Pages

2006-10-21

Beta Blogger - ын ид шидээс

Хэрэв та ажигласан бол миний блогийн доод хэсэгт нилээн хэдэн блогийн линкүүд, хамгийн сүүлчийн 5н бичлэгийн хамт байрласаныг харсан бизээ. Энэ бол бета блогийн нэг ид шид юм. Хүссэн сайтуудынхаа XML feed-ыг ийм байдлаар блог дээрээ байрлуулж болох бөгөөд энэ мэтийн олон шинэ боломжууд өдөр бүхэн нэмэгдсээр байна. Хамгийн сүүлд би бичлэгүүдээ ангиллаа. [хажуу нарийн баганатай хэсэгт бий.] Шинэ бичлэг оруулахдаа аль ангилалд хамаарахыг нь сонгоод оруулахад л хангалттай ажээ. Та бүхэн бета блог руу шилжиж амжаагүй байгаа бол даруйхан шилжихийг уриалж байна.

2006-10-18

AJAX алхам алхамаар

Тэнэгүүдэд зориулсан AJAX номноос харж байгаад [энэ] жишээг хийж үзлээ. Ямарч гэсэн Google-ийн нэгэн гоё үйлчилгээг дөхүүлж хийж чадсандаа баяртай байна. Кодыг нь энд дарж татаж авна уу. Apache, PHP байхад та ажлуулаад үзэж дөнгөнө байх. Энэ кодыг сайжруулаад Веб сайтаа чимээрэй залуусаа...

2006-10-16

Сонгодог

Дээр хэдэн найзуудтайгаа пиводоод сууж байсан нэг нь асууж байна:
- Сонгодог машин гэж яг ямар машиныг хэлдийн болоо? Гэсэн асуултанд янз бүрээр л хариулах гэж оролдсон боловч хэн нь ч хэнийхээ хариултыг хүлээн зөвшөөрсөнгүй. Хүн болгон гоё машин гэж хэлдэг дээхнэ үеийн машинийг хэлдийм гэж би цэцэрхээд авсан чинь нэг том харцгааснаа яагшд гэдийн байна. Би ч тийм биш гэж бодож байсан л даа. Хэзээ хойно саяхан тэр тухай бодож явсанаа дараах бодол толгойд орж ирээд блог дээрээ тэмдэглэх хэрэгтэй гэж шийдлээ:
- Сонгодог гэдгийг ямарваа нэгэн хувьсал дэвшил өөрчлөлтийн дараа тухайн хувьсалыг хэлбэр загвар талаас нь хүмүүст хүргэсэн шинэ загварууд нь л тодорхойлдог бололтой. Жишээ нь Сонгодог хөгжимийн тухай авч үзье. Тухайн үеийн европд (түүх сайн мэдэхгүй байж цэцэрхсэн болчих вий дээ) Одоогийн бидний сонгодог гэж нэрлэдэг хөгжмийн үүсэл хувьсал явж байгаад хэн нэг авъяас билэгтэний хүчин зүтгэлээр хожим олныг байлдан дагуулж Сонгодог гэдэг нэрийг олсон олон сайхан бүтээл мэндэлсэн юм биш үү. Бид тухайн үед болсон хувьсал өөрчлөлтийг нь харж чадахгүй ч авто машины Сонгодогууд хэрхэн үүссэн. Сонгодог хэмээх зохиолууд яаж бүтсэн зэргийг ажаад байхад нэг адил шинж чанар байгаа нь дээр миний дэвшүүлсэн хувьсал өөрчлөлтийн шинэ тодорхойлолтыг улам тодруулан гарч ирээд, нийтэд таалагдсан шинэ хэлбэр загварыг хэлж байна гэж бодсийм.
Цаг хугацааны аль ч үед хуучирдаггүйгээрээ сонгодогууд гайхалтай. Гэж хэн ч билээ хэлсэн байсан. Сонгодогуудын дараа гарч ирсэн “гайхалтайгууд” яагаад үнэлэгддэггүй талдаа байдаг гэдгийг ч миний таамаглал тайлбарлаж болж буй мэт. Учир нь хүмүүс тэднийг сонгодог гэж үзэхгүйд л байгаа юм. Яагаад тэгж үзэхгүй байгаа вэ гэхээр анхдагч таашаалыг сонгодогууд аль хэдийнээ үүсгэчихэж.
Моцартын сонгодогуудаас хожмийн Жанцанноровын хэдэн аяс юугаараа ч дутахгүй ч зөвхөн харьцуулж байгаагаараа би инээдтэй хүн болохоор хэмжээний ярианд орох болно биз.
Юу ч үгүй дээр нэмэх нь нэг гэдэг бол гайхамшиг, харин нэгэнт бий болсон нэг дээр дахин нэгийг нэмэх нь зүгээр л математик.

2006-10-12

Chaos theory

Хаос дизайн, хаос, хаос гэж энд тэнд дайралдаад яаг юуг юу гэж хэлээд байгааг нь гайхаад гоогле гуайгаас асуусан чинь Хүн төрөлхтөний олсон гайхалтай онолуудын нэгийг мэддэггүй юм уу чи гэж загнуулаад... Тэхээр нь тэгүүд тэгээд юу юм бэ гэсэн чинь: Шугаман бус функцүүдийн онол гэнэв. Асуусан харцаар харсан чинь, өөрөөр хэлбэл жижиг оролтын өөрчлөлтөөс асар том төсөөлөгдөшгүй үр дүн гардагыг тайлбарладаг эд гэнээ. Бас нэг нөхөр жишээ гаргаж тэр нь: Хадаас байхгүй бол тах хадаж болохгүй. Үүнээс болж морь дайнд эзнээ авч зугатааж чадаагүйгээс цэрэг эр амь үрэгдэх боломжтой. Ердөө л хадаас байгаагүйн улмаас хүний амь үрэгдэх магадлалтай гэх шив...
Учир замбараагүй бужигнасан ертөнцийн энэ их хөдөлгөөний шалтгааныг л хэлээд байгаа юм байлгүй...

2006-10-07

Энэ Google яаж байнаа...

Энэ Google яаж байнаа... Code Search гэнэ үү. Gobi одоо дахиад нэг хар дарах байх даа.
http://www.google.com/codesearch

Ер нь хүмүүсээ http://labs.google.com/ энийг долоо хоногт нэг удаа үзээд байхад их л "хар дарна " шүү.

2006-10-06

Нэг л агшин...

Нөгөө Оросод юу болж байна хө? Гэсэн чинь хулгайлж л байх шив дээ гэдэг шиг Би бүх л асуудлаа "хадаж" байна өө. Нэг аргаараа л бүх асуудлыг шийдээд л ... Болоод л ... Дараа нь Сайтар шийдээгүй асуудлууд дахин дахин босож ирээд л ажил ихтэй хүнийг жаргаж байна гэж болдог бол би жаргаад л ... блогоо үргэлжлүүлэх цаг зав гарахгүй л байна даа гээд л ... Юу хэлэх гэсэн юм бол доо гэж та гайхаад л ...

2006-09-18

Хамгийн сайн сурталчилгаа бол ...

Гуч нэлээн гарч байж энэ талаар бичнэ дээ гэж бодож байсан боловч блог найзууддаа гуч хүрэхээсээ өмнө юу бодож яваагаа нэг танилцуулаад авая гэж бодоод тэссэнгүй. Хараад байхад бид энгийн л нэг хавтгай дэлхий дээр амьдарч байна шүү. Усан дунд уулан дээр үүлэн дотор олон улс оронууд аж төрж л байна. Юу гэх гээд байна вэ гэвэл Бөөрөнхий дэлхий дээрх хавтгай зах зээлийн нөхцөл бидэнд уул нь тэгш заяасан юм. (тэгж бодохгүй байгаа хэсэгт нь л тийм биш байгаа байх, сэжиг төрвөл сүмбэр уул ч хазгай санагдана гэдэг дээ.)

Ингээд миний олж тодорхойлж чадах тодорхойлолтуудыг сонирхоно уу.

1. Хамгийн сайн сурталчилгаа бол эцсийн хэрэглэгчийн сэтгэл ханамж.

Муу ч бай, сайн ч бай систем аналистын, менежерүүдийн, програмистуудын, тэр байтугай компануудын хамгийн эхний үндсэн зорилт бол “амьдрах”. Өөрөөр хэлбэл эхний ээлжинд шоргоолжны үүргээ л биелүүлэх нь нэн чухал билээ.

Чөлөөтэй, өндөр технологиор цаг үргэлж давшилж байгаа бидний энэ зах зээлийн чухал онцлог бол хэрэглэгчийн хандлага дээр гол нь тулгуурлаж явагдах ёстой юм. Дахин хэлье: Хамгийн сайн сурталчилгаа бол эцсийн хэрэглэгчийн сэтгэл ханамж юм. Таны сэтгэлд нь хүртэл үйлчлээд гаргасан хэрэглэгч л танай компаны байнгын үйлчлүүлэгч болох бөгөөд дараагийн хэрэглэгч өөрөө тань руу зүглэхэд маш том хөшүүрэг байх болно. Ийнхүү байнгын үйлчлүүлэгчидтэй болно гэдэг л миний хэлээд байгаа тэр шоргоолжны үүргээ биелүүлээд явах боломжыг танд, танай компанд авчирна. Хэрэглэгчийн сэтгэл ханамж гэдэг бол түүнд зөв хүлээлт үүсгэж түүнийгээ давуулсанаар буй болох таны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээний үр дүн билээ.

Хэрэглэгч хэтэрхий өндөр шаардлага тавих тохиолдол байнга биш юмаа гэхэд нийт хэрэглэгчдийн дор хаяж 80%-д нь байна. Энэ бол арилжаанд оролцогч талын өөртөө илүү ашигтай нөхцөл үүсгэх гэсэн шудрага шуналаас үүдэлтэй. (Үүний бас нэг шалтгаан нь хэрэглэгч тухайн чиглэлээр мэдлэг нимгэн байгаагаас болж буй. Хальт хазайгаад хэлэхэд: Ямар нэгэн асуудал байнаа гэдэг чинь тэнд бизнэс хийх боломж байгааг илтгэж буй хэрэг гэдэг утгаараа ямар нэгэн нарийн түвэгтэй төсөлд хэрэглэгч талд туслах, consulting хийх зах зээл монголд байгааг илтгэж байгаа хэрэг юм. цэг)

2. Компани гэдэг бол бүтээгдэхүүн үйлчилгээ гаргагч бус харилцаа, арилжаа үүсгэгч ажгуу.

Энэ хэсэг бол шоргоолжны үүргийн дараагийн түвшинд шилжсэн тодорхойлолтын тухай юм. Зах зээлийн цагаан толгойд арилжаанд оролцогч талуудын аль нэг нь л уг арилжаа өөрт нь ашиггүй гэж үзсэн тохиолдолд уг арилжаа явагдахгүй. Шулуухан хэлэхэд компаний хувьд түүнээс бүтээгдэхүүн үйлчилгээ авч буй хэрэглэгч, түүнд үйлчилж буй цалинтай ажилтан мэргэжилтэн бүгд л эцсийн хэрэглэгч юм. Компани энэ бүх харилцаан дундаас хөрөнгө оруулагчийн мөнгийг өсгөж ажилчиддаа цалин өгч, хэрэглэгчээс төлбөр авч амьдардаг.

Үргэлжилэл бий...

