Pages

2009-08-10

Алхимич мөн Зэн-Буддизм хоёр номны талаар цухас

Пауло Коэло – Алхимич номын хэсгээс...
...”Би хааяа гомдоллодог бол яая гэхэв дээ, би чинь хүний зүрх учир тэгж болох шүү дээ. Бид цөмөөрөө хамгийн нандин мөрөөдөлдөө хүрэхээсээ эмээдэг биз дээ, яагаад гэвэл бид түүнийгээ давахгүй ч юм уу эсвэл хэрэгжүүлж чадахгүй хэмээн айдаг. Үүрд хагацаж байгаа дурлалт хосуудыг, аз жаргалтай өнгөрөөж болох асан атлаа тэгээгүй мөчүүдийг, олж болох байсан ч олоогүй, элсэнд үлдсэн эрдэнэс. Эдгээрийн тухай бодохоос л айдас хүрч хүмүүсийн зүрх бид шимширдэг юм. Яагаад гэвэл ийм тохиолдлуудад бид шаналдаг юм аа”.
Миний зүрх шаналахаасаа айж байна хэмээн нэгэн саргүй шөнө харанхуй тэнгэр өөд харан Алхимичид хэлэв.
Чи тэгвэл түүндээ шаналахаасаа айх нь шаналахаасаа дор байдаг юм гэж хэл. Мөрөөдлөө хайхаар замд гарч байгаа ганц ч зүрх шаналдаггүй юм, юу гэвэл тэр эрэл хайгуулын мөч бүр нь Бурхан хийгээд Өнө мөнхтэй учирч буй учрал мөн... Энэ бол энэ номны гайхалтай хэсгүүдийн нэг нь.

Юн Мао Ши хэмээх багш өдөр тутам зэнг баримтлах талаар:
Маш амархан. Анхны, гол зарчим бол “Бүү яар”. Та яарлаа гээд үр дүнд хүртэлээ улам л удах вий. Бас та залхуурсан мэт хойрго хөшүүн байж болохгүй. Бүхий л ажил чинь эгээ л хөгжимчин хүн ятгынхаа чавхдсын хөгийг тааруулж буй мэт байх ёстой. Хэт чанга хэт сул байж болохгүй.
Ингэсний эцэст та эргэцүүлэн бодох, шийдвэр гаргахад хөтөлж буй тэр зүйлээ л харж байх ёстой. Өдөр бүр цаг ямагт түүнээ харж бай. Хаанаас ийм эргэцүүлэл, шийдвэр гарч буйг олохыг хичээж зүрхнийхээ гүнд хүрч бай. Хэрвээ түүнийгээ хаанаас ч бай олоод харчих л юм бол, таны урьдын мэдэх эд юмс, байнга хийдэг ажил төрөл чинь аажмаар огт мэдэхгүй зүйл болон хувирах вий.
Таны ажил амар хялбар санагдаад л явчих юм бол та ажилдаа амжилт гаргахаа болино. Харин ажил тань сайн байгааг та мэдэрч байх юм бол, таны ажил хялбархан бүтнэ.
Г.Аюурзана – Зэн буддизм: Амьдралаас ангижрахуй номоос...

Ойрын үед дахин дахин уншиж буй хоёр номтой болоод байгаа, тэдгээрийнхээ дуртай хэсгүүдээс блог дээрээ орууллаа. Уншигч танд дээрх хоёр хэсэг ойлгомжгүй санагдаж болох л юм. Ялангуяа сүүлийн Зэнгийн тухай, бас номынх нь нэр зэрэг нь бүүр гайхахад ч хүргэж болно гэдгийг би мэдэж байна. Гэхдээ л надад Зэн буддизм гэх энэ урсгал их сонирхолтой санагдаад байгаа юм. Санамсаргүй тохиолдоор Аюурзаны ‘хар’ цувралын нэгийг авч уншсан маань гарцаагүй аз. Миний энэ бичлэг танд энэ номыг авах сэдэл төрүүлсэн бол Мишима Юкиогийн Алтан Сүмийг бас аваад уншаарай. Би дээхнэ бичиж байсан энэ бичлэг дээр Алтан сүм номонд гардаг коаны тухай гайхашран бичсэн минь бий.
Зэн нь Энэтхэгт үүсээд Хятад Японд их хүчтэй хөгжсөн буддын нэгэн том урсгал юм байна. Манайхан ч бас аглагт суугаад Даяан хийдэг лам нарын тухай түүх номоос уншиж дуулж байсан байх. Тэр бол Зэн юм. Хүн хорвоод мэндлэхдээ Буддагын гэгээн шинж чанартай төрдөг бөгөөд учир шалтгаанаар нөхцөлдсөн энэ хорвоод өсөж торних зуур энэ шинжээ гээдэг гэх үзэл бий. Буддын гол үзэл бол хүн бүр гэгээрэлд хүрч Будда болж болно гэх сургааль юм. Үүнд хүрэхийн тулд бага залуугаас бурханы номд шамдан суралцаж нэг насны амьдралаа түүнд зориулахыг номлодог урсгал байдаг, харин Зэн бол утга учир логик сэтгэлгээний хязгаараас давсан өвөрмөц парадоксууд болох коануудын тусламжтайгаар хүнийг шууд гэгээрэлд хүргэж болно хэмээн үздэг аж. Энэ утгаараа ямарваа нэгэн ном судрын ёсыг сахихгүй байх, тэрч бүү хэл бурхан шүтээн хийж тахихаас хүртэл татгалзаж гагцхүү багшаас шавьд уламжлан явсаар өдийг хүрсэн нь илүүтэй сонин.
Энэ чиглэлээр тэр чигээрээ замнаад явчихгүй ч гэсэн дорно дахины сэтгэлгээний бас нэгэн гоц сор хэлбэр болох Зэнгийн тухай мэдлэгтэй болсоноор амьдрал илүү үнэн гэрэл гэгээгээ цацруулахыг, илүү энгийн дуу авиагаараа эгшиглэхийг мэдрэх болноо.
Post a Comment