Pages

2006-08-23

ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА 2015 ОНД

Компаныхаа интранет дээр байхыг нь олон нийтэд хүргэе гэж шийдээд блогдлоо.

Б.БАТТӨМӨР (Эдийн засгийн ухааны доктор, Ph.D, Гаалийн ерөнхий газрын дэд дарга)


Монгол Улсын хөгжлийн цогц бодлого, стратегийн бичиг баримтыг боловсруулахад туслах зорилгоор олон улсын хэмжээний судалгааны материалыг түшиглэн дараахь зүйлсэд та бүхний анхаарлыг хандуулж байна.

Олон улсын хэмжээнд гарсан судалгаанд 2015 он хүртэл дэлхий хэрхэн өөрчлөгдөх тухай хэдэн чиглэлээр авч үзжээ. Үүнд хүн амын өсөлт, хөгшрөлт, цагаачлал, эрүүл мэнд, хоол хүнс, байгалийн баялаг ба хүрээлэн байгаа орчин, ус, эрчим хүч, шинжлэх ухаан, технологи, био технологи, дэлхийн эдийн засаг, түүний өсөлт, хямрал, даяаршил, үндэсний болон олон улсын хэмжээний засаглал, ирээдүйд гарч болох зөрчил, санал зөрөлдөөн, мөргөлдөөн, олон улсын хамтын ажиллагаа гэсэн хүрээг хамарч үзсэн байна.

Судалгаанаас үзэхэд 2015 он гэхэд даяаршил дэлхийн хэмжээнд хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл хэвээр байх бөгөөд мэдээллийн технологийн хөгжил олон улсын хэмжээнд улам хурдацтай тархаж, одооныхоос ч илүү хөгжлийг тодорхойлогч нэг гол хүч байсаар байх нь.

Засаглалын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагууд голлох үүргийг гүйцэтгэсэн хэвээр байх бөгөөд энэ хоёрын хамтын ажиллагаа цаашид өргөжих хандлагатай, аль аль нь олон улсын хэмжээнд ч гэсэн маргаантай асуудлыг шийдэхэд голлох нөлөөтэй үүргийг гүйцэтгэж чадах юм байна. Түүнчилэн олон улсын терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд засгийн газрууд төрийн бус байгууллагууд, хувийн сектортой хамтран ажиллах шаардлага нэмэгдэнэ.
2015 он гэхэд улс орнуудын хөгжилд шинжлэх ухаан, технологийн үүрэг өсөх хандлагатай байгаа бөгөөд ялангуяа биотехнологи, мэдээллийн технологи онцгой чухал үүрэгтэй болно.

Байгалийн баялгийн ашиглалт, ялангуяа хоол хүнс, ус, эрчим хүч, хүрээлэн байгаа орчны байдлын хувьд байдал тийм таатай байхгүй болох хандлага одоо ажиглагдаж байгаа ба ялангуяа Хятадын Хойд нутгаас Африк хүртэлх усны хомсдолтой асар өргөн газарт гурван тэрбум орчим хүн амьдрах ба усны эх үүсвэр, ашиглалттай холбоотой зөрчил, хямрал гарах магадлалтай.

Хятад хөгжлийн хувьд улам дээшилж, Орос сулрах хандлагатай байгааг мөн тооцох хэрэгтэй гэж судалгаанд өгүүлжээ. Зүүн Азид эдийн засгийн хөгжилд саад тотгор учирсаар байж магадгүй байна. Хятадаас бүс нутагт явуулах бодлого тодорхой бус байгаа бөгөөд дотоодын улс төрийн болон эдийн засгийн асуудлыг хэрхэн шийдэхээс нэлээд зүйл шалтгаалахаар дүр зураг харагдаж байна.

2015 он гэхэд дэлхийн хүн ам 7.2 тэрбумд хүрч ихэнх оронд хүмүүсийн нас харьцангуй уртсах төлөвтэй байна. Хөгжиж байгаа орнуудад хотын хүн ам ихээхэн нэмэгдэж, хотод суурьших хүн амын хэт өсөлтөөс шалтгаалан улс төрийн тогтворгүй байдал ч үүсч болзошгүй хандлага ч ажиглагдаж байна. Хөгжингүй ихэнх орнууд болон зах зээлийн харилцаанд шилжсэн орнуудад төрөлт их хэмжээгээр буурч, хүн амын хөгшрөлт, эрүүл мэнд, тэтгэвэр болон ажиллах хүчний хомсдолтой холбогдох нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шинээр үүсгэнэ.
Хүнс тэжээлийн хувьд үйлдвэрлэл хэрэглээнээс нэг их хоцрохгүй боловч, дэд бүтцийн хөгжил сул, хуваарилалт буруу, улс төрийн тогтворгүй байдал, нэн ядуурал зэргээс хамааран хүнсний хомсдол Африкийн зарим орнуудад гарч болзошгүй. Өлсгөлөн нэлээд орны хувьд үргэлжилсээр байх төлөвтэй. Эрчим хүчний хэрэгцээ 50 хувь нэмэгдсэн ч эрчим хүчний нөөц хүрэлцээтэй байх бололтой.

