Pages

2006-08-23

ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА 2015 ОНД

Компаныхаа интранет дээр байхыг нь олон нийтэд хүргэе гэж шийдээд блогдлоо.

Б.БАТТӨМӨР (Эдийн засгийн ухааны доктор, Ph.D, Гаалийн ерөнхий газрын дэд дарга)


Монгол Улсын хөгжлийн цогц бодлого, стратегийн бичиг баримтыг боловсруулахад туслах зорилгоор олон улсын хэмжээний судалгааны материалыг түшиглэн дараахь зүйлсэд та бүхний анхаарлыг хандуулж байна.

Олон улсын хэмжээнд гарсан судалгаанд 2015 он хүртэл дэлхий хэрхэн өөрчлөгдөх тухай хэдэн чиглэлээр авч үзжээ. Үүнд хүн амын өсөлт, хөгшрөлт, цагаачлал, эрүүл мэнд, хоол хүнс, байгалийн баялаг ба хүрээлэн байгаа орчин, ус, эрчим хүч, шинжлэх ухаан, технологи, био технологи, дэлхийн эдийн засаг, түүний өсөлт, хямрал, даяаршил, үндэсний болон олон улсын хэмжээний засаглал, ирээдүйд гарч болох зөрчил, санал зөрөлдөөн, мөргөлдөөн, олон улсын хамтын ажиллагаа гэсэн хүрээг хамарч үзсэн байна.

Судалгаанаас үзэхэд 2015 он гэхэд даяаршил дэлхийн хэмжээнд хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл хэвээр байх бөгөөд мэдээллийн технологийн хөгжил олон улсын хэмжээнд улам хурдацтай тархаж, одооныхоос ч илүү хөгжлийг тодорхойлогч нэг гол хүч байсаар байх нь.

Засаглалын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагууд голлох үүргийг гүйцэтгэсэн хэвээр байх бөгөөд энэ хоёрын хамтын ажиллагаа цаашид өргөжих хандлагатай, аль аль нь олон улсын хэмжээнд ч гэсэн маргаантай асуудлыг шийдэхэд голлох нөлөөтэй үүргийг гүйцэтгэж чадах юм байна. Түүнчилэн олон улсын терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд засгийн газрууд төрийн бус байгууллагууд, хувийн сектортой хамтран ажиллах шаардлага нэмэгдэнэ.
2015 он гэхэд улс орнуудын хөгжилд шинжлэх ухаан, технологийн үүрэг өсөх хандлагатай байгаа бөгөөд ялангуяа биотехнологи, мэдээллийн технологи онцгой чухал үүрэгтэй болно.

Байгалийн баялгийн ашиглалт, ялангуяа хоол хүнс, ус, эрчим хүч, хүрээлэн байгаа орчны байдлын хувьд байдал тийм таатай байхгүй болох хандлага одоо ажиглагдаж байгаа ба ялангуяа Хятадын Хойд нутгаас Африк хүртэлх усны хомсдолтой асар өргөн газарт гурван тэрбум орчим хүн амьдрах ба усны эх үүсвэр, ашиглалттай холбоотой зөрчил, хямрал гарах магадлалтай.

Хятад хөгжлийн хувьд улам дээшилж, Орос сулрах хандлагатай байгааг мөн тооцох хэрэгтэй гэж судалгаанд өгүүлжээ. Зүүн Азид эдийн засгийн хөгжилд саад тотгор учирсаар байж магадгүй байна. Хятадаас бүс нутагт явуулах бодлого тодорхой бус байгаа бөгөөд дотоодын улс төрийн болон эдийн засгийн асуудлыг хэрхэн шийдэхээс нэлээд зүйл шалтгаалахаар дүр зураг харагдаж байна.

2015 он гэхэд дэлхийн хүн ам 7.2 тэрбумд хүрч ихэнх оронд хүмүүсийн нас харьцангуй уртсах төлөвтэй байна. Хөгжиж байгаа орнуудад хотын хүн ам ихээхэн нэмэгдэж, хотод суурьших хүн амын хэт өсөлтөөс шалтгаалан улс төрийн тогтворгүй байдал ч үүсч болзошгүй хандлага ч ажиглагдаж байна. Хөгжингүй ихэнх орнууд болон зах зээлийн харилцаанд шилжсэн орнуудад төрөлт их хэмжээгээр буурч, хүн амын хөгшрөлт, эрүүл мэнд, тэтгэвэр болон ажиллах хүчний хомсдолтой холбогдох нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шинээр үүсгэнэ.
Хүнс тэжээлийн хувьд үйлдвэрлэл хэрэглээнээс нэг их хоцрохгүй боловч, дэд бүтцийн хөгжил сул, хуваарилалт буруу, улс төрийн тогтворгүй байдал, нэн ядуурал зэргээс хамааран хүнсний хомсдол Африкийн зарим орнуудад гарч болзошгүй. Өлсгөлөн нэлээд орны хувьд үргэлжилсээр байх төлөвтэй. Эрчим хүчний хэрэгцээ 50 хувь нэмэгдсэн ч эрчим хүчний нөөц хүрэлцээтэй байх бололтой.

Даяаршсан эдийн засаг дэлхийн хөгжилд идэвхтэй нөлөөлж, 2015 гэхэд улс төрийн тогтвортой байдлыг хангах гол хэрэгсэл болно.
Дэлхийн эдийн засгийн өсөлт оргил цэгтээ хүрэх ба үүнд амьжиргааны төвшинг дээшлүүлэх, эдийн засгийн сайжруулсан бодлого явуулах дарамт шахалт, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын өсөлт, мэдээллийн технологийн хөгжил, хувийн секторын эрчимтэй өсөлт нэлээд их нөлөөлөх болно. Хөгжлөөрөө хоцорсон орнууд, бүс нутгийн хувьд эдийн засгийн зогсонги байдал улам бүр газар авч, улс төрийн хувьд тогтворгүй байдал нүүрлэж, соёлын талаар зожигрох аюул тулгарна. Тэд улс төр, үндэстэн ястан, үзэл суртал, шашны хэт туйлшралд автаж, хүчирхийлэл гаарна.

Сайн засаглалыг хэрэгжүүлэн тогтоож чадсан улс орнууд дэлхийн хэмжээний энэхүү өөрчлөлтөд дасан зохицож чадна.
Улс орнуудын үндэсний аюулгүй байдал үндэстэн дамнасан шинжтэй хүчин зүйлсээс хамаарах учраас засгийн газрын энэ чиглэлийн агентлагууд хүчээ нэгтгэн, нэгэн удирдлагад орж, хариу арга хэмжээ авах шаардлага зайлшгүй гарч ирнэ. Үүнээс болж 2015 гэхэд засгийн газрын бидний ойлгож заншсан, дасал болсон уламжлалт бүтцээс татгалзах хэрэг гарна.

