Pages

2010-06-23

Монгол википедиа буюу Дэлхийн хамгийн том нэвтэрхий толь

Википедиаг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Өдөр тутам биш юм аа гэхэд ямар нэг шинэ ойлголт тодорхойлолтыг хамгийн түрүүн энэ сайтаас хайж олдог болохоор Google мэтийн хайлтын системээр хамгийн өндөр эрэмбэтэй гарч ирдэг болсоор удаж байна. Энэ сайтын талаар би аль эрт мэддэг болсон ч үр дүнтэй ашиглах талаар ер нь бодож байсангүй.
Манай мэргэжлийн салбар (IT) маш хурдан хөгжиж байдаг онцлогтой болохоор шинэ ойлголт ухагдахуунуудыг мэдэж авах шаардлага байнга тохиолддог. Тэгээд л википедиатай нөхөрлөнө. Мөн ч олон удаа хэрэгтэй зүйлээ олж баярласан даа. Харин одоо бол википедиагийнхаа ачийг хариулах гээд энэхүү бичлэгийг бичиж сууна.

Хүн зөв хэрэгтэй мэдлэг мэдээллээр өөрийгөө цэнэглэж байх бол сайн зүйл, зайлшгүй зүйл, гэхдээ зөвхөн яг хэрэгтэйгээ шүү. Энэ тухай дараагийн бичлэг дээрээ илүү дэлгэрүүлж бичье. Харин одоо бичлэгээ үргэлжлүүлэхийн тулд жишээ авъя:
- Манай улс бол хөгжиж буй орон, уул уурхайн салбар нь хөгжлийг нь хурдасгах гол салбар гэж хүн бүхэн л ярьдаг. Гэтэл түүхэнд манайх шиг улсуудад Голланд өвчин гэх том шалгуур тулгарч, олон улс энэ хүнд шалгуурыг давж чадаагүйгээс иргэний дайн, ядуурал, ялзралдаа баригдсан ч гэж бас ярьдаг. Энэ бол Монголд хаа сайгүй яригдаад байгаа асуудал, түүнээс биш яг онолын үүднээс аваад үзвэл ямар ойлголт, ямар учир шалтгаантай, ямар үр дагаварт хүргэдэг, ямар аргаар зайлсхийх боломж байна гэх мэтийн талаар миний л хувьд огт ойлголтгүй явж ирсэн болохоор википедиагаас хайгаад үзсэн юм. Тэгээд тэндээс олсон Голланд өвчин (Dutch Disease) гэх энэ ойлголтыг өөрийгөө үл голон монгол википедиа уруу нь орчуулан оруулж ирэхээр шийдсэн. Англи хэлний мэдлэг дульхан, дээр нь эдийн засгийн салбарын хүн биш хэдий ч ийнхүү зориглосон гол шалтгаануудаа жагсаан бичвэл та бүхэнд сонин байх болов уу гээд доор цувуулан бичлээ.
  1. Голланд өвчин гэх энэ ойлголтыг өөрөө ямар ч байсан зохих хэмжээнд мэдэж авах (уншаад өнгөрөхөөс илүү орчуулаад үзэхэд хамаагүй их зүйл үлдэнэ гэж тооцов)

  2. Википедиадаа хувь нэмэр оруулах буюу Голланд өвчин гэх ойлголтын талаар өөртэй гээ адилхан ойлголтгүй хүмүүст тус хүргэх

  3. Эдийн засгийн салбарын бага сага ч атугай нэр томьёог Англиар нь мэддэг болох

  4. Манай улсад тохиолдох магадлалтай эдийн засгийн аюултай үзэгдэл мөн л юм бол бид үүний талаар нийтээрээ зөв ойлголттой болж авах нь хамгийн сайн дархлаа гэх зэргээр бодлоо.
Бүтэн орчуулж дуусаагүй байгаа, дээр нь олигтой орчуулга болоогүй гэдгийг ч мэдэж байна. Гэхдээ л ямар ч байсан үр дүнтэй байгааг та ороод үзээрэй. Мөн эгдүү тань хүрэхээр орчуулга байвал нээлттэйгээр шүүмжлэхэд би гомдох зүйлгүй ба та хэний ч зөвшөөрөлгүй шууд засварлан бичих, үргэлжлэлийг нь орчуулан оруулах боломжтой юм.
Яг одоо Монгол википедиа дээр 4634 бичлэг орсон байгаагаас үзвэл их идэвхтэй чамгүй олон залуус энд үүрлэсэн юм байна гэж бодохоор байна. Та ч гэсэн тэдний нэг болох үүд хаалга үргэлж нээлттэй. Олон хүн оролцох тусам хэрэгтэй мэдээллүүд улам их болж, улам олон хүнд тус болох аварга том нэвтэрхий толь болон хөгжинө.

No comments: