ХУУЧИН ХYY
Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж , хатируулсаар хүрч ирэх бөгөөд цагаан давуу алчуур толгойгоо ороосон агаад ширэлдсэн хар гэзгийг сэрвийсэн хэдэн үсээ шанаа руу нь унжина. Урагдаж навтарсан хар ханцуйг сугалдаргалж, хиртэж сайртсан бор тохойг гаргажээ. Тавхийтэл мориноосоо буун, тасхийтэл жолоогоо сойгоод тоосонд дарагдсан урд хормойгоороо наранд шарагдсан нүүрнийхээ хөлсийг арчиж, нусаа хүрхийтэл нийгээд, гэрт оров. « Балдангийнх эсгийгээ хийж байна. Цэндийнх хонио хужирлаж байна.Дамба морио эрэх гэж явсан, Гомбо хангай ороод ирсэн» гэх зэрэг хэв ерийн хэдэн үгийг ах зах хүмүүстээ сонин болгон ярьж, гавж гуай хэмээн доогуур харан, зайсан гуай хэмээн дорой дуугарсаар зуухны хажууд сууна. Авгай хүүхдээс аяга, тарга, хэсэг хусам олж идээд, тэндээс гарч баян Балжирынд унага татан өгч, айраг уун, нэг үдийг өнгөрүүлээд, Дэндэв тайжийнд хонь гаргаж өгч гэдэс олж идэн, нэг үдшийг дуусгана. Хэдийгээр ухаан сэргэлэн хэмээвч, зүүн хошууны захад хүрсэнгүй, баруун мөрний тэртээ гарсангүй, зөвхөн гурав дөрвөн өртөө эргэн тойрон газрын оршин суусан тул, юуг үзэж мэдэж, юуг сонсох ажээ. Нас хэдийгээр залуу боловч үгээгүү ядуу өнчин балчир тул, нутаг сумын хэдэн айлд ээлжлэн зарагдсаар, олигтой аж амьдралын замыг нэгэнт алджээ. Өвлийн хүйтнийг адуу манаж өнгөрүүлэн, зуны халууныг хонь хариулж гэтэлгэх бөгөөд намар ичиж хавар гарагч тарваганаас зовлонтойгоор он жилийг нөхцүүлнэ. Өтгөс хуучид энэ хоёрын үгнээс бус үнэн юмгүй, өвөлжөө зуслан, хаваржаа, намаржаа энэ дөрвөөс өөр явах газаргүй хэмээн санаж, хөмөрсөн тогооны доторхтой адил хөдөөгийн бүдүүлэг байдалд хүмүүжнэ. Юутай гомдолтой зэрлэг амьдралд, юутай хайрлалтай залуу нас юунд шинэ ертөнцийг үзэхийг үл хүснэ. Хүмүүжил нь ийм гунихралтай байдлыг хуучин хүү өөрөө бас яахан мэднэ. Хуучны феодал ба лам нарын гайг мөн хэрхэн танина. Дэмий л байдалд автагдаж, зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болоод, нэг аймаг улс цөм хуучин хүүгийн адил нүдээ аньж чихээ бөглөн ертөнц гэгч чухам юу болохыг үзэлгүй, мэдэлгүй хөндий талд хоосоор хоцроход тулжээ. Хайран, хөөрхий хөөрхий.
Гэтэл хуучин хүүгийн нэг нөхөр нь хувьсгалын бууг тавьсан өдрөөс эхлэн хөмөрсөн тогооны дотор гэрэл тусаж, нэгэн аймаг улс сэрэв. Тэнгэрийн хаяанаас цааш газар байдгийг мэдэж, таван далай таван тивийг танин шинэ ертөнц дээр хамт явах замыг нээв.
Хөх монгол улаан монгол болов.
Хуучин хүү шинэ хүү болов
Юутай завшаан, юутай баяр. 1930 он
гэж бичиж байж дээ цаад Д.Нацагдорж чинь. ;)
1 comment:
Tnx ganbaa. 10 jild baihdaa huuchin huug unshih durtai baisan shuu. Dahij unshih saihan baina.
Post a Comment