Сайн засаглалыг тогтоож чадаагүй улс орнууд даяаршлын ашиг тусыг хүртэж чадахгүй, харин ч дотоод, гадаадын зөрчилд татагдан орсноор бусад орноос хол хоцорч, сүүл мушгих болно. Даяаршил Засгийн газруудын шийдвэр гаргах үйл явцыг ил тод байлгахыг шаардах учраас дарангуйлал, нэг хүний засаглалтай орнууд оршин тогтноход бэрх болно. Цагаачлал зогсолтгүй нэмэгдсээр нэг хэсэг орны хувьд урьдчилан тооцоогүй бэрхшээлийг үүсгэж, яваандаа улс орны онцлог шинж, үндэстэн ястны бүтцэд нөлөөлөх хэмжээнд хүрч очих магадлалтай.
Дэлхийн хэмжээний эдийн засгийн хувьд хэд хэдэн урьдчилсан таамаг байгаа юм. АНУ-ын эдийн засаг худалдааны алдагдал нэмэгдэж, дотоодын хадгаламжийн хувь хэмжээ буурснаас олон улсын хэмжээнд цаашид өсөх итгэлийг бууруулснаар уналтад орох магадлалтай. Үүнийг хурдан сэргээхгүй бол дэлхийн эдийн засаг, улс төрийн бодлогод сөргөөр нөлөөлж магадгүй. Европ болон Японы хүн ам хөгшрөх ба 2015 онд гэхэд 110 сая шинэ ажилчин хэрэгтэй байгаа тооцоо байгаа ч үүнийг нөхөх боломж муутай байсаар байх болно.

Европын голлох орнуудад нийгмийн үйлчилгээний болон цагаачлалын асуудлаар зөрөлдөөн гарч, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх болно.

Хятадын байдал 2015 он хүртэл хэрхэн өөрчлөгдөхийг тааж хэлэхэд хэцүү. Дэлхийн худалдааны байгууллагад элсч, эдийн засгийн даяаршил, мэдээллийн хувьсгалд улам өргөнөөр оролцох шаардлага ирэх ба Хятад үүнийг шийдэх боломжтой. Улс төрийн хувьд тогтвортой, эдийн засгийн хувьд өсөлт сайтай, Зүүн Азид ноёлох байр сууриа тогтоож чадсан энэ улс бүс нутагт АНУ-ын нөлөөг багасгах, хөршүүдээсээ илүү гарах, газар нутгийн маргаантай асуудлаа шийдэх чадвартай байсаар байх төлөвтэй байна.

ОХУ-ын хувьд дэлхийд тэргүүлэх байр сууриа хадгалахад өнөөдрөөс илүү их бэрхшээлтэй тулгарах шинжтэй байна. Оросын загсаглал, эдийн засгийн бодлогын чанараас шилжилтийн үед дасан зохицож, түүнийг амжилттай дуусгаж чадах эсэх нь хамаарна.

Засгийн газрууд харилцан холбоотой, уялдаатай ажиллаж, үндэсний аюулгүй байдлыг хангаж, дотоодын бодлогын шинжтэй асуудлуудыг шийдэх хэрэг гарна.

Хөгжиж байгаа орнуудад хэрэглээний усны 80 орчим хувийг хөдөө аж ахуйн зориулалтаар зарцуулдаг, 2015 онд хэд хэдэн орон усжуулах замаар хөдөө аж ахуйгаа тэтгэх чадваргүй болох төлөвтэй байна. Хятадын хойд нутгууд болон Энэтхэгт хөрсний усны түвшин жилд дунджаар 3-10 футаар доошилсон тооцоо байна.

Цаашид усны хэрэглээг үр ашигтай, хямгатай болгох, генетикийн аргаар бий болгосон, ус бага шаарддаг үр тариа ургуулах, усыг үнэтэй болгох зэрэг арга хэмжээг авах шаардлагатай боловч буурай хөгжилтэй орнууд үүнийг хийж чадахгүй байгаа юм. Эдийн засгийн өсөлт нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ даган өссөөр байгаа юм. 2015 он гэхэд эрчим хүчний хэрэглээ 50 орчим хувиар нэмэгдэх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл 2000 онд өдөрт 75 сая баррель газрын тос шаардагдаж байсан бол 2015 онд энэ тоо 100 сая баррель хүрэх болно. Байгалийн хийн хэрэглээ ч гэсэн 100 хувиар нэмэгдэх бөгөөд Ази тивд хэрэглээ огцом өсөх дүр зураг харагдаж байна.

Байгаль орчны доройтол цаашид ч гэсэн үргэлжилсээр байх төлөвтэй. Газрын эрчимтэй ашиглаж, тариалангийн талбайн үржил шим муудаж, халуун орны ой сөнөж устах аюул нүүрлэж байна.
Хөгжиж байгаа орнуудын хувьд хүн амын хэт өсөлт, эдийн засгийн хөгжил, хотжилт түргэссэнтэй холбоотойгоор байгаль орчныг хамгаалах, экологийн доройтолтой тэмцэх олон асуудал тулгарна. 2015 он гэхэд томоохон хотуудад агаарын бохирдлын асуудал ихээхэн бэрхшээл үүсгэнэ. Агаардлын бохирдлыг бууруулах үүднээс технологийн дэвшлийг ашиглан эрчим хүч бага хэрэглэх буюу гибрид машин үйлдвэрлэх, нар, салхины эрчим хүчийг ашиглах, байгалийн хийг ашиглах чиглэлээр ихэд анхаарах болно.

Ирээдүйд мэдээллийн технологи, биотехнологи, материалын технологи, нанотехнологийн чиглэлээр инноваци хийх асуудал онцгой анхаарал татах ба энэ нь худалдаа, бизнес, эрүүл мэнд, аюулгүй байдалд ихээр нөлөөлнө. Технологийн дэвшлийн нөлөөгөөр хуучин технологи үеэ өнгөрөөж, тухайлбал компьютерийн чипсийн шинэ үе гарч ирнэ.
Шинэ нээлтийг шууд үйлдвэрлэл, технологид ашиглаж эхлэх ба мэдээллийн технологийн хэрэгслийн үнэ огцом хямдарна. Гэвч хэрэглээ өсөх тул хэрэгцээ урьдын адил их байсаар байх болно.
2015 он гэхэд биотехнологийн хувьсгал халдварт өвчнийг анагаах, хүнс тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчны бохирдлыг бууруулах, амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр асар их амжилтад хүрнэ. Өвчнийг оношлохдоо генетикийн кодыг тайлах учраас өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр урьд өмнө үзэгдээгүй амжилтад хүрнэ.

Удамшлын зарим өвчнийг бүрэн төгс эдгээх чадвартай болж, мал амьтныг үржүүлэхэд клонийн арга буюу амьтныг хувилах аргыг ашиглаж эхэлнэ. Материалын технологийн ололт амжилтын ачаар төрөл бүрийн зориулалтаар ашиглаж болох, байгаль орчинд хор нөлөөгүй, удаан эдэлгээтэй, хүн хүний хэрэгцээг хангах бүтээгдэхүүнүүд шинээр гарч ирнэ.

Нанотехнологийн шинэ нээлтүүд физикийн шинжлэх ухаанд эргэлт гаргаж, вакцинаас эхлээд компьютер, автомашины дугуй хүртэл урьд өмнө хэзээ ч байгаагүй хэлбэртэй, дизайн хийцтэй, бидний төсөөлж байгаагүй тийм зүйлсийг үйлдвэрлэх, хэрэглэх бололцоо олгоно. Өөрөө угсрагддаг наноматериалууд буюу “тоон цэг” хэмээх хагас дамжуулагч 2015 гэхэд химийн бодисын нэр төрлийг өөрчилж, цусны шинжилгээ, мансууруулах бодисын агууламж, генетикийн шинжилгээ болон биологийн бусад зориулалтаар ашиглагдаж эхэлнэ.
Дэлхийн эдийн засаг их сэргэлтийн үед орж, Азийн хоёр том орон Хятад, Энэтхэг болон бусад орнууд аж үйлдвэржсэн, хөгжилтэй орон болно. Эдийн засгийн үзүүлэлтүүд дэлхийн хэмжээнд нааштай байх боловч бүгдээрээ хожихгүй, ядуурал түүх болон үлдэхгүй, бүс нутгийн ялгаа улам нэмэгдэх болно. Эдийн засгийн өсөлтөд дундаж орлоготой хоёр тэрбум хүний амьжиргааны төвшин дээшилж, ардчиллын хүрээ тэлж, улс орнуудын макро эдийн засгийн бодлого сайжирч, худалдаа хөрөнгө оруулалт нэмэгдэж, хувийн сектор цэцэглэн хөгжсөн зэрэг хүчин зүйл нөлөөлнө.

Гэвч дэлхийн хэмжээнд эдийн засгийн хямрал, санхүүгийн хямрал үе үе гарах болно. Дэлхийн эдийн засаг нягт уялдаа холбоотой болсон учир нэг оронд гарсан хямрал бусад оронд тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Боловсролын хэрэгцээ улам бүр нэмэгдэх ба эдийн засаг, технологийн дэвшил улам илүү сайн боловролтой, мэргэжилтэй ажиллах хүчийг шаардах болно.

Ирэх жилүүдэд үндэстэн дамнасан гэмт хэрэгтнүүд ч гэсэн гар хумхин суухгүй нь тодорхой. Тэд дэлхийг хэрсэн мэдээллийн технологи, санхүү, тээврийн сүлжээг ашиглан, өөрсдийн үйл хорт үйл ажиллагааг өргөжүүлэхийг оролдоно.

Тооцооноос үзэхэд одоогийн байдлаар эрүүгийн гэмт хэргээс асар их хэмжээний орлогыг олж байгаа бөгөөд жил бүр 100-300 тэрбум долларыг хар тамхины хууль бус эргэлтээс, 10-12 тэрбум долларыг хорт бодис, аюултай хог, хаягдлаас, есөн тэрбум долларыг АНУ болон Европод гарч байгаа автомашины хулгайнаас, долоон тэрбум долларыг хүний наймаанаас, нэг тэрбум долларыг оюуны өмчийн хулгай, видео, програм хангамж, бусад төрлийн барааг хуурамчаар дуурайлган хийж борлуулснаар олдог байна.

Түүнчилэн дэлхийн хэмжээнд жил бүр 500 орчим тэрбум орчим долларыг авилгал, хээл хахуульд зардаг гэсэн тооцоо байна. Энэ бол дэлхийн хэмжээний ДНБ-ий нэг хувьтай тэнцэж байгаа ба энэ хэмжээгээр эдийн засгийн өсөлтийн хурдац, хөрөнгө оруулалт, ашиг орлого буурсан гэсэн үг юм. Орос улсад жишээлбэл бизнес эрхлэхэд жилийн орлогын 4-8 хувийг зарцуулдаг гэсэн тооцоог Европын сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD) хийсэн байдаг.

Орос, Хятад, Энэтхэг болон Иран, Туркийн сонирхол Төв Азид давхцана. Энэ бүс нутгийн орнууд эдгээр сонирхлын тэнцвэрийг барих, мөн гадаад орнуудын аль нэгийг нь давамгай байдалтай байлгахгүйн тулд АНУ болон Европын оролцоог нэмэгдүүлэхийг хичээх болно. Эдгээр орнуудын хооронд дайн болохгүй боловч дотоодын зөрчил, улс төрийн тогтворгүй байдлыг гадныхан ашиглах, хар тамхины хууль бус орлогоос олсон мөнгөөр тэтгэх аюул бийг бас бодолцох хэрэгтэй юм.
Хөгжлийн цогц бодлогыг зөв тодорхойлоход дэлхийн хөгжлийн хандлага, экологийн байдал, байгаль орчны тулгамдсан асуудлууд, шинжлэх ухаан, технологийн хөгжил, өрсөлдөх чадвар, эдийн засгийн аюулгүй байдал зэрэг асуудлыг нарийн шүтэлцээ, уялдаа холбоотой нь авч үзэх зайлшгүй шаардлага байгаа юм.

2006-08-22

Ирж яваа Монгол.

Эхний хэсэг: Одоо цагийн тухай.

Юуны өмнө ирж яваа цагаас өмнө одоо үргэлжилж буй цагийн тухай бяцхан эргэцүүлэл хийе.

Монголчууд бид ядуу байгаа болохоор Оюу толгойг “ер нь уул уурхайгаа, газар нутгаа” ашиглан хөрөнгөжиж байж өөдлөн дэвжинэ гэсэн үзэл бидний дунд ноёрхож байна. Товчхондоо одоогийн бидний сонголт бол Оюу толгой биш “Оюунт” толгой гэж би үздэг.

