Pages

2006-11-19

Одоо намайг муулж болно.

Дэмбээ ахын энэ бичлэг намайг дараах өөрчлөлт хийхэд хүргэв. Анх блог бичиж байхдаа хэн гуай ч сэтгэгдэл үлдээхээр тохируулж байсан боловч автомат юм уу хаашаа юм утгагүй коммэнт бичигдчихээд бүүр залхаачихсан юм. Тэгээд блогспот-д бүртгэлтэй хэрэглэгчээс л сэтгэгдэл авахаар тохируулаад өдийг хүрлээ. Тэгсэн нэг талаар энэ маань буруу хамгаалалт байсан байна. Дээхнэ Хишгээ ахад блог дээрээ anonymous бичлэг авахгүй тохируулчихаач гэсэн чинь тэгэхээр Тогоруу Инга гэх мэтийн архаг блогчин хүмүүс сэтгэгдэл үлдээж чадахгүй гадна үлдчихнэ биз дээ гэж байсан юм. Тэр үед нь бичсэн сэтгэгдэл дээр нэр нь үлдэхээр байх юм бол хүмүүс илүү хариуцлагатай зүйл бичнэ шүү дээ гэж хариулсан санагдаж байна. Гэтэл саяхан Дэмбээ ах хэн ч биш байх тухай час хийсэн бичлэг бичсэнээр миний энэ тухай бодолд эргэлт гарчлаа.
Зарим нэг хүмүүс бүүр сэтгэгдэлүүдийг өөрөө хянаж байж блог дээрээ гаргахаар тохиргоотой байдаг нь бас их сонин. Dulguun, Khishgee [өмнө нь бас ийм байсан] гэхдээ энэ талаар хүн болгон өөр өөрөөр бодож байж болох хэдий ч би өөрийн блог дээр хэнч бишээр сэтгэгдэл үлдээх боломжыг нээсэн. Гэхдээ мэдээж нөгөө ядаргаатай хамааралгүй сэтгэгдэлийг автоматаар биччээд байдаг машинуудаас сэргийлж verification word-оор хамгаалалт хийв. Үүнээс хойш түүнээс цааш миний мугуйд бичлэгүүдийг хайр найргүй шүүмжилж байхад амар боллоо. Бас блоггэрийн бус аялагч ч сэтгэгдэлээ үлдээж чадах болсон нь сайн хэрэг тиймээ?

2006-11-18

Бидний Ирээдүй

Блог анд Дөлөөгийн сэдсэн Бидний Ирээдүй сэдвээр дараах бичлэгээ орууллаа.

Улс орон минь бусдыг тэргүүлэн хөгжиж, нийгэмд бугшсан муу муухай бүхэн арилж, монгол хүн нутагтаа жаргалтай сайхан аж төрдөг болоосой гэж олон олон монголчууд минь хүсэж зальбирч, бухимдаж, шинийг эрэлхийлж, судлаж хөдөлмөрлөж байгаа билээ.

Өглөө бүр “бурхан”-ы чихэнд энэ хүслээ хэлээд хонх уяад байвал “залхсан бурхан” ядаргаануудыг нэг удаа ч болов ивээнэ гэдэгт итгэх үү та?.

Энэ өгүүлбэрийн орчуулга:

Бурхан = Хүний өөрийн оюун ухаан

Өглөө бүр = Өглөө бүр

Залхсан бурхан = Байнга зорисоор, тэмүүлсээр байхад үүсэх хүний боломж чадвар

Нэг ч удаа болов = байнга

Ивээнэ = Хүсэл биелэнэ

Одоо итгэж байна уу?

Ирээдүйнхээ төлөө санаа зовж байгаа, гэрэлтэй эсвэл харанхуй ирээдүйг цогцлоох нэгэн үеийнхэндээ өөрийн болхи бодлыг хуваалцаж чадвал анхааруулж бүр давараад зааж өгөхийг хүснэм.

Физикийн бодлого бодоход анх өгөгдсөн нөхцөлүүдийг жагсааж байгаад өгсөн нь, олох нь гэж тодорхойлж байгаад бодож эхлэдэг шиг амьдрал, улс орны энэ нөхцөл байдлийг шууд тодорхойлж бодох их хэцүү нь харамсалтай. Гэхдээ оролдоё.

Монгол улс = асар өргөн уудам нутаг уу? Дээр нь бие[бие нь оршивч сэтгэл нь ангид хүмүүн олон буйг ялгах], сэтгэлээрээ[бие нь ангид байгаач сэтгэл нь мөнхөд оршигч бас буйг хамааруулах] орших хэдэн хүн үү?

Хариу: Монгол улс = Газар+хүн

Газар шороогоо энд үл өгүүлсү.Тэгвэл хүн гэж юу вэ?

Нийлээд 70кг яс, мах уу? Эсвэл оюун ухаант тархи нь уу?

Хариу бас л нийлбэр нь: 70кг+Оюун ухаант тархи

Эндээс харахад улс орон чинь хүнийхээ тархинд байдаг аж. Улс орноо хөгжүүлье гэвэл хувь хүний хөгжилийг чухалчилах нь гол гэсэн дүгнэлтийг зориглон хийлээ.

Оюун ухаант тархи гэж юу вэ.

Миний энэ тэнэглэлийг энэ хүртэл тэвчээртэй уншсан таныг овоо муу гар гэе. Бүү уцаарла. Та уцаарлаж, эсвэл уураа барьж чадна. Тэгэхээр тархиа бас удирдах чадалтай байх нь...

Төрсөн цагаасаа үхэх хүртлээ бидний зүрх тасралтгүй ойролцоо ижил давтамжтайгаар цохилж уушиг тасралтгүй адилхан үйлдлээр организмийнхаа ажиллагааг хангаж байдаг атал хүн нэг бүрийн бодол, сэдэл, хийх үйлдэл яагаад адил байдаггүй юм бол?

Амьдралын хэв маяг

Амьдралын хэв маяг нь хүний онцлог, зан, үйлийн арга барил, хэвшил, зуршлын хосгүй нэгдэлийг агуулж байдаг бөгөөд цогцоороо энэ нь хүний амьдралын үл давтагдах дүр зургийг илэрхийлж байдаг гэж Alfred Adler хэлжээ. Тэр цааш нь хүний амьдралын хэв маяг нь дутуу сул талаа хөгжүүлэх гэсэн өөрийнх нь чармайлтын үр дүнд бий болдог бөгөөд энэ нь 4-5 насандаа сууриа тавьж ямар хэв маягтай хүн болохоо нэгэнт шийдчихсэн байдаг гэсэн санааг дэвшүүлээд цаашид амьдралын явцад гарах өөрчлөлтүүд нь хүүхэд ахуй цагт бий болсон тэр суурийг дараах чиг хандлагатай болоход нөлөөлж, улам батжуулж хөгждөг гэж үзжээ.

Хүн бүрт давтагдашгүй шинж чанарууд агуулагдаж байдаг. Гэвч амьдралын хэв маягаасаа болж хүмүүст сэтгэл зүйн тодорхой чиг хандлагууд бий болдог бөгөөд Адлер эдгээр чиг хандлагуудыг тодорхойлохыг оролдсон нь:

А. Удирдагч хэв шинж – Товчхондоо бол нийгэмд үзүүлэх роль-оо илүү өөрийхөө өнцгөөс харж, гадаад орчноос илүү хувиа бодох хандлага нь давамгайлах чигтэй хүн.

Б. Авагч хэв шинж – Бусдын хүчийг сорох хувалз маягийн сонирхол нь бусад шинжээ давамгайлах чигтэй хүн.

В. Зайлсхийгч шинж – Хувиа ч, нийгмийн ч тусын тулд шийдвэр гаргах чадвар дорой юм л бол зайлсхийх хандлагатай хүн.

Г. Нийгэмд ашигтай хэв шинж – Нийгмийн тусын тулд шийдвэр гаргамтгай бөгөөд энэ нь хувийн эрх ашгаа ч хохироохгүй байхыг эрэлхийлэгч өндөр идэвхтэй бүтээлч хүн.

Адлерийн бүтээлч “би” хэмээх үзэл баримтлал нь бусад санаануудыг нь хоёрдугаарт тавигдахуйц чухал гэж сэтгэл зүйчид үздэг гэнэ.

Бүтээлч би.

Дээр тодорхойлсон чиг хандлагууд нь хувь хүний бүтээлч чанарын нөлөөн дор төлөвшдөг. Заяа төөргийн талаарх бурханы сургаалийг үгүйсгэж хүн ямар хүн байхаа өөрөө л сонгоно гэсэн үзэл нь өөрөөр хэлбэл хүн хувь заяаныхаа эзэн байх ёстой гэсэн үг юм.

За эрдэмтэй судлаач хүн ингэж үзсэн байна.

Харин бичлэгийн хамгийн эхэнд миний дурьдсан “хачин” өгүүлбэр биелэлээ олохгүй зовоогоод, удаад байгаагийн гол буруутан нь хүн нэг бүрийн хөгжил, хэв загвар, чиг хандлага л юм байна шүү дээ...


Ямар ч шилдэг аргыг олж, шидэт эмийг уулаа гээд хүний хөгжил, ялангуяа хvмvvсийн дотоод сэтгэлийн хөгжил vгvй бол хөгжил гэж үгүй. Гэсэн блог анд Тулгатын үгээр бичлэгээ өндөрлье.

2006-11-10

Цонх

Ном бол ертөнцийг харах цонх гэдэг. Харин хүнд номноос гадна ертөнцийг хардаг өөр цонх бас байдаг бололтой. Энэ бол итгэл үнэмшил, үзэл бодол, ертөнцийн аливаа юмс үзэгдэлийг хардаг тийм цонх гэж Бүтээмж Өндөртэй хүний Долоон дадал ном эхлэсэн байлаа.

Стивэн Ковэй гэгч эрхэмийн энэ ном өндөр бүтээмжтэй ажиллаж амжилтанд хүрэхийн тулд Зан чанарын ёс суртахуунаа сайжруулах хэрэгтэй гэсэн санааг дэвшүүлсэн юм.

Амжилт Бүтээмжийн талын дийлэнх ном товхимолд Хувь хүний чадварыг дээшлүүлэх арга тактик болон оновчтой менежмэнт хийн хурдан хугацаанд амжилт олох арга зэргийг гол удирдлагаа болгосон байдаг бөгөөд энэ нь өнгөн талын бол Энэхүү Зан чанарын ёс суртахуун гэдэг нь тухайн юмс үзэгдэлийг зөвөөр харьцуулан үзэх боломжыг олгодог тэр л парадигмуудыг өөрийн зан чанарт тултал нь суулгахаас нааш жинхэнэ амжилт бүтээмж эцсийн сэтгэл ханамж зэргийг олох боломж туйлын хомс шүү гэдэг утгаараа их гүнзгий өөрчлөлтийг хувь хүнээс шаарддаг гэж бичжээ. Өөрөөр хэлбэл хувь хүний ажиллах чадварыг дээшлүүлэх арга бол тэр хүний ажлын амжилтанд сайнаар нөлөөлөх нь мэдээж гэхдээ хүн эцсийн сэтгэл ханамжаа зөвхөн сайн ажлын амжилтаас авахгүй бөгөөд гэр бүл, бусад амьдралын олон фронт дээрээ амжилттай байж л аз жаргалыг олох ба амьдралын талаарх суурь зан чанартаа үндсэн өөрчлөлт хийхгүйгээр ийм байдлыг бий болгож чадахгүй гэж ойлгох хэрэгтэй.

Бичлэгийн эхэнд цухас цонхны тухай дурьдаад өнгөрсөнийг уншигч та санаж байгаа байхаа. Энэ номны гол үзэл санаа нь хүн амжилт гаргая гэвэл өөрийн цонхыг илүү цэлгэр, тунгалаг болгох өөрөөр хэлбэл амьдралыг харах үзэл, зан чанар [хүний чанараас авахуулаад бүх сайн чанар] –таа эерэг өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй гэжээ. Ямар аргаар ийм өөрчлөлтийг хийх вэ гэдэг талаар өгүүлэхээ азнаад [ном учраас бүх л санааг нь биччихэж боломгүй санагдлаа.] цааш өгүүлсү:

