Pages

2011-10-09

IT audit хийлгэх шалтгаан

Саяхан даа, нэг томоохон сайтын сервер эвдэрч үйл ажиллагаа нь зогсоход хүрч. Гэнэт сандарсан хэдэн нөхөд дарга цэрэггүй ийш тийш гүйж хүн хар, сервер энээ тэрээ олохоор болжээ. Ингээд манайхаас шинэ сервер худалдаж аваад, би хувиараа вебийг нь ажилд оруулж өгөхөөр тохиролцов. 
Эхлэхээсээ өмнө Backup байгаа биз дээ гэхэд байгаа л гээд байсан. Яг серверийг нь тохируулж дуусгаад за backup-аа аваад ир гэтэл backup хийсэн бүх бичлэг нь асуултын тэмдэгээр хадгалагдсан байж билээ. Харамсалтай... 
Аз болж бүх баримт нь давхар цаасаар хадгалагдаж байсан тулдаа шаардлагатай гэснээ гараар шивж оруулах болоод үлдэцгээсэн дээ. Хонон өнжин хоёр хоног нүдэж байж шивсэн гэнэ лээ. 
 Ямар нэг шалтгааны улмаас дээрх шиг байдалд компани чинь орвол энэ мэт аюултай байдал үүснэ гэдгийг урьдчилан тооцоолж үйл ажиллагаандаа, backup өгөгдлүүддээ, тоног төхөөрөмждөө audit хийлгэх, эсвэл нөөц ямар нэгэн төлөвлөгөө зохиосон байдаг уу? Компанийн үйл ажиллагаа нь веб сайтаасаа хамааралтай байх тусмаа энэ асуудал маш чухал юм билээ шүү. 

http://en.wikipedia.org/wiki/Information_technology_audit

2011-09-26

Win win

Эхнэр, нөхөр, аав, ээж, ах, дүү, дарга, ажилтан, өрсөлдөгч, холбоотон гээд хүмүүсийн хооронд үүсдэг түг түмэн харилцааны заримд нь хоёр тал хоёулаа сэтгэл хангалуун үлдэх ёстой гэсэн үзэл баримтлал мөрдөж болдог байна. Үүнийг win win хандлага гэдэг ажээ.
Замын хүзүү урт, зааны хүзүү богино гэдэг дээ. Хэрэглэгчээ нэг удаа амжилттай хуураад хожиж орхих нь тухайн чиглэлээрээ замнах зорилготой газарт бол явцгүй, зааны хүзүүг чухалд үзсэн шийдвэр гэдэг нь илт билээ... Урт замын аль нэг хүзүүн дээр уг хэрэглэгчээс алдсан итгэлийг нөхөх туйлын хэцүү шүү гэсэн санаа. Хэрэглэгчдээ яг л хэрэгцээтэй зүйлийг нь өгч, өөрөө ч тохирсон орлогоо олоод ирээдүйд дахин баяртайгаар арилжаа хийх боломжтой үлдэж байх нь бизнест амин чухал зарчим гэж ойлгохоор байна.
Гэтэл маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг ч гэдэг. Хоорондоо өрсөлддөг спортын хувьд бол огт өөр. Хөлбөмбөгт нөгөө багийн хамгаалагчийг хамраараа газар хатгаж унатал нь хуураад гоолдох бол бахтай сайхан амжилт юм. Тэгэхээр бүх төрлийн харилцаанд win win гэсэн хандлага хэрэгждэггүй байх нь.
Тухайн нэг харилцаанд win win үү? Эсвэл win-lose уу? Эсвэл бүүр Lose-win үү? Гэдгийг зөв тодорхойлж ашиглах чадвар маш чухал болж таарах нь ээ.
Мөн нэг гэр бүлийнхэн, эсвэл нэг байгууллагынхан, нэг багийнхан гээд нэг тал болон шийдвэр гаргаж бусадтай харилцдаг хүмүүсийн хувьд бидний дунд ямар хандлага нь зонхилж байна вэ? гэдгээ анзаарч байх нь чухал юм байна.