Гадаадын уул уурхайн бизнэс хийдэг компаниудын шүлсийг гоожуулаад байгаа энэ газрын хэвлийн баялгаас үүссэн давуу тал бол үнэндээ цаг зуурын давуу билээ. Газар ухах, хүдэр баяжуулах зэрэг технологууд өндөр хөгжсөн өнөө үед тэр баялагыг “нүд ирмэх зуур” ухаад авчихсаны дараа энэ давуу тал алга болохоор барахгүй тэндээс үлдсэн “бяцхан хөрөнгө” бидний ирээдүйн амыг "барих" болно. “Учир мэдэхгүй хүүхдэд Укс ус гээд зүйрлэчье. к к” Ер нь монголын хүн амын ерөнхий амжиргааны төвшин сайжрах нь ойлгомжтой бөгөөд энэ байдал нь заавал уулаа нурааж, талыг там болгохгүй байсан ч сайжрах л болно. Өндөр технологи (нано технолог) хөгжиж алт зэс нүүрс зэргийг үйлдвэрийн аргаар гаргаж авах ч юм уу орлуулах бүтээгдэхүүнийг хийж чаддаг болохоос өмнө бид газрын баялгаа ашиглан хөрөнгө бүтээх хэрэгтэй, гэж үзэхээсээ өмнө бид ирээдүйд олох гэж зориод байгаа тэр хөрөнгөө эзэмших ёс суртахууны болоод эдийн засгийн алсын хараатай билүү гэдгээ эргэцүүлэх хэрэгтэй мэт. Миний хэлэх гээд буй гол санааг энгийнээр үзүүлсэн нэг кино байдаг шиг санагдаад байна. Нэрийг нь санахгүй байгаа нь харамсалтай гэхдээ тэр кинонд нэг энгийн даржин амьдардаг залуугийн хамаатан тэрбумтан нас барах болоод их хөрөнгөө өвлүүлэхээр түүнд нэг даалгавар үлдээдэг. Тэр нь гуч хоногийн дотор гучин сая долларыг үрж чадвал гурван зуун сая долларын өв залгамжлагч болгох болзол. Гэхдээ зүгээр нэг үнэтэй эрдэнэс худалдаж аваад хэн нэгэнд бэлэглэх гэх мэтийг хориглосон байдаг бөгөөд тэр залуу хэрхэн гурван зун саяыг авахын тулд гучин саяыг нэг сарын дотор үрэхээр хөгжилтэй ажил эхэлж байгаа талаар гардаг. Өв залгамжлуулагч өвгөний энэ хачин үйлдэл нь дор хаяж л ядуу амьдарч байгаад гэнэт баяжиж хүнээ байчих бий, мөн их мөнгөтөй харьцаж чадахгүй хоосон хоцрохоос негр залууг сэргийлж өгдөг. Энэ хөгжилтэй киноноос миний тусгах гээд буй гол санаа бол гэнэт баяжих гэдсэнд цөвтөй гэдгийг мэддэг тэрбумтан өвгөн өв залгамжлагч залуугийнхаа гэдсийг “цөвтгөхөөс” сэргийлсэн ухаалаг арга сэдсэн гэдэгт буй юм.


Олон жилийн турш эрэл хайгуул хийсний үр дүнд бид яг тэр өв залгамжлагч негр залуу шиг гэнэт асар их хэмжээний хөрөнгөтэй гэдгээ мэдэж дэлхий дахины “хайрыг” татаад байна. Киноноос ялгаатай нь бидэнд ухаалаг аргаар гэдсэндээ “цөв” суулгачихгүй шиг байх аргыг зааж өгөх өвгөн алгаа. Өөртөө найдахаас өөр замгүй.

Дөнгөж нэг хөл дээрээ зосож ядаж буй “ардчилалтай” манай улсад энэ олон улсын анхаарлыг татаж арааны шүлсийг гоожуулах нь ихээхэн аюул дагуулж мэдэх юм. Энэ бол жич сэдэв тул алгасая.
Том хэмжээний хөрөнгө оруулалт татаж үзээгүй. Хөрөнгө оруулалт гэдгийг зүгээр мөнгө өгч байгаа хэрэг гэж ойлгодог бид нар үнэн хэрэгтээ ямарч хөрөнгөгүй даржин амьдарч байсан тэр негр залуу шиг биш гэж үү. Төсөв татварын орчны байдал бага зэрэг сайжрах шинж мэдэгдэнгүүт л улам их үрж эхэлдэг “тэр бум тэрбумаар нь хөшөө босгоогүй гэж үү, сая саяаар нь уулан дээр бага ангийн хүүхэд зурсан юм шиг зураг зураагүй гэж үү” үрэлгэн шийдвэр гаргагчид ядуу сэтгэлгээтэнгүүд эх орныхоо минь тархи биш гэж үү.


Одоохондоо бидний гол аюул бол оюунт толгойтой болоогүй байхдаа оюу толгойг олсон маань гэж харагдаад ... Магадгүй би ухаалаг цөөнхийг “улс төрд хэрэглээд байдаг тэр цөөнх биш шүү, хөгжил дорой бидний дунд буй чадвартай тэр цөөнх шүү” олж харах чадваргүй байгаадаа ч юм уу тийм цөөнх байхгүй байгаагаас ч юм уу “байгаа гэдэгт итгэж л байх юм” ийм хаширласан юм бодоод байгаа байж ч мэднэ. Хэрвээ ямар нэг зөв шийдэл бодоод явдаг бол та өөрийн хүссэнээ бичиж болдог нэг сайхан блог нээгээд түүгээр дамжуулан ухаанаа уралдуулаач гэж уриалая.

Сүүлийн хэсэг: Ирж буй цаг

Монголын сэргэн мандалтын үед буюу их хаадын үед бидэнд хурдан гавшгай морин цэрэг, хээр талын болон хот сууринг эзлэн авах, олны сэтгэлийг үгээр “дагуулах” чадвар, (энэ чадварыг өөрийгөө бусдын өмнөөс тахилын ширээн дээр гаргахыг номлодог шашин шүтдэггүй байсантай холбож бодох дуртай.) зэрэг тэр үедээ тэргүүлэх давуу талтай байсан.

Техникийн зуунд бидэнд чадвартай ажиллах хүчин битгий хэл хүн амын тоо дутуу байдал зэрэг хэзээ ч гүйцэхгүй боломжгүй сул талууд байлаа. Харин мэдээлэл холбооны технологи бүхнийг шийдэж байх болсон шинэ эрин эхэлсэнээр дээр дурдсан дутагдалтай талууд багасаж шийдвэрлэж болох шинэ сул талууд үүсэж байна. Эдгээр шинэ дутагдалууд бол ерөөсөө хувь хүний тэмцэх чадвараас л хамаарах болно.

Энэ чиглэлээр (ICT гэх мэт технологийн) хөгжиж оюунт толгойтой болсон цагт тэр хүсээд байсан хөрөнгийн потенциал аяндаа бий болох бөгөөд бидний ирээдүйн замыг гэрэлтүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Нөгөө гараад ирэх бий гэж айгаад байгаа нано технологи “өөр ямар нэг зөн совин төдий байгаа бусад технологууд ч тэр” харин ч бидэнд улам их боломжыг нээж өгөхөөр барахгүй бид илүү ихийг хийж, ирээдүйг бүтээлцэх цаг ч ирэх болно.

Газрын лицэнзийн төлөө албан газрын үүдийг эвдэн байж тэмцэлдэж байгаа тэдгээр “тэмцэх” чадвартай залуусаас, интернэт кафед хэрхэн имэйлтэй болох талаар yahoo-г үзэн “гайхаж” суугаа залуус бага зэрэг хоцрох хэдий ч оюунт толгойтой болох ирээдүйтэй төдийгүй тэд жинхэнэ баялгыг бүтээх илүү боломжтой болно.

2006-08-17

Хэл сурах арга барил

Гадаад хэл нь эх хэлийг мартуулдаг зүйл биш харин хүний сэтгэхүйн орон зайг улам тэлдэг. Зөвхөн эх хэлээрээ эх сурвалж олоход 10 мянган сонголт олно гэж бодоход гадаад хэлтэй хүн 100 мянгыг олох боломжтой гэсэн үг. Тиймээс гадаад хэл нь сурахгүй бол болохгүй зүйлсийн жагсаалтанд зайлшгүй багтах нь зүйн хэрэг. Бидний амьдарч буй эрин зуунд гадаад хэл сурах, ялангуяа Англи хэл сурах нь зайлшгүй шаардлагатай болжээ.
Хүүхэд нас бага байх тусам хэл сурах нь төдий чинээ хялбар байна. Хүүхдийг анх нэгдүгээр ангид ороход нь гадаад хэл зааж эхлэхэд наймдугаар анги төгсөхдөө тэр хэлийг сайн эзэмшсэн байна. Өнөөгийн нийгэмд сайн ажилд орж, амжилттай ажиллахын нэг үндэс нь хамгийн багаар бодоход нэг гадаад хэлийг бүрэн эзэмшсэн байх хэрэгтэй бөгөөд хамгийн ихээр шаардлагатай хэл нь Англи хэл болжээ.

Та нэг сонингийн зараас хүний нөөцийн талаарх зарыг хараарай. Таван зарын дөрөвт нь гадаад хэлтэй байх шаардлага тавьсан байдаг.
Компани болгон өдрөөс өдөрт өсөж дэвжиж, улам өргөжин тэлж, даяаршиж буй дэлхий дээр өөрийн орон зайг хадгалан, олон шинэ байгууллагатай харилцаа холбоотой байх зорилготой байдаг гэдгийг огтхон ч мартаж болохгүй. Энэ байдалд хүрэхийн тулд зөвхөн сайн боловсон хүчинтэй байх шаардлагатай гэсэн үг. Тиймээс гадаад хэл нь хүний амьдралд хэр зэрэг чухал үүрэг гүйцэтгэдгийг ухаарч ойлгосон хүмүүс л шуурхайлан идэвх зүтгэлтэйгээр сурч байна. Гадаад хэлний хэрэгцээг сайтар ухаарсан хүмүүст зориулж сургалт, дамжаа ч нээгдэж эхэлжээ.
Та үүнийг анхаараарай

  1. Хэл сурч, сайн ярьж чаддаг болох нь тийм ч амар зүйл бас биш л дээ. Тиймээс маш их тэвчээр шаарддаг. Хэл сурах эхний үе шатууд ихэнхдээ хөгжилтэй сайхан амархан өнгөрдөг. Харин хугацаа уртсах тусам улам хэцүү болж сүрдэж эхэлнэ. Учир нь хэл болгонд өөр өөрийн хэцүү талууд байдаг. Дээрээс нь мянга мянган үг цээжлэх хэрэгтэй болно. Дээрээс нь хийх дадлага нь хэдэн жилийг тань авах болно. Тиймээс хэл сурахад тэвчээр хамгийн чухал.
  2. Хэрэв та нэг улсад тэр улсын хэлийг сурах гэж очиж байгаа бол их хичээл авч, богино хугацаатай байхын оронд бага хичээл авч урт хугацаатай байх хэрэгтэй. Эдинбургийн Гүнгийн хэл сургах системийг хэрэглэдэг Английн хэлний сургуулиуд болон энэ системийг дэмждэг мэргэжилтнүүд өдөрт 3-4 цагийн хэлний хичээлийг хангалттай гэж үздэг.
  3. Гадаадын хэлний сургалт нь таны үзэж дадал болсон хэлний сургалттай огт адилгүй байдгаас гадаадад хэл үзэх гэж очсон зарим сурагчдад сэтгэлээр унах, эсвэл дэмий мөнгө үрж байгаа мэт сэтгэгдэлтэйгээр буцах тохиолдол гардаг. Тиймээс та гадаадад хэлний сургалтанд явахынхаа өмнө сайн бэлтгэлтэй байгаарай. Яаж гэвэл: Таны урд өмнө нь сурч байсан хэлний сургалтаас тэс өөр байна, таны сэтгэлд хүрэхгүй байсан ч гэсэн сэтгэлээр унасны хэрэггүй. Тэдний системийг өөрийн улсын системтэй харьцуулсны хэрэггүй. Хэрэв таны дасаж заншсан сургалтын систем сайн байсан бол та гадаадад хэлний сургуульд явахгүй байсан гэдгийг мөн мартаж болохгүй.
  4. Монгол хэл болон Монголчуудаасаа түр зууртаа салж, өдрийн турш сурч буй хэлээрээ ярьж мөн бодож байгаарай. Тиймээс гадаадад хэл сурах гэж явсан хугацаагаа хамгийн үр дүнтэй өнгөрөөхийг хүсвэл эх хэлтэн болон нутаг нэгтнүүдээсээ хэсэг хугацаа хол байж цэвэр гадаадын орчинд байх хэрэгтэй.
  5. Байрлах байрны хувьд гэвэл таны сурах гэж буй хэлийг эх хэл шигээ эзэмшсэн хүнтэй нэг гэрт байж болно. Ингэснээр та 24 цагийн турш дадлага хийж болно. Өөр нэг сонголт гэх юм бол та айлд байж болно. Учир нь та айлд байснаар тэр улсын ёс заншилтай холбоотой олон олон үг мэдэж авна гэсэн үг. Тиймээс та дотуур байранд байрлахаасаа өмнө сайн бодож тооцоолоорой. Учир нь дотуур байранд яг л өөр шиг чинь шинэхэн сурагчид байдаг.
  6. Аль болох олон хүнтэй танилцаж, найз нөхөдтэй болж байнга ярианы дадлага хийх хэрэгтэй.
  7. Гэрийн даалгавараа сайн хийж, өнөөдрийн ажлаа маргааш хийхийн оронд маргаашийн ажлаа өнөөдөр нь хийж дадаж занших хэрэгтэй.
  8. Хүүхэлдэйн кино сайн үзэх хэрэгтэй. Хүүхэлдэйн кинонд дараа нь санаж болохоор хялбар үг хэллэгийг дахин дахин давтаж үйл хөдлөлийг нь ч үзүүлдэг учир тогтооход хялбар байдаг.
  9. Зарим хүмүүс алдаатай ярихаас ичиж зовдгоос нэг их ярьдаггүй. Гэвч хэн ч таныг алдаатай ярилаа гэж загнахгүй шүү дээ. Алдаатай байсан ч хамаагүй эвгүй байдалд орохоос эмээлгүй байнга ярих хэрэгтэй. Тэр бүү хэл сайн ярьдаг хүнтэй ярихдаа зарим өгүүлбэрийг албаар алдаатай ярих хэрэгтэй. Учир нь таны мэддэг өгүүлбэрийг хэрхэн өөр хувилбараар засахыг нь сурах хэрэгтэй.
  10. Удаан бодолгүйгээр шууд ярих хэрэгтэй. Сонсож байгаа зүйлээ Монгол хэл рүүгээ оруулж ойлгох гэж хичээсний хэрэггүй. Шууд тэр хэлээрээ ойлгохыг оролд. Буруу байсан ч хамаагүй шууд тэр хэлээр хариулт өгөөрэй. Энэ нь таныг хурдан боддог болгоно.
  11. Ном сонин болон унших материал их унших хэрэгтэй. Өөрийн сонирхдог сэдвийн дагуу веб сайтуудад ороорой. Мөн түүнтэй холбогдолтой ном сэтгүүл авч уншаарай. Ингэснээр тэр хэлийг улам дурлаж сурах болно.
  12. Толь бичиг их ашиглахгүй байх хэрэгтэй. Аль болохоор өөрийн хэлтэй харьцуулж бодолгүйгээр, өгүүлбэртэй нь хамт ойлгох хэрэгтэй. Толь бичиг хэрэглэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд сурч буй хэлнийхээ тайлбар толийг ашиглахыг хичээгээрэй.
  13. Сургууль болон багшаас ихийг хүлээсний хэрэггүй. Амжилтын ихэнх нь таны идэвх зүтгэлд байдаг юм шүү. Хэрэв та нэг улсад очоод байх хугацаандаа амжилттай сайн хэл сурч чадаагүй бол үүний бурууг бусдад тохолгүйгээр зөвхөн өөрөөсөө асуугаарай.
  14. Сониуч байгаарай. Хүнээс санаа зоволгүйгээр асуух хэрэгтэй. Бүр хүүхэд шиг сониуч байвал илүү сайн шүү.
  15. Таны хамгийн сайн туслагч, багш тань настай хүмүүс байдаг юм шүү. Хөгжилтэй орнуудад настай хүмүүс ихэнхдээ ганцаар амьдардгаас ярих сонирхол ихтэй байдаг .Амьдралын туршлага ихтэй энэ хүмүүсээс сурах юм их байдгийг санаж явахад илүүдэхгүй.

