Pages

2010-02-15

"Цасан цэцэг ба Нууцлаг дэвүүр" Лиза Си

Лиза Си зохиолчийн Snow Flower and the Secret Fan гэдэг нэртэй номны талаар бичих гээд бүр жил тойрчиж. Харин саяхан энэ номоор кино хийх гэж байгаа гэсэн шум сонсоод дуусгахаар шийдэв. Энэхүү ном нь 19-р зууны үеийн Хятадад амьдарч буй хоёр бүсгүйн насан туршийн нөхөрлөл (эрчүүдэд сонин биш байж болох юм), тухайн үеийн Хятадын гэр бүлийн амьдрал, хатуу ёс заншил гээд нилээн өргөн хүрээг хамарсан уран зохиолын ном юм. Гол нь энэхүү номыг зохиолч туурвихдаа үнэн бодит хүмүүсийн амьдралыг сонсож зохиолын баатараа ургуулан бий болгосон нь сонирхолтой байлаа. Зохиолын үйл явдал хувьсгалын өмнөх Хятадын нэгэн тосгонд "боломжийн" гэр бүлд төрсөн Лили хэмээх охины амьдралаар эхэлнэ. Тухайн үеийн Хятадад эмэгтэй хүн болж төрнө гэдэг нь "эцэг эхийн зааж өгсөн хүнтэй сууж, удамыг нь үргэлжлүүлэх хүү төрүүлж өгөх" л гэсэн цорын ганц үүрэг зорилготой байлаа. Хэр сайн үүргээ биелүүлэхээс хамааран нийгэм болоод гэр бүлдээ "үнэлэгдэнэ". Эмэгтэй хүн үүнээс өөр эрмэлзэл, мөрөөдөлтэй байх нь байж болошгүй зүйл гэдгийг төрхөөс нь авхуулаад хатуу дэг жаягийн дор охидод зааж сургана. Нийгмийн давхаргаас шалтгаалан тухайн охидыг мянган жилийн түүхтэй "foot-binding" буюу хөл боох ёс заншилын дагуу 4, 5тай байхаас нь эхлэн ээж нь хийж гүйцэтгэнэ. Нэг ёсондоо охидын хөлийг багаас нь нойтон даавуугаар бага багаар чангалж боох бөгөөд явц дунд эрхий хуруунаас бусадыг нь улруу нь нугалж хугалаад ул өлмий хоёрыг нь ойртуулсаар хэлбэрт оруулж хөлийг нь "лянхуа цэцгийн хээтэй гутал" өмсдөг болтол нь ширгээнэ. Тэрүүгээр ч барахгүй бүсгүй хүний чинээлэг нөхөрт гарах эсэх нь хөлнийх нь хэмжээнээс шууд хамааралтай болж таарав. Ирээдүйн эр нөхөр, хадамдаа баараггүй таалагдах хэмжүүр нь хөлөө 7.5 см болгох байлаа. Юун царай зүс харах. Гоо үзэсгэлэнгийн хэмжүүр нь найм ч хүрэхгүй см хөл. Нөгөө талаас хужаа нарын эмэгтэй хүнийг хашаанаасаа хол явж чадахгүй болгох хэрэгсэл юм боловуу даа. Үнэнийг хэлэхэд энэ ёс заншилыг зохиолчийн зохиолоо сонирхолтой болгох гэж бий болгосон зөгнөл гэж бодож байлаа. Гэтэл ийм хөлтэй хятад эмээ нар Хятадын алс бөглүү тосгонд мэр сэр одоо ч байдгийн байна. Харахаас ч нүд хальтрам ийм хөлийг бол Хятад эрчүүд харин ч нэг таалдаг байсан болтой. Зохиолын баатар болох Лилигийн эгч хөл боох үед өвчинөө дийлэхгүй нас барж байгаагаар гарна. Охидын хөлийг боож байх үед тэднийг зэргэлдээ тосгоны үе тэнгийн нэгэн охинтой ёс заншилын дагуу танилцуулж найзлуулах бөгөөд ингэж танилцсан найзууд насан турш нөхөрлөж хоорондоо дэвүүр дээр бичсэн нууц бичгээр харилцах заншилтай байлаа. Үүний дагуу Лили Цасан цэцэг хэмээх найзтай болох бөгөөд Лилигийн хөл "алтан хэмжүүрт" хүрсэн учир чинээлэг айлд бэр орж, харин найзынх нь хөл том болсон учир гахай нядлагчтай сууна. Ерөнхийдөө энэхүү хоёр бүсгүй оноогдсон хувь заяагаараа зам замаа хөөн амьдрах ч багаасаа нөхөрлөсөн нөхөрлөлөө хадгалах хүнд сорилыг Хятадын нийгэм цаг үе солигдох хэцүүхэн үед хэрхэн туулж гарч буйгаар дүрслэн гаргасан байлаа. Энэ номд гарсан зүйлсээс өнөө цаг үед "үлдсэн" нэг зүйл бол эрэгтэй хүүхдийг эмэгтэйгээс нь илүүд үзэх үзэл боловуудаа. Үүнээс болоод хүйсын тэнцвэр алдагдсан. За миний мэдэх Хятад хүүхэн лав юу ч хийдэггүй (хоол, гэр орон цэвэрлэх, хүүхэд төрүүлэх etc) байсым даа. Нөхөр нь эхнэрээ тахиад хоймор дээрээ тавьцан байсан. Тэгэхээр өнөө цагийн Хятад эмэгтэй овоо "үнэд" хүрээд байж магадгүйм. Цаг үе өөрчилөгдөнөө гэж. Алганд багтах хөлтэй эмээ нар одоо үеийн эмэгтэйчүүдээ хараад юу боддог бол? Номыг уншсаны дараа Хятад хүний менталитиг "биширсэнээ" нуугаад юүхэв. Цаашид ч биднийгээ бишрүүлсээр байх болно гэдэгт "итгэж найдаж" байгаа шүү. Гээд бүсгүйчүүддээ номыг уншихыг зөвлөе.