Даяаршсан эдийн засаг дэлхийн хөгжилд идэвхтэй нөлөөлж, 2015 гэхэд улс төрийн тогтвортой байдлыг хангах гол хэрэгсэл болно.
Дэлхийн эдийн засгийн өсөлт оргил цэгтээ хүрэх ба үүнд амьжиргааны төвшинг дээшлүүлэх, эдийн засгийн сайжруулсан бодлого явуулах дарамт шахалт, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын өсөлт, мэдээллийн технологийн хөгжил, хувийн секторын эрчимтэй өсөлт нэлээд их нөлөөлөх болно. Хөгжлөөрөө хоцорсон орнууд, бүс нутгийн хувьд эдийн засгийн зогсонги байдал улам бүр газар авч, улс төрийн хувьд тогтворгүй байдал нүүрлэж, соёлын талаар зожигрох аюул тулгарна. Тэд улс төр, үндэстэн ястан, үзэл суртал, шашны хэт туйлшралд автаж, хүчирхийлэл гаарна.

Сайн засаглалыг хэрэгжүүлэн тогтоож чадсан улс орнууд дэлхийн хэмжээний энэхүү өөрчлөлтөд дасан зохицож чадна.
Улс орнуудын үндэсний аюулгүй байдал үндэстэн дамнасан шинжтэй хүчин зүйлсээс хамаарах учраас засгийн газрын энэ чиглэлийн агентлагууд хүчээ нэгтгэн, нэгэн удирдлагад орж, хариу арга хэмжээ авах шаардлага зайлшгүй гарч ирнэ. Үүнээс болж 2015 гэхэд засгийн газрын бидний ойлгож заншсан, дасал болсон уламжлалт бүтцээс татгалзах хэрэг гарна.

Сайн засаглалыг тогтоож чадаагүй улс орнууд даяаршлын ашиг тусыг хүртэж чадахгүй, харин ч дотоод, гадаадын зөрчилд татагдан орсноор бусад орноос хол хоцорч, сүүл мушгих болно. Даяаршил Засгийн газруудын шийдвэр гаргах үйл явцыг ил тод байлгахыг шаардах учраас дарангуйлал, нэг хүний засаглалтай орнууд оршин тогтноход бэрх болно. Цагаачлал зогсолтгүй нэмэгдсээр нэг хэсэг орны хувьд урьдчилан тооцоогүй бэрхшээлийг үүсгэж, яваандаа улс орны онцлог шинж, үндэстэн ястны бүтцэд нөлөөлөх хэмжээнд хүрч очих магадлалтай.
Дэлхийн хэмжээний эдийн засгийн хувьд хэд хэдэн урьдчилсан таамаг байгаа юм. АНУ-ын эдийн засаг худалдааны алдагдал нэмэгдэж, дотоодын хадгаламжийн хувь хэмжээ буурснаас олон улсын хэмжээнд цаашид өсөх итгэлийг бууруулснаар уналтад орох магадлалтай. Үүнийг хурдан сэргээхгүй бол дэлхийн эдийн засаг, улс төрийн бодлогод сөргөөр нөлөөлж магадгүй. Европ болон Японы хүн ам хөгшрөх ба 2015 онд гэхэд 110 сая шинэ ажилчин хэрэгтэй байгаа тооцоо байгаа ч үүнийг нөхөх боломж муутай байсаар байх болно.

Европын голлох орнуудад нийгмийн үйлчилгээний болон цагаачлалын асуудлаар зөрөлдөөн гарч, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх болно.

Хятадын байдал 2015 он хүртэл хэрхэн өөрчлөгдөхийг тааж хэлэхэд хэцүү. Дэлхийн худалдааны байгууллагад элсч, эдийн засгийн даяаршил, мэдээллийн хувьсгалд улам өргөнөөр оролцох шаардлага ирэх ба Хятад үүнийг шийдэх боломжтой. Улс төрийн хувьд тогтвортой, эдийн засгийн хувьд өсөлт сайтай, Зүүн Азид ноёлох байр сууриа тогтоож чадсан энэ улс бүс нутагт АНУ-ын нөлөөг багасгах, хөршүүдээсээ илүү гарах, газар нутгийн маргаантай асуудлаа шийдэх чадвартай байсаар байх төлөвтэй байна.