- Саяхан дэлгэцнээ гарсан Click буюу Удирдлага киноны талаар энд жишээ татая гэж бодлоо. Гол дүр Невман гэгч залуу эхнэр хүүхдүүдтэйгээ “сайхан” амьдрах бөгөөд мэргэжил, ажилдаа ч муугүй эр. Гэтэл нэг гайтай өдөр дарга нь гэнэтийн даалгавар өгсөнөөс болоод гэр бүлтэйгээ амрах төлөвлөгөөгөө таслах шийдвэр гаргана. Үүнд нь гэр бүлийнхэн нь мэдээж баяртай байхгүй. Ингээд мань эр эхнэртэйгээ ам мурийж сэтгэлээр уначихаад Ор Дэрний хэрэгсэл зардаг дэлгүүрт хэн нэгнээс энэ бүхнийг удирдах удирдлагатай болох юмсан гэж хүссэн нь гайхалтай тохиолдлоор биелэх бөгөөд цаг хугацааг удирдаж чаддаг гайхалтай удирдлагын эзэн болно. Кино цааш үргэлжлэхдээ залуу ажилдаа амжилт гаргах талаар, эхнэртэйгээ огт муудалцахгүй байх тал дээр л хэт анхаарсанаас болж шинэ зовлон бэрхшээлүүд учирна. Удирдлага нь цаг хугацааг нүд ирмэх зуур өөрчилж залуугийн амьдралыг дарга болох үе, баян болох үе рүү нь аваачсан тэр үеээс үргэлжилнэ. Эхнэрээсээ аль хэдийнээ салчихсан [секс хийнэ гэж ёстой нэг хоёрын гурваа, эхнэртэйгээ шал тэнэг харьцдагаас болсон. Энэ нь хамаг анхаарлаа ажилдаа төвлөрүүлсэнээс болж байгаа юм] бас аймаар бүдүүн гахай болчихсон эрүүл мэнд гэж нойл, ажил мэргэжил болон компани нь маш баян амжилттай хэдий ч хувийн амьдрал нь үнэхээр там болсон байхыг харна. Гэвч цаг хугацааг нэгэнт урагшлуулчихсан болохоор буцаах арга байхгүй. [өнгөрсөн үеийг зөвхөн л харна.] Энэ залуугийн амьдрал ажлаа нэгдүгээрт тавьсанаас болж ингээд өнгөрч байгаа юм гэдгийг кинонд харуулсан. Эхнэртээ хайртай хэвээрээ ч түүнийгээ алдчихсан, аавыгаа нас барахаас нь өмнө ажил ажил гэсээр аймаар гомдоосон зэргээ харна. Эцэст нь гунигтайгаар өвчний улмаас гэрийнхэн хайртай хүмүүсийнхээ гар дээр гудамжинд бороон дунд амьсгал хураана. Кадр....

- Гэнэт сэрсэн чинь нөгөө Ор Дэрний дэлгүүрт нэг орон дээр цэл залуу тэр хэвээрээ унтаж байна нөгөө Невман чинь. Бөөн баяр... Амьдралыг үзэх үзэл хандлага гэж шал ондоо болчихсон залуу босч ирээд хар хурдаараа гэр лүүгээ хайртай хүмүүс рүүгээ гүйн одно.

Тэр залуу зүүдэндээ өнгөтөөр алдаа хийсэнээ үзсэн болохоор жинхэнэ амьдрал дээр алдаагаа давтахгүй нь ойлгомжтой. Аан тийм бас нэг гоё үг мартах гэжийн. Залууг Ор Дэрний дэлгүүрт сэрэхэд хажууд нь худалдагч залуу зогсож байдаг бөгөөд “зүүд байсан байна шүү дээ” хэмээн хашгирахад Худалдагч:

- Та хар дарж зүүдлээд байх шиг байсан. гэж хэлдэг. Энэ үгээр бичлэгээ өндөрлье. Хар дарж амьдрахгүйн тулд бүгдээрээ хичээцгээе.

2006-11-08

Танд хэрэгтэй гурван алхам



------------------------------------------------------------------------------------------------
Зарим нэг хүн дээрх зургийг ойлгохгүй байна гэсэн хүсэлтийн дагуу тайлбар оруулая.

?intitle:index.of? chm "Java"


энэ мөрийг Google дээр шууд аваачаад хайгаарай.

*.chm өргөтгөлтэй Java гэх мэт нэр орсон файл хайх түлхүүр юм.

?intitle:index.of? энэ бол задгай фолдероос хайлт хийнэ гэдгийг тодорхойлж байгаа юм шүү...
Өөрөөр хэлбэл дээрх хайлтын үр дүнд та ямар нэгэн файлыг интэрнэтээс хайж олох бөгөөд шууд татаж авах боломжтой задгай фолдэроос олох болноо.
дараагийн удаа та
?intitle:index.of? pdf "Economics" гэх зэргээр хайгаад үзээрэй.
------------------------------------------------------------------------------------------
Илүү дэлгэрэнгүйг эндээс үзээрэй.

Амжилт хүсье.