2010-02-14

Алгирмаа

Алаг морины алхаа сайвраан
Нийлүүлж явна аа Алтансүх хө
Амраг хонгороо хараад хараад
Баясаж явна аа Алтансүх хө.
Дээгүүр жороо доогуур сайврыг нь
Нийлүүлж явна аа Алгирмаа хө
Дэгжин хонгороо хараад хараад
Уярч явна аа Алгирмаа хө.
Алтан замаа дагаад
Алхуулж явна аа хоёулаа хө
Амраг сэтгэлээ ярилцаад
Инээлцэж явна аа хоёулаа хө.
Атар талын тоосыг
Дэгдүүлж явна аа хоёулаа хө
Ачир үртэй болохоо ч
Ярилцаж явна хоёулаа хө

(Хоёр залуу хол замыг мэдэлгүй туулж, гаднаа ирээд буутал амбан ноёны газраас цэрэгт дуудсан албан захидал угтан авч Алтансүх дуулна)

Алтансүх:

Агт хүлэг морины минь
Хөлсийг нь сэвж амжаагүй
Ардаа үүрсэн саадаг нумны минь
Чилээ нь гарч амжаагүй
Амраг хонгор Алгирмаатайгаа
Танилцаж дасаж амжаагүй хө,
Айл гэрийн амьдралаа
Аятай гурав хэлэлцээгүй хө
Албан хот Мүгдэнгээс
Дуудах бичиг ирсэн тул
Арав хоног зөрчих юм бол
Алах ялд орно хө
Үрээ хүлэг морины минь
Хөлс нь сэвж амжаагүй хө
Үүрч явсан саадаг нумны минь
Чилээ нь гарч амжаагүй хө
Өөрийн эхнэр Алгирмаатайгаа
Ижилсэж дасаж ч завдаагүй хө
Өрх гэрийн амьдралаа ч
Эвтэй гурав хэлэлцээгүй хө
Эзний амбан ноёноос
Дуудлагын бичиг ирсэн тул
Ес хоног зөрчих юм бол
Үхэх ялтай болно хө
Алтан юу аяганд нь
Архи юугаа хийлээ хө
Аав болоод ээжийнхээ
Арван хуруунд нь дэвшүүлье хө
Амбан сияаны[1] цэрэгт
Амлагдан мордох боллоо хө
Аав болоод ээжийгээсээ
Амны ерөөлийн хүсье хө

Эцэг:
Алтан аягатай архийг
Аав нь хүүгээсээ авъя хө
Арван зүгтээ сүрчиж байгаад
Аав нь хүүдээ захья хө
Амбан хааны цэрэгтээ
Амар мэнд яваарай
Амьд мэнд дахин уулзахын
Амны ерөөлөө дэвшүүлье!