2006-09-11

Beta Blogger

Бидний ашиглаж буй энэ google-ийн блогспот-д зориулсан бета блоггер шинээр гараад багагүй хугацаа өнгөрчээ.
Та бүхэн өөрийн блоггероо бета руу шилжүүлэхийг хүсвэл Dashboard дээр About Beta Blog гэсэн холбоос бий.
Мөн өөрийн google- account-ийг цаашид блог profile-доо хэрэглэх боломжтой болжээ. Switch хийгээд сонирхож үзсэний дараа буцаасанч болох тул сонирхоод үзэхэд гэмгүй. Ямар нэгэн ойлгохгүй зүйл гарвал Help танд хангалттай туслана.

жич: Бета блог руу шилжсэн бол шилжээгүй байгаа блог дээр comment үлдээж болохгүй гэсэн.
Гэхдээ л Бета нь үнэхээр гоё оо...

2006-09-02

Нострадамус

Энэ бол миний дөч дэх бичлэг, харав уу цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч байна.

Үнэн худлааг нь хэдэн зууны турш тайлах гэж оролдоод байдаг тэр нууцлаг хүн миний сонирхолыг их татдаг юм. Итгэх итгэхгүй нь хамаагүй зүгээр үнэн бол гайхалтайяа.
Нострадамус шиг учир битүүлгээр зөнгөх зөн билэггүй ч зүгээр л өөрийн өнгөрүүлсэн амьдралын дөрөвний нэгийг заран байж судлан суралцаж буй, ажиллаж, мэргэшиж буй мэргэжлийнхээ ирээдүйг зөгнөх гэх нь хаашаа ч юм. Гэхдээ хандлага, байж болох ирээдүйн тухай блог жуулчин хүн гуайд сонирхуулая уу.

За Ирээдүй рүү хоёр түмэн жилээр довтолгоё. Тэр үед:
Ер нь шинжлэх ухааныг шүтэн амьдрагч хүмүүний түүхэн хөгжлийг интернэттэй болон интернэтийн өмнөх үе гэж ангилж болох мэт. Христ төрсөн үеээс хойшхи үеийг манай эрин хэмээн нэрийддэг шиг интернэт мэндлэсэн энэхүү цаг мөчлөгийг цаг хугацааны алсаас харах юм бол цахим эрин эхэлсэн үе гэх болно.

За ухраад нэг түмэн жилийн дараах ирээдүй рүү:
Тэндээс харахад бид бас л чухал үед төрчиж. Цахим ертөнцийн анхны “homo sapience”-ууд бол бид. Мянганы цаана тэд ийм амжилтанд хүргэхэд нөлөөлсөн биднийг буюу тэр үеийн “homo sapience”-уудыг амтархан судлах болноо.
Хэрхэн транзистор хийсэн, хэрхэн хувь хүний эрхийг хамгаалах тухай ярьж мөрдөж эхэлсэн, хэрхэн блог бичиж эхэлсэн, хэрхэн интернэт планетууд үүссэн, хэрхэн хүн төрөлхтөн үнэгүй эрчим хүч хэрэглэсэн, хэрхэн байгаль дэлхийтэйгээ зохицохгүй байсан хүнд технологиос салж нано, био технологийн хувьсгал хийсэн тухай олон олон гайхамшигт түүхийг тэд “ном”-ндоо хадгалж, удамдаа тайлбарлах болно.

За дахин хагас түмэн жилээр ухрая:
Бидний одоо төсөөлж чадах ой тойнд бол яагаад ч багтахгүй хөгжил “Түүх”-ийн хаяанд ойрхон хүлээж буй.
Эсийн түвшинд өөрөө интелгэнт чадал бүхий эрүүл мэндийг сахин хамгаалагч нано роботууд бий болсоноор ирээдүйд хүн 200 хол гаран насладаг болно. Үүнээс болж “шогшиж” байсан шинжлэх ухааны хөгжил жинхэнэ утгаараа “цогиж” эхлэнэ.
Хөдөлгөөнт дүрс дуу авиа гаргагч электрон цаасан сонин гарснаар цаас болон одоогийн ойлголтоор ТВ, Радио дагалдах олон үйлдвэрлэл, бизнэсүүд огцом шинэчлэгдэнэ (Ө.х Цаас баяртай). Шинэ мэдээллийн хэрэгсэлүүд бүгд интэрнэт дээр тулгуурласан байх болов уу.
Үзэгний хэмжээтэй “супер” компютерүүд ашиглагдаж эхлэсэнээр манай чиглэлийн инженер техникчид маш их суралцах шаардлага, тэр хэмжээгээр нийгэмд эзлэх байр суурь өндөрт очно. Тэр гайхалтай үеийг авчрах суу билэгт эрдэмтэд, нарийн мэргэжлийн инженерүүд, олон нийтэд хүртээгч авьяаслаг бизнэсмэнүүдийн алдар гавъяа “гариг” хооронд цуурайтах болно.

Дахин ухрая, энэ удаа хоёр зуун тавин жилийн ирээдүйн талаар шүү:
Онцлон хэлэхэд одоо миний энэ хэрэглэж буй notebook MCSE-ийн эртний эдлэлийн онлайн дэлгүүрт “тоос”-нд дарагдана. Өөрөөр хэлбэл компьютер гэдэг зүйл дээр нь хэрэглээний програм инстолдож суулгаад ийш тийш нь чирж явдаг цүнхтэйгээ нийлээд 5кг зүйл байхаа болино. Зүгээр л интэрнэтэд өндөр хурдаар холбогддог гурван хэмжээт дүрс агаарт үүсгэж удирдах боломжтой “үзэг” болон хувирна. Мэдээж тэр үзэгт орчлон ертөнц багтана. Үйлдлийн систем хөгжсөөр хөгжсөөр нэг мэдэхэд бүтнээрээ онлайн болно. Ө.х Windows ч тэр Linux ч тэр одоо байгаа шиг зарчимгүй огт ондоо болж интернэтд тулгуурласан Big OS-ууд болно. Жишээ нь: Word дээр бичсэн зүйлээ хадгалахад ажилладаг Office-ын жижиг модул програм яагаад интэрнэт дээрээс бүх хүнд, хүн нэг бүрт зориулан ажиллахаар байж болохгүй гэж? Энэ үйлдэл боломжтой гэж та бодож байгаа бол үйлдлийн систем яагаад интернэтэд байршсан вэб шиг ажиллаж болохгүй билээ. Нууцлалын тал дээр санаа зоволтгүй бөгөөд ийм үйлдлийн систем ашиглах боломж олсон хүмүүс аргаа олох л болно.
Хэрэглээний компьютер зөвхөн гайхамшигтай дүрслэл бүхий терминал төхөөрөмж болон хувирах болно. Гэхдээ мэдээж нэг сайхан нартай өдөр таны PC тийм болчихгүй. Энд цаг хугацааны асуудал бий. Мөн интернэтийн хурдны талаар та бодож байгаа бол одоогийн бидний мэдээлэл дамжуулж буй TCP/IP суурьт сүлжээ тэр үед “морз” шиг л инээдэмтэй мөртлөө бүх юмны үндэсийг тайлбарлагч болсон байна гэдгийг сануулаюу.

Харин одоо тавин жилийн дараах салбарын хөгжлөө зөгнөе:

Нөгөө айхавтар ДОХ тэр үеийн бид нарыг огтхон ч айлгаж чадахгүй. Манай салбартай ямар хамаатай юм бэ гэж үү? Хамаатай байх болно. Био технологийн хөгжил, нано технологын ачаар бид эсийн хэвийн горим алдуулж дархлааг сулруулдаг, устгадаг ямар ч вирусийг устгаж чадах хөгжилд компьютерийнхээ тусламжтайгаар хүрнэ.
Мөн энэ тавин жилд мэдээллийн технологын зах зээлд маш хүчтэй өрсөлдөөн явагдах бөгөөд хожим энэ үеийг бизнэсийн салбар дах шинэ технологиудын их тулааны үе хэмээн нэрлэнэ. Google, Yahoo, Microsoft, *nix –ууд, Sun, Zend Apache, Oracle гээд олон гигантууд эд нарын үе энэ тавин жилд хэн өрсөлдөөнд манлайлалаа тогтоож чадсан нь түүхэнд нэрээ мөнхлөн үлдээнэ. Эд нар бүгдээрээ зайгаа тавьж ч болзошгүй байгаа нь дараа үеийн шинэ залуу олон өрсөлдөгчид гарч ирээд байгаа өнөө үед ч магадлалтай нь эргэлзээгүй.

Харин одоо цаг хугацааг хүлээлгүй бидэнд ирж буй, бид бүтээх тэр ирээдүйн тухай:
Ойрын ирээдүйд веб хуудасны болон, гар утасны технологууд маш хурдацтайгаар хөгжиж тун удахгүй (ганц хоёр жилийн дотор) шинэ шинэ боломж үйлчилгээнүүдийг хэрэглэгчдэдээ барих болно. Учир нь веб хуудас хийдэг арга технологи, бүүр цаашилбал веб хуудас гэдэг ойлголт ч шинэ түвшинд гарч байна.
Одоогын нэг click хийгээд хуудас шинэчлэгдэхийг хүлээж байдаг байсан one-click then waiting процес өөр болж нэг click дараад үр дүн гарахаас нь өмнө дахин өөр click дарж болдог, мөн хулгана ашиглан веб хуудсан дээрээ мэдээллээ хүссэн газраа чирч аваачаад тавьж болдог, мөн том том системүүдэд өөрийн гэсэн customization хийж өөрчилсөн хуудсуудаа байгуулж болдог гэх мэтийн шинэлэг энгийн үйлчилгээнүүд аль хэдийнээ бий болсон ашиглагдаж эхлээд байна.
Гар утасны хувьд бас л цахиур хагалж зах зээлд олон гайхамшигтай сурприйз барих болно. Гар утсаар телевиз үзэх, интернэтээр аялах, бичиг баримт боловсруулах, video уулзалт хийх зэрэг үйлчилгээнүүд аль хэдийнээ туршигдчихсан шүү дээ.
Цахим сүлжээнээс, түүний хурднаас олон зүйлийн ирээдүй хамаарна. Сүлжээний хурд гэдэг ойлголт бол нэгж хугацаанд танд хүрэх, мөн таны ачаалах мэдээллийн хэмжээгээр илэрхийлэгддэг бөгөөд хүлээн авах болон илгээх талын хүчин чадал, мөн мэдээлэл дамжих орчны шинж чанараас хамаараад бид хязгаарлагдмал хурдаар дэлхийтэйгээ холбогддог билээ. Тэгвэл сүлжээний эдгээр хүчин зүйлс бүгд шинэ дэвшилтэт хэлбэрт орох боломж аль хэдийн бүрдээд эхэлсэн. 100Тера байтугай их хэмжээний мэдээ дамжуулах сүлжээний боломж бий болоод байгаагаас, мөн дамжуулах мэдээллийн эзлэх хэмжээ улам бүр бага болж улам бүр агууламж сайтай болсоор байгаа зэргээс үзвэл тун ойрын ирээдүйд таны компьютер дээр заавал desktop-ын ямар нэгэн програмууд суулгаад байх шаардлагагүй болох гээд байна.
Танд зөвхөн интернэтийн холболт байхад л хангалттай. Жишээ нь танай ажлын газрын компьютерүүд дээр зөвхөн үйлдлийн систем л суусан байх бөгөөд бусад бүх хэрэгцээт програмууд руу интернэт хөтчөөр дамжуулан ханддаг боллоо гэж бодьё.
Энгийн хүнд энэ нь толгой эргүүлсэн олон юм сурах явцаас чөлөөлөгдөх сайхан боломж олгох бөгөөд багаар ажиллах, байгууллага доторх мэдээллийн урсгал эрчимжих зэрэг гайхалтай олон давуу талуудыг олгох болно.
Бас нэг баримтат жишээ. Би шинэ гарч буй шилдэг дуу клип үзэх нэн дуртай багагүй цагийг интернэтээс дуу татахад зориулчихаад байдаг гэмтэй л дээ. Гэтэл yahoo music – дээрээс клип татах (video stream-г нь бичээд авчихдаг програм) арга оллоо. 300кb-р үзүүлдэг нэг клипийг татаж аваад хэмжээг нь хараад үнэхээр гайхсан. Ердөө л 5-9Мb-ын хэмжээтэй сайн чанарын video клип гээд бод доо? (клип дундажаар 30-40Mb байдаг). mp3-ыг одоо гайхалтай технологи гэж би хэлж чадахгүй болжээ.
Тэд нар (yahoo) дуу, дүрстэй файлыг ийм бага хэмжээтэй болтол нь жижиглэж чадаж байгаа болоод л бид бага хурдаар үзэж чадаад байсан байна. Файлын хэмжээ гэснээс Саяхан Германы нэг сайт дээр 100Mb-г 18Мb болгож шахах арга олсон эхний хүнд 50 000 euro амласан байна. Энэ надад бас боломжгүй мэт төсөөлөгдөж байгаа боловч хэн нэг нь хийж чадах л болно гэдэгт онолын үүднээс итгэхээс аргагүй.

