Pages

2012-01-09

Listen

Ихэнх хүн өдөр тутам үргэлж л бусад хүнтэй харилцаж байдаг нь ойлгомжтой. Ингэж үзвэл амжилт гээч зүйлд бусадтайгаа харилцах чадвар чамгүй том байр суурь эзэлж таарах нь. Цаашилбал харилцаж байгаа хүнээ захиран жолоодох, шууд зааварлах хэмжээний их том хүн биш л бол бусад тохиолдолд харилцагчаа сайтар ойлгож байж л үр дүнтэй харилцлаа гэгдэх нь.
"Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ" гэдэг үг байдаг даа. Илжигнийхээ чихэнд алт хийж үзээд сэгсэрч орхихоор нь тэнэгийг нь гайхсан хүн ч гэж яаж байхав. Тэгэхээр энэ үг илжигний тухай биш харин нэгнийхээ яриаг сонсох чадвар хүмүүст харилцан адилгүй байдаг юм шүү гэсэн нэг далд утгатай юм байна.
Хичээж сонсохгүй л бол бидний ихэнх яриа тухайн сэдвээрээ өөрөө өөртэйгөө ярилцаад өнгөрчих монолог маягийн юм болдог гэнэ дээ. Үүний хир үнэн болохыг хувьдаа анзаарч эхэлсэн. Ажиглажээ суухад, хүн ярьж байхад ойлгох гэж бус өөрт тохиолдсон бас нэг түүхийг, туршлагыг ярихаар зэхчихсэн яараад л, яриаг нь таслах гэж адгаад байдаг юм байна. 
Нэг нь “Тэр ч гайгүй” гээд ярихаар нөгөөх нь, “өө наадах чинь ч гайгүй, бүүр ингэсэн гээч...” мэтийн яриа бол маш хангалтгүй түвшинд ярилцаж байгаа хэлбэр аж.

А. Ихэнхдээ хүний яриаг огт ойлгоогүй байж, шууд “галлаад” л эхэлдэг, Б. Чухал царайлаад идэвхтэй сонсоод л байгаа мэт дүр эсгэх гэдэг, В. Хүний ярианаас зөвхөн өөрийн сонсохыг хүссэнээ л сонсоод өнгөрдөг (selective listening), Г. Сэтгэлээсээ хуваалцан сонсдог (empathic listening).
Та ихэнх тохиолдолд А, Б, В, Г-н аль нь вэ? Алийг нь илүү чухалд тооцож байна, түүнийгээ яаралтай эзэмших нь таны амжилтанд, аз жаргалд ямар нөлөөтэйг тунгааж үзэх нь хир чухал уу?