Алтансүх:
Мөнгөн юу аяганд нь
Архи юугаа хийлээ
Мөөмөө болоод аавынхаа
Мутарт нь дэвшүүлье!
Мүгдэн сияаны цэрэгт
Мордох дээр шийдлээ хөө
Мөөмөө болоод аавынхаа
Мөрийн ерөөлийг хүсье!

Эх:
Мөнгөн аягатай архийг
Мөөмөө нь хүүгээсээ авъя
Мөнөө зүг зүгт сүрчээд
Мөөмөө нь хүүдээ захья
Мүгдэн сияаны цэрэгт
Мэнд сайн яваарай
Мөдхөн гэртээ ирэхийг
Мөөмөө нь хүүдээ ерөөе!

Алгирмаа:
Агаар тэнгэрийн нарны
Илч нь болооч бие минь хө
Амраг хонгор Алтансүхээ
Дулаалж явахгүй юү бие минь хө.
Уудам дэлхийд дураараа довтлох
Салхи болооч бие минь хө
Учирсан хонгор Алтансүхээ
Хүргэж өгөхгүй юү бие минь хө.
Хурмаст тэнгэрт хурж байгаа
Үүл ч болоосой бие минь хө
Хонгор хайртай Алтансүхдээ
Сүүдэр болж өгөхгүй юү хө
Хорвоо ертөнцийн
Саран ч болоосой бие минь хө
Харанхуй шөнийн гүнээр
Хонгороо харж явахсан
Урган ургасаар унана гэдэг нь
Усны муугийнх юм уу даа хө
Учир учирсаар сална гэдэг нь
Урьдын тавилан муугийнх уу хө.
Гар гарсаар гандана гэдэг нь
Газар муугийнх ч юм уу даа хө
Арав хонохгүй сална гэдэг нь
Анхны ерөөл муугийнх уу хө.

Алтансүх: (Аав ээждээ хүүхнээ захиж дуулна)
Алаг эрээн үнээ чинь дээ
Тугалаа дагаад мөөрнө дөө хө
Айлын хүүхэн Алгирмаагаа
Ачиртайгаа адил бодоорой хө
Хүрэн эрээн үнээ чинь дээ
Тугалаа дагаад мөөрнө дөө хө
Хүний хүүхэн Алгирмаагаа
Хүүтэйгээ адил бодоорой хө

Алтансүх: (Алгирмаадаа захиж дуулна)
Цагаан эрээн тахиа чинь дээ
Цагаасаа эрт дуугарна даа хө
Цагаан тахиагаа дуугарсны сүүлээр
Цайны галаа асаа даа хө
Цайны галаа асаасны сүүлээр
Цал буурал ээжий ааваа
Цагийн цагт хүндэл дээ хө.
Улаан эрээн тахиа чинь дээ хө
Улсаас эрт дуугарна даа хө
Улаан эрээн тахиагаа дуугарсны сүүлээр
Усны галаа асаа даа хө
Усны галаа асаасны сүүлээр
Эмгэн буурал ээжий ааваа
Өдрийн өдөрт хүндэл дээ хө.
Арши[2] зандан хүж юугаа
Асааж бай даа Алгирмаа хө
Аав л ээжийн шүтээнийг нь
Цагийн цагт нь эргүүл дээ хө.
Үнэр сайтай гоошоон[3] хүжийгээ
Асааж байдаа Алгирмаа хө
Эцэг дээдийн шүтээнийг нь
Цагийн цагт нь хүндэл дээ хө.
(Ингээд Алтансүх цэрэгт морджээ. Нэгэн өдөр хойд эх нь Алтансүхийн эцэгт агсарч дуулна гэнэ)
Адуу мал чинь
Арын жалгаар дүүрэн байдаг
Аадал гэргийг сахих хүмүүн үгүй
Алаг үр Алтансүх чинь
Албан цэрэгт мордон явж
Арван гурван жилийг болно оо
Амьд ирэх билүү үхэх билүү?
Алиныг нь хэмээн бодно вэ гэлээ!
Айлын хүүхэн Алгирмааг
Ашиггүй тэжээх хэрэг байна уу хэмээн
Өвгөнийг өндөр дуугаар загнаж хэллээ.
Хөндүү дүүрэн мал чинь
Хүн амьтан үгүй
Энэ амьдралын эзэн болсон миний биеэ!
Өөрийн хүү шүү Алтансүх чинь
Иргэний цэрэгт мордон явж
Эргэж ирэх билүү?
Эргээд ирэх үгүй хоёрыг
Энэ өдөр ямрыг мэдэж
Хүний хүүхэн Алгирмааг
Хүч л үгүй тэжээхийн хэрэг байна уу?