2011-08-09

Priority

Хүн амьдралынхаа турш янз бүрийн том жижиг сонголт хийсээр дуусдаг. Жишээ нь танд яг одоо миний энэ бичлэгийг уншиж аваад дараа нь Priority гэдэг ойлголтын тухай ултай суурьтайхан үргэлжлүүлэн бодох уу, эсвэл уншихаа болиод өөр ямар нэгэн ашигтай гэсэн зүйлээ хийх үү гэдгээ сонгох боломж байна. Үр дүн нь өөр.

Та өөртөө ямар нэгэн чухал зорилго тавьсан уу? Түүндээ хүрэхийн тулд юу хийвэл хамгийн үр дүнтэй нөлөө үзүүлэх бол? Яг тэрийгээ хийх гэж байтал хэн нэгнээс шоудах санал ирээд гуяа алгадаад алга болж байгаа бол зорилгодоо хүрэх хугацаагаа сайн дураараа сунгаж орхилоо л гэсэн үг биз дээ? За, шоудах саналаас бол татгалзаж болно. Гэтэл аар саархан боловч цаг ордог, татгалзаж чаддаггүй ажлууд хүнийг хүлсээр байгаад зорилгодоо хүрэхгүй байх нэг том шалтгаан нь болдог гэнэ.

Өглөө ирээд өнөөдөр хийх зүйлсээ дэвтэр дээр дэс дараалуулж бичээд таван минут ажиглаад харахад цаг хэмнэх ө.х зорилгодоо хүрэхээр ажиллах цаг гаргаад ирэх боломж ихэнх хүнд байдаг гэдэгт итгээрэй. Энэ мэтчилэн долоо хоног эхлэхэд, сар, жил эхлэхэд гэх мэтээр чадах чинээгээрээ төлөвлөж явбал ихээхэн цаг хугацааг өөртөө, зорилгодоо зарцуулах боломжтой.

Энэ хүртэл уншсан бол та priority-ын тухай ултай суурьтайхан бодож үзэхийн чухлыг гадарласан болов уу. Товчхондоо бол сонголтгүйгээр хийхээс аргагүй түмэн ажлуудын дундуур зорилгодоо хүрэх гол ажлаа оруулж төлөвлөх, A; Б хоёр ажлын алийг нь эхлээд хийхээ шийдэж чадахгүй бол зорилгоо эргээд нэг харна уу гэсэн хоёр зөвлөгөөг тунгааж үзээрэй.

2011-07-08

Завханы өдрүүдийн нээлтээс...















