Pages

2016-09-06

Өөрчлөлтийн тухай

Бизнесийн байгууллага дотор энэ л зөв гээд эхэлж байсан өөрчлөлт үр дүнгүй болж, нэг мэдэхэд замхараад алга болох, хугацааны хувьд сунжирах, ач холбогдолгүй болох, хэрэгжүүлж байсан хүмүүс нь шантрах г.м-ээр янз бүрийн бэрхшээлтэй тулгардаг. Мөн ихэнх өөрчлөлтүүд их бага янз бүрийн эсэргүүцэлтэй заавал тулгардаг.

Гэтэл хурдтай өөрчлөгдөх чадвар, хурдан дасан зохицох чадвар байгууллагад амин чухал гэдэгтэй маргах хүн нэг ч байдаггүй. Яагаад ер нь эсэргүүцэл заавал гардаг юм бэ?

Энэ номонд нэгэн мөрдөгч сарын дотор ижил овогтой гурван хүн оффис дээрээ алагдсан цуврал гэмт хэрэг дээр ажиллаж байгаа тухай гардаг. Гурван хохирогчийн овог нь Өөрчлөлт.

Мөрдөгчийн тогтоосон 13 сэжигтэн байгаа бөгөөд сэжигтнүүд бүгд энэ оффист ажилладаг байна. Нэрсийг нь жагсаавал:



  • Соёл
  • Амлалт
  • Дэмжлэг
  • Харилцаа
  • Алсын хараа
  • Төлөвлөгөө
  • Төсөв



  • Сургагч
  • Урамшуулал
  • Яаралтай байдал
  • Манлайлал
  • Гүйцэтгэл
  • Хариуцлага 


  • гэх мэтийн хүмүүс байна. 

  • Add caption
    Мөрдөн байцаагч маань сэжигтнүүдээс нэг нэгээр нь байцаалт авч, хооронд нь нүүрэлдүүлж, Өөрчлөлтүүдийг хэн хороосон тухай сэжүүр бүрийг шалгаж байгаагаар үргэлжилдэг юм байна.
    Хэрэв та энэ хэргийг мөрдөж байсан бол хэнээс эхэлж, ямар дарааллаар байцаалт авах вэ? Ер нь хэн буруутай байдаг вэ?

    Монголын бизнесийн байгууллагуудад яг ийм хэрэг их гардаг гэж бодож байна. Монголд юу өөр, юу адилхан байх бол?


    2016-02-24

    Steve Jobs

    ...Хоёр жил блогтоо гар хүрээгүй юм байна. 
    ...Саяхан үзсэн киноноос төрсөн сэтгэгдлээ сийрүүлж оруулав. 

    Steve Jobs - Цангасан заан ус руу зүтгэх мэт

    Төсөөл дөө, цангасан хүчирхэг адгуус усны бараа хараад, улангасан зүтгэж явахад хөлд нь орооцолдсон элдэв жижиг, нялцгай амьтад түүнд үнэхээр сонин биш буйзаа.

    Жобсын амьдрал ийм сэтгэгдэл төрүүлдэг.

    Ихэнх хүн заан лугаа адил хүчирхэг зан араншинтай бишийн дээр, цангах мэт тодорхой "хэрэгцээ"-гээ, ө.х зорилгоо мэдэхгүй, сонирхоогүй, бодож үзээгүйгээс улангасан зүтгэх ямар нэг чиг байдаггүй юм бишүү? гэсэн асуулт...

    С.Жобсын Бүрэн цадиг номон дээр: "Түүний хувьд бага гэдэг бол их, энгийн гэдэг бол ер бусын байдаг. Бүтээгдэхүүнээсээ өгсүүлээд Apple-ын дэлгүүрүүдээ байгуулахдаа хүртэл бүгдийг энэ зарчмаараа л хийсэн" гэж гардаг. 

    Юмыг энгийн хийх хамгийн хэцүү. Нэг зохиолч захианыхаа эхэнд, "Уучлаарай товчхон бичих цаг байхгүй учир уртаас урт захиа илгээлээ" гэсэн байдаг. :) Энгийн хувилбарыг нь олж харах авъяас билэг, мэдрэмж хэн хүнд заяагаад байхгүй ч хөгжүүлэх боломжтой байх гэж найдаж байна. 

    ...Ер нь ганцаараа л зүтгээд байгаагүй, хамтран зүтгэх "заануудын" эрэлд өөрийн биеэр цаг үргэлж ажиллаж байсан бололтой юм. Ойлгоогүй эсэргүүцсэн, ачааллыг нь даагаагүй, зан аашийг нь тэвчээгүй олон хүн одоо ч түүнийг сайнаар дурсдаггүй.
    Хүчтэй олон заанаар сүргээ бүрдүүлэхээр их хичээсний үр дүнд хяналтаа алдаж, өөрөө сүргээсээ хөөгдөж ч явсан.
    Ингэхэд чи дизайнер биш, инженер биш, бүүр маркетер ч биш. Чи ер нь юу хийсэн юм бэ гэж асуухад "Би оркестрийг удирддаг" гэж итгэл төгс хариулсан. Ингэж хэлсэн эсэхийг мэдэхгүй юм... Киноны шийдэл байх л даа. Хүн удирдах зовлонг ойлгодог олон хүний сэтгэлд хүрсэн байх...

    Манлайлал бол нөлөөлөл гэдэг
    Жанцанноров гуай зуун эрхэмээр ярихдаа: хүн үхэхдээ биеэ л орхидог болохоос ер нь байж л байдаг юм биш үү? гэсэн. Үүнийг ойлгохдоо, нөлөөллийнх нь хүчээр бий болсон үзэл санаа кино, ном, яриа г.м-ээр ийнхүү түгэн дэлгэрч, бүрдүүлсэн "зааны сүрэг" нь тэр чигээрээ амжилттай пижигнэсээр байгааг нэг талаас хэлсэн юм уу ч гэж бодох...

    “...Товчилбол би үүнийг хийнэ, түүнийг хийхгүй гэж
    Тодорхой урьдаас ажиглаад шийдэж нэг орвол
    Цангасан заан ус руу дайрах мэт яавч буцалтгүй зүтгэж
    Цаад эцэст нь хүртэл ажлаа магадтай гүйцээн зохио.”

    Данзанравжаа