(Иймэрхүү байдалтай болоход Алгирмаа хүүхэн авааль нөхөр Алтансүхээ мөрөөдөн санаж дуулж сууна)

Алгирмаа:
Алд алдын торгон хадгийг
Задалж сууна аа Алгирмаа хө
Анхны нөхөр Алтансүхтэй
Амьдралынхаа замыг холбосон доо
Авааль нөхөр Алтансүх
Амбан сияаны цэрэгт яваад хө
Амьд үхсэн нь сураггүй
Арван гурван жил боллоо хө.
Арван гурван жилийн дотор
Андуу зөрүү явсан бол хө
Агаар хурмаст тэнгэр намайг
Амийг минь гартал ниргэг хө!
Жан жангийн торгон хадгийг
Задлан суунаа Алгирмаа хө
Заяаны нөхөр Алтансүхтэй
Жаргалын замыг холбосон доо хө.
Угийн нөхөр Алтансүх
Уушаан[4] цэрэгт яваад
Үхсэн амьдын сураггүй
Өдий удаан боллоо хө.

Эх:
Доогуур сайвар, дээгүүр жороо
Долгин цавьдрыг бариад ирээрэй.
Долнуур янзын хээтэй эмээлийг
Зоон дунд нь тааруулаарай хө
Арал сайтай даачаа[5] тэргийг
Аваад ирээрэй, хүүхдүүд ээ хө
Авдар болоод шүүгээгий нь
Арал дунд нь тааруулаарай.
Айлын хүүхэн Алгирмааг
Аваачаад төрхөмд нь тушаая хө.
Анхны өгсөн адуу малаа
Аваад ирвэл нэгэн тийшээ хө.
Хүрд сайтай даачаа тэргийг
Хөллөөд ирээрэй, хүүхдүүд ээ хө
Хөнжил болоод гудас юугий нь
Хөндөл дунд нь дэвсээрэй хө
Хүний хүүхэн Алгирмааг
Хүргээд гэрт нь тушааяа хө
Хүнс буян, хөрөнгө зоорио
Хураагаад ирвэл нэгэн тийшээ хө.

Алгирмаа:
Алд өндөр гоошоон хүжийг
Асааж байна Алгирмаа хө
Аав дээдсийн шүтээндээ
Даатгаж байна Алгирмаа хө
Аваачаад гэрт минь тушаахад
Гомдор учир юун билээ хө
Авааль нөхөр Алтансүхтэй
Амар мэнд уулзвал даа хө.
Үнэр сайтай гоошоон хүжийг
Асааж байна Алгирмаа хө
Эцэг дээдсийн шүтээндээ хө
Даатгаж байна Алгирмаа хө
Эргүүлээд гэрт минь хүргээд өгөхөд
Эргэлзэх учир юун билээ хө
Өөрийн нөхөр Алтансүхтэй
Өлзийтэй мэнд л уулзвал даа хө.