2006-11-07

Дорд Үзэгдэгсэд

Ф.М.Достоевскийн энэ зохиол Муу орчуулгатайгаараа цоллуулсан хэдий ч надад маш сайхан зохиол санагдлаа. Зохиолын оргил хэсгийг уншиж байхдаа, Уншиж дуусаад номоо хааж байхдаа төрсөн сэтгэгдэл гэвэл үнэхээр хэлэх үггүй. 145 жилийн тэртээ бичигдсэн гэж бодогдохооргүй. Энэ зохиол үнэхээр цаг хугацааг ялан дийлэх өгүүлэмжтэй юм. Өчүүхэн миний ойлгож буйгаар бол Номонд гарах гол дүрүүд ямархан шалтгаанаас болж бие биенээ дорд үзэж, эргээд бүгдээрээ дорд үзэгдэгсэд болдогыг харуулахыг зорьсон бололтой. Хайр дурлалаасаа болж Эцгийнхээ нэр хүндийг дорд үзээд бүтэлгүй дурлал нь ааваас нь эрхэм биш гэдгийг ойлгож буй охин, Охиныхоо хайр сэтгэлийг өөрийнхөө нэр хүндээс дорд үзээд эцэст нь хоосон нэр төр бол охиноо гэх хайраас дорд юм гэж ухаарч буй аав. Хүн чанарыг мөнгөнөөс дорд үзээд эцэст нь жаргаж чадахгүй хамгийн муу дүр болох ноён. Өөрийнхөө бүхэл амьдрал, зохиол бичих авъяас чадал, хамаг байдгаа бүтэхгүйг нь мэдсээр хирнээ хайртай хүндээ зориулсаар амьдралын утга учиртай танилцаж буй гол дүр залуухан эр зэрэг маш олон дүрийг гайхалтай уран дүрсэлжээ. Мөнгө бол амьдралын хамгийн чухал тулгуур юм гэдгийг Хүүдээ ойлгуулан Баян хүүхэнтэй суулгахаар ятгаж чадаж байгаа хар сэтгэлт ноёны үг үнэхээр зэвүүн... Өнчин охины яриаг сонсоод охиноо гэх сэтгэл нь хамаг хүлээсийг нь зад татан,

-Охин минь..., Охин минь хаана байна хэмээн эхэр татаж буй эцэг. Энэ хэсэг үнэхээр гайхалтай...

Тэр сонгодог зохиолыг ганц уншаад л дараа нь ийм дүгнэлт хийх нь саваагүй хэрэг байж мэдэх хэдий ч Дорд Үзэгдэгсэд гэдэг ном надад маш том сургааль болсон...

2006-11-03

Ц.БАВУУДОРЖ: МОНГОЛЫН ИХ АМАР АМГАЛАН

Энэ миний дуртай шүлгүүдийн нэг байгаа юм. Үг, Шад бүрийг нь Анхааралтай уншвал их тансаг сайхан шүлэг гэдгийг та мэдрэх байхаа.

Мордож буй улаан дээлтэй євгєн

Монголын их амар амгалан
Морины хєлєєс чєдєр уйдаж
Шєнийн талд гуних
Монголын их амар амгалан
Модон тэрэгний хєх дугуй
Шинэ євсний солонго гишгэх
Монголын их амар амгалан
Молор саран
Монголын их амар амгалан
Єндєр цагаан vvлс
Монголын их амар амгалан
Гэсэр жангарын шарласан хуудас
Монголын их амар амгалан
Гол мєрєн урсах
Монголын их амар амгалан
Гоолингоо
Монголын их амар амгалан
Эрдэнийн сормуусаа униарт дvрж
Адуу унтах
Монголын их амар амгалан
Эр хvн ятгатай дуулах
Монголын их амар амгалан
Алтай хангай
Монголын их амар амгалан
Арван тавны саран
Монголын их амар амгалан
Гучин гурван говь
Монголын их амар амгалан
Гучин гуравтай харцуул
Монголын их амар амгалан
Ганга агийн торгон суунаг
Монголын их амар амгалан
Ганган харцтай бvсгvйчvvд
Монголын их амар амгалан
Жаргаж гуних
Монголын их амар амгалан
Зангирсан нулимс дотогшоо урсах
Монголын их амар амгалан
Хєх хєх аргалын дєл
Монголын их амар амгалан
Хєсєг нvvдэл
Монголын их амар амгалан
Тооноор туссан наран дотор
Хvv мєлхєх
Монголын их амар амгалан
Тогоонтємєр хаан
Монголын их амар амгалан
Амар болоочийг ачсан
Цагаан тэмээ
Монголын их амар амгалан
Анирхан талын бvvвэй
Монголын их амар амгалан
Буурин дээр нялх ногоо цухуйх
Монголын их амар амгалан
Бурханы мэлмий
Монголын их амар амгалан
Богд шиг миний залбирсан
Наран, саран
Тэнгэрийн их амар амгалан
Болор биеийг минь нууцлах
Газар шороо
Дорнын их амар амгалан
Ижийгээр минь бvvвэй аялуулж
Эцгээр минь vнэг эсгvvлсэн
Дэрлээд нойрсох
Миний хатан євєр
Монголын их амар амгалан
Дэргэдээ дуудаж толгойгоо тvшvvлэх
Миний хаан vр
Монголын их амар амгалан.

