Imdb 250-г 9.2 оноогоор (яг одоо) тэргүүлэгч киноны тухай бүх хүн мэднэ бизээ. Ном нь Монголоор орчуулагдан гарсан байдаг юм байна. Киног нь үзсэний дараа номыг нь уншиж үзсэн Hunger Games-ын төрүүлсэн сэтгэгдэлээс үүдэн уг номыг уншихаар барьж авсан нь ямар ч байсан алдсангүй.
Миний хувьд нотлох баримтууд ямар түвшинд байхыг хангалттай гэж үзээд ял оноодог тухай юу ч хэлж мэдэхгүй. Гэхдээ л гэмгүй хүнийг гэмтэн хэмээн үзэх, хийгээгүй хэргийнх нь төлөө яллахад хүргэж болно гэдгийг зохиолоос харлаа.
Цаазаар авах ял оноодоггүй муж байсан нь Эндийгийн хувьд зол болж, зохиол үргэлжлэх нь хэрэв уг хэрэг өөр мужид гарсан бол хууль гэмгүй хүнийг нөгөө ертөнцөд илгээж болох байсан шүү гэсэн мессежийг өгч байна. Үүгээрээ зохиолч буруугүй хүнийг яллаж болох ямар нэгэн магадлал байгаа л бол цаазаар авах ялаас татгалзах бодлыг олон хүнд төрүүлсэн байх гэж бодлоо. Жишээлбэл цаазалбал зохих хэрэг хийсэн хорин хүний дотор аль нэг нь буруугүй нь тодорхой, мөн түүнийг хэн нь вэ гэдгийг олох боломжгүй байвал ихэнх нь хэрэг хийсэн юм чинь гээд бүгдийг нь цаазлах шүүгч арай гарахгүй биз дээ? Буруу яллах магадлал байгааг хүлээн зөвшөөрч л байгаа бол цаазаар авахаас өөр арга олох нь хүнлэг юм байна.
Зөвхөн цаазаар авах ялын тухай хэлэлцэх сэдэл төрүүлсэн зохиолч ч биш л дээ. Шоронд олон жил хоригдсон хүмүүсийн сэтгэл зүй, амьдрах хэв маяг ихэнхдээ л наранд гараад эргэж дасахааргүй эвдэрдэг тухай хэлэлцүүлэг хийвэл зохих чухал бас нэг сэдэв байна.
Түүнчлэн яг үнэндээ аль нь хууль сахиулах ёстой "хуяг", аль нь хүмүүжих ёстой "ялтан" бэ гэдгийг ялгахад хэцүү өрнөл ч уг зохиолд бий.
Сайн зохиол гэдэг бол уншигч, үзэгчдэд, юм бол ийм байдаг гэж сургахаасаа илүү ийм байж болох юм шүү гэсэн хувилбар санал болгодог юм шигээ. Байж болох хувилбарыг нотолгоотой, үндэслэлтэй нь гаргаж тавьсанаараа бидний олж хардаггүй зөрчлийг харуулж улмаар бидний дотор өөрчлөлтийг өдөөж, хөгжил рүү чиглүүлэх, тэмүүлэх хүч хайрлаж байдаг юм байна гэж бодогдлоо.