(Алтансүх цэргийн албаа хааж, хугацаа дуусаад ирлээ)
Алтансүх:
Үрээ хүлэг морь минь
Унаган дуугаар үүрсэнэ ээ хө
Ус л болоод бэлчээртэйгээ
Таньсан ч юм уу адгуусаа хө
Өтлөө болсон аав ээж минь
Эсэн мэнд суувуу даа хө?
Үр хүү Алтансүх чинь
Амар мэндийг асууна аа хө.
Өмнө хойны ах дүү нар минь
Ирээд ирээд уулзаж байна аа хө
Өөрийн эхнэр Алгирмаа минь
Үзэгдэхгүй байдаг нь юуных вэ хө?
Агтан хүлэг морь минь
Аяар аяар үүрсэнэ ээ хө
Амтат бэлчээр усыгаа
Мартаа ч үгүй юм уу даа хө
Агшраа болсон аав ээж минь
Амар тайван суув уу хө?
Ачир бага Алтансүх чинь
Амгаланг айлтгаад дэвшүүлнэ ээ хө
Ар өврийн ах дүү нар нь
Ирээд ирээд уулзана хө
Авааль эхнэр Алгирмаа минь
Үзэгдэх үгүй юү болоо вэ хө?

Эх:
Цагаан эрээн тахиа чинь дээ
Цагаас эртээ дуугарч байв аа хө
Цайны галаа асаагаа нь үгүй
Цаад наад айлаар нь тэнэж явлаа хө
Цал буурал ээжий аавыг нь
Цагийн цагт нь хүндлээгүй ээ хө
Цаглашгүй муугаар хэлээд байхаар нь
Аадалд нь аваачаад орхилоо доо хө.
Улаан эрээн тахиа чинь ээ
Улсаас эрт дуугарч байлаа хө
Усны галаа асаагаа нь үгүй
Урдах айлаар нь тойрох юм аа хө
Эмгэн буурал ээжий аавыг нь
Өдрийн өдөрт хүндлээгүй хө
Элдэв муугаар хэлээд байхаар нь
Өрхөд нь аваачаад орхисон доо хө.
Арши зандан хүж юугаа
Асаагаа нь үгүй шүү Алгирмаа хө
Аав ээжийн шүтээнийг чинь
Арын жалгаар тараав аа хө.
Үнэр сайтай гоошоон хүжийг
Асаагаа нь үгүй шүү Алгирмаа хө
Эцэг дээдийн шүтээнийг чинь
Өмнө жалгаар тараав аа хө

Алтансүх:
Аав ээжийн шүтээнийг
Шүтээ нь үгүй Алгирмаа хө
Аав болоод ээжийг минь
Хүндлээ нь үгүй Алгирмаа хө
Аваачаад гэрт нь тушаагаад хө
Адуу малаа ирсэн нь
Ай мөөмөө таны энэ ажил
Аятай болоод зүйтэй юм аа хө.
Эцэг дээдийн шүтээнийг
Тахиа нь үгүй Алгирмаа хө
Мөөмөө болоод аавд минь
Мөргөө нь үгүй Алгирмааг хө
Эргүүлж гэрт нь өгөөд
Эдлэл малаа аваад ирсэн нь хө
Ээжийн минь хийсэн энэ ажил
Эвтэй болоод зүйтэй юм аа хө.

Эх:
Аавын буян адуу мал
Арван зуугаар байна шүү дээ хө
Арав тавыг арилжиж худалдвал
Алт мөнгөөр дутахгүй хө
Алаг хоёр нүдний чинь
Аяс нь таараад ирвэл хө
Авгай нэгийг ахин олоход
Амаргүй гэж үү хүү минь ээ хө.
Эцгийн буян эдлэл мал
Есөн зуугаар байна шүү дээ хө
Ес гурвыг арилжиж худалдвал
Эдлэл мөнгөөр дутахгүй хө
Эрээн хоёр нүдний чинь
Эес нь таараад ирвэл хө
Эхнэр нэгийг ахин олоход
Энэхэн дурын хэрэг шүү дээ хө.