ОХУ-ын хувьд дэлхийд тэргүүлэх байр сууриа хадгалахад өнөөдрөөс илүү их бэрхшээлтэй тулгарах шинжтэй байна. Оросын загсаглал, эдийн засгийн бодлогын чанараас шилжилтийн үед дасан зохицож, түүнийг амжилттай дуусгаж чадах эсэх нь хамаарна.

Засгийн газрууд харилцан холбоотой, уялдаатай ажиллаж, үндэсний аюулгүй байдлыг хангаж, дотоодын бодлогын шинжтэй асуудлуудыг шийдэх хэрэг гарна.

Хөгжиж байгаа орнуудад хэрэглээний усны 80 орчим хувийг хөдөө аж ахуйн зориулалтаар зарцуулдаг, 2015 онд хэд хэдэн орон усжуулах замаар хөдөө аж ахуйгаа тэтгэх чадваргүй болох төлөвтэй байна. Хятадын хойд нутгууд болон Энэтхэгт хөрсний усны түвшин жилд дунджаар 3-10 футаар доошилсон тооцоо байна.

Цаашид усны хэрэглээг үр ашигтай, хямгатай болгох, генетикийн аргаар бий болгосон, ус бага шаарддаг үр тариа ургуулах, усыг үнэтэй болгох зэрэг арга хэмжээг авах шаардлагатай боловч буурай хөгжилтэй орнууд үүнийг хийж чадахгүй байгаа юм. Эдийн засгийн өсөлт нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ даган өссөөр байгаа юм. 2015 он гэхэд эрчим хүчний хэрэглээ 50 орчим хувиар нэмэгдэх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл 2000 онд өдөрт 75 сая баррель газрын тос шаардагдаж байсан бол 2015 онд энэ тоо 100 сая баррель хүрэх болно. Байгалийн хийн хэрэглээ ч гэсэн 100 хувиар нэмэгдэх бөгөөд Ази тивд хэрэглээ огцом өсөх дүр зураг харагдаж байна.

Байгаль орчны доройтол цаашид ч гэсэн үргэлжилсээр байх төлөвтэй. Газрын эрчимтэй ашиглаж, тариалангийн талбайн үржил шим муудаж, халуун орны ой сөнөж устах аюул нүүрлэж байна.
Хөгжиж байгаа орнуудын хувьд хүн амын хэт өсөлт, эдийн засгийн хөгжил, хотжилт түргэссэнтэй холбоотойгоор байгаль орчныг хамгаалах, экологийн доройтолтой тэмцэх олон асуудал тулгарна. 2015 он гэхэд томоохон хотуудад агаарын бохирдлын асуудал ихээхэн бэрхшээл үүсгэнэ. Агаардлын бохирдлыг бууруулах үүднээс технологийн дэвшлийг ашиглан эрчим хүч бага хэрэглэх буюу гибрид машин үйлдвэрлэх, нар, салхины эрчим хүчийг ашиглах, байгалийн хийг ашиглах чиглэлээр ихэд анхаарах болно.

Ирээдүйд мэдээллийн технологи, биотехнологи, материалын технологи, нанотехнологийн чиглэлээр инноваци хийх асуудал онцгой анхаарал татах ба энэ нь худалдаа, бизнес, эрүүл мэнд, аюулгүй байдалд ихээр нөлөөлнө. Технологийн дэвшлийн нөлөөгөөр хуучин технологи үеэ өнгөрөөж, тухайлбал компьютерийн чипсийн шинэ үе гарч ирнэ.
Шинэ нээлтийг шууд үйлдвэрлэл, технологид ашиглаж эхлэх ба мэдээллийн технологийн хэрэгслийн үнэ огцом хямдарна. Гэвч хэрэглээ өсөх тул хэрэгцээ урьдын адил их байсаар байх болно.
2015 он гэхэд биотехнологийн хувьсгал халдварт өвчнийг анагаах, хүнс тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчны бохирдлыг бууруулах, амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр асар их амжилтад хүрнэ. Өвчнийг оношлохдоо генетикийн кодыг тайлах учраас өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр урьд өмнө үзэгдээгүй амжилтад хүрнэ.

Удамшлын зарим өвчнийг бүрэн төгс эдгээх чадвартай болж, мал амьтныг үржүүлэхэд клонийн арга буюу амьтныг хувилах аргыг ашиглаж эхэлнэ. Материалын технологийн ололт амжилтын ачаар төрөл бүрийн зориулалтаар ашиглаж болох, байгаль орчинд хор нөлөөгүй, удаан эдэлгээтэй, хүн хүний хэрэгцээг хангах бүтээгдэхүүнүүд шинээр гарч ирнэ.