Бяцхан жаалуудын гадаад хэл
Ихэнх эцэг эхчүүд хүүхэддээ гадаад хэлний боловсрол эзэмшүүлэхийн тулд сургуульд орохыг нь хүлээдэг. Гэтэл хүүхэд цэцэрлэгийн бага ангийн насандаа гадаад хэл сурах бүрэн чадвартай байдаг. Хүүхэд тань эхэлж өөрийнхөө эх хэлийг хэрхэн сурсан, яг л түүний адилаар хоёрдогч хэлээ сурч эхэлдэг. Эхлээд ойлгохгүй ч гэсэн сонсдог. Дараа нь эцэг эхийнхээ өөрийг нь эрхлүүлж байгаа хөдөлгөөнийг давтагдан хэлж байгаа үгнүүдтэй холбож ойлгосноор ойлгож эхэлдэг. Гадаад хэлийг ч гэсэн ийм маягаар сурдаг. Хүүхдэд ийм системээр, хичээл зааж ядраалгүйгээр хэл зааж болно. Жишээ нь хүүхэд тань англи хэл сурч байна гэж бодъё. Түүнд үргэлж англи хэл дээр гардаг хүүхэлдэйн кино болон кассет сонсговол хэсэг хугацааны дараа бяцхан үр чинь ойлгодог болж эхэлнэ.
Тархины хамгийн чухал хэсгүүд нь хүүхэд 6 нас хүрэхэд бүрэн хөгжиж гүйцдэг гэж судлаачид тогтоожээ. Тиймээс хүүхдийг 6 нас хүрэхээс нь өмнө хоёрдогч хэлийг зааж эхлэхийг зөвлөж байна. Энэ туршлагыг 8 хүүхэд дээр туршиж үзсэн судлаач ярихдаа, хүүхэд бүрт тус тусад нь Англи хэлний кассет болон видео бичлэг өгөөд түүнийг гэрт нь байнга нээлттэй байлгаад (хоол идэж байхад нь, тоглож байхад нь г.м) дараа нь хичээл дээр тэр сэдвийг нь зааж үзүүлэхэд хялбар сурч байлаа. Тэд 6 настайдаа Англи хэлийг сайн сурсан юм.
Сургуульд Англи хэл сурах ба уншлага
Гадаад хэл сурах явцад чадах ёстой хамгийн чухал зүйлсийн нэг бол сайн уншиж чаддаг байх юм. Гадаад хэлийг сайн ярьж чадахгүй ч гэсэн сайн уншиж чадах нь чухал юм. Уншиж чаддаг байх нь хэлийг эзэмшихэд нэн их нөлөөлдөг. Тиймээс өөрийн хэмжээндээ тохирсон ном унших хэрэгтэй. Гадуур явж байхдаа ч, хичээл дээр ч, машин дотор ч тухайн хэлний касетийг сонсож явбал сайн. Мөн түүнийг байнгын дадал болгох хэрэгтэй. Хэлийг сурахдаа ихэнхдээ сонсох уу, аль эсвэл унших уу гэдэг нь сурагчийн сурах чиглэлээс хамаарна. Хэрэв их дээд сургууль, академийн боловсрол эзэмших гэж байгаа бол зайлшгүй их унших хэрэгтэй. Сурагч ном унших дадалгүй бол, эхлээд өөрийн эх хэл дээр ном уншиж сурах хэрэгтэй.
Гадаад хэлийг эзэмших (acquiring), сурах (learning) хоёр ялгаатай. Уншиж, сонсож, сурахын хамгийн сайн тал гэвэл хэлийг эзэмшүүлдэг. Эзэмших гэдэг нь тухайн зүйлийг хэрэглэж чаддаг болох үйл гэж тайлбарлаж болно. Ингээд бодохоор сурах нь нэг зүйлийг сайн эзэмших гэсэн үг биш юм. Англи хэлийг нэг цаг давтах нь тэр цагийг бүрэн ашиглаж чадна гэсэн үг биш. Сурахыг тоймчилж болох ч, эзэмшихийг тоймчилж болохгүй. Эзэмших нь хүн хүнээс шалтгаалан өөр хэлбэртэй байна. Үүнээс үүдэн нэг үгтэй олон дахин дайралдах нь түүнийг эзэмших гол түлхүүр байдаг. Ингэхийн тулд “extensive reading” – ийг чухалчлах хэрэгтэй. Унших үйлийг хэд хэдэн хэлбэрээр хийж болно. Гэсэн ч дээр дурдсан уншлагатай холбогдолтой Ерөнхийлөн унших (Extensive reading), Нарийвчлан гүнзгий унших (Intensive reading) гэсэн хоёр чухал техник байдаг.
Extensive reading: Хичээлийн номноос гадуур унших номыг энэ техникээр унших хэрэгтэй. Хурдан, чөлөөтэй унших. Энэ нь гадаад хэлийг сайн уншиж ойлгодог болоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Гадаад хэлийг анх сурч байгаа хүмүүст зориулсан бяцхан номноос эхлэх хэрэгтэй. Энэ уншилтанд толь бичгийг аль болохоор бага ашиглахыг хичээгээрэй. Гэхдээ сэдвийг ойлгохын тулд гол үгсийг харж ойлгох хэрэгтэй. Ерөнхийд нь унших гэж ойлгож болно.
Intensive reading: Маш сайн нарийвчлан уншина. Номон доторх сэдэв бүрийг нарийвчлан уншина гэсэн үг. Жишээ нь бид хичээлийн номыг ийм маягаар уншдаг.
Энэ хоёр унших аргаар сайн унших хэрэгтэй. Гадаад хэл сурч байгаа хүн өөрийн хэлний түвшиндээ тохирсон номыг сонгож байнга унших хэрэгтэй. Гадаад хэл сурагчдын нэг алдаа нь өөрт тааралдсан болон байгаа бүхий л материалийг нэг бүрчлэн цээжлэхийг хичээдэг. Хоосон цээжлэх биш хэрэглээ болгон ихээр ашиглах хэрэгтэй. Танд хүссэн хэлээ сайн эзэмшихийг хүсье.

www.biirbeh.com -s

2006-08-15

Би хааяа төсөөлдөг юм...

Асууя хэзээ нэгэн цагт гурав дахь булангын камераар та өөрийгөө харж байсан уу? Юун камер билээ гэж гайхаж байна уу. Энэ бол төсөөлөл юм. Таныг хүрээлэн байгаа хана таазан дундаас та аль ч цэгийг гурав дахь өнцгийн камераар сонгож болно. Энэ камераар юу харах гээд байгааг та бараг таасан биз ээ. Өөрийгөө. Та төсөөлөөд үз, бяцхан туршилт, бяцхан мэдрэмж. Дуран авайд эргэн тойрныхоо эд юмс дунд та амгалан суугаад блог-дож буй. Таны харж байгаа зүйлсийн дундах энэ “хүн” бол таны далд ухамсарт байдаг “та” мөн үү. Гадна төрхөөсөө авахуулаад тодор хүнтэйгээ нийлээд энэ бол таны гайхалтай судалгааны “обьект”. Энэ “обьект” амьдрах хугацаатай, зүрх сэтгэлтэй, дадал заншилтай гээд олон сая шинж чанаруудыг агуулсан. Цаг хугацаа хаашаа ч юм урсан өнгөрч байна... чаг чаг чаг..., таны зүрх эхлэл шиг төгсгөлөөс төгсгөл шиг эхлэл рүү түг түг түг..., Харьцангуйн онолоор бол цаг хугацаа урсаж байна гэж хэлж ч болно. Цаг хугацааны хувьд бид урсан өнгөрч байна гэсэн ч болно. Ямарч гэсэн энэхэн урсгалын эгшинд та камераар өөрийгөө харж байна. Миний энэ бичлэгийг уншин суухдаа та гурав дахь булангын камераараа өөрийгөө харж байгаагаар төсөөлж байгаа даа гэж би төсөөлж бичлээ. Би хааяа төсөөлдөг юм...

2006-08-14

Би бодож явна...

Та ажилдаа дургүй юм биш биз? Энэ асуултанд ихэнх хүмүүс үгүй гэж хариулна гэж найдаж байна. Миний хувьд “дуртай” гэдэг үг ч жижигдээд л байна. Бас нилээд хүн “харин тиймээ дургүй” ч гэх вий. Олон олон учир шалтгааны улмаас хүмүүс дургүй ажлаа хийж амьдралаа залгуулдаг гэж би боддог. Гэхдээ болж өгвөл ийм замаар явахгүй байхыг хичээх хэрэгтэй мэт, хайран цаг, нас, зорилго. Энэхэн замбуутивд яах ч аргагүй, боломж олдохгүй гэх хүн ч байдаг л байлгүй. Гэхдээ танд гэж хэлэхэд “ямарч аргагүй болсон мэт санагдаж байгаа үед л тэр тийм биш байдаг” гэдэг юм шүү. Хоббигоо түш, хоббигоороо мэргэш гэж зөвлөсөн бичлэг энд тэндгүй таардаг нь санаандгүй биш юм. Өөрөөр хэлбэл нэг ажлыг хийх нь зөвхөн бор ходоодоо борлуулах төдий биш олон олон таашаалыг тэр ажлаасаа авч байх ёстой. Боловсролтой хүнд жаргах шалтаг мундахгүй гэж Баабар хэлсэн байсан. Мэргэжилдээ илүү их боловсорч илүү нарийн ширийн асуудал шийдвэрлэн “Урсалтаа олох нь” ямар нэгэн утга учиртай амьдарч байгаагаа мэдрэх илэрхийлэл байдаг. Нөгөө талаас хэт нарийн мэргэшсэн хүнд зориулсан мэт: “Багажны савандаа зөвхөн алхтай хүнд бүх л асуудал хадаас мэт харагддаг” гэдэг үг ч бий. Эдгээр үг ишлэл дундаас танд ямар нэгэн явах замын зураг харагдаж байна уу. Ямар нэгэн төсөөлөл харагдаж байгаа бол тэр төсөөлөл чинь хариуцлагатай салшгүй уялдаатай байх учиртай. Хариуцлагагүй хүний амьдрал сохор зоосны ч үнэгүй байдаг. Хийсэн бүхнийхээ хариуцлагыг хүлээх чадвар боломж одоо надад мэдэгдэж буйгаар зөвхөн хүн төрөлтөнд л бий. Ингэхгүй байгаа хэн нэгэндээ бид итгэл үзүүлж чаддаггүй бөгөөд тэгэх ёстой нь байх ёстой байгалийн шалгуур жам.