Алтансүх:
Аавын буян адуу мал
Арван зуугаар байна л даа хө
Арав таваар үрээд байвал
Ачрын алдарт ямар вэ хө?
Алаг хоёр нүдний аяс нь таараад
Авгай нэгийг аваад байтал
Анхны адил аваачаад өгчихвөл
Аавын алдарт ямар вэ хө?
Эцгийн буян эдлэл мал
Есөн зуугаар байна л даа хө
Ес гурваар нь үрээд байвал
Үрийн нэрд ямар вэ хө?
Эрээн хоёр нүдний эес нь таараад
Эхнэр нэгийг аваад байтал
Эртний адил аваачаад өгчихвөл
Эхийн алдарт ямар вэ хө?

(Ингээд Алтансүх Алгирмаагийн хойноос явахаар мордлоо)
Бусад хүмүүс:
Алхаа сайтай ардаг саарлаа
Эмээллээд мордлоо Алтансүх хө
Арван лангийн алтан эмээлийг
Ар л нуруунд нь тохлоо хө
Авааль эхнэр Алгирмаагаа
Аюулхай цээжиндээ бодоход нь ээ хө
Алхуулж явна уу, цогиулж явна уу
Анзаарахаа байв аа хө
Доогуур сайвар долгин саарлыг
Эмээллээд мордлоо Алтансүх хө.
Долоон лангийн хазаарыг нь
Дух толгойд нь тааруулна хө
Донровын охин Алгирмааг
Дотор цээжиндээ санахад нь ээ хө
Тогшиж явна уу, цогиж явна уу
Тоож ялгахаа байлаа хө.

Алгирмаагийн эх:
Амбан сияаны цэрэгт хүү минь
Амар сайн явав уу даа хө?
Атаат дайсан самууныг
Арилгаж ялаад ирэв үү дээ хө?
Авааль эхнэр Алгирмааг чинь
Ааваас чинь чөлөөтэй авчирсан юм сан хө
Аавын чинь өгсөн чөлөөнөөс
Арав хоног хождууллаа хө.
Уушаан цэрэгт явсан хүү минь
Өлзийтэй сайн явав уу да хө?
Өстөн дайсан самуунаа
Үнсэн товрог болгов уу даа хө?
Өөрийн эхнэр Алгирмааг
Ээжээс чинь чөлөөтэй авчирсан даа хө
Ээжийн чинь өгсөн чөлөөнөөс
Есөн өдөр хождууллаа хө.

Алгирмаа:
Авсан нөхөр Алтансүх минь
Амар сайн явав уу даа хө?
Алаг модтой гаансанд чинь
Асааж өгье, тамхийг чинь хө.
Аав болоод ээж хоёртоо
Андуу битгий бодоорой хө
Авааль хүүхэн Алгирмаагийн
Аюулыг хөнгөлж өгсөн юм аа хө.
Өөрийн нөхөр Алтансүх минь
Өлзийтэй сайн явав уу даа хө?
Өнгөт модтой гаансанд чинь
Асааж өгье тамхийг чинь
Ээжий болоод аавдаа
Эндүү битгий бодоорой
Үеэл хүүхэн Алгирмаагийн
Үйлийг хөнгөлж өгсөн юм аа хө.

(Алтансүх бүх учрыг мэдээд эх эцэгтээ эргэж ирж дуулсан нь)
Алаг эрээн үнээ нь
Тугалаа мөрөөдөх нь хөөрхий еэ
Авааль хүүхэн Алгирмааг
Ачиртайгаа зүйрлүүлж бодсонгүй юу хө.
Хүрэн эрээн үнээ нь
Тугалаа мөрөөдөх нь хөөрхий еэ
Хүний хүүхэн Алгирмааг
Хүүтэйгээ зүйрлүүлж бодсонгүй юу хө.

-----------------------------------------
Сияан[1] - Хошуу албаны цэрэг гэсэн утгатай хятад үг
Арши[2] - Арц гэдгийг өвөрлөгч зарим нутагт Арши гэдэг байна.
Гоошоон[3] - Хятад хүж
Уушаан[4] - Зэвсэгт цэрэг гэсэн утгатай хятад үг
Даачаа [5] - том тэрэг гэсэн утгатай