Pages

2010-01-29

Ангийханы зураг

Хар зургийг өнгөт болгодог BlackMagic програмаар янзлаад үзсэн нэг иймэрхүү болдог юм байна. Энэ манай ангийхан 5-р ангид байхдаа авахуулсан зураг. :)

Өмнө нь:


Дараа нь:

2010-01-22

Бүтээмж өндөртэй хүний 7 дадал


Англи нэр: The 7 habits of highly effective people

Зохиогч: Stephen R.Covey

Номын төрөл: Хүний хөгжил

Товч агуулга: Хүний тухай, хүний бүтээмж болон хүний зан чанарын тухай, ёс зүйн тухай зохиогчийн олон жилийн судалгаа, туршилт, ажиглалт дээрээ үндэслэн бичсэн энэхүү номоос та өөрийнхөө нөөц бололцоо, төвлөрөх ёстой өөрийн үнэлэмжүүдийг хэрхэн олж тодорхойлох, хүн өөрөө өөрийнхөө амьдралыг хэрхэн хөгжүүлэх боломжтой тухай олж мэднэ.

Орчуулсан: Н.Сома, Дөлгөөн, Уянга

Орчуулга хянасан: Ж.Бат-Эрдэнэ, Э.Юмчин

Орчуулан хэвлэсэн он: 2006

Үнэ: 13600 төгрөг /Интерном/

  • Зохиолч уг номыг бичих болсон гол шалтгаан нь юу вэ?

Хувь хүний хөгжлийн эсвэл амжилтанд хэрхэн хүрэх талаар өгүүлдэг маш олон ном зохиол бүтээлүүд байдаг. Гэтэл хувь хүний бүтээлч байдалд, амжилтанд эдгээр номнууд нэг л өнгөцхөн эмчилгээ, өнгөцхөн арга ухаан зааж яг хүмүүний хүсдэг тууштай жинхэнэ амжилт гаргах хүчин зүйл болж ихэнхдээ л чадахгүй байгааг зохиогч анзаарчээ. Өөрөөр хэлбэл хувь хүний ямар нэг ур чадварыг түргэн хугацаанд хөгжүүлэх, бусадтай харилцах, өөрийгөө илэрхийлэх янз бүрийн арга замуудыг өгүүлцгээх мөртлөө эдгээр арга барил, ур чадваруудыг эзэмшсэн хүмүүс ажилдаа амжилт гаргасан боловч амьдралдаа тодруулбал гэр бүлийн тал дээрээ ихийг алдсан байдаг, эсвэл гэр бүлийн амьдрал нь жаргалтай сайхан яваа мөртлөө ажилдаа амжилт гаргаж чадаагүйдээ сэтгэл гонсгор яваа нь ч бий. Мөн мэргэжилдээ маш сайн боловсорсон боловч харилцааны ур чадвараар тааруу, хамтын ажиллагаанд зүтгэхдээ учир начрыг нь олдоггүй хүн ч бий. Олон сайхан бизнес цэцэглүүлж амжилтанд хүргэсэн боловч амьдралдаа сэтгэл хангалуун бус дотроо шаналагсад ч байдаг гэнэ. Яагаад ийм зөрчилтэй хүмүүс олон байдаг юм бэ? Амьдрал нэгийг өгвөл нөгөөг нь заавал авдаг гэж үү? хэмээн зохиолч өөрөөсөө асуусан бизээ. Гэтэл амьдралынхаа аль ч талбарт төгс амжилт гаргасан хүмүүс цөөнгүй. Эдгээр хүмүүс болон дээрх хүмүүсийн үндсэн ялгаа юу юм бэ? Зохиолч энэ бүхний шалтгааныг тодруулж жинхэнэ амьдралын утга учрыг хайхаар олон жилийн өмнө замд гарч тууштай судалгаа шинжилгээ, ажиглалтын үр дүнд өөрийн гэсэн дүгнэлтэнд хүрсэн тул энэ ном бичигджээ.

  • Ерөнхий агуулга

Хүний зан заншил нь, өдөр тутмын жижиг сажиг гэлтгүй бүх үйл нь ирээдүйн амжилтынх нь үндэс шалтгаан болж байдаг тухай, өөрийн зарчим, хүсэл эрмэлзлэл хийгээд үнэт зүйлс, ажил амьдрал, үзэл бодол, ойлголтууд зэрэг таныг бүтээж буй бүхий л талууд өөр хоорондоо уялдаа холбоотой, зөрчилдөхгүй болж ирсэн цагт л жинхэнэ амжилт, жинхэнэ хүч чадал, жинхэнэ амар амгаланг олдог тухай өгүүлжээ.