Наадмын дурсамж

Тээр жил наадам үзэхээр хэдэн найзтайгаа аймгийн стадионд сууж байтал аав хүрч ирээд аманд гарах бөхчүүдийн тоо хүрэхгүй байна та нар бүгдээрээ гарч барилд гээд нэг нэг зодог шуудаг, заримд нь хромон гутал, заримд монгол гутал авчраад өмсгөчвөө. Ингээд бидний хэдэн нөхдүүд аймгийн наадмын нэгийн даваанд гарах боллоо. Манай хэд надаас арай биерхүү болохоор дайралдсанаа л өмсөөд өмсөөд бэлдчихлээ. Би үзэж үзэж жижгээс сонгож өмсөөд хамгийн сүүлд нь гараад зогсчвоо. Том том бөхчүүд хөшилдөөд л нэгийн даваа эхлэхээр боллоо. Наадамд барилдах нь бүү хэл зодог шуудаг барьж үзээгүй бид хэд ичиж сандарсан, дээр нь сүрдсэнийг ч хэлэх үү доожоо муутайхан дагаад л дэвээд гарлаа. Зүүдлээд ч байгаа юмшиг, сэрүүн ч байгаа юм шиг сонин санагдаад байж билээ. Одоо бодоход өмнө нь би дэвж үзээгүй байсан шиг санагдаж байна. Баруун жигүүрийн хамгийн доор очоод зогссон хүн зүүн жигүүрийн хамгийн тэргүүний бөхтэй таардаг юм хойно засуулч намайг хөтлөх нь холгүй нэг бөхийн өмнө авчраад тушаачихлаа. Аймгийн арслан Юнрэн гээд бүдүүүүн сайхан бөхтэй очиж очиж шүдэнзний мод шиг чөрчийсөн би таарчвөө. Манай дүү нар ээж аавтай хамт суугаад Ганбаа ах барилдана гээд дуран бариад хүлээж байсан юм байх, сүүлд нь хэлж байх нь Атгасан нудрага, чигчий хуруу хоёр шиг л харагдаж байсан гэж. За тэгээд эрийн хугархай юм хойно айхгүй зоригтой үзнэ дээ ухааны юм толгойд эргэлдэж байнаа. Арслан ташаагаа тулчаад намайг харах ч үгүй л сүртэй зогсоод байхын. Гайхасхийгээд ах хажууд нь очоод дөнгөж зогсох гэтэл сэнжигнээс гаанцхан атгаж дугтарчихаад явчихдаг гэнээ. Өвдгөөрөө зүлэг муутай халцархай газар чирэгдчихсэнийг хэлэхүү, юу юугүй хамгийн түрүүн ойчоод өгснийг хэлэх үү ичиж сандарсан би босоо л гүйчиж билээ. Тухайн үедээ ичээд хүнд ярьдаггүй л байлаа. Одоо ч эргээд дурсахад тэр алдартай нэр хүндтэй сайхан аймгийн арслан надаар нэг даваад явсан гэж бодохоор сайхан шүү.

2011-07-04

Leadership and Management

Титаникийн сандлыг тэгшлэх гэж үг байдаг гэнээ. Манайхаар бол Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдэг үгтэй ойролцоо, зөв гэж бодоод буруу зүйл хийхийг илэрхийлж байгаа хэрэг аж. Хаашдаа живэх гэж байгаа хөлөг онгоцны сандлуудыг тэгшлэхийн оронд амиа аврах завь хайх, эсвэл буцахдаа будаагаа арилжаад шороо биш мөнгө олоод ирэх замыг сонгох ухааныг манлайлал буюу leadership гэдэг байна.

Сандлыг мэргэжлийн түвшинд тэгшилэн өрж чаддаг ур чадварыг, эсвэл жин тээхдээ мундаг, тэмээнүүдээ сайн амрааж, хүчийг нь зөв зохицуулж чаддаг хүнийг бол менежер буюу менежмэнттэй хүн гэдэг байна. Живэхгүй хөлөг онгоц дээр, эсвэл буцахдаа мөнгө олоод явах боломжтой замаар явж байгаа үед бол энэ ур чадвар үнэтэй байдаг.

2011-06-28

Proactive vs. Reactive

“Гал унтраах” гэж манайхан ярьдаг даа. Ямарваа асуудал гэнэт босч ирэхэд түр зуур ч болтугай намжаахыг ингэж хэлээд байгаа юм. Тухайн асуудал тулгарах магадлал өндөр гэдгийг мэдсээр байж шийдвэрлэх, зайлсхийх арга чарга хайхын оронд асуудал тулгарахгүй гэдэг жижигхэн магадлалд нь найдаад суух нь амар санагддаг, түүнийгээ “сүх далайтал үхэр амар” гэх хөгжөөнтэй үгний ард нууж орхих үе байж л байдаг. Хүн төрөлх араншингаараа аль болох хамгийн бага хүчин чармайлтаар зорилгодоо хүрэхийг хүсдэг хандлагатай байдаг тул бид бүгдэд ийм чанар их бага хэмжээгээр бий. Асуудал босоод ирэх хүртэл нам жим сууж байгаад, асуудлыг нэгэнт нүүрлэсэн үед нь шийдэхийг хичээх энэхүү хандлагыг reactive гэдэг аж.