Нанотехнологийн шинэ нээлтүүд физикийн шинжлэх ухаанд эргэлт гаргаж, вакцинаас эхлээд компьютер, автомашины дугуй хүртэл урьд өмнө хэзээ ч байгаагүй хэлбэртэй, дизайн хийцтэй, бидний төсөөлж байгаагүй тийм зүйлсийг үйлдвэрлэх, хэрэглэх бололцоо олгоно. Өөрөө угсрагддаг наноматериалууд буюу “тоон цэг” хэмээх хагас дамжуулагч 2015 гэхэд химийн бодисын нэр төрлийг өөрчилж, цусны шинжилгээ, мансууруулах бодисын агууламж, генетикийн шинжилгээ болон биологийн бусад зориулалтаар ашиглагдаж эхэлнэ.
Дэлхийн эдийн засаг их сэргэлтийн үед орж, Азийн хоёр том орон Хятад, Энэтхэг болон бусад орнууд аж үйлдвэржсэн, хөгжилтэй орон болно. Эдийн засгийн үзүүлэлтүүд дэлхийн хэмжээнд нааштай байх боловч бүгдээрээ хожихгүй, ядуурал түүх болон үлдэхгүй, бүс нутгийн ялгаа улам нэмэгдэх болно. Эдийн засгийн өсөлтөд дундаж орлоготой хоёр тэрбум хүний амьжиргааны төвшин дээшилж, ардчиллын хүрээ тэлж, улс орнуудын макро эдийн засгийн бодлого сайжирч, худалдаа хөрөнгө оруулалт нэмэгдэж, хувийн сектор цэцэглэн хөгжсөн зэрэг хүчин зүйл нөлөөлнө.

Гэвч дэлхийн хэмжээнд эдийн засгийн хямрал, санхүүгийн хямрал үе үе гарах болно. Дэлхийн эдийн засаг нягт уялдаа холбоотой болсон учир нэг оронд гарсан хямрал бусад оронд тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Боловсролын хэрэгцээ улам бүр нэмэгдэх ба эдийн засаг, технологийн дэвшил улам илүү сайн боловролтой, мэргэжилтэй ажиллах хүчийг шаардах болно.

Ирэх жилүүдэд үндэстэн дамнасан гэмт хэрэгтнүүд ч гэсэн гар хумхин суухгүй нь тодорхой. Тэд дэлхийг хэрсэн мэдээллийн технологи, санхүү, тээврийн сүлжээг ашиглан, өөрсдийн үйл хорт үйл ажиллагааг өргөжүүлэхийг оролдоно.

Тооцооноос үзэхэд одоогийн байдлаар эрүүгийн гэмт хэргээс асар их хэмжээний орлогыг олж байгаа бөгөөд жил бүр 100-300 тэрбум долларыг хар тамхины хууль бус эргэлтээс, 10-12 тэрбум долларыг хорт бодис, аюултай хог, хаягдлаас, есөн тэрбум долларыг АНУ болон Европод гарч байгаа автомашины хулгайнаас, долоон тэрбум долларыг хүний наймаанаас, нэг тэрбум долларыг оюуны өмчийн хулгай, видео, програм хангамж, бусад төрлийн барааг хуурамчаар дуурайлган хийж борлуулснаар олдог байна.

Түүнчилэн дэлхийн хэмжээнд жил бүр 500 орчим тэрбум орчим долларыг авилгал, хээл хахуульд зардаг гэсэн тооцоо байна. Энэ бол дэлхийн хэмжээний ДНБ-ий нэг хувьтай тэнцэж байгаа ба энэ хэмжээгээр эдийн засгийн өсөлтийн хурдац, хөрөнгө оруулалт, ашиг орлого буурсан гэсэн үг юм. Орос улсад жишээлбэл бизнес эрхлэхэд жилийн орлогын 4-8 хувийг зарцуулдаг гэсэн тооцоог Европын сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD) хийсэн байдаг.

Орос, Хятад, Энэтхэг болон Иран, Туркийн сонирхол Төв Азид давхцана. Энэ бүс нутгийн орнууд эдгээр сонирхлын тэнцвэрийг барих, мөн гадаад орнуудын аль нэгийг нь давамгай байдалтай байлгахгүйн тулд АНУ болон Европын оролцоог нэмэгдүүлэхийг хичээх болно. Эдгээр орнуудын хооронд дайн болохгүй боловч дотоодын зөрчил, улс төрийн тогтворгүй байдлыг гадныхан ашиглах, хар тамхины хууль бус орлогоос олсон мөнгөөр тэтгэх аюул бийг бас бодолцох хэрэгтэй юм.
Хөгжлийн цогц бодлогыг зөв тодорхойлоход дэлхийн хөгжлийн хандлага, экологийн байдал, байгаль орчны тулгамдсан асуудлууд, шинжлэх ухаан, технологийн хөгжил, өрсөлдөх чадвар, эдийн засгийн аюулгүй байдал зэрэг асуудлыг нарийн шүтэлцээ, уялдаа холбоотой нь авч үзэх зайлшгүй шаардлага байгаа юм.

No comments: