Pages

2011-07-08

Завханы өдрүүдийн нээлтээс...















Наадмын дурсамж

Тээр жил наадам үзэхээр хэдэн найзтайгаа аймгийн стадионд сууж байтал аав хүрч ирээд аманд гарах бөхчүүдийн тоо хүрэхгүй байна та нар бүгдээрээ гарч барилд гээд нэг нэг зодог шуудаг, заримд нь хромон гутал, заримд монгол гутал авчраад өмсгөчвөө. Ингээд бидний хэдэн нөхдүүд аймгийн наадмын нэгийн даваанд гарах боллоо. Манай хэд надаас арай биерхүү болохоор дайралдсанаа л өмсөөд өмсөөд бэлдчихлээ. Би үзэж үзэж жижгээс сонгож өмсөөд хамгийн сүүлд нь гараад зогсчвоо. Том том бөхчүүд хөшилдөөд л нэгийн даваа эхлэхээр боллоо. Наадамд барилдах нь бүү хэл зодог шуудаг барьж үзээгүй бид хэд ичиж сандарсан, дээр нь сүрдсэнийг ч хэлэх үү доожоо муутайхан дагаад л дэвээд гарлаа. Зүүдлээд ч байгаа юмшиг, сэрүүн ч байгаа юм шиг сонин санагдаад байж билээ. Одоо бодоход өмнө нь би дэвж үзээгүй байсан шиг санагдаж байна. Баруун жигүүрийн хамгийн доор очоод зогссон хүн зүүн жигүүрийн хамгийн тэргүүний бөхтэй таардаг юм хойно засуулч намайг хөтлөх нь холгүй нэг бөхийн өмнө авчраад тушаачихлаа. Аймгийн арслан Юнрэн гээд бүдүүүүн сайхан бөхтэй очиж очиж шүдэнзний мод шиг чөрчийсөн би таарчвөө. Манай дүү нар ээж аавтай хамт суугаад Ганбаа ах барилдана гээд дуран бариад хүлээж байсан юм байх, сүүлд нь хэлж байх нь Атгасан нудрага, чигчий хуруу хоёр шиг л харагдаж байсан гэж. За тэгээд эрийн хугархай юм хойно айхгүй зоригтой үзнэ дээ ухааны юм толгойд эргэлдэж байнаа. Арслан ташаагаа тулчаад намайг харах ч үгүй л сүртэй зогсоод байхын. Гайхасхийгээд ах хажууд нь очоод дөнгөж зогсох гэтэл сэнжигнээс гаанцхан атгаж дугтарчихаад явчихдаг гэнээ. Өвдгөөрөө зүлэг муутай халцархай газар чирэгдчихсэнийг хэлэхүү, юу юугүй хамгийн түрүүн ойчоод өгснийг хэлэх үү ичиж сандарсан би босоо л гүйчиж билээ. Тухайн үедээ ичээд хүнд ярьдаггүй л байлаа. Одоо ч эргээд дурсахад тэр алдартай нэр хүндтэй сайхан аймгийн арслан надаар нэг даваад явсан гэж бодохоор сайхан шүү.

2011-07-04

Leadership and Management

Титаникийн сандлыг тэгшлэх гэж үг байдаг гэнээ. Манайхаар бол Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдэг үгтэй ойролцоо, зөв гэж бодоод буруу зүйл хийхийг илэрхийлж байгаа хэрэг аж. Хаашдаа живэх гэж байгаа хөлөг онгоцны сандлуудыг тэгшлэхийн оронд амиа аврах завь хайх, эсвэл буцахдаа будаагаа арилжаад шороо биш мөнгө олоод ирэх замыг сонгох ухааныг манлайлал буюу leadership гэдэг байна.

Сандлыг мэргэжлийн түвшинд тэгшилэн өрж чаддаг ур чадварыг, эсвэл жин тээхдээ мундаг, тэмээнүүдээ сайн амрааж, хүчийг нь зөв зохицуулж чаддаг хүнийг бол менежер буюу менежмэнттэй хүн гэдэг байна. Живэхгүй хөлөг онгоц дээр, эсвэл буцахдаа мөнгө олоод явах боломжтой замаар явж байгаа үед бол энэ ур чадвар үнэтэй байдаг.