Proactive нь харин эсрэгээрээ, асуудал тулгарахыг урьдчилан бодож олох, эерэгээр зайлсхийх төлөвлөгөө зохиож хэрэгжүүлэх, хэрэв тулгарвал зохицуулах, шийдвэрлэх арга чаргыг мэдэж авах, гүйцэтгэхээр төлөвлөх бодлоготой хүнийг ингэж тодорхойлдог. Дээрх хоёрын аль нь ирээдүйд амжилт гаргахад илүү нөлөөлнө гэж санагдав? Proactive хүн ч мөн адил аль болох хамгийн бага хүчин чармайлтаар зорилгодоо хүрэхийг хичээгч төрөлх араншинтай хүн шиг л хүн. Гэхдээ гол ялгаа нь бол proactive хандлагын хувь нь давамгайлсан байдаг. Ө.х reactive хандлагаа бууруулж чадсан хүн. Амьдралын бүх л зүйлд ийм хандлага чухал болохыг ойлгож авахын тулд хүн болгонд их бага хэмжээний хугацаа хэрэгтэй, ойлгож авалгүй дуусах хүн ч байх магадлалтай тул эрт ойлгож тодорхойлсон нэгнийхээ санааг дамжуулж буй минь энэ.

2011-04-08

Чонон сүлд

Уг нь шинэ жилийн үеэр уншиж дууссан боловч блог
дээрээ тэмдэглэж үлдээх зав муутай гүйсээр өдий хүрлээ.


Монгол Хятад хоёр шиг түүхийнхээ турш биенээ үзэхгүй явж ирсэн улсууд хир олон байдаг бол. Ер нь түүхэн хөрш орнууд тийм байдаг ч юм болов уу. Уншаад өнгөц дүгнэхэд: Урт удаан хугацааны түүхэнд Хятад хүн ингэж манай талд орж байсан нь юу л бол гэж бодохоор, гэхдээ бодох тусам уг номны гол сэдэв нь зөвхөн хоёр улсын хэмжээнд л яриад байгаа зүйл биш байна. Энэ хоёр улсын нэг нь нөгөөгөө ялж дийлэх баатар заатар бол бид энэ номны тухай ярих бүртээ орхиод байдаг гол агуулгын дэргэд чипуха сэдэв!

Оны өмнөхөн хоёр ном авсан нь хоёулаа сүүлийн хагас зуун жилд байгаль дэлхий онц их хохирол амсан сүйдэж байгаа тухай байв. Дэлхий даяараа анзаараасай гэсэн зохиолчдын хүсэл. Нэг нь барууны амьдралын хэв маягийг бишрэн шүтэж даган дуурайгч дэлхий нийтийг шүүмжилсэн бол нөгөөх нь нүүдэлчний амьдралыг улам улам шахаад устгаж буй суурин иргэншлийн тухай...

Энэ ном дахь чонын тухай яриа бол байгалийн тэнцвэрийг бариулж явахын чухлыг ухаарсан нүүдэлчний тухай яриа юм. Чоно нь устаж тэнцвэр нь алдагдахад нүүдэлчин суурин иргэнд байраа тавиад тал нутгын амь тасарсан тухай муухай түүх шүү дээ.

Ёс заншлаа биднээс илүү сахидаг гээд байдаг Өвөр буюу өмнөд Монгол маань угтаа бол аль хэдийнээ нүүдэлчний амин сүнсээ тэнгэрт өргөсөн гэдгийг л олж харах шив.

Нөгөө номоо (Халуун хавтгай хавчигдмал дэлхий) ч бас уншсан, удахгүй дахин нэг сэтгэгдлээ бичиж үлдээнээ.

2011-03-28

2011 оны эхний post 3.28нд, 10 онд ер нь гар хүрсэнгүй шахуу байлаа даа, Харин энэ жил блогоо жаахан сэргээнэ. Бичмээр санагдсан, бодогдсон юм мэр сэр байна.