2006-10-30

Нутаг минь амь минь



Интернэтээс нутаг усныхаа зургийг хараад хамаг сэтгэл санаа тэртээх 1000км руу алслан одсоноос болж энэхүү бичлэгээ бичиж сууна. Сургууль соёл, Ажил мэргэжил AJAX жажакс гэсээр би гэртээ харилгүй 3 жил болох гэж байгаагаа харуусан бодлоо. Энэ гурван жил нүд ирмэх зуур өнгөрсөн мэт боловч ижий аавын минь духанд насны зураас нэмэгдчихсэн байх вий дээ... Та хоёроо санаж л байна...

Шувууны сүүдэр шиг жирэлзээд өнгөрсөн Балчир идэр бага нас минь уулсынхаа дунд, усныхаа дэргэд аль хэдийнээ дурсамж болон хадгалагджээ. Хөгшин хүн л нутагаа санадаг гэж бодож явсан худлаа л юм байна.

Нутгийн уулс минь:

Отгонтэнгэр уул. (Аймгийн төвөөс 70 орчим км...)

Отгонтэнгэр уул.

Товцог хайрхан уул (Улиастай хотын зүүн өмнө.)


Баян улаан уул (Улиастай хотын Баруун хойно.)


Жинст хайрхан уул (Улиастай хотын зүүн хойно.)

Эх сурвалж: http://mongolia.photoreflect.com/

2006-10-29

Надад амжилтанд хүрэх гал эрмэлзлэл бий.

Блог андууд Зоригт, Тулгат, Наранбаяр нартайгаа би эртнээс ичнээ танилууд (намайг ч танихгүй л дээ) билээ. Тэдний хамтран бичсэн Өөрийгөө хөгжүүлье гэдэг ном надад их таалагдаж бичсэн залуусаар нь бахархаж байсан цаг саяхаан. ЭМОС клубийнхэндээ дараагийн нэг шинэ ном болох Амжилтанд Хүрэх Гал эрмэлзлэл гэдэг номоо орчуулж Монгол ахан дүүсийнхээ гар дээр тавьсан явдалд талархал илэрхийлье.

Өнөөдөр энэ номны нээлт болно гэсэн сургаар, Нэгэнт номын дэлгүүр орох юм чинь хэдэн төлөвлөсөн номоо далимд нь авчих санаатай Интерном руу алхалаа. Замдаа ATM-ээс түрийвчээ цэнэглэх гэтэл ATM-ын машин нь түжигнэж түжигнэж байснаа ажиллахгүй гэж сүрприйз барьдаг юм байна. За яахав түрийвчээ дараа нь цэнэглэчихье номнуудаа картаараа худалдаад авчих юм чинь гээд алхачваа хө.

Ороод Буянцогтоо ахтай дайралдлаа. Бас л энэ номны сургаар номын дэлгүүрээр хэсэж явна. Хаана зарж байгаан бол гээд шинэ ном гэсэн хэсэгт очлоо байдаггүй ээ хоёулаа гайхлаа. Асуулаа. Дээд давхарт байгааг нь мэдээд тайвширлаа. :D 2-р давхарт Отгонбаяр ахтай бас дайралдлаа. Бас л нөгөө номны сургаар яваа гэнэ...

За хө нөгөө номоо арай гэж нэг юм харлаа. Хоёрыг авья гэлээ. [нэгийг нэг хүнд бэлэглэх санаатай бас...] Картаа сарвайлаа. Картаар гүйлгээ хийх боломж байдаггүй яанаа гэв...