  • Зохиолчийн итгэж үнэмшиж буй тэр арга зам юу вэ?

Энэ номонд хувь хүний зан заншлын ёс зүйг өөриймшүүлэхийн тулд зохиогчийн санал болгож буй хоёр үндсэн зорилтод хүрэх замаар явахыг зөвлөжээ. Эдгээр хоёр зорилтод хүрэхийн тулд өөртөө тодорхой долоон дадлыг хэвшүүлэх бөгөөд энэ нь таны амьдралыг бүрэн сэргээх болно гэж зохиогч итгэж байна.

Эхний зорилт бол хараат байдлаас бие даасан байдал руу шилжих. Ямарваа зүйлд өөрийн тодорхой зарчмаа баримталж бодлоготой хандах, аливаа үйл хийхдээ сэтгэл оюундаа бодож дуусгаж байж эхлэх, хийх зүйлсээ өөрийн зарчим үнэт зүйлд тулгуурлан эрэмбэлж байж барьж авах замаар бие даасан хүн болох тухай тун сонирхолтой бичжээ.

Удаах зорилт бол бие даасан байдлаас харилцан хамаарсан хоршил бий болгох. Бид амьдрал дээр, ажил дээр, ангидаа хаа сайгүй бие биентэйгээ харилцаж баг болон амьдрах, ажиллах, сурах шаардлага үргэлж тулгарч байдаг. Харилцаж буй талууд харилцан сэтгэл хангалуун үлдэх боломж байдаг гэдгийг мэдэж, түүнийг олтолоо харилцан ойлголцохоор ажиллах тухай win-win зарчим, өөрийгөө нөгөө хүндээ ойлгуулахын тулд эхлээд өөрөө нөгөө хүнээ маш сайн ойлгож байгаад дараа нь ойлгуулах тухай, амжилтын төлөө гэсэн ойлголцол бий болгож хоршил үүсгэх тухай гайхалтай өргөн хүрээтэй сэтгэж бичсэн байна.

Энэ ном бүхэлдээ чухал зүйлсээр дүүрэн, тэр болгоны тухай бичихгүй ч миний хувьд чухал гэж үзсэн бас нэгэн ойлголтыг энэхүү тоймдоо оруулая гэж шийдлээ.

  • Түгшүүрийн хүрээ ба Нөлөөний хүрээ
Дэлхий дээр зургаан тэрбум гаруй хүн амьдардаг. Бүгд өөр өөрийн гэсэн түгшүүрийн хүрээтэй. Жишээлбэл би гэхэд ундны усыг хамгаалах юмсан гэж санаа зовж байна. Улаанбаатарын байшин хорооллынхон ундны усыг хэтэрхий үрэлгэн хэрэглэж ирсэн гэдгийг би олж мэдээд харуусаж байна. Түгшиж байна. Гэр хорооллынхон болохоор газрын хөрсийг маш их бохирдуулдаг гэдэгт бас санаа зовж байна. Энэ үзэгдэлүүд намайг дэлхий дээр оршин байгаа эсэхээс үл хамааран явагдаж байгаа боловч би түгшиж байна. Танд бас надад түгших санаа зовох маш олон зүйл байдаг. Миний санаа зовдог бүх л зүйлсийг миний түгшүүрийн хүрээ гэж үзэж болох юм. Үүнтэй адил танд ч бас санаа зовдог, айдаг зүйл бишгүй бий. Тэр бүгд бол таны түгшүүрийн хүрээ юм. Бурханы авралаар ч гэх юм уу, эсвэл гай болж ч гэх юм уу бидэнд бас нөлөөний хүрээ гэж бий. Энэ бол миний нөлөөлж чадах бүх зүйлсийг хэлж байгаа юм. Жишээлбэл би өөрийн хэрэглээний усаа гамтай хэрэглэж чадна (эсвэл гамгүй асгаад байсан ч чадна, энэ бол нөлөөлж чадахыг харуулж байгаа юм). Газрын хөрс рүү үл шингэх зүйл асгахгүй байж бас чадна (албаар асгаад байж ч бас чадна), гудамжинд хог хаяхгүй байж чадна (эсвэл шуудайтай хог аваачаад цацчихаж бас чадна) Энэ бичлэгийг блогоороо дамжуулаад танд хүргэж чадна (эсвэл ком дээрээ хадгалаад мартчихаж чадна) гэх мэт.

