Pages

2007-08-29

Эхний алхам



Баннэрын сайтыг маань дэмжихийг хүсвэл хажуу талын HTML кодыг ашиглаарай! Мөн энэ баннэрийг блог юм уу сайт дээрээ байрлуулсаныхаа дараа линкийг нь коммэнт хэсэгт үлдээхийг хүсье!

2007-08-27

Яавал дээр вэ?

Тусч баннэруудын цувааг блог дээрээ л хүмүүст мэдэгдсэн болохоор тун хязгаарлагдмал хүрээнд цацагдсан бололтой юм аа. Өдийд дөнгөж дөрвөн баннэртай сууж байдаг би ч маркетинггүй эр юм, менежмэнтээ бодохгүй бол энэ ажил хий дэмий ойр тойрныхоо хэдэн блоггэруудаар өөрийгөө магтуулаад өнгөрөх шинжтэй санагдаад байдаг боллоо.

Тэгээд яавал бүүр олон хүнд хүргэх талаар бодлоо. Ямар арга замаар энэ баннэруудын цувааг хүмүүс илүү өөртөө ашигтай юм байна гэж боддог болгох вэ?

Ямар ч байсан миний төлөвлөгөөнд уг баннэрийн цуваа ямар нэг compaign complete болох болгондоо архив маягаар хадгалагдаад дараагын цувааг эхлүүлдэг байхаар болгоё гэж бодож байгаа юм. Энэ нь тухайн баннэр тэндээ зөвхөн нэг жилээр байрлахаас гадна он дарааллын preview compaign box’s-д үүрд хадгалагдан үлдэх болно гэсэн үг юм. Гэвч энэ бол урт хугацаанд хийгдэх ажил. Харин богино хугацаанд олон хүнд хэрхэн хүргэх талаар?

Тэгэхээр миний хэлэх гээд байгаа зүйл бол маркетингийн оновчтой шийдэл байвал надад туслаач гэж хүн бүрээс хүсэж байна. Шудрага зарчмаар (санал хураах ч юмуу) сонгогдсон маркетингийн санаа болгонд 50 пиксэлийн баннэрын зай үнэгүй өгнө. Маркетинг мэнэжмэнтийн чиглэлээр ажилладаггүй сурдаггүй ч бай хамаагүй, ялангуяа онлайн маркетингийн чиглэлээр сурдаг хүмүүсийг зориуд өдөөн хатгаж байна. Та иймэрхүү даалгаварыг хэрхэн гүйцэтгэх вэ?

Тусч баннэруудад тус болох хүмүүс байвал коммэнт хэсэгт сэтгэгдэлээ үлдээнэ үү. Жич: Олон нийтэд дэлгэхгүйгээр хэрэгжүүлэх санаа санал болгох хүн байвал Бүгдээрээгийн оффис имайлээр хандаарай.

Хорвоо дэлхий уудам, хийх ажил их байна

Номыг бичсэн Солонгосын ДЭҮ-гийн ерөнхий захирал, үндэслэгч Ким Ү Жүн гудамжны сонин худалдагчаас дэлхий даяар алдаршсан том бизнэсмэн болсон нь энэхүү номыг нь унших хангалттай шалтгаан юм.

Номын гол хандлага бол залуусыг ажил хөдөлмөрийн амт шимтэнд уриалан дуудах амжилтанд хүрсэн ахын захиас маягтай тун мундаг ном юм. Японы Киосэра группыг үндэслэгч Инамори Казүогийн Амжилтанд хүрэх гал эрмэлзлэл гээд ном байна. Залуу хүнд, Удирдан манлайлагч хүнд юу хэрэгтэй байдгыг сургасан бас л мундаг сайхан ном. Энэ мэт амжилтанд хүрсэн лийдэрүүд залуу хойч үеийнхэнээ зөв замд уриалан дуудаж амжилтанд хүрэхийн сайхныг өөрийн явдал мөрөөр үлгэрлэн үзүүлсэн жишээ олон байдаг билээ. Одоогоор манайд дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх ямар нэгэн онцгой гавъяатан алга. Энэ бол муу зүйл биш, харин ч эдгээр мундаг лийдэрүүд шиг хэлсэн үгийг нь залуус амтархан хүлээж авдаг хүн болох боломж япон солонгос залуусаас илүүтэй байна гэсэн үг шүү дээ. Үүнд хүрэхийн тулд эхлээд эдгээр амжилтанд хүрэгсэдийн өөрсдийнх нь бичсэн энэ мэт ном зохиолуудыг зориуд уншиж үзэх хэрэгтэй. Энэ хоёр номыг бичигсэдийн нэг адил чанар бол зөв зорилго тодорхойлох, түүндээ хүрэхээр галзуу мэт гүргэр зүтгэл.

Хаш чулуу арьсгүйг бод
Хамаг амьтан мөнх бусыг бодож хатууж...
(Өчигдөр телевизээр тайлбарлаж байсан мөнх бусын тухай их хаадын билэг сургаалиас сэдэвлээд зохиочихлоо. Утга санааг нь л гаргахыг хичээсэн маань энэ.)

Хаш чулуу хамгаалах арьсгүй ч хатуу чанарын бэлэгдэл, хүн мөнх бус ч хаш чулуу мэт сэтгэл зүрхээрээ хамгаалагддаг билээ. Нэг л амьдрах амьдралаа зөв зорилгын төлөө зүрх сэтгэлийнхээ хатуу чанараар хальралгүй зүтгэвэл энэ мэт номыг зохиогсдын хүрсэн амжилт, хүссэн хүсэл утга учираа олж байгаа хэрэг билээ.

Номын хэсгээс: ...Үргэлжид ядуу зүдүү байсан хэрнээ харин түүндээ гуньж гутарч байгаагүй. Надад юу юунаас үнэ цэнэтэй залуу халуун нас байсан бөгөөд түүний минь бэлгэ тэмдэг болсон аугаа их хүсэл тэмүүллээр буцалж явдаг байсан би. Тийм болохоор би юу боллоо ч гэж сэтгэлээр унах билээ дээ. Залуу хүнд зайлшгүй байх эрхэм чухаг зүйл олон боловч тэмүүлэл мөрөөдөл шиг үнэ цэнэтэй зүйл гэж ер үгүй. Амьдралаар хичнээн ядуу тааруу ч хүсэл тэмүүллээр дүүрэн хүн огтхон ч ядууд тооцогдохгүй. Хүсэл тэмүүлэл ихтэй байх тусам төдийчинээ баян байдаг. Юу ч үгүй атлаа сэтгэлээ тэжээх тэмүүлэл мөрөөдөлтэй, юунд ч үл атаархах тийм үе бол залуу нас... Түүх бол тэмүүлэн мөрөөдөгчийнх болой...