Дараа үеийг тодорхойлолцох web 2.0- ууд
Технологийн давуу талууд шинээр гарч эхлэх болгонд шинэ шинэ хүчтэй өрсөлдөгчид зах зээл рүү хүч түрэн орж ирдэг. Энэ нь хууччууд шилжилтийн үеийг туулж хугацаа алддаг, нөгөө нөхдүүд нь оргүй хоосон дээрээс шууд хүчтэй технологи ашиглан гарч ирэх боломж илүү байдагтай холбоотой биз.
За энэ ч зах зээл дах өрсөлдөөний тухай миний бурангуй ойлголт. Хамгийн гол зүйл болох хэрэглэгчдэд бий болох тааламжтай давуу талуудыг хэн нь бий болгох ве?
Бидний мэдэх Yahoo Google Sun Microsoft Adobe Sony гэхчилэн аврагууд бол одоогийн цаг үеийг тодорхойлж байдаг бөгөөд ямагт хүчирхэг өрсөлдөгч. Гэтэл Web 2.0-уудаас цахиур хагалж мэдэх хэд хэдэн “дүү” нар байна. Үүнд:

www.gOffice.com
www.Fanpop.com
www.Zango.com
www.Last.fm
…
www.papermountain.org
www.plasticshore.com
http://treehouse.ofb.net
http://pandorabots.com
www.jesperolsen.net/
www.jamesdam.com/
http://openrico.org
http://digg.com/spy
…
Ирээдүйн талаарх миний төсөөлөл гэвэл нэг иймэрхүү. Юутай ч гэсэн цонхоор саран авхай амрахыг сануулан ажгуу. Ирээдүйн мянга мянганы түүхийг тодорхойлох салбарт сайтар унтаж амарсан нэг ч гэсэн програмист юугаараа илүүдээ аж.

Бидний улс эв саналаа нэгтгэн нийтийн хүчээр нэгэн зүгт зориглон хөдөлбөөс мэдэхгүй чадахгүй зүйл огт үгүй бөгөөд цэнгэлийн манлайд хүрч чадахыг дан ганц бидний сэтгэлийн чиг зориг мэднэ. Д.Сүхбаатар.

2006-08-23

ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА 2015 ОНД

Компаныхаа интранет дээр байхыг нь олон нийтэд хүргэе гэж шийдээд блогдлоо.

Б.БАТТӨМӨР (Эдийн засгийн ухааны доктор, Ph.D, Гаалийн ерөнхий газрын дэд дарга)


Монгол Улсын хөгжлийн цогц бодлого, стратегийн бичиг баримтыг боловсруулахад туслах зорилгоор олон улсын хэмжээний судалгааны материалыг түшиглэн дараахь зүйлсэд та бүхний анхаарлыг хандуулж байна.

Олон улсын хэмжээнд гарсан судалгаанд 2015 он хүртэл дэлхий хэрхэн өөрчлөгдөх тухай хэдэн чиглэлээр авч үзжээ. Үүнд хүн амын өсөлт, хөгшрөлт, цагаачлал, эрүүл мэнд, хоол хүнс, байгалийн баялаг ба хүрээлэн байгаа орчин, ус, эрчим хүч, шинжлэх ухаан, технологи, био технологи, дэлхийн эдийн засаг, түүний өсөлт, хямрал, даяаршил, үндэсний болон олон улсын хэмжээний засаглал, ирээдүйд гарч болох зөрчил, санал зөрөлдөөн, мөргөлдөөн, олон улсын хамтын ажиллагаа гэсэн хүрээг хамарч үзсэн байна.

Судалгаанаас үзэхэд 2015 он гэхэд даяаршил дэлхийн хэмжээнд хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл хэвээр байх бөгөөд мэдээллийн технологийн хөгжил олон улсын хэмжээнд улам хурдацтай тархаж, одооныхоос ч илүү хөгжлийг тодорхойлогч нэг гол хүч байсаар байх нь.

