Pages

2010-09-16

Сүүлийн үед Монгол википедиа дээр оруулсан хэдэн хуудас

Монгол википедиа дээр хааяа нэг дажгүй гэсэн
ганц нэг хуудас оруулаад байгаагаа
блогтоо бас орууллаа.


CRM
CRM (Customer Relationship Management) буюу Хэрэглэгчтэй харилцах менежмент нь аливаа бизнесийн байгууллага хэрэглэгчтэйгээ хэрхэн харилцаж, улмаар борлуулалтын хэтийн төлвөө эерэг байлгах зорилгоор хэрэглэгддэг ухагдахуун бөгөөд мэдээллийн технологийн дэвшлийг (програм, техник хангамж) ашиглан энэхүү харилцаагаа үр ашигтай зохион байгуулж бизнесийн процессоо боловсронгуй болгодог юм. Тодруулбал ихэнх бизнесийн байгууллагад байдаг маркетинг, борлуулалт, үйлчилгээний үйл ажиллагаанд тохирсон програм хангамж бүтээгдэж эхэлсэн тэр цагаас энэхүү ухагдахуун бизнесийн ертөнцөд ихээр яригдах болсон хэрэг.

CRM хэрэглэж эхэлсэн компаниуд дараах давуу талуудыг олж авдаг байна.
  • Борлуулалтын бүтээмж эрс өндөрсөнө
  • Маркетингийн үйл ажиллагааг удирдах, дүгнэх боломж сайн болно
  • Үйлчилгээний ажлын бүтээмж сайжирч ажилчдын бүтээмж өндөрсөнө
  • Хэрэглэгчийн талаарх бүх мэдээлэл төвлөрч түүнийг боловсруулахад хялбар болно
  • Байгууллага дотор бичиг цаасны урсгал бага болсоноор олон үр дүн авчирна. Үүнд: мэдээлэл алдагдахгүй болно, цаасны зардал буурна, механик алдаа байхгүй болно, ажлын орчин ая тухтай болно, бичиг цаас зөөх зардал ажил бага болно г.м.
  • Гол хэрэглэгчдийн хүсэлт шаардлагыг биелүүлэхийн тулд шинжилгээ хийх бололцоо бүрдэх бөгөөд энэ нь хэрэглэгчээ хадгалан үлдэх чухал ач холбогдолтой
  • Өрсөлдөгчийн үйл ажиллагааг нарийн хянаж түүнд тохирсон шийдвэр гаргаснаар шинэ хэрэглэгч олж авах бололцоо сайжирдаг
  • Тухайн хэрэглэгчид тохирсон бүтээгдэхүүн үнийг санал болгох боломж бүрдэнэ
  • Борлуулалтын таамаглал хийх бололцоо бүрдэнэ

Аутсорсинг
Outsourcing гэдгийг заримдаа гуравдагч талтай гэрээлэх гэж хэлж болно. Учир нь захиалагчийн ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан гүйцэтгэгч дараах шалтгаануудын улмаас гуравдагч этгээдэд уг ажлын тодорхой хэсгийг, эсвэл бүтнээр нь хийлгэх болдог.

Шалтгаанууд
  • Зардлаа бууруулахын тулд - Энэ нь хямд ажиллах хүчин бүхий улс орон, эсвэл компаниудыг гуравдагч гэрээлэгчээр сонгох замаар гаргах байсан зардлаа бууруулах үндсэн зорилготой байдаг.
  • Гол бизнестээ төвлөрөхийн тулд - Бизнесийн гол нөөц болох хүн, дэд бүтэц, resource-доо төвлөрөөд бусад жижиг сажиг ажлуудаа төрөлжсөн өөр компаниудаар гүйцэтгүүлэх зорилготой байдаг.
  • Чанарыг сайжруулахын тулд -
  • Хугацаа хэмнэхийн тулд - Том ажлыг жижиглээд өөр өөр компаниудад өгч зэрэг гүйцэтгүүлэх, бага хугацаанд олон хүний хүчээр гүйцэтгүүлэх зэрэг аргаар цаг хэмнэж бүтээгдэхүүн үйлчилгээг хүлээлгэн өгөх хугацаагаа багасгах зорилготой байдаг.
  • Эрсдлээ бууруулахын тулд - Тухайн ажлыг гүйцэтгэхэд янз бүрийн эрсдэлүүд учрах магадлалтай бөгөөд үүнийг гуравдагч талд өгч шийдүүлсэнээр эрсдэл буурах боломжтой тохиолдолд аутсорсинг хийж болно.
  • Татварын боломж эдлэхийн тулд - Зарим улсад тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ явуулахад татварын таатай орчин бүрдүүлсэн байдаг бөгөөд үүнийг ашиглахын тулд тэр орны компаниудаар ажил гүйцэтгүүлэх сонирхол бий болдог.
  • Хүний нөөцийн улмаас - Тухайн ажлыг гүйцэтгэхэд хүний нөөцийн бололцоо хүрэхгүй тохиолдол элбэг гардаг бөгөөд энэ үед бусдаар ажлаа гүйцэтгүүлэхээр өгдөг. Иймэрхүү ажлаар мэргэшсэн байгууллагууд ч байх нь бий. Цөөхөн хэдэн өндөр мэргэжлийн хүмүүстэй, бусад ажлаа ихэнхийг нь аутсорсингоор хийлгэдэг компаниуд байдаг.
  • Өөрчлөлт нэвтрүүлэхийн тулд - Зарим нэг өндөр технологи, нарийн процессийг өөртөө нэвтрүүлэхийн тулд чиглэлийн сайн компаниар гүйцэтгүүлэх замаар суралцах үйл ажиллагаа явуулах үндсэн зорилготой байдаг.
Хэлний саад
Аутсорсинг бол глобал ойлголт бөгөөд улс дамнасан байдлаар хийгдэх нь их. Хөгжингүй орнуудын компаниуд хөгжиж буй орны хямд ажиллах хүчээр ажлаа гүйцэтгүүлэх сонирхол их байдаг боловч хэд хэдэн хүчин зүйлийн улмаас энэ нь тийм хялбар хийгддэггүй. Үүнд хамгийн эхэнд хэлний бэрхшээл орно. Гэрээ байгуулж ажил гүйцэтгүүлэхийн тулд сайн ойлголцох, тохиролцох зайлшгүй шаардлагатай бөгөөд хоёр өөр улсын зан заншил, хууль журам зөрөлдөх тохиолдол гэх мэт саадуудыг давж гарахын тулд хөгжиж буй орны компаниуд ажилчдынхаа хэлний мэдлэгийг дээшлүүлэх шаардлага тулгардаг. Хэлний зөрүү байдаггүй орнууд аутсорсинг хийхэд бусад улсаасаа харьцангуй давуу талтай байдаг бөгөөд жишээлбэл Америкийн Нэгдсэн Улс-аас Энэтхэг Улсад аутсорсинг хийж буй үйл ажиллагаа дэлхийд хамгийн сайнд тооцогддог байна.

Кайзен
Кайзен гэдэг нь Япон үг бөгөөд сайжруулах буюу илүү сайн болгохын тулд өөрчлөх гэсэн утгатай. Гол философи нь үйлдвэрлэлийн, инженерингийн, бизнесийн, менежментийн прогцессуудыг байнга сайжруулах зорилгоор гаргасан янз бүрийн санааг цуглуулан хэрэгжүүлэх арга зам юм. Бизнесийн байгууллагад бол удирдлагаасаа авахуулаад хамгийн доод түвшний ажилчид хүртэл ямар нэгэн функцийг улам сайжруулах санал гаргаж хэрэглэдэг. Кайзен нь Дэлхийн Хоёрдугаар дайны дараа японы хэдэн бизнесийн компаниудад хэрэглэгддэг байж байгаад Амеркийн чанарын удирдлагын хэсэг багш нар тус улсад анх танилцсанаас хойш дэлхий дахинд хэрэглэгддэг нэр томъёо болсон юм.

Хэрэгжүүлэлт
Ямар нэгэн асуудалтай байгаа процессоо байгууллагууд тодорхой хэмжээнд шийдвэрлэсэн байдаг нь асуудалгүй процессуудыг тэр чигээр нь ашиглах ёстой гэсэн үг биш юм. Ө.х асуудалгүй байгаа процессуудаа сайжруулах нь тухайн байгууллага хөгжиж байна уу үгүй юу гэдэгт хариулт өгдөг нэг хүчин зүйл мөн.

Кайзен циклийг дараах байдлаар тодорхойлж болно
  • Үйлдлүүдийг стандартад оруул
  • Стандартчилагдсан үйлдлүүдээ хэмж (Уг үйлдлийн бүтэн цикл явах хугацааг тодорхойл, уг процест ашиглагддаг нөөцүүдийг тодорхойл г.м)
  • Шаардлагуудыг нь тодорхойлж хэмжүүр тавь
  • Яавал бүтээмжийг өсгөх замаар уг шаардлагуудыг хангахаа бодож ол
  • Сайжруулсан процессуудаа стандартад оруул
  • Дээрх циклийг тасралтгүй хий
Кайзений таван үндсэн элемент
  1. Багаар ажиллах
  2. Хувийн зохион байгуулалт
  3. Сайн ёс суртахуун
  4. Чанарын циклүүд
  5. Сайжруулалтын төлөөх зөвлөгөөн
Монгол Улсад
Одоогоор ихэнх хүмүүс сонссон төдий байгаа боловч цөөн хэдэн томоохон компаниуд авч хэрэгжүүлэхээр ажиллаж буй талаар мэдээ байдаг. Жишээлбэл Мобиком компани ажилчдынхаа дунд кайзен саналын системийг нэвтрүүлж оноо өгөх байдлаар үнэлдэг байхад М-Си-Эс Электроникс компани мөн адил системийг нэвтрүүлээд дээр нь компанийн зүгээс зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд оролцох оролцоо нэг бүрийг үнэлэн оноо өгөх, мөн бүтээмжийн зөвлөл байгуулан ажиллах, процессуудыг стандартчилах зэрэг үйл ажиллагаанууд явуулдаг байна. Мөн Төрийн зарим байгууллагууд ч кайзен системийг нэвтрүүлэх, үйл ажиллагаагаа стандартад оруулах талаар өөр хоорондоо санал солилцож, гадаад улсуудын туршлагыг нэвтрүүлэхээр ажиллаж буй жишээ бий.