12-14 цагийн хооронд 4000т-р зарна гэхийг нь мэдчихээд яаран гүйж ирсэн хүн гэж бодчихлоо гэж бодохоос нүүр хийх газаргүй сандраад л явчидийн байна. Уул нь би албаар хоёр цаг өнгөрөөж байж очсон боловч “амжчихдаг” нь харамсалтай. 2 ном барьчихсан байдаг төлбөрөө төлөөгүй байдаг сандраад байдгаараа л улайсан байлгүй. Хөгийн ч эр бол доо би хэ хэ. Эцэст нь Буянцогтоо ах аварлаа. Танд Тун их баярлалаа. Ёоох гэж…

Саруул-Эрдэнийн Сонирхолтой хэл шинжлэл (Бас л Буянцогтоо ахын блог дээр танилцуулсан байсан болохоор авья гэж төлөвлөсөн байлаа.), Ким Ү Жин [Солонгосийн Дэү –ын захирал]-ын Хорвоо дэлхий Уужим хийх ажил Их эдгээр номуудыг аваад гэрийн зүг эргэвэй.

Жич: Надад Амжилтанд Хүрэх Гал Эрмэлзлэл байна...

2006-10-28

Онцлон танилцуулах нэг блог

http://galaarid.blogspot.com/ Над мэтийн найруулга битгий хэл үгийн алдаа ихтэй нөхдүүдэд хэрэгтэй зүйл бичсэн нэг шинэ блогчинтой дайралдаад ихэд олзуурхав. Бусдадаа дуулгах хэрэгтэй гэж санаад биччихлээ.

2006-10-21

Цагдааг цагдах гэж үү.

Миний нэг нагац ах цагдаа байлаа. Байлаа гэсний учир нь ах маань албан ажлаа гүйцэтгэж яваад бусдад зодуулж хүнд гэмтэл авсаны улмаас энэ хорвоог цэл залуу 25 насандаа орхин одсон билээ. Тийм болохоор би цагдаа нарыг ер нь хайрлаж хүндэлж явдаг юм. Эрийн муу нь цагдаа болдог гэж хэлсэн нэг нөхрийн нармайг нээж явсан удаа ч бий... Гэтэл гэтэл...

Өчигдөр орой гэр лүүгээ харихаар микронд суугаад явж байтал нэг цагдаа дохиураараа дохиод зогсоолоо. Мөнгө хураагч нь энэ муу шидэт дохиуртай ... гээд гайхтал хараадаг гэжийшд. Яаж байгаа юм бол доо гээд харж байтал цагдаа жолоочийн хажууд хүрч ирээд цонхоор:

- Хоёр мянгыг өгөөд яв гэдийн байна. Би бүүр гайхаж хоцорлоо хөөрхий. Нөгөө авилга гэдэг хачин үг чинь арай миний хажууд...

Жолооч мөнгө өгөөд явуулчихлаа. Цагдаа ах ч хээв нэг эргээд дараагийн микро руу дохилоо. Бид ч хөдлөөд явлаа. Манай жолооч мэнчийтлээ уурлаад мөнгө хураагчаа бас л нөгөө үгээр харааж хүмүүсээ хойш нь суулгахад яадаг ... бэ гээд л бухимдахын.

Арай энэ замын цагдаа нар чинь авилга... ??!! Дээрэм гэвэл арай дөхөх ч юм уу... Мэдэхгүй. Ямарч гэсэн зүй бус зүйлийн гэрч болчвоо хөөрхий.

Манай автобус дүрэм зөрчөөд “нугасандаа” хүн ачиж явсан л гэнэ. Тэрийг харсан цагдаа баярлаад л шидэт дохиураараа дохиод л 2000 төгрөг тэнгэрээс унасан нь тэр л гэнэ…

Тэр цагдаа дүрэм зөрчсөнийг тэгвэл хоёр мянгахан төгрөгөөр хараагүй болж худалдагдсан хэрэг үү… “Нугасанд” сууж яваа хоёр хүн нийлээд хоёр мянган төгрөгний золиос болж байгаа хэрэг үү. Ер нь юу л болоод байна даа. Энд нэг гажиг юм болоод л байна... тэгээд жолооч нар битгий хэл хажуугийн зорчигчоос ч санаа зовохгүй мөнгө нэхэх Цагдааг цагдах гэж үү...???