2007-08-25

Хурим

За хө ойрын хэдэн өдөр чинь хуримын улирал эхэлчихээд янз бүрийн хуриманд суугаад асар төвөргөөнтэй өнгөрчлөө шүү, өчигдөр л гэхэд авга ахын том хүү эхнэр авч төрөл садан ойр тойрныхон чамгүй хөөрцөглөөд авцгаалаа. Манай папачка өдийд ирээгүй байхыг бодоход янз нь өнөөдөр ч үргэлжилсээр л байгаа бололтой. Хурайй!

За Ганбаа хэзээ эхнэр авах гэж байна гэсэн асуултыг ямар олон удаа сонсвоо. Өчигдөр дайралдсан бүх төрлүүдийн 86,1% нь надаас ингэж асуув, гурван авга эгч нар дуудаж ирж байгаад асуусныг яанаа хэ хэ, ная хүрч яваа өвөөгийн маань төрсөн дүү ахмад дайчин өвөө маань бүүр сүрдүүлсэн гээд л бодчих, эхнэр авах болчоод байгааг сануулаад байгаа бололтой юмаа янз нь, бүгдээрээ үгсээд тохирчихсон аятай. Сануулгуудаас хамгийн аймаар серёзный хэлсэн нь манай Папачка. Дэс дарааллаараа бол миний өмнө одоо нэг үеэл маань эхнэр аваагүй байгаа л даа. Тэр ч бас өчигдөр иймэрхүү “халдлага”-д өртсөн байх хэ хэ. Гэтэл дүү нараас жагсаал дайрах болчих гээд түгжрэл үүсгээд байгаа бид хоёрыг далдуур аав ээжээрээ хатгуулаад байгаам шигээ хэ хэ. Төрөл садан доторх улс төрийн байдал нэг иймэрхүү хуйвалдааны чанартай гсн. Гэхдээ яахав эхнэр авах тухай нэг завандаа бодож үзнээ гэхгүй юу хэ хэ.

Хурим гэснээс манайхан үнэхээр гоё чөлөөтэй сэтгэдэг болчижээ, biker залуу хуримын ордноос сүйт бүсгүйгээ мотоциклоор аваад явж байхын, араас нь төрлүүд нь юм уу, найзууд нь юм уу мэдэхгүй нэлээд хэдэн мотоциклтой хүмүүс дагачихсан, хуримын даашинзтай мотоциклоор хот дундуур хүржигнүүлж давхих сүйт бүсгүй, смокингтой хархүү хоёр үнэн чка!

Эрт үеийн монгол хувцасаар гоёсон ах эгч хоёр маань ч бас л сүрлэг харагдаж байсан шүү.

Боловсролын салбарынхан хуримын мэнэжэр гээд хүн бэлтгэвэл зохих болсон юм шигээ, хуримын ордоноос ресторан хүртлэх гээд л хэд хэдэн хуриманд яваад үзчихвэл цаг хэмнэх, оновчтой болговол зохих олон асуудал байдаг юм байна. Над шиг “хуримаа хийх” гэж байгаа залууст болон өөрт хожим хэрэг болж юуны магад гээд ганц нэг санаа биччихье.

1. Аравтын системд төрөл төрөгсөд найз нөхөдөө оруулах хэрэгтэй юм байна. Тэгээд хурим зохицуулах хоёр мэнэжэрээр (бэргэнүүдээсээ гадна шүү) аравтын дарга нарыг удирдуулаад явахад л их аятайхан зохицуулагдах бололтой юм. Жишээ нь нэг ширээнд суух хүмүүс ойролцоогоор арав байх юм бол аравт аравтаар нь зохицуулчихна. Аль ширээнд хэний аравт суухыг тодорхой болгоод план зураг урьдчилан илгээсэн байх нь ресторанд хүмүүсийг нааш цааш нь суулгах гэж зүдрэхгүй амар бололтой юм. Яахав яг ингэхгүй ч бай хамаагүй санаа аваг гээд биччихлээ.

2. Бэлэг – сүүлийн үед хуримын бэлэг бол голчлон хадаг, цэцэг, конверт бүхий мөнгө байдаг болсон юм байна. Дээр үеийнх шиг плетк, зурагт, хөрөгч чирээд ирдэг байсан бүүр үгүй болсон юм байна. Өчигдөр орой хуримын бэргэнүүд өгсөн бэлгүүдийн (нэр хаяггүй конвертуудыг) хэн өгсөнийг дээр нь бичиж авч байгаа харагдсан. ө.х бэлгэнд өгөх конверт дээрээ хэний гэр бүлээс бэлэг болгож өгч байгаагаа, бас шулуухан хэдэн төгрөг байгааг нь тодорхой бичих хэрэгтэй юм байна шүү та минь.

Сонин байж магадгүй гээд бас нэг санааг биччихье: Европд хурим хийх гэж байгаа хосууд хэрэгтэй байгаа зүйлүүдээрээ лист гаргаад тодорхой нэг дэлгүүрт өгчихдөг гэнэ. Мэдээж төрлүүд листээс харж байгаад сонгоод аваад өгчихдөг нь бас ухаалаг шийдэл байгаа биз? Тэгэхгүй бол нэг айл 6н угаалгын машин 3н телевизор 4н морин хууртай болсон гэдэг шүү. Европын санааг дахиад жоохон хавтгайруулах юм бол онлайнд тийм үйлчилгээ нээх боломж бийг та бүхэн анзаараа л биз дээ. Аятайхан бодоод байвал манайд хэрэглэх хувилбар боломж бас л байна шүү.

3. Худ нартаа төрлүүдээ танилцуулдаг даа. Үүнийг аавууд ээжүүд нь хийвэл илүү олон хүнийг таньдаг байдаг юм байна шүү, найз нарыг нь хүртэл андахгүй шүү дээ. Тэгэхгүй бол найрын ахлагчид даатгангуут мань эр халтуурддаг юм билээ. Энд тэнд онилогдсон ганц нэг охидуудын тухай мэдээллийг авчих гэсэн мань мэтийн гарууд сууж л байгаа шдээ хөөрхий, гэтэл халтуурдангуут өөртөө л найдахаас өөр аргагүй болж байгаам гэхгүй юу хэ хэ.

4. за тэгээд хөтлөгчид их учир байдгийм байна. Юм л бол хундагатайгаа тэгш дүүрэн өргье гээд донгосоод байдаг нэгэн байхад хүргэний талынхан бэрийн талынханыг хүндэтгээд нэг тогтооно уу гэх мэтээр бяцхан бяцхан заль гаргаад хөгжөөгөөд байж чаддаг хөтлөгч бас байна. Ямар ч байсан сонголт хийхдээ сайн анхаарсан байх хэрэгтэй.

5. Дуучин. СУИС-ын халтуур хийж яваа зарим оюутанууд хуриманд дуулья гэж өөрөө ирчээд ганц дуу дахиулая гэсэн халамцуу садангийн нь хүний урдаас “Хуц би ямар концэрт тоглох гэж ирсиймуу” гэсэн тухай өчигдөр дууллаа. Үнэн бол урлагын мөртлөө захын сэтгэлгээтэй иймэрхүү гарууд байдагын байна шүү.

За за дараа бодож байгаад үргэлжилүүлнээ...

2007-08-24

Анна Каренина


Л.Толстойн энэхүү романийг бол заавал уншиж үзэх ёстой гэж хайж эрж лавлахаас асуух шахаж явжийж олж авсан юм. Болороод байдаг гэдгийг нь мэдэж байсан ч өөрийнхөө номын санд байлгах ёстой гэж үзсэндээ тэгсэн хэрэг. Сайхан номын сантай болох нэг мөрөөдөлтэй хүн л дээ би, тэгээ л...

Олон сайн хүний буянд муу ном уншиж явсангүй ээ, бүх л номыг сайн ном сайхан ном гэж дүгнэдэг байснаа сая энэ номны тухай бичихээр суухдаа анзаарав. Товчхон хэлбэл өчүүхэн миний уншиж амжсан номууд дундаас хамгийн мундаг соруудын нилээд дээгүүрт жагсах ном гэж бодож байна.

Миний хамгийн дуртай дүр бол Левин. Эцэг эхийнхээ эдлэн газрыг өвлөж авсан, хөдөө газраа аж ахуй хөтлөн эдлэндээ амьдардаг, эхэн үедээ ганцаараа байх ба нууцхан хайрлаж явсан эгч дүү гурван бүсгүйн бага Кититэй сууж, сэтгэл хангалуун жаргалтай сайхан амьдарч буй эр. Язгууртаны хүмүүжилтэй өндөр боловсролтой боловч хөдөөгийн сэхээтэн гэдэг утгаараа өөрийн найз хотын сэхээтэн, хүргэн ах, бас багийн найз ... (түй чёрт! нэрийг нь мартчиж, оросуудын баахан нэрийг цээжлэх гэж үнэндээ бичиж авах дээрээ тулсаныг нуух юун. Гэнэт л нэг Дарья Ивановна гараад ирнэ. Энэ чинь эгч дүү гурвын аль нь билээ гээ л манараад явчихна гэцүү дээ гэцүү гсн :D) –тайгаа зөвхөн найз нөхрийн ёсоор найзархах боловч хөрөнгө мөнгө нэр төр амьдралын сайн сайхныг үзэх үзэл, голч зарчмын хувьд тэс ондоо хүн.

Китид сэтгэлээ илчлээд анх удаа бүтэлгүйтсэний дараа гэртээ ирээд ахуй амьдралдаа нямбай анхаарч ажиллаж байгаа нь... бүтэхгүй нь, үгүй э найдлага бий хэмээн дотроо өөртэйгөө тэмцэлдэж байхдаа морь унаад шалбааг тойрон газар боловсруулж байгаа ажилчид уруу ой дундуураа явж байх нь бараг л нүдэнд харагдаж байлаа, хажууд нь сэрчигнэх навчны чимээ, морьны алхаа, амьсгаа нь эгээтэй л сонсогдож байлаа хөөрхий. Толстой та шүү гээд огцомдоод унахгүй юу хэ хэ.

Ихэнх зохиолууд нэгэн хэвэнд цутгасан мэт сайн хүн сайнаараа л байдаг “дуусдаг”, чикест хүн хэнд ч дийлддэггүй байх ёстой, нэг муу гол эсрэг дүр маш утгагүй ашиг сонирхолоосоо болж гол дүртэй тэмцэлдээд байдаг гэх мэтээр туйлшраагүй, хүний зан характер үйлдэл зэргээрээ хэнийг нь ч дорд үзэгдүүлээгүй, бас хүнээс дээрд хүн үзэгдүүлээгүй бичиж чадсан зохиол юм уу гэж бодогдсон. Ер нь сайн зохиолууд хэмээн цоллуулахад иймэрхүү хандлага бас нөлөөлдөг юм биш бээз.

Эмэгтэй дүрүүдийн хувьд Анна бол ёстой сонгодог идеал дүр. Алдаа оноо гэм зэм хүртэх ёстой жаргалдаа тэмүүлэх энэ тэр нь тэр чигээрээ сэтгэл татам дүр. Багадаа ухаантайхан байгаад тэр үед энэ номыг уншсан бол би лав Аннад дурлаж мэдэхээр тийм гоё дүр.

Товчхон танилцуулах юм бол аав ээжийнхээ заншил ёсоор сэтгэлгүй боловч сайн хүний эхнэр болон хүү эр нөхөртэйгөө амьдарч байгаад тохиолдлоор Китигийн дурлаад байсан Вронскийтэй учир ургана. Нөхрөөсөө салж, хүүгээсээ хагацан байж бүтэх “учиртай” дурлалд автсан Анна бүсгүйн сонголт болсон энэхүү гүн Вронский гэдэг этгээд бол бас тун эрч хүчээр дүүрэн, тийм гээд тодорхойлоход асар хэцүүгээр барахгүй үнэндээ бол Левиний хажууд бодолтой буурь суурьтай аж ахуйч нухацтай хүн биш юм. Гэхдээ лайтай тууштай өгөөмөр язгууртан суртахуунтай хүн. Зориулах ёстой гэж үзсэн зүйлдээ эрсдэл үүрэхээс айдаггүй. Шалдаа буусан байвч нэр төрөө хамгаалж хамгийн сайн мэргэн буудагчтай дүвээлдэхээс сийхгүй.

Нөгөө нэрийг нь мартдаг нөхрийн эхнэр, ө.х Китигийн эгч Дарья бол бас л яриуштай дүр. Халуун залуу насандаа хайртай хүнтэйгээ сууж хотын язгууртан эхнэрийн амьдралаар насаа элээх тийшээ хандаж байтал нөхөр нь залуу бүсгүйчүүдтэй орооцолдох болсоноор өөрийнхөө амьдралыг эргэн харж битүүхэндээ шаналах дүр. Эмэгтэй хүнээс л гардаг болов уу гэмээр тэвчээртэй, уян сэтгэл, харгис хатуу бодол зэрэг нь хэн хүнд олон зүйл бодогдуулах буй заа.

Энэ номын үйл явдал хамжлагыг устгах үеийн Хаант Орос оронд өрнөх боловч уншсан хүнд өөр хэн нэгний бүхэл нэгэн амьдралаар амьдраад үзсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ, шинэ ухаарал, бодох нягтлах олон зүйлийг бэлэглэх болно.

2007-08-18

Өвгөн тэнгис хоёр

Би жинхэнэ өвгөн, жинхэнэ жаалхүү, жинхэнэ тэнгис, жинхэнэ загас, бас жинхэнэ аварга загаснуудыг үзүүлэх гэж оролдлоо. Би үнэхээр сайн, үнэн зөв гаргаж чадсан бол эдгээрийг би өөр өөрөөр тайлбарласан байх учиртай. Жинхэнээр нь үзүүлэх гэдэг бэрх. Энэ нь үнэхээр үнэнийг бүтээнэ гэсэн үг. Харин заримдаа чухамхүү үнэнээс өөрөөс нь ч илүү үнэнийг бүтээнэ гэсэн үг.
Эрнэст Хэмингуэй. 1954.

Энэ бэсрэг зохиолыг өчигдөр дөнгөж уншсан гэвэл хүмүүс дунд сургуульд байхдаа уран зохиолын хичээлдээ муу л сурагч байж дээ гэж магадгүй юм. Үгүй ээ би уран зохиолын хичээлдээ хэнээс ч дутдаггүй байсан. Өвгөн тэнгис хоёрыг уншиж байгаагүй боловч эссэ, реферат бичиж үзсэн над шиг “сурагч” олон байгаа болов уу гэж бодлоо. Одоо бодохоор инээдэмтэй юм. Уран зохиолын нэг сурах бичиг дээрх тайлбараар л төсөөлж байгаад бичсэн хэрэг шүү дээ.

Зүгээр л загасчин өвгөн, цэлгэр тэнгисийн тухай өгүүлсэн гэж яагаад ч уншигдахааргүй, бяцхан мөртөө, амьдралын төлөөх хүний тэмцэл, туршлага болон зорилгын төлөөх тэсвэр тэвчээр, зөн билэгт зүүд, хайр, түрэмгийлэл, гоо сайхан, амжилт уналт, үхэл гээд хүн төрөлтөний амьдралд байдаг бүх л шинж чанаруудыг харуулжээ. Энэ зохиолын тухай сэтгэгчид илүү сайхан тайлбарууд бичих байхаа. Уншиж дууссаны дараа зүгээр л бодоод суумаар... бодоод л бодоод л баймаар... Нобелийн шагналт энэхүү зохиолыг уншиж үзнэ бизээ.

Дээд суртахуун

Magna moralia гэдэг энэ номыг яагаад ч юм уншмаар бодогдоод болоогүй юм. Номын дэлгүүрт хоёр ч удаа авах уу байх уу гэж эргэлзсэний эцэст МЭӨ 384-322 оны хооронд амьдарч байсан энэ хүн юу боддог байсан тухай мэдэж авахаар шийдсэн юм. Гайхалтай. Дарвины онолоор бол өдий олон жил хөгжиж байгаа хүний тархи энд өгүүлсэн зүйлсийн дайны сэтгэдэг болчихмоор ч юм шиг... Дарвин сод хүмүүсийн тухай тайлбарласан байдаг болов уу яадаг бол. Ямарч байсан Аристотель аль ч талаараа надаас олон дахин илүү хүн байжээ гэсэн. :D

Илүү нарийн тайлбар өгч ч чадахгүй тул номноос хэд хэдэн хэсгийг хуулаад биччихье.

... Эрхэм сайн хүн гэж байдаг, олиггүй муу хүн гэж байдаг, үүний завсар хүн чанарын дундчууд буй, иймд эдгээрийг ялгаж салгаж сурах хэрэгтэй, хүний зөвхөн үйл ажлаар нь л таньж болно, сайхан үг, сүрхий амлалт, сүржин яриа худал байж болно, олон хүн дотоод сэтгэлээ нууж явдаг...

... Ухаандаа, хүн хөрөнгө хогшилоо алдахаас айдаг. Энэ нь аймхай хулчгар зан мөн үү? Хэрэв тэр ийм юмнаас айхгүй байгаа бол эр зоригтон мөн үү? Эсхүл эдгээрийн алийг нь ч хэлж болохгүй юм уу? Хэрэв хүн өвчин тусахаас айх эмээх юм уу, сэтгэлээр унахаас айж эмээхийг хулчгар гэх юм уу, тоомжиргүй байвал эр зоригтон гэж нотлох аргагүй. Ингэхээр эр зориг гэдэг тийм аюухуй юм уу, эсхүл тийм тоомсоргүй хөнгөн гоомой явдалд байдаггүй. Бас аянга цахилгаан, эсхүл хүнээс хэт давсан аймшигтай ямар нэгэн зүйлээс айхгүй байгаа хүнийг ч эр зоригтон гэхгүй. Тийм хүн бол эр зоригтон бус ямар нэгэн сагсуу амьтан мөн.

Ингэхлээр, эр зориг бол хүн гэдэг амьтанд нийцсэн тэр л афухуй, тэр л зүрхтэй үйлдэлд илрэн гардаг. Юу гэвэл олонхи нь, эсхүл бүгдээрээ айн эмээдэг тийм юмсын дунд зүрх зоригтой байгаа тэр хүн л зоригтон юм... Цааш нь яг ямар хүнийг зоригтой хүн гэдэг талаар дэлгэрэнгүй тайлбарласан нь их сонирхолтой. Туршлага эр зоригтой байхад нөлөөлдөг бол тэр эр зориг нь үнэхээр цэвэр эр зориг биш гэх мэт...

...Үнэндээ бол бусдаар хайрлуулж явсанаас өөрөө хайрлаж явах нь дээр бөлгөө. Учир нь хайрлах гэдэг нь цэнгэл өгдөг ямар нэгэн үйлдэл, сайн сайхан мөн, харин хайрлуулах гэдэг нь хайрлагдаж буй тэр хүндээ ямар ч үйл ажиллагааг өгдөөн буй болгодоггүй. Цаашилбал, танигдах зүйл болж байснаас таньж байх нь дээр, юу гэвэл, амьгүй бодис ч гэсэн танигдах шинж чанартай, харин таьж мэдэх, хайрлаж итгэх гэдэг амьд юманд байна. Бас цаашилбал, хайр хүлээж хэнэггүй сууснаас харин өөрөө буян үйлдсэн нь дээр. Хайрлаж итгэсэн хүн хайртай дуртай байгаагаасаа болж буянтай зүйл хийдэг, хайрлуулсан нь хайрлуулж байгаагийнхаа улмаас хэнэггүй суудаг.

Зуу гаруй хуудастай нимгээн энэ номыг хүн болох хүсэлтэй хүмүүст санал болгож байна.

Гобсек

Хүн төрөлхтөн хамгийн өөгүй тийм тогтолцоог олоогүй, гэхдээ л хамгийн дөнгүүр нь капитализм гэх ухааны тодорхойлолттой учирч байсан санагдаж байна. Францын зохиолч О.Бальзак энэ номоороо тэгвэл өнөөх бусдаасаа илүү дөнгүүр хөрөнгөтний нийгмийн сөрөг харгис чанар болон энэ нийгэмд автан өөрийгөө гээгсэдийн тухай өгүүлжээ. Комунизм нуран унахаас өмнө “Хүүхдээ коммунист болгоё гэвэл баруунд сурга, капиталист болгоё гэвэл Орост сурга” гэдэг байсан юм гэнэ билээ. Энэ нь тухайн нийгэмд нь амьдарч үзсэн хүн л тэр тогтолцооны гажигийг илүүтэй мэдэрч өөр зүйлд тэмүүлдэг гэсэн логикоос гаралтай үг бизээ.

Францад капитализм галзууран эрч авсан үед амьдарч байсны хувьд Бальзак энэ номоо бичсэн гэж өмнөх үгэнд нь дурдсан байна. Надад яг өнөөгийн манайх шиг байсан болов уу гэж бодогдсон. Баабарын “Дор идэр дүүдээ хандах нь” номонд энэ хүний тухай дурьдсан байдаг бөгөөд унших гол шалтгаан минь болов. Ямартай ч уншаад үзэхэд дэмий шалдаг булдар зүйлээр цагаа үржээ гэж бодогдоогүй.

Номын гол агуулга нь насан туршид алтанд л анхаарал тавьж амьдарч байгаа мөнгө хүүлэгчийн өөрийн мэдэлгүй гээсэн амьдралын утга учрын тухай өгүүлсэн байлаа.

Номын хэсгээс
...Би тэр үед Гобсекийн амьдралыг сайн мэдэж чадаагүй байсан учир, ийм хүний толгойд бас яруу найраг бодогдох нь ээ? Гэж их гайхав.
- Над шиг жаргалтай амьдардаг хүн хаана байна вэ? Гээд Гобсекийн нүд нь гийж: - Та залуу насандаа эрдэж явдаг хүн байна. Цузлыг хараад та, хүүхний дүр үзэгдэх шиг болдог бол би, миний нүдэнд нүүрснээс өөр юм харагддаггүй юм. Та юм бүхэнд итгэдэг байхад би юунд ч итгэдэггүй...

Гэхдээ энэ номонд гарсанчлан “капитализм муухай” гэсэн сэтгэхүйгээс нэгэнт л өөр илүү дээр гарах систем санал болгож чадахгүйгээс хойш салах хэрэгтэй бөгөөд таньд “Капитализмыг өмөөрөх нь” гэдэг Аяан Рэндийн номыг санал болгоё. Ерөндөг болгож уншина бизээ.

2007-08-13

Бушидо

Нитобэ Иназогийн Япон үндэстэний ёс зүйн цогц гэдэг энэ номны тухай анх Тулгат андын эрхий хуруугаа гозойлгон авсан зурагтай бичлэг дээрээс нь уншиж байлаа. Блог бичдэг уншдаг болсон цагаас эхлээд миний ном сонголт илүү чанаржсан гэж боддог. Энэ нь хариуцлагатай уншигчид зах зухаасаа блог бичдэг болсонтой холбоотой юм. Миний ингэж уншсан номныхоо тухай бичээд байгаа маань өөрийн уншсаныг батжуулахаас гадна, хэн нэгэний сонголтонд нэмэр болох болов уу гэсэн бас нэг зорилготой л доо.

Тулгат анд маань энэ номыг эрхий хуруугаа үзүүлэн үнэлсэн нь надад их сонирхолтой санагдсанаас энэ номыг эргэлзэлгүй авч унших шалтгаан болсон. Гэхдээ үүнээс ч илүүтэйгээр олон олон монголчууд маань япон улсад боловсорч энэ мэт ёст үзэл сурталаар хүмүүжиж байгаа нь эргээд эх нутагтаа бүгэгч мань мэт нь тэдэнтэйгээ харилцахад хэрэг болох магад тул аргагүй сонирхол татсан юм. Ашгүй саяхан номын дэлгүүрээр тэнэж явтал энэ жил орчуулаад гаргажээ. Бяцхан тэмдэглэлийн дэвтрийн дайны хэмжээтэй боловч япон үндэстэний сэтгэлгээний охийг бусад улс үндэстэнүүдэд ойлгогдохуйц хэлээр тайлбарлан бичсэн нь наанадаж япон хүмүүсийг ойлгоход, цаанадаж манайхан иймэрхүү байдлаар бусдад өөрийгөө таниулах тал дээр бодох зүйл байгааг илэрхийлнэ.

Багаасаа самурай гэхээр л буу барьсан хөх саарал дүрэмт хувцастай яахаас ч буцахгүй харгис япон цэрэг санаанд ордог байсан бол энэ номыг уншаад арай зөөлрөв. Бас ч хүндлүүштэй бидэнд байсан боловч мартагдсан эр хүн гэдэг үгний мөн чанар мэдрэгдэв. Дэлхий бөөрөнхий биш номонд Мэдээллийн технологийн outsourcing offshore гэх мэт ойлголтууд нарийн тайлбарлагдсан байгаа, манай програм хангамжийн салбарынханы өрсөлдөхүйц боломжтой зах зээл бол Япон гэж тодорхойлсон байгаа бөгөөд Япон хүмүүсийн сэтгэлгээний тухай тоймтой ойлголтыг энэ номоос олж харж болно.

Өөрийгөө хөгжүүлье гээд номонд энэ Ниботэ Иназогийн тухай японы соён гэгээрүүлэгч Барууныг японтай холбосон гүүр хэмээн бичсэн байсан санагдаж байна. Энэ хүн гадаад ертөнцөд япончуудын тухай ойлголтыг нэгтгэн хүргэсэн бөгөөд үүнээс ч илүүтэй япончууддаа ямар үндэстэн байх хэрэгтэйг тунхагласан ухаалаг сэнхрүүлэгч байсан юм биш үү гэсэн санаа төрсөнийг нуух юун. Тиймдээ ч соён гэгээрүүлэгч хэмээх эрхэм алдарт хүрсэн байж магадгүй. (гэхдээ ганц энэ номыг бичээгүй байх л даа) Энэ талаар надад зөв чиглэл санаа оноогоо хэлэх хүмүүс блогоор минь бишгүй орж гарах тул номын агуулгын талаар үл өгүүлэн түр өндөрлье.

related : http://togi2togi.blogspot.com

related : http://togi2togi.blogspot.com/

Дэлхий бөөрөнхий биш

Энэ номыг хүмүүст танилцуулахаар өөдөөс тэгээд дөрвөлжин болчихоо юу гэж ирээд хошигнож байгаатай хэд хэдэн удаа таарсаныг эс тооцвол хүмүүст маш сонирхолтой өгүүлэмжээр орчин үеийн эдийн засаг болон мэдээллийн технологийн өнөөгийн, ирээдүйн хөгжлийн талаар сүрхий алсыг харсан өргөн цар хүрээ бүхий ном юм аа. Өнгөрсөн 2006 онд энэ номоор үнэндээ дэлхий даяараа амьсгалж, амтай болгон тайлбар рэвьюү сэтгэгдэл бичээд байсан болохоор компаны технологийн ном захиалга хийн авчруулахдаа дундуур нь захиад авчруулж уншиж байсан юм. Хавтгайруулагч арван хүчин зүйл болон бас бус сонирхол татсан хэсгийг арай ядан уншсан ч үргэлжлүүлэн энэ зузаан номыг уншиж дуусгах англи хэлний зэвсгийн эрдэм дулимаг байснаас болоод Отгонпүрэв андыг бушуухан орчуулж дуусаасай гэж байж ядаж байлаа гэж. Орчуулгын хувьд хүмүүс нэрээс нь болоод бага зэрэг эргэлзээ төрсөн байж мэдэх л юм. Гэхдээ уншаад үзсэн хүмүүс бүгд л шүүмжлэх аргагүй сайн болсон гэж байна билээ. Миний хувьд англи хэл дээрх ном болон монгол хэл дээрх номны зузааныг харьцуулж хараад гайхсан. Англиасаа нимгэн болсон монгол номыг анх хараад дотроос нь хасалт хийчихсэн юм болов уу гэж сэжиглэсэнийг нуугаад яахав. За за номны агуулгын тухай биш гадар өнгө харагдах байдал гээд баахан ач холбогдолгүй зүйл биччихлээ.

Уг номны талаар өөрийн дүгнэлтийг хэрхэн хийх вэ гэж сая хэсэг бодож суулаа л даа, тэгээд ингэж бичихээр боллоо:

- Хурд, ерөөсөө Фенгшү амьдаагийн маань нэг номон дээрээ өгүүлээд байсан хурдны талаар л эцсийн эцэст бичих хэрэгтэй санагдаад байна. Гэхдээ зүгээрч нэг “Бушуу туулай борвиндоо баастай” хурд биш жинхэнэ потенциалны сүргийн хурдны тухай бодож байна. (ийм юм байдаг эсэхийг хэлж мэдэхгүй юм) Бидэнд бусдаас илүү хүний нөөц гэж байхгүй, гэхдээ хангалттай хурдан байж чадах оюуны потенциал бүхий ард түмэн бий.(?) Тодруулбал Араатны хаан арслан гөрөөсөө хөөж л байг, хүчит хөлтэй гөрөөс зугтаадгаараа зугтааж л байг, харин хээрийн хөх чоно дангаараа арслангаас зугтааж дийлэхгүй, гөрөөсийг ч хөөгөөд гүйцэхгүй, гэхдээ сүргээрээ байхад арслан ойртохгүй, хөрөөдөж хөөхөд гөрөөс зугтааж дийлэхгүй. Өөрөөр хэлбэл бидэнд арслан шиг хүч байхгүй ч найдах тулгууртай, гөрөөс шиг хурд байхгүй ч толгойдоо (бүгд л толгой тархины хурд ярьж байгаа бөгөөд энд би бусдаа илүү гэдэг санааг гаргах үүднээс ийн бичив.) илүү хурдтай байх зүй ёсны шаардлага тулгарчээ гэж бодогдож байна.

Халуун нар мандан хөөрөхөд
Хамаг амьтан гүйлдэхээс аргагүй
Харин бид = (сүрэг чоно)?”амьдрал”:”үхэл”;

Хэтэрхий өрөөсгөл, хэт гэнэн хандлага бүхий дүгнэлт байж болох хэдий ч та бүхэн энэ номыг заавал уншиж үзээрэй. Эргээд нэг бодоод үзээрэй. Америк хоцорч байгаа тухайгаа ярьж байхад гүйцэх тухай мөрөөдөл ч үгүй бидэнд ямар замнал байх вэ гэдэг үнэхээр бачимдмаар шүү. Гэхдээ амьдрах сайхаан.

related: http://otgonpurew.blogspot.com


Албан харилцааны ёс зүй

Б.Гүндэгмаа автортай энэхүү ном нь хүмүүс хоорондын уламжлалт харилцааны ёс зүй албан хэргийн ертөнцөд хэрхэн боловсронгуй болж мөрдөгдөж байдаг тухай өгүүлжээ. Тодруулбал ажил хэргээ сайн явуулах алдар нэр амжилт ололт ашиг орлого олоход эелдэг соёлч боловсон байдал харилцааны ёс зүйг мөрдлөгө болгон сахих явдал чухал үүрэгтэй гэсэн үзлээр бичигджээ.

