Pages

2008-11-21

Үл бичигдмэлүүд

Монсудар хэвлэлийн газраас "Эрэлхийллийн уран зохиол" гэдэг нэрийн дор 2001 онд нэгэн уралдаан зарлагдаж, түүний шилдэгүүдийн тоонд багтсан, бяцхан мөртлөө час хийсэн энэ номны тухай тойм бичиж байгаадаа жоохоон эмээж л байна. Учир нь зохиогчийн сэтгэлгээний цэгц, философийнх нь цар хүрээг бишрэн шүтсээн. Энэ бол надад үнэхээр дутагддаг чанар болохоор тэр болов уу.
Яагаад Үл Бичигдмэлүүд гэж нэрлэсэн хийгээд олон зүйлийн тухай бичишгүй нь, юу ч гэсэн эхлээд номоос багахан хэсгийг хүргье.

Гайхагсад ба гайхахгүйгээр шийдэгсэд
Амьдралын утга учир гэж юу вэ? Хүмүүс янз бүрийн бодолтой байдаг. Амьдрал мэдэхгүй хүүхдүүд гэж ахмаджуу нэг нь хэлэх нь хааяа нэг сонсогддог л үг. Тэгвэл тэд юуг мэдсэндээ ингэж хэлдэг юм бол. Орчлон ертөнцийн дор хүн гэдэг ямар нөлөөгөөр бий болсон, хүн болон амьтад энэ дэлхий дээр амьдарсанаараа ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг тэд мэддэг юм болов уу? Ерөнхийдөө хүмүүс бол гайхсаар л байгаа. Энэ дэлхий маань эзгүй, дур дураараа юу болсон ч болж л байдаг зөнгөөрөө орон уу? Үе залгамжлан зуун зууны туршид гайхсаар л... Харин зарим нь болохоор энэхүү ээдрээтэй нарийн зүйлийн тухай бодохоо ч больж гайхахгүйгээр шийдээд хөнгөн зүйлээр өөрийгөө зугаацуулж хялбар бүдүүлэгхэн амьдрах юм. Нөгөө нэг хэсэг нь худал үнэн номлож өөр юуг ч хэрэгсэлгүй өөрөөсөө холдуулж, өөрийн гэсэн нэгэн амархан системтэй болоод стресс энээ тэрээгээ зохицуулан амар амгалангийн үүдээр орох буй заа. (Шашин шүтлэг, сүсэг бишрэл)
Үнэндээ амьдралын утга учир болон энэ түвшний олон нарийн асуудлуудад ямарваа нэгэн хариулт өгөх нь адгийн муу новшоос авахуулаад алдаг цуутай хэнд ч болов байдаг хэрэгцээ болно...
...Ерөнхийдөө бол бүхэл нийгэмд олон мянган жилийн туршид хааяа нэг гайхчихаас өөр юмгүй хөнгөн амьдралтанууд байсан бөгөөд мөн ч олон хүн ингэж өнгөц хялбараар өөрсдийн амьдралаа өнгөрөөцгөөсөн юм. Харин харамсалтай нь гэвэл тэд цөм л үхэцгээсэн бөгөөд тэднээс хойшдын нийгэмд үлдсэн олигтой хувь нэмэр гэж үгүй. Шинжлэх ухаан нийгмийн ухаан, нийгмийн хөгжилд хувь нэмэрээ оруулсан хүмүүсийн тоо хүн төрөлхтөний түүхэнд амьдарч өнгөрсөн хүмүүсийн дэргэд өчүүхэн бага хувийг эзэлнэ....
...Эцэст нь хүмүүс минь амьдралын аливаа асуудлыг гайхсаар явах уу? Амьдралын утга учрыг олохын төлөө тэмцэж, бурханаас хүнд л заяасан оюун ухаанаараа бодол эргэцүүлэлтэй байж, зорилготойгоор амьдарцгаах уу?

Энэ бол номны төгсгөл хэсэг нь биш шүү, эхлэл нь. Ер нь зохиогчийн өмнөтгөлдөө хэлсэнчлэн номыг энд тэндээс нь бус яг дарааллаар нь уншиж байж хэлэх гэсэн санаанд нь нэвтрэхээр бөгөөд хэсэглэн оруулах гэж бичээд байвал нь уг номоо бүгдийг нь шивж оруулах шинжтэй. Гэсэн хэдий боловч дахин нэг багахаан хэсгийг мөн л оруулмаар байна.

Хүлээгчдийн тухай
Эд бол амьдралыг хүлээгчид. Жаргалтай сайхан, хангалуун амьдралыг мөрөөдөн сууж, амар цаг ирэхийг хүлээгчид. Мөнхүү өөрийг нь хэн нэгэн сайхан хүн хайрлахыг хүлээгчид. Ийм хүмүүс амьдрал бол хүлээлт юм гэж хэлээд өөрийгөө хэн болохыг амархан хэлээд өгчихдөг. Эдний 50иас илүү хувийг эмэгтэйчүүд эзэлдэг шиг байгаа юм. Эд сэтгэл санаагаа илэрхийлэх үнэн мөн төрхөө ил гарган илэрхийлэхээс айдаг улс. Харин хэн нэгэн өөрийг нь хязгааргүй ихээр, үлгэрийн мэт хайрлахыг мөрөөдөн хүлээн суух авай. Амьдрал тэдний бодсон хүссэнээс их хол өнгөрөх бий. Хүлээсээр суух уу? Амьдралын төлөө тэмцэж өөрөө үүнийгээ зохиох уу?

Дээрх хоёр хэсгийг уншаад ихэнхдээ хүний тухай л бичсэн ном бололтой гэж тааварлахгүй байхыг хүсье. Энэ хоёр хэсэг бол ердөө нэгдүгээр бүлэг эхлэхээс ч өмнө номын оршил хэсэг төдийгөөс хэсэглэн авсан нь юм.

Орчлонг танин мэдэхээр, хүчээ үзэхээр, үр дүн гаргахаар шийдэгсдэд цэгцтэй гарын авлага болохуйц ном гэж би бодсон. Танин мэдэхийн тулд хэмжил зүйн, юмсын ангилал зүйн, өөрийн сэтгэл зүйн, гэх мэт ойлголтуудыг эгээ л өөр ертөнцийн хүн биднийг ажиглаж байгаад хэлж өгөх мэт хурц тод утгаар хэлж өгөх ном. Харамсалтай нь энэ ном номын дэлгүүрүүдэд харагдахгүй л байгаа бөгөөд надад сонирхуулан өгч уншуулсан блог анд Баясумд баярлалаа.