдээ лайтай тууштай өгөөмөр язгууртан суртахуунтай хүн. Зориулах ёстой гэж үзсэн зүйлдээ эрсдэл үүрэхээс айдаггүй. Шалдаа буусан байвч нэр төрөө хамгаалж хамгийн сайн мэргэн буудагчтай дүвээлдэхээс сийхгүй.

Нөгөө нэрийг нь мартдаг нөхрийн эхнэр, ө.х Китигийн эгч Дарья бол бас л яриуштай дүр. Халуун залуу насандаа хайртай хүнтэйгээ сууж хотын язгууртан эхнэрийн амьдралаар насаа элээх тийшээ хандаж байтал нөхөр нь залуу бүсгүйчүүдтэй орооцолдох болсоноор өөрийнхөө амьдралыг эргэн харж битүүхэндээ шаналах дүр. Эмэгтэй хүнээс л гардаг болов уу гэмээр тэвчээртэй, уян сэтгэл, харгис хатуу бодол зэрэг нь хэн хүнд олон зүйл бодогдуулах буй заа.

Энэ номын үйл явдал хамжлагыг устгах үеийн Хаант Орос оронд өрнөх боловч уншсан хүнд өөр хэн нэгний бүхэл нэгэн амьдралаар амьдраад үзсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ, шинэ ухаарал, бодох нягтлах олон зүйлийг бэлэглэх болно.

Post a Comment