Засаглалын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагууд голлох үүргийг гүйцэтгэсэн хэвээр байх бөгөөд энэ хоёрын хамтын ажиллагаа цаашид өргөжих хандлагатай, аль аль нь олон улсын хэмжээнд ч гэсэн маргаантай асуудлыг шийдэхэд голлох нөлөөтэй үүргийг гүйцэтгэж чадах юм байна. Түүнчилэн олон улсын терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд засгийн газрууд төрийн бус байгууллагууд, хувийн сектортой хамтран ажиллах шаардлага нэмэгдэнэ.
2015 он гэхэд улс орнуудын хөгжилд шинжлэх ухаан, технологийн үүрэг өсөх хандлагатай байгаа бөгөөд ялангуяа биотехнологи, мэдээллийн технологи онцгой чухал үүрэгтэй болно.

Байгалийн баялгийн ашиглалт, ялангуяа хоол хүнс, ус, эрчим хүч, хүрээлэн байгаа орчны байдлын хувьд байдал тийм таатай байхгүй болох хандлага одоо ажиглагдаж байгаа ба ялангуяа Хятадын Хойд нутгаас Африк хүртэлх усны хомсдолтой асар өргөн газарт гурван тэрбум орчим хүн амьдрах ба усны эх үүсвэр, ашиглалттай холбоотой зөрчил, хямрал гарах магадлалтай.

Хятад хөгжлийн хувьд улам дээшилж, Орос сулрах хандлагатай байгааг мөн тооцох хэрэгтэй гэж судалгаанд өгүүлжээ. Зүүн Азид эдийн засгийн хөгжилд саад тотгор учирсаар байж магадгүй байна. Хятадаас бүс нутагт явуулах бодлого тодорхой бус байгаа бөгөөд дотоодын улс төрийн болон эдийн засгийн асуудлыг хэрхэн шийдэхээс нэлээд зүйл шалтгаалахаар дүр зураг харагдаж байна.

2015 он гэхэд дэлхийн хүн ам 7.2 тэрбумд хүрч ихэнх оронд хүмүүсийн нас харьцангуй уртсах төлөвтэй байна. Хөгжиж байгаа орнуудад хотын хүн ам ихээхэн нэмэгдэж, хотод суурьших хүн амын хэт өсөлтөөс шалтгаалан улс төрийн тогтворгүй байдал ч үүсч болзошгүй хандлага ч ажиглагдаж байна. Хөгжингүй ихэнх орнууд болон зах зээлийн харилцаанд шилжсэн орнуудад төрөлт их хэмжээгээр буурч, хүн амын хөгшрөлт, эрүүл мэнд, тэтгэвэр болон ажиллах хүчний хомсдолтой холбогдох нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шинээр үүсгэнэ.
Хүнс тэжээлийн хувьд үйлдвэрлэл хэрэглээнээс нэг их хоцрохгүй боловч, дэд бүтцийн хөгжил сул, хуваарилалт буруу, улс төрийн тогтворгүй байдал, нэн ядуурал зэргээс хамааран хүнсний хомсдол Африкийн зарим орнуудад гарч болзошгүй. Өлсгөлөн нэлээд орны хувьд үргэлжилсээр байх төлөвтэй. Эрчим хүчний хэрэгцээ 50 хувь нэмэгдсэн ч эрчим хүчний нөөц хүрэлцээтэй байх бололтой.

Даяаршсан эдийн засаг дэлхийн хөгжилд идэвхтэй нөлөөлж, 2015 гэхэд улс төрийн тогтвортой байдлыг хангах гол хэрэгсэл болно.
Дэлхийн эдийн засгийн өсөлт оргил цэгтээ хүрэх ба үүнд амьжиргааны төвшинг дээшлүүлэх, эдийн засгийн сайжруулсан бодлого явуулах дарамт шахалт, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын өсөлт, мэдээллийн технологийн хөгжил, хувийн секторын эрчимтэй өсөлт нэлээд их нөлөөлөх болно. Хөгжлөөрөө хоцорсон орнууд, бүс нутгийн хувьд эдийн засгийн зогсонги байдал улам бүр газар авч, улс төрийн хувьд тогтворгүй байдал нүүрлэж, соёлын талаар зожигрох аюул тулгарна. Тэд улс төр, үндэстэн ястан, үзэл суртал, шашны хэт туйлшралд автаж, хүчирхийлэл гаарна.

Сайн засаглалыг хэрэгжүүлэн тогтоож чадсан улс орнууд дэлхийн хэмжээний энэхүү өөрчлөлтөд дасан зохицож чадна.
Улс орнуудын үндэсний аюулгүй байдал үндэстэн дамнасан шинжтэй хүчин зүйлсээс хамаарах учраас засгийн газрын энэ чиглэлийн агентлагууд хүчээ нэгтгэн, нэгэн удирдлагад орж, хариу арга хэмжээ авах шаардлага зайлшгүй гарч ирнэ. Үүнээс болж 2015 гэхэд засгийн газрын бидний ойлгож заншсан, дасал болсон уламжлалт бүтцээс татгалзах хэрэг гарна.