Ялдам байдлаар баялагт хүр, ялдам байж эс чадсан ч баялагт хүр гэсэн үгийг хаа нэгтээгээс тогтоогоод авчиж. Гэхдээ энэ үгээс илүүтэй энэ номонд дурдсан зөвлөмжүүдийг санаж явах нь хаа нэгтээ эвгүй байдалд орох, бүтэлгүйтэх, алдаа гаргахгүй байхад тус болно. Юутай ч гэсэн ялдам байдлаар баялагт хүрэхийг хүсвэл та энэ номыг олж уншаарай. Миний хувьд эндээс огт дуулж байгаагүй наад захын соёл заншил олныг мэдэж авсан бөгөөд өөрт хэрэгтэй зарим нэгээс энд тэмдэглэн үлдээлээ.

1. Энэ номыг уншиж байхад телевизээр Загалмайлсан эцэг гарч таарлаа л даа. Дүү Майкл Каролеон нь армийн хүн болох шийдвэрээ эцгийнхээ төрсөн өдрөөр хэлэх гэж байгааг дуулсан буржгар үст ах нь түүнийг зэмлэж байтал аав нь ангаас ирж хүмүүс шуугилдан үүдний өрөө уруу бужигнан алга болдог хэсэг байдаг даа. Өрөөнд ганцаараа үлдсэн өөрийнхөө шийдвэрт хатуу итгэлтэй байгаагаа илтгэсэн харцтай Майкл архитай хундагыг гуравны нэгээс нь өөрөөр хэлбэл дунд хэсгээс нь хуруугаараа өнгөцхөн барин уух нь үнэхээр гайхалтай харагдсан. Би яг ном уншиж суусан тэр ч бүү хэл “хундагыг шилбэнээс нь хэрэв шилбэгүй бол гуравны нэгээс нь өөрөөр хэлбэл дунд хэсгээс нь хуруугаараа өнгөцхөн барина” гэж уншиж суулаа. Зүгээрч нэг донжтой харагдах гэж хоосон хэлбэрдэж байгаа юм шиг санагдаагүй шүү.

2. Японы компаниуд “Манай байгууллага таны сайн сайхан амьдрах үүсвэр болсон цалинг өгдөг тул эргээд таны хувцаслалтанд шаардлага тавих эрхтэй. Учир нь таны хувцас манай компаний нүүр царайг харуулах хамгийн эхний баримт болно” гэж үзэж, ажилтануудаа хувцас солих, хадгалах өрөө зэргээр хангахыг чухалд үздэг байна.

3. Нэрийн хуудас дээр товчилсон үгс бичиж захидал төлөөлөх соёл гэж бий. Голцуу Франц хэлний үгсийн товчлолыг дэлхий даяар бичиж заншсан бөгөөд жишээ нь:

p.p (pour presenter) нь танилцуулах гэсэн утгатай бөгөөд хүмүүсийг хооронд нь танилцуулахад зуучилж буй хүн өөрийн нэрийн хуудсанд бичиж өгдөг.

p.f (pour feliciter) – аз жаргал хүсье, баяр хүргье

p.r (pour remercier) – талархал илэрхийлье

p.c (pour condoler) – эмгэнэл илэрхийлье

p.p.p (pour prendre part) – эмгэнэл илэрхийлж, туслахад бэлэн байгаагаа илэрхийлье

p.p.c (pour prendre conge) – уучлал хүсэх (уулзаж чадалгүй явах тохиолдолд гм)

p.f.n.a (pour feliciter nouvel an) – шинэ жилийн баяр хүргэн аз жаргал эрүүл энхийг хүсэж байна.

p.p, p.p.c, pr гэж бичсэн нэрийн хуудсанд хариу бичдэггүй.

p.c, p.p.p, p.f гэсэн бичигтэй нэрийн хуудсанд өөрийн нэрийн хуудсан дээр “баярлалаа” буюу p.r гэж бичиж өгнө.

Мөн заавал товчилж бичилгүй баяр хүргье гэх мэтээр жижиг өгүүлбэрээр бичээд өгч болно. Эдгээр бичлэгүүдийг нэрийн хуудасны зүүн доод талд нь бичдэг.

Хүнд бэлэг өгөх соёлоос авахуулаад, хаана ямар цаг хугацаанд хүнийг хэрхэн магтахад илүү таатай байдаг тухай, архи тамхи хэрэглэх, ширээнд суух, машин тэрэг жолоодох, тэр ч бүү хэл эмэгтэйчүүд өөрийн өгзөгний хэлбэрээс хамааран ямар гутал сонгох талаар хүртэл энд байна. Сонирхолтой мэдүүштэй зүйлээр дүүрэн даруухан боловч “том” ном.

2007-08-11

2007 - Зуны тайлан

За хө ойрд ажил мажил баннэр маннэр ус мус гэсээр блог дээрээ төдийлөн бичлэг нэмсэнгүй ээ, зав зай гарсаных жаал бураад авая, өнөөдрийн хуралд хоцорч ирээд оролцож чадсангүй шив. Нөхөд уучлаарай, Манай хотод зам засна гэж нэг айхтар ажил байхымаа. Яарсан сандарсан үед бараг л машин дотор боож үхэхээ шахах юм. Тэгээд олигтой ч засаж байгаа юм алга, чадкуум бол ухаж төнхөж түгжрүүлж байхаа больмоор юм гэж хэлсэн таксины жолоочийн үг үнэний ортойдогоо янз нь. За тэр ч яахав, Гэснээс саяхан нэг анонимосын бичсэн сэтгэгдэлээс харлаа, сүүлийн үеийн бичлэгүүд маань нэг л бусдыг шүүмжлэх аястай болоод явчихсаныг анзаарав. Уул нь би өөрөө нэг их сүрхий амьтан биш болохоор бусдыг шүүмжлэх хорхойгоо дарж “амьдардаг” хүн л дээ. Тэр сэтгэгдэл үлдээсэн хүний үг ерөнхийдөө миний янзыг үзэх хандлагатай байснаас биш шүүмжлэлийн тухайд бол надад мартсаныг маань сануулав. Баярлалаа гэх нь ч хаашаа юм дээ... гсн

