Pages

2013-12-21

Төр улс цогцолсон нь

Start-Up Nation гэх bestseller номыг Nepko энэ онд орчуулаад гаргасан байна. Өмнө нь би Израйлийг Палестин гэдэг улсын газар нутаг дээр Америк болон барууны орнуудын тусламжтай гэнэт гарч ирээд газар нутгийн төлөөх олон жилийн дайн самуун өдөөж бөөн хэрэг тарьсан улс юм гэсэн төсөөлөлтэй байснаа нуугаад яахав. Өөрсдийнх нь тайлбарлах өнцгийг хараад учиргүй Израйлчуудын зөв юм гэж бодоогүй ч өмнөх төсөөллөөс арай өөр нүдээр тэднийг харж, хэрэгтэй зүйлээ "сурч авах" ёстой улс юм гэж бодох боллоо.
Энэ ном бүхэлдээ өндөр технологи бий болгох түүнээс бүх ирээдүй маань хамаарна гэж ухамсарлан "бүх бооцоо"-гоо тавьж зүтгэснийхээ үр шимийг нь хүртэж яваа улсын тухай юм.
Израйл улсыг үүсгэн байгуулсан хүмүүсийн манлайлал, үзэл бодол, тэдний дайснууд, холбоотнууд, хөршүүд, еврэй хүний онцлог, олон орноос цагаачлан суусан өөр өөр соёлын хольц, иврит хэл, цөөн хүн ам, байнгын арми зэрэг онцлогууд нь дэлхийн хаана ч байхгүй өвөрмөц улс бий болох шалтгаан болжээ.
Эргэн тойрны дайсагнагч улсуудын учруулж болзошгүй аюултай нөхцөл байдлаасаа болоод интернет бол тэдний олон улстай чөлөөтэй харьцан бизнес хийж болох ганц гарц болсон. Улмаар интернетээр яриа дамжуулах нэг шинэ технологийг бий болгон Америкын зах зээлд өндөр үнээр зарж чадсанаар технологи сонирхох явдал газар авч энэ талаар улсаас нь тодорхой дэмжлэг үзүүлэх арга эрэлхийлж эхэлсэн байна.
Йозма буюу санаачлага гэсэн нэртэй улсын хөтөлбөр бий болсоноор шинэ технологи, инновацийг үүсгэдэг тогтолцооных нь гараа эхэлсэн. Йозма хөтөлбөрийн санаа нь бол:
- Засгийн газар 100 сая долларын хөрөнгө оруулалт хийж, тодорхой чиглэл бүхий хэд хэдэн венчур капиталын сан байгуулна. Сан бүр Израйлийн суралцаж буй вебчур хөрөнгөтнүүд, гадаадын том венчур капиталын фирм, израйлын банк гэсэн гурван талаас төлөөлөлтэй байна.
Улсаас 8 сая доллар авахын тулд гадаад венчур фирмтэй нийлээд 16 саяын хөрөнгө босгож Израйлын технологийн салбарт хөрөнгө оруулах ёстой.
Засгийн газар сангийн 40 хувийг 5 жилийн турш эзэмшиж байгаад амжилттай ажиллаж эхэлбэл өөрийн хувиа сан байгуулагч нарт хямд үнээр авах бололцоо олгон сангаас гарах зарчимтай байсан нь гадны том фирмүүдийн сонирхолыг татах мэргэн бодлого гэж номонд дурджээ.

Венчур сан гэдэг нь тодорхой нэг мэргэжлийн чиглэлийн компаниудад дагнан хөрөнгө оруулдаг сан юм. Шинээр эхэлж буй компаниуд ийм санд төслөө танилцуулан хөрөнгө оруулалт олох бөгөөд 100 компанид хөрөнгө оруулаад бараг ганц нь л амжилттай болсон тохиолдолд ашигтай ажиллаж болох загвар бүхий хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм.

Миний ойлгож буйгаар гадны венчур капиталын фирм оруулж ирэх нь шинэ технологи бий болгоход шаардлагатай менежмэнт, ерөнхий арга зарчим нь мөн орж ирдэгээрээ улсад маш өгөөжтэй улмаар илүү богино хугацаанд ашигтай ажиллах боломж нэмэгдэхээс гадна гадаад зорилтот том зах зээлтэй холбох гүүр болж чадах давуу талтай юм.

Монгол улс маань ийм тогтолцоо бий болгож чадвал тэдэн шиг улсаа гэсэн сэтгэлтэй эрдэм өвөрлөн ирэхээр явцгаасан олон мундаг хүмүүс байгаа нь эргэлзээгүй.

Израйлын олон ийм хүмүүсийн жишээ, түүхэн явдлуудаар баялаг энэ номоос нэг хүний түүхийг өөрийн санаанд буйгаар тэмдэглэн үлдээе.
Фроман гэдэг хүн Израйлаас АНУ руу техникийн мэдлэгт суралцахаар яваад тэндээ Berkley-ын их сургуульд сурч төгсөөд Intel компанид маш амжилттай ажиллаж байгаад Израйл буцах болсон тухайгаа удирдлагууддаа хэлжээ. Intel-ийнхэн чухал хүнээ зүгээр явуулахгүйн тулд очих газарт нь салбараа байгуулах шийдвэр гарч Intel Israel байгуулагдсан байна. Анхандаа таван хүнтэй эхэлсэн боловч яваандаа Intel-ын шинэ технологи бий болгодог чухал салбар болон хөгжиж Centrino, Core Duo, Dual Core концепцуудыг үүсгэн, үйлдвэрлэлд нэвтрүүлж чадсан байна.