Сайн засаглалыг тогтоож чадаагүй улс орнууд даяаршлын ашиг тусыг хүртэж чадахгүй, харин ч дотоод, гадаадын зөрчилд татагдан орсноор бусад орноос хол хоцорч, сүүл мушгих болно. Даяаршил Засгийн газруудын шийдвэр гаргах үйл явцыг ил тод байлгахыг шаардах учраас дарангуйлал, нэг хүний засаглалтай орнууд оршин тогтноход бэрх болно. Цагаачлал зогсолтгүй нэмэгдсээр нэг хэсэг орны хувьд урьдчилан тооцоогүй бэрхшээлийг үүсгэж, яваандаа улс орны онцлог шинж, үндэстэн ястны бүтцэд нөлөөлөх хэмжээнд хүрч очих магадлалтай.
Дэлхийн хэмжээний эдийн засгийн хувьд хэд хэдэн урьдчилсан таамаг байгаа юм. АНУ-ын эдийн засаг худалдааны алдагдал нэмэгдэж, дотоодын хадгаламжийн хувь хэмжээ буурснаас олон улсын хэмжээнд цаашид өсөх итгэлийг бууруулснаар уналтад орох магадлалтай. Үүнийг хурдан сэргээхгүй бол дэлхийн эдийн засаг, улс төрийн бодлогод сөргөөр нөлөөлж магадгүй. Европ болон Японы хүн ам хөгшрөх ба 2015 онд гэхэд 110 сая шинэ ажилчин хэрэгтэй байгаа тооцоо байгаа ч үүнийг нөхөх боломж муутай байсаар байх болно.

Европын голлох орнуудад нийгмийн үйлчилгээний болон цагаачлалын асуудлаар зөрөлдөөн гарч, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх болно.

Хятадын байдал 2015 он хүртэл хэрхэн өөрчлөгдөхийг тааж хэлэхэд хэцүү. Дэлхийн худалдааны байгууллагад элсч, эдийн засгийн даяаршил, мэдээллийн хувьсгалд улам өргөнөөр оролцох шаардлага ирэх ба Хятад үүнийг шийдэх боломжтой. Улс төрийн хувьд тогтвортой, эдийн засгийн хувьд өсөлт сайтай, Зүүн Азид ноёлох байр сууриа тогтоож чадсан энэ улс бүс нутагт АНУ-ын нөлөөг багасгах, хөршүүдээсээ илүү гарах, газар нутгийн маргаантай асуудлаа шийдэх чадвартай байсаар байх төлөвтэй байна.

ОХУ-ын хувьд дэлхийд тэргүүлэх байр сууриа хадгалахад өнөөдрөөс илүү их бэрхшээлтэй тулгарах шинжтэй байна. Оросын загсаглал, эдийн засгийн бодлогын чанараас шилжилтийн үед дасан зохицож, түүнийг амжилттай дуусгаж чадах эсэх нь хамаарна.

Засгийн газрууд харилцан холбоотой, уялдаатай ажиллаж, үндэсний аюулгүй байдлыг хангаж, дотоодын бодлогын шинжтэй асуудлуудыг шийдэх хэрэг гарна.

Хөгжиж байгаа орнуудад хэрэглээний усны 80 орчим хувийг хөдөө аж ахуйн зориулалтаар зарцуулдаг, 2015 онд хэд хэдэн орон усжуулах замаар хөдөө аж ахуйгаа тэтгэх чадваргүй болох төлөвтэй байна. Хятадын хойд нутгууд болон Энэтхэгт хөрсний усны түвшин жилд дунджаар 3-10 футаар доошилсон тооцоо байна.

Цаашид усны хэрэглээг үр ашигтай, хямгатай болгох, генетикийн аргаар бий болгосон, ус бага шаарддаг үр тариа ургуулах, усыг үнэтэй болгох зэрэг арга хэмжээг авах шаардлагатай боловч буурай хөгжилтэй орнууд үүнийг хийж чадахгүй байгаа юм. Эдийн засгийн өсөлт нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ даган өссөөр байгаа юм. 2015 он гэхэд эрчим хүчний хэрэглээ 50 орчим хувиар нэмэгдэх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл 2000 онд өдөрт 75 сая баррель газрын тос шаардагдаж байсан бол 2015 онд энэ тоо 100 сая баррель хүрэх болно. Байгалийн хийн хэрэглээ ч гэсэн 100 хувиар нэмэгдэх бөгөөд Ази тивд хэрэглээ огцом өсөх дүр зураг харагдаж байна.

Байгаль орчны доройтол цаашид ч гэсэн үргэлжилсээр байх төлөвтэй. Газрын эрчимтэй ашиглаж, тариалангийн талбайн үржил шим муудаж, халуун орны ой сөнөж устах аюул нүүрлэж байна.
Хөгжиж байгаа орнуудын хувьд хүн амын хэт өсөлт, эдийн засгийн хөгжил, хотжилт түргэссэнтэй холбоотойгоор байгаль орчныг хамгаалах, экологийн доройтолтой тэмцэх олон асуудал тулгарна. 2015 он гэхэд томоохон хотуудад агаарын бохирдлын асуудал ихээхэн бэрхшээл үүсгэнэ. Агаардлын бохирдлыг бууруулах үүднээс технологийн дэвшлийг ашиглан эрчим хүч бага хэрэглэх буюу гибрид машин үйлдвэрлэх, нар, салхины эрчим хүчийг ашиглах, байгалийн хийг ашиглах чиглэлээр ихэд анхаарах болно.

Ирээдүйд мэдээллийн технологи, биотехнологи, материалын технологи, нанотехнологийн чиглэлээр инноваци хийх асуудал онцгой анхаарал татах ба энэ нь худалдаа, бизнес, эрүүл мэнд, аюулгүй байдалд ихээр нөлөөлнө. Технологийн дэвшлийн нөлөөгөөр хуучин технологи үеэ өнгөрөөж, тухайлбал компьютерийн чипсийн шинэ үе гарч ирнэ.
Шинэ нээлтийг шууд үйлдвэрлэл, технологид ашиглаж эхлэх ба мэдээллийн технологийн хэрэгслийн үнэ огцом хямдарна. Гэвч хэрэглээ өсөх тул хэрэгцээ урьдын адил их байсаар байх болно.
2015 он гэхэд биотехнологийн хувьсгал халдварт өвчнийг анагаах, хүнс тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчны бохирдлыг бууруулах, амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр асар их амжилтад хүрнэ. Өвчнийг оношлохдоо генетикийн кодыг тайлах учраас өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр урьд өмнө үзэгдээгүй амжилтад хүрнэ.