Зарим нэг бичкээн (үнэндээ том ч юм уу бүү мэддээ) шалтгаан хүнийг айхтар хямруулах шидтэй байдийм байна. Энд тэнд нисдэг тэрэг унаж, айхтар гүүр нурж хүн амьтан сүйрсэн тухай мэдээ уншиж байхад лав өчүүхэн доргилт өгөөгүй мөртлөө сэтгэл дотор байдаг бяцхан гүүр түр юм уу бүүр юм уу мэдэгдэхгүй хугацаагаар нурахад аймаар донсолж доргиж сүйд болохоо шахав. Аминчхан ч амьтан бололтойм доо би. За сэтгэл санааны хувьд бол нэг иймэрхүү, Энэ асуудлыг битүүлэг чигээр нь үлдээгээд цаашаа...

Сониноос усанд сэлж сураад бөөн баяртай, кайфтай байгаа л даа. Мэлхий сэлэлт сурах гэж хэд ч живчив бүү мэд, эхлээд аймаар сандраад бараг туслаарай гэж хашгирахаа шахдаг байсан одоо нэг амьсгаа алдахад дараагийн түлхэлт хүртэлээ тэвчиж байгаад живэлтээ зохицуулдаг болсоноор барахгүй мэлхий сэлэлтээр нилээд гайгүй яваад байдаг болсон шүү. Өнөөдрөөс даллалтаа сурах төлөвлөгөөтэй байгаа. Гэснээс нээрэн нөгөө хүн дооглож инээдэг маань бараг хэвээрээ. Өөрөө аймаар муу сэлдэг байжийж живж байгаа хүн дооглож инээсээр л ... саяхан сэлж явахдаа хажуугийн зам дээрх бас нэг эхлэн суралцагчийг тийрээд, тэрэндээ баясаад усан дотор инээчихсэн чинь хлортой ус балгаад сандарсандаа живээд... энэ муу инээд үү. Ядаж байхад Цээгийгийн гачин сэлэхийг яаанаа. Нэг л их гүн амьсгаа авсан хүн ха ха ха. За спортын хувьд нэг иймэрхүү, усанд сэлэлтийн тэмцээн үзэх их дуртай болсон. Шинжлэх ухаанчаар ухамсартайгаар сэлэлтийн техник эд нарыг нь судлаад байдаг болсон гэжуга... :P

Төлөвлөөд авсан боловч уншиж амжаагүй номууд номын сангаар нэг байгаад бага зэрэг сэтгэл дундуур... Гэхдээ яахав ээ энэ хавраас хойш уншсан номууддаа чадах чинээгээрээ ревюү бичихээр жагсаатал бас ч чамгүй тоо гарав. Дараагийн бичлэгээс эхлээд номын тоймоор хэсэг занималднаа хө. За уншлага бичлэгийн хувьд нэг иймэрхүү... Харин дуусаагүй хэд хэдэн номнууд байгааг хурдлахгүй бол ажилууд зэрэг зэрэг оволзоод эхэлдэг намар цаг хаяанд айсуй Ганбаа минь гсн...

Ажлын хувьд харин халуун байснаас болж баахан лазан хөдөлсөнийг эс тооцвол энэ зун чамлахааргүй л юм сурлаа шүү. Ямар ч байсан хамгийн муу програмист биш гэдэгтээ нэн итгэлтэй наасан. Ерөнхийдөө бол Java уруу нилээд хүчтэй татагдав. Томоо төслийн ард гарах ч ойртож байх шиг байна. Сурсан мэдсэн юм ч гэж ойгүй :P Хамтран зүтгэгч багийнхандаа баярлаж байгаа шүү, та нар минь их мундаг шүү... Бас Бүгдээрээ сайт маань байна. Эхний төлөвлөгөө бага зэрэг хоцорч дууссанаас биш амжилттай явж байгаа, бас л мундаг мундаг хүмүүстэй хамтарч байгаа болохоор та бүхнээсээ сурсан мэдсэн зүйл асар их шүү. Бүгдээрээ шүүү... Зиак ерөнхийдөө нэг иймэрхүү шив.

2007-08-08

Дөрөв дэх баннэр байраа эзэллээ

Саяхан шинээр үүд хаалгаа нээснээ мэдэгдэж байсан “Номун Далай” - Монгол номын цахим дэлгүүрийн сүлжээний тухай та бүхэн дуулсан бизээ. Тэдний хамт олон Батзаяа охинд тус болохоор тусч баннэраа илгээжээ.

…Өнөө цагийн Монгол түмэн та бидэнд эрдэм ухаанд суурилан хэрэгжих учиртай:

хэл соёлоо хадгалж үлдэх, хөгжүүлэх;
хүн төрөлхтөний соёлыг өөрийн соёлын өнгө онцлогоор баяжуулан чимэх хэмээсэн хос үүрэг оногдож буй хийгээд эл үүргээ эс биелүүлвээс
гадаад улс орнуудад суугаа Монголчуудын хувьд эх хэлээ мартах, өв соёлоосоо алслагдах, гадны хэл соёлд аажмаар уусах;
та бидний хэл соёлын үнэт зүйлсийг бусад улс орны ард түмэн утгачилан ойлгохгүйд хүрэх
гэсэн мөн л хос түгшүүр хаалга дэлдэж буй нь бодит үнэн болжээ. Энэхүү хос түгшүүрийг арилгаж, үүргээ биелүүлэхийн гол учиг нь та бид аливааг тунгаан шүүж, зохист шийдэлийг гаргаж чадах оюуны бяр тэнхээтэй байх, түүнийгээ Монгол ухааны их далайгаас тэтгэн тэжээж байх явдал билээ. Үйл ажиллагаагаа эхлүүлж буй Номун Далай цахим дэлгүүрийн сүлжээ нь Монгол түмний энэхүү оюун далайг тэтгэн сэлбэх эрхэм зорилготой… Сайнбаярын блогоос

Эрхэм та номын далайд тавтай морилно уу!