Айн Рэнд гэгч зохиолч эмэгтэйн бичсэн "Атлантын нуруу тэнийв" (Atlas shrugged) романаас сэдэвлэн хийсэн киног санамсаргүй үзээд номыг нь олж уншвал лавтайяа цагийн гарз болохооргүй эд байна даа гэсэн бодолтой явтал twitter-т @mona_Tb гэгч бүсгүй Эх сурвалжийг (The Fountainhead) нь эхлээд уншвал зүгээр гэж зөвлөхөөр нь анх уншихаар барьж авч билээ. За энэ бол энэ номыг унших болсон шалтгааныг дурсан бичсэн тэмдэглэл байлаа.
Айн Рэнд хүмүүсийг, хүний нийгмийн хөгжилд оруулсан/оруулдаг хувь нэмрээр нь ерөнхийд нь дөрвөн хүнээр төлөөлүүлэн өөрийн үзэл бодлыг роман болгож хүргэсэн байна.
Энэ дөрвөн хүн нь дотроо мөн хоёр төрөлд хуваагдана. Бүтээгч ба Шимэгч хүмүүс.
Өмнөх үеийнхээ бүтээгчийн бүтээлээс урам дэм авч, суралцаж, дараагийн бүтээлийг бий болгох замаар замнасан цөөхөн хүмүүсийн ачаар л одоогийн хөгжлийн шатанд бид ирсэн. Гэтэл бүтээгчдийн замд шимэгчдийн армийн учруулдаг хор уршиг ёс юм шиг л дагалддаг тухай өгүүлжээ. Тэр арми жанжинтай, зохион байгуулалттай, зорилготой байдаг нь харамсмаар, бас өөрийгөө яг үнэндээ хэнийх талд нь байна вэ гэдгээ бодмоор санагдах үе цөөнгүй гардаг ном байна.
Бидэнд илүү сонирхолтой байж магадгүй нэг хэсгийг сонирхуулая:
...Хүмүүст, хамгийн сайн сайхан үйл бол авах биш өгөх гэж зааж сургаж байна. Гэтэл бий болгоогүй зүйлийг өгч болохгүй шүү дээ. Бүтээх гэдэг нь өгөх, тараахаас өмнө бий болдог. Эс бөгөөс өгөөд байх юу ч байхгүй. Бүтээгчийн хэрэгцээ нь өглөг тараагчийн хэрэгцээ гэх зүйлээс ямагт түрүүнд байдаг. Гэтэл өөрийн хийж бүтээгээгүй зүйлийг бусдад бэлэглэгчийг, тэр бэлгийг бий болгосон хүнээс дээгүүрт тавьж шүтэхийг зааж байна. Өглөг буяныг шүтэн биширч байна. Харин ололт амжилт авчирсан үйлдлээс, бүтээлээс толгой сэгсэрч байна...
Дээрх өгүүлбэрийг манай нөхцөлд буулгаад харахад: Татварын санд ганц төгрөг хийдэггүй баагий Татварын мөнгөөр гэр бэлэглэж, гэгээрсэн дүртэй зурагтаар өөрийгөө сурталчилж байна.
Өөрөө чаддаггүй, хүнээс хэт хамааралтай нөхдүүд л хамт олонч ёс суртахууныг сайхан зүйл мэтээр байнга үглэж, хүмүүс бүгдээрээ өөрийгөө огоорч бусдадаа л тусладаг байгаасай, битгий тэгчээсэй, битгий ингэчээсэй гэсэн түмэн айдсаасаа болоод бүтээгчийн үйлдлийг хорьж хянах хүсэлдээ автан улмаар дайсан нь болон хувирдаг гэсэн хувийн дүгнэлт хийв.
Хүмүүсийн яриад явдаг үг хэлэнд нь бүү итгэ, үзэл бодлоо ийм тийм гэсэн тайлбарт нь ч бүү итгэ, харин үйлдлийг нь ажиглаж хараад итгэж бай гэсэн утгатай ном юм аа гэж хэлсэн орчуулагчийнх нь үг уншаад дууссаны дараа нэгийг бодогдуулна.