Хүний нөлөөний хүрээ түгшүүрийн хүрээний дотор байдаг.

Өөрөөр хэлбэл та түгшүүрийнхээ хүрээнд байгаа бүх зүйлд нөлөөлж чадахгүй гэсэн санаа. Та өөрийнхөө цагийг нөлөөнийхөө хүрээнд ажиллах замаар нөлөөний хүрээгээ томруулмаар байна уу, эсвэл нөлөөний хүрээнийхээ гадуур сачий чинь хүрэхгүй зүйлсийн тухай бодоод түгшээд суугаад байх уу? Нөлөөний хүрээндээ төвлөрч ажилласанаар та түгшүүрийн хүрээтэйгээ тэнцүү болтол нь тэлж чадна. Баабарын хэлээд байсан оймсныхоо асуудлыг шийдэж чадахгүй жижигхээн нөлөөний хүрээтэй байж хойд мөсөн далай хайлж байна гэнэ яанаа гээд л битгий давхиарай гэж захиад байдгын цаад нарийн учир энэ бололтой.

Энэ ном бүхэлдээ маш цогц үзэл санааг өгүүлсэн байна. Тухайлбал хувь хүн өөрийн зан чанар, баримталж буй зарчимууд дээрээ ажиллаж цэгцлэсэнээр өөрийгөө амжилт бүтээлийн замаар уриалан дуудах боломжтой болно. Үүнд туслах гарын авлага болохуйц дорвитой барьцтай нягт нямбай бүтээл болжээ. Дээр өгүүлсэн бие даасан хүн болох ба харилцан хамаарсан хоршил бий болгох хоёр зорилт, түгшүүрийн хүрээ, нөлөөний хүрээ зэрэг олон олон чухал ойлголтууд хоорондоо хэрхэн уялдаж байгааг, түүнчлэн өдөөлт ба түүнд зориулсан хариу үйлдэл хоёрын дунд бидний төдийлөн анзаардаггүй маш чухал орон зай байдаг. Өөрөөр хэлбэл таныг тэнэг гэж хэлсэний төлөө дэлбэртэлээ уурлахуу эсвэл яагаад тэгж хэлэв гэдгийг эргэцүүлэх үү гэдгийг бодох цаг танд бий. Үүнийг хэрхэн ашиглаж сурах тухай энэ номноос уншиж мэдээрэй.

Номын болон зохиолчийн тухай бусад линкүүд:

http://ganbaa.blogspot.com/2006/11/blog-post_10.html

http://baatarchuluun.blogspot.com/2007/07/blog-post_2777.html

2009-11-26

...

Блогт тэмдэглэлийн дэвтэрээс илүү бас нэг зүйл байгаа нь бичилгүй хаялаа гээд тоос дардаггүй юм байна. Зав нь таараад дур нь хүрвэл үргэлжлүүлээд бичих үе ирнэ биз дээ. Блогт хорхойтож явахдаа үйл явдал бүрийг бичмээр санагддаг байж билээ. Бодлынхоо тэмдэглэлийг үргэлжлүүлнэ л дээ, орхихгүй.

2009-10-17

Сураг ажиг

Хэдэн жилийн өмнөөс дуулдаж эхэлсэн нэгэн сонирхол татаад буй кино прожект бол Вулф Тотем юм. Ийм нэртэй Хятадын зохиолчийн бичсэн ном дээр үндэслэн хийх бөгөөд номны талаар дуулаагүй байгаа бол товчхондоо 1966-76 оны хооронд болсон Хятадын соёлын хувьсгалын үед нэгэн Хан оюутан бослогод оролцсон тул Өвөр Монголын тал нутагт "цөлөгдөнө". Тэрээр малчин айлд туслахаар хамт амьдрах бөгөөд тэнд байх хугацаандаа монгол хүмүүс байгаль орчинтойгоо хэрхэн зохицож амьдардгийг Хан хүний үүднээс сониучирхан судлах бөгөөд, зохиолын гол баатар болох тал хээрийн чонон сүрэг, чонын амьдрах арга ухааны талаар малчдаас суралцаж мэднэ. Хэдийгээр чоно малчдын хотонд байнга ирж хоньруу дайрах ч малчид үүнийг байгалийн жам ёсны зүйл хэмээн хүлээн авч тэр ч бүү хэл чоныг тахин шүтдэг нь сонин санагдсан байх. Ингээд хэдэн жилийн дараа Хятадын засгийн газрын бодлогын дагуу тал нутгийн малчдыг хүчээр суурин амьдралтай болгож, бэлчээрийг тариалангийн талбай болгож, чоныг устгах компанид ажил зохион байгуулна. Хан нөхөр энэ бүгдийн эсрэг хэдэн нөхдийн хамт эсэргүүцэж байсан хэдий ч болдог юм болдгоороо л болов. Эцэст нь байгалийн тэнцэрт байдал алдагдсан учир өнөөгийн цөлжилтөнд нөлөөлжээ гэдгийг хэлэхийг зорьсон болтой. Энэхүү номны дотооддоо алдартай болсоны нэг гол учир нь тэрээр Хан үндэстэн хэдий ч номоороо дамжуулж нутаг нэгтнүүдээ, ялангуча төр засгаа нилээн шүүмжилж бичсэнд оршино. Ерөөсөө л Хан хүн бол хонь шиг, Монгол хүн бол чоно шиг гээд шулуухан хэлчихсэн. Ингэснээрээ тэр Хан хүмүүсийг доромжлох гээгүй харин ч чоно шиг болцгооя гэж уриалж бичсэн ном гэж би хувьдаа бодсон. Тийм ч учраас Хятадын бизнесийн салбарынханы дунд хурдтай тархаж "чоно шиг удирдах стратеги", "чоно менежмент" зэргийг бий болгоход хүргэсэн байх. Орчин үеийн Хятадууд овсгоотой л юм. Хэрвээ хориод жилийн өмнө тэр энэ номоо хэвлүүлсэн бол яаж хүлээж авах байсан бол?
Харин гадаадад буюу барууныханд үнэлэгдэж буй нэг зүйл нь экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байгааг хүчтэй шүүмжилсэн байдал нь. Одоо цагт байгалийн дулаарал, экологийн тэнцвэр, амьтадын эрх зэрэг хүрээний асуудлууд л тэдний нэн тэргүүний сонирхолд байдгаас хойш аргагүй байх. Ямартаа ч энэ номоор хэрхэн кино бий болохыг чих тавин хүлээж сууна.

Энэхүү ном дээр (албан бусаар, өврийн улаан номны дараа орохоор их хэвлэгдсэн юм гэсэн базарваань) үндэслэн хийх киног Францын нэрт найруулагч Жан Жак Аннауд найруулахаар болжээ. Уг нь жилийн өмнө Peter Jackson (Tolkien-ий гурвал зохиолыг амьлуулагч) кино хийх эрхийг худалдаж авсан гэж байсан боловч эцэстээ Франц найруулагч дээр буусан болтой. Би хувьдаа тэр нь ч дээр гэж бодож байна. Нэгдүгээрт, Peter Jackson бол CGI-аар жонглёрддог хүн, удаан үйл явдалтай, хөдөө тал нутгийн эгэл жирийн амьдралыг харуулсан ийм зохиолыг арван минут тутам сүрэг чоно-хоттой хоньруу дайрч байгаа эсвэл бүлэг анчид-сүрэг чоно авлаж байгаа байдлаар маш олон эффект оруулаад л ... мэдээж чоно нь жирийнх биш байна, магадгүй хоёр дахин том биетэй, соёотой. Эсвэл бүр шал өөр төрлийн гол дүрүүд нэмэгдэж оруулах байх. Кинг Конг-ийг яаалаа даа мань эр, динозавр гараад ирэхэд би лав гайхаагүй. Товчхондоо бол энэ ном бол түүний масс-д зориулж хийдэг genre биш. Харин нөгөө талаас, найруулагч Annaud бол амьтадтай кино хэд хэдийг хийсэн (жинхэнэ амьтад буюу The Bear болон Two Brothers: барын бамбарын талаар), мөн алдарт "Төвдөд өнгөрүүлсэн долоон жил" киног найруулсан найруулагч. Түүгээрээ ч Хятадын засгийн газартай шөргөөцөлдөөд авсан хүн. Тийм ч учраас ямар нэг улс төрийн зорилгогүйгээр зүгээр л хүн болон байгаль амьтадтай харилцах харилцааг байгаагаар нь ямар нэг илүү дутуу зүйлгүйгээр кино зохиол болгож чадах байх. Тэртэй тэргүй Хятадын нутаг дэвсгэр дээр хийх кино яаж ч хичээгээд хятадуудыг муулж чадахгүй. Бидэнд ч бас тийм зүйл хэрэггүй.
Сураг дуулахнээ кинонд тоглуулах чоноо жил гаран хугацаанд дасгалжуулж байгаа гэсэн.
Харин энэ ном болон кино бидэнд ямар байдлаар хэрэг болж байгаа/болох бол ...



2009-09-05

Цаг хугацаа алтнаас үнэтэй

Самуэл Смайлсийн Өөртөө туслах ухаан
номыг уншаад төрсөн эргэцүүлэл, тэмдэглэл

Version №1
Зарим хүн мөнгийг байгаагийнх нь хирээр үрсэндээ араас нь харамсаж харагддагын учир бол мөнгө нь дууссаных юм...
Зарим хүн цагийг хайр гамгүй үрсэндээ харамсаж харагддаггүйн учир бол цаг нь дуусахад үхчихсэн байдгых юм...

Version №2
Мөнгийг байгаа хирээр нь үрээд дуусгасандаа харамсаж суугаа хүн цөөнгүй, Гэтэл цагийг хайр гамгүй үрсэндээ харамсаж байгаа хүн цөөн. Учир нь мөнгө дуусахад хүн нь үлддэг тул харамсаж буй. Харин цаг нь дуусахад хүн нь ч дууссан байдаг тул харамсаж суугаа хүн байдаггүй бололтой.

Цаг бол алт гэж зарим хүн ярьдаг, гэтэл цаг хугацаа алт мөнгөөс хавьгүй үнэтэй гэдгийг нотлох гэж оролдсон маань энээ.

2009-08-22

Twitter-ын тухай яриа

man_mgl: suuliin ued twitter
man_mgl: gej neg yum garaad baina
man_mgl: ene er ni yu yum ve
Ganbaatar: aanhan
man_mgl: blogoos yugaaraa yalgaatai yum
Ganbaatar: microblogging geed bdag yum bilee
Ganbaatar: 140 temdegtend bagtaagaad blogdoj bga hereg
man_mgl: aan
man_mgl: blog deer bol tom bichleg
man_mgl: end bol
man_mgl: jijeg sajig sanaanuud
Ganbaatar: aanhaa
man_mgl: gej uu
man_mgl: zov zov
man_mgl: tegeheer chinii twitter-eer bi orj harlaa
man_mgl: hehe
man_mgl: chinii bichleg ali yum ve
Ganbaatar: tsuuhun ugtei bailaa geed jijig sana gej bolohgui
man_mgl: comment-uud ni ali ni yum ve
Ganbaatar: no comment
man_mgl: tiim l dee
Ganbaatar: dan minii bichleg
man_mgl: hehe
Ganbaatar: follower
man_mgl: @demberel
Ganbaatar: following gej 2 oilgolt bii
man_mgl: @ochko
man_mgl: gesen baina daa
Ganbaatar: bi tedend handaj bichleg hiisen hereg
man_mgl: twitter chin
man_mgl: eroosoo l neg yum baina sh dee
man_mgl: humuus ene tendees l bicheed baina gesen ug yum baina
man_mgl: gej oilgoloo
man_mgl: ain
Ganbaatar: 35 following gej bgaa biz?
man_mgl: tiim baian
Ganbaatar: ter deer daraad harahaar minii unshdag twitter-chid bgaa
Ganbaatar: 67 followers geed bga biz?
Ganbaatar: ter ni namaig unshdag twitterchid
man_mgl: aan
Ganbaatar: 73 gedeg ni minii bichsen tweet-uud
Ganbaatar: iim suljee uusgeed
Ganbaatar: bichsen zuilsee unshaad
Ganbaatar: @ gej bgad hariulj bicheed bdag ed dee
Ganbaatar: nadaas ugsuuleed elbegdorj hurtel zunduu mongolchuud bga
Ganbaatar: sonirhooroi



http://twitter.com/ganbaatar

2009-08-13

Нэр - Утга санаагаа илэрхийлэх нь

Аливаа нэг асуудлыг нэрлэх нь тухайн асуудлын утга санаатай адил чухал юм. Буруу нэрлэгдсэн асуудал бүр араасаа тайлбар дагуулж ойлгох явцыг хүндрүүлнэ. SW хөгжүүлэхэд анхаарч байх чухал ойлголт бол хамгийн