Зарчимч хариуцлагатай байна гэдэг нь цаг ямагт зарчимч хариуцлагатай байхыг л хэлдэг болохоос өнөөдөр зарчимч хариуцлагатай, маргааш “амраад” байхыг хэлэхгүй гэж сонссон ч далд ухамсартаа өөриймшүүлж чадаагүй байгаагаа мэдрэх юм. Ажил гэж бүү бод Амьдрал гэж бод. Хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ хандаж чадахгүй бол ямар нэгэн байдлаар хариуцлагагүй байгаагын шинж бөгөөд тэр ажлыг хийхгүй байсан нь дутуу дулимаг хийгээд үнэ цэнээ алдахаас тохой илүү. Тэнэгийн ханыг мөргөсөөр мөргөсөөр... Явж явж энэ бүхнийг бүгдээрээ мэддэг боловч би ч, та ч ямар нэгэн байдлаар байнга гажуудуулан муйхарласаар... Ахуй хүнийг байнга хойш чангааж байдаг гэдэг. Энэ бол зөвхөн шалтгаан юм. Ухрах хүн шалтгаан олж, урагшлах хүн аргыг нь олно гэдэг дээ. Блог дээрээ нарийн ширийнээ ийн “цэцэрхэж” байсан удаагүй болохоор алдаа эндэл зөндөө л бий биз. Ийм ч болтугай алдаж байгаа нь би бөгөөд ямарч өөгүй бичсэн гэж хэлбэл би “би” биш болчихно. Амьдралын нэг циклд орчихоор амьдрах, тэмцэх чадвар багасаад “нойрмог” унтаа байдалд орчихсон мэт бодогдоод өөрийгөө ч болов цочоох гэж бичлээ. Би бодож л явна...

2006-08-09

AJAX алхам алхамаар

Programer-ууд наашаа. Энэ удаа ердөө амархан. HTML-ын iFrame tag ашиглаад энэ жишээг хийж үзье. Дараах 2 файлыг ажиглаарай. Зарчим нь бол нэг хуудсан дээр hidden iframe байх бөгөөд ямар нэгэн [html – tag -ын] event дээр ажиллах javascript function нь дээрх iframe-ын дотор program бүхий хуудсаа [2 дах файлыг] дуудан top.frames["hiddenFrame"].location = "GetData.php?id=" + sId; ажиллах бөгөөд уг хуудас [GetData.php] ажиллаж дуусаад
divCustomerInfo -ын innertext дээр мөн javascript function ашиглан утга хэвлэж байгаа юм. Энэ бүхний үр дүнд хуудас page refresh хийлгүй javascript event дээр баазаас өгөгдөл шүүн харуулж чадах юм. Энэ жишээг ажиллуулж үзэхийн тулд 2 дах файл дээр байгаа query-ы дагуу MySQL дээр бааз үүсгээрэй. Энэ жишээ AJ буюу XML-гүй жишээ, мөн үнэхээр амархан бөгөөд AJAX-ын анхны алхамд чинь амжилт хүсье.

File 1. index.html

<!DOCTYPE HTML PUBLIC "-//W3C//DTD HTML 4.0 Transitional//EN">

<html>

<head>

<title>Hidden IFrame Example 1</title>

<script type="text/javascript">

function requestCustomerInfo() {

var sId = document.getElementById("txtCustomerId").value;

top.frames["hiddenFrame"].location = "GetData.php?id=" + sId;

}


function displayCustomerInfo(sText) {

var divCustomerInfo = document.getElementById("divCustomerInfo");

divCustomerInfo.innerHTML = sText;

}

</script>

</head>

<body>

<p>Enter customer ID number to retrieve information:</p>

<p>Customer ID: <input type="text" id="txtCustomerId" value="" /></p>

<p><input type="button" value="Get Customer Info" onClick="requestCustomerInfo()" /></p>

<div id="divCustomerInfo"></div>

<iframe src="about:blank" name="hiddenFrame" width="0" height="0" frameborder="0"></iframe>

<!- энэ хэсэг бол iframe юм. Энэ хүрээн дотор GetData.php file дуудагдаж буй юм.-->

</body>

</html>


File 2 GetData.php

<!DOCTYPE HTML PUBLIC "-//W3C//DTD HTML 4.0 Transitional//EN">

<html>

<head>

<title>Get Data</title>

<?php

//customer ID

$sID = $_GET["id"];

//variable to hold customer info

$sInfo = "";

//database information MySQL

$sDBServer = "localhost";

$sDBName = "dbname";

$sDBUsername = "root";

$sDBPassword = "";

//create the SQL query string

$sQuery = "Select * from Customers where CustomerId=".$sID;

//make the database connection

$oLink = mysql_connect($sDBServer,$sDBUsername,$sDBPassword);

@mysql_select_db($sDBName) or $sInfo = "Unable to open database";

if($sInfo == '') {

if($oResult = mysql_query($sQuery) and mysql_num_rows($oResult) > 0) {

$aValues = mysql_fetch_array($oResult,MYSQL_ASSOC);

$sInfo = "<img src='../a/images/".$aValues['photo']."' /><br />".

$aValues['Name']."<br />".$aValues['Address']."<br />".

$aValues['City']."<br />".$aValues['State']."<br />".

$aValues['Zip']."<br /><br />Phone: ".$aValues['Phone']."<br />".

"<a href=\"mailto:".$aValues['E-mail']."\">".$aValues['E-mail']."</a>";

} else {

$sInfo = "Customer with ID $sID doesn't exist.";

}

}

mysql_close($oLink);

?>

<script type="text/javascript">

window.onload = function () {

var divInfoToReturn = document.getElementById("divInfoToReturn");

parent.displayCustomerInfo(divInfoToReturn.innerHTML);

};

</script>

</head>

<body>

<div id="divInfoToReturn"><?php echo $sInfo ?></div>

</body>


</html>


Professional Ajax
byNicholas C. Zakas, Jeremy McPeakandJoe Fawcett
Wrox Press 2006
ISBN:0471777781

2006-08-03

Ном унших

Баабар ахын зөвлөсөнчлөн нэлээд номнууд олоод авлаа. Унших гэсэн чинь цаг зав багагүй шаардах зузаан номнууд олон байгаа нь бас нэг problem-той учруулдаг юм байна. Тэгээд ядаж унших хурдаа нэмэх арга хайж үзээд дараах номыг оллоо. Гарчиглаад үзтэл бас л сонин аргууд тайлбарласан давгүй ном бололтой. Блог андууддаа ийм нэг номоор бэлэг баръя.
The Speed Reading Workbook - Read Faster with Better Comprehension - 62 Paginas - Ingles

2006-08-01

Сэмээрхэн асуучих.

Ямар нэгэн асуултанд хариулт хэрэгтэй бол та http://answers.yahoo.com/ -аас сэмээрхэн асуучих. Маш олон мянган хүн таны асуултанд дуртайяа хариулах болно. Би саваагүйтээд хэд хэдэн энгийн асуулт асууж үзтэл ердөө 2, 3 хан минутанд "наян" хариулт хүрээд ирж байна. бас асуулт хариултын санг нь ашиглаад хэрэгтэй зүйлээ олж чадна гэдэгт итгэлтэй байна. Ямарч гэсэн танд хэрэг болох нь л болно.