Удамшлын зарим өвчнийг бүрэн төгс эдгээх чадвартай болж, мал амьтныг үржүүлэхэд клонийн арга буюу амьтныг хувилах аргыг ашиглаж эхэлнэ. Материалын технологийн ололт амжилтын ачаар төрөл бүрийн зориулалтаар ашиглаж болох, байгаль орчинд хор нөлөөгүй, удаан эдэлгээтэй, хүн хүний хэрэгцээг хангах бүтээгдэхүүнүүд шинээр гарч ирнэ.

Нанотехнологийн шинэ нээлтүүд физикийн шинжлэх ухаанд эргэлт гаргаж, вакцинаас эхлээд компьютер, автомашины дугуй хүртэл урьд өмнө хэзээ ч байгаагүй хэлбэртэй, дизайн хийцтэй, бидний төсөөлж байгаагүй тийм зүйлсийг үйлдвэрлэх, хэрэглэх бололцоо олгоно. Өөрөө угсрагддаг наноматериалууд буюу “тоон цэг” хэмээх хагас дамжуулагч 2015 гэхэд химийн бодисын нэр төрлийг өөрчилж, цусны шинжилгээ, мансууруулах бодисын агууламж, генетикийн шинжилгээ болон биологийн бусад зориулалтаар ашиглагдаж эхэлнэ.
Дэлхийн эдийн засаг их сэргэлтийн үед орж, Азийн хоёр том орон Хятад, Энэтхэг болон бусад орнууд аж үйлдвэржсэн, хөгжилтэй орон болно. Эдийн засгийн үзүүлэлтүүд дэлхийн хэмжээнд нааштай байх боловч бүгдээрээ хожихгүй, ядуурал түүх болон үлдэхгүй, бүс нутгийн ялгаа улам нэмэгдэх болно. Эдийн засгийн өсөлтөд дундаж орлоготой хоёр тэрбум хүний амьжиргааны төвшин дээшилж, ардчиллын хүрээ тэлж, улс орнуудын макро эдийн засгийн бодлого сайжирч, худалдаа хөрөнгө оруулалт нэмэгдэж, хувийн сектор цэцэглэн хөгжсөн зэрэг хүчин зүйл нөлөөлнө.

Гэвч дэлхийн хэмжээнд эдийн засгийн хямрал, санхүүгийн хямрал үе үе гарах болно. Дэлхийн эдийн засаг нягт уялдаа холбоотой болсон учир нэг оронд гарсан хямрал бусад оронд тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Боловсролын хэрэгцээ улам бүр нэмэгдэх ба эдийн засаг, технологийн дэвшил улам илүү сайн боловролтой, мэргэжилтэй ажиллах хүчийг шаардах болно.

Ирэх жилүүдэд үндэстэн дамнасан гэмт хэрэгтнүүд ч гэсэн гар хумхин суухгүй нь тодорхой. Тэд дэлхийг хэрсэн мэдээллийн технологи, санхүү, тээврийн сүлжээг ашиглан, өөрсдийн үйл хорт үйл ажиллагааг өргөжүүлэхийг оролдоно.

Тооцооноос үзэхэд одоогийн байдлаар эрүүгийн гэмт хэргээс асар их хэмжээний орлогыг олж байгаа бөгөөд жил бүр 100-300 тэрбум долларыг хар тамхины хууль бус эргэлтээс, 10-12 тэрбум долларыг хорт бодис, аюултай хог, хаягдлаас, есөн тэрбум долларыг АНУ болон Европод гарч байгаа автомашины хулгайнаас, долоон тэрбум долларыг хүний наймаанаас, нэг тэрбум долларыг оюуны өмчийн хулгай, видео, програм хангамж, бусад төрлийн барааг хуурамчаар дуурайлган хийж борлуулснаар олдог байна.

Түүнчилэн дэлхийн хэмжээнд жил бүр 500 орчим тэрбум орчим долларыг авилгал, хээл хахуульд зардаг гэсэн тооцоо байна. Энэ бол дэлхийн хэмжээний ДНБ-ий нэг хувьтай тэнцэж байгаа ба энэ хэмжээгээр эдийн засгийн өсөлтийн хурдац, хөрөнгө оруулалт, ашиг орлого буурсан гэсэн үг юм. Орос улсад жишээлбэл бизнес эрхлэхэд жилийн орлогын 4-8 хувийг зарцуулдаг гэсэн тооцоог Европын сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD) хийсэн байдаг.

Орос, Хятад, Энэтхэг болон Иран, Туркийн сонирхол Төв Азид давхцана. Энэ бүс нутгийн орнууд эдгээр сонирхлын тэнцвэрийг барих, мөн гадаад орнуудын аль нэгийг нь давамгай байдалтай байлгахгүйн тулд АНУ болон Европын оролцоог нэмэгдүүлэхийг хичээх болно. Эдгээр орнуудын хооронд дайн болохгүй боловч дотоодын зөрчил, улс төрийн тогтворгүй байдлыг гадныхан ашиглах, хар тамхины хууль бус орлогоос олсон мөнгөөр тэтгэх аюул бийг бас бодолцох хэрэгтэй юм.
Хөгжлийн цогц бодлогыг зөв тодорхойлоход дэлхийн хөгжлийн хандлага, экологийн байдал, байгаль орчны тулгамдсан асуудлууд, шинжлэх ухаан, технологийн хөгжил, өрсөлдөх чадвар, эдийн засгийн аюулгүй байдал зэрэг асуудлыг нарийн шүтэлцээ, уялдаа холбоотой нь авч үзэх зайлшгүй шаардлага байгаа юм.