Номын тухай твитрээр->


2013-01-26

Эх сурвалжийн тухай дахиад

Бүтээгч нь бүтээж бусад дөрөв нь ашгаа бодож байна гэж тайлбарлаж болохоор гоё зураг оллоо.
Айн Рэнд энэ номыг1943 онд бичээд тухайн үедээ шуугиан тарьж байсан. Манайхан тэр үед жинкэн коммунизм, социализмаар амьсгалаад байж байсан. 
Монгол хэл дээр 2008 онд орчуулагдаж гарснаас хойш Сосорбарам гуай л хэдэн хүүхдүүдээс уншсан эсэхийг нь байцаахаас өөрөөр бусад хүмүүст тоогдохгүй, тэгсэн хирнээ шашин, бөө мөргөл моодонд орж шинжлэх ухааныг эгээ л бууж өгөөд мухардалд орчихсон хэрэггүй хог мэтээр үзэх үзэл галзуураа юу гэмээр, тэгсэн мөртлөө хүн бүр гоё гар утас барьж бөө нь хүртэл twitter-дсэн холион бантангийн эрх чөлөөт улс болжээ. Юун бүтээгчдийг анхаарахтай манатай.

Эх сурвалж

Айн Рэнд гэгч зохиолч эмэгтэйн бичсэн "Атлантын нуруу тэнийв" (Atlas shrugged) романаас сэдэвлэн хийсэн киног санамсаргүй үзээд номыг нь олж уншвал лавтайяа цагийн гарз болохооргүй эд байна даа гэсэн бодолтой явтал twitter-т @mona_Tb гэгч бүсгүй Эх сурвалжийг (The Fountainhead) нь эхлээд уншвал зүгээр гэж зөвлөхөөр нь анх уншихаар барьж авч билээ. За энэ бол энэ номыг унших болсон шалтгааныг дурсан бичсэн тэмдэглэл байлаа.

Айн Рэнд хүмүүсийг, хүний нийгмийн хөгжилд оруулсан/оруулдаг хувь нэмрээр нь ерөнхийд нь дөрвөн хүнээр төлөөлүүлэн өөрийн үзэл бодлыг роман болгож хүргэсэн байна.
Энэ дөрвөн хүн нь дотроо мөн хоёр төрөлд хуваагдана. Бүтээгч ба Шимэгч хүмүүс.

Өмнөх үеийнхээ бүтээгчийн бүтээлээс урам дэм авч, суралцаж, дараагийн бүтээлийг бий болгох замаар замнасан цөөхөн хүмүүсийн ачаар л одоогийн хөгжлийн шатанд бид ирсэн. Гэтэл бүтээгчдийн замд шимэгчдийн армийн учруулдаг хор уршиг ёс юм шиг л дагалддаг тухай өгүүлжээ. Тэр арми жанжинтай, зохион байгуулалттай, зорилготой байдаг нь харамсмаар, бас өөрийгөө яг үнэндээ хэнийх талд нь байна вэ гэдгээ бодмоор санагдах үе цөөнгүй гардаг ном байна.

Бидэнд илүү сонирхолтой байж магадгүй нэг хэсгийг сонирхуулая:
...Хүмүүст, хамгийн сайн сайхан үйл бол авах биш өгөх гэж зааж сургаж байна. Гэтэл бий болгоогүй зүйлийг өгч болохгүй шүү дээ. Бүтээх гэдэг нь өгөх, тараахаас өмнө бий болдог. Эс бөгөөс өгөөд байх юу ч байхгүй. Бүтээгчийн хэрэгцээ нь өглөг тараагчийн хэрэгцээ гэх зүйлээс ямагт түрүүнд байдаг. Гэтэл өөрийн хийж бүтээгээгүй зүйлийг бусдад бэлэглэгчийг, тэр бэлгийг бий болгосон хүнээс дээгүүрт тавьж шүтэхийг зааж байна. Өглөг буяныг шүтэн биширч байна. Харин ололт амжилт авчирсан үйлдлээс, бүтээлээс толгой сэгсэрч байна...

Дээрх өгүүлбэрийг манай нөхцөлд буулгаад харахад: Татварын санд ганц төгрөг хийдэггүй баагий Татварын мөнгөөр гэр бэлэглэж, гэгээрсэн дүртэй зурагтаар өөрийгөө сурталчилж байна.

Өөрөө чаддаггүй, хүнээс хэт хамааралтай нөхдүүд л хамт олонч ёс суртахууныг сайхан зүйл мэтээр байнга үглэж, хүмүүс бүгдээрээ өөрийгөө огоорч бусдадаа л тусладаг байгаасай, битгий тэгчээсэй, битгий ингэчээсэй гэсэн түмэн айдсаасаа болоод бүтээгчийн үйлдлийг хорьж хянах хүсэлдээ автан улмаар дайсан нь болон хувирдаг гэсэн хувийн дүгнэлт хийв.

Хүмүүсийн яриад явдаг үг хэлэнд нь бүү итгэ, үзэл бодлоо ийм тийм гэсэн тайлбарт нь ч бүү итгэ, харин үйлдлийг нь ажиглаж хараад итгэж бай гэсэн утгатай ном юм аа гэж хэлсэн орчуулагчийнх нь үг уншаад дууссаны дараа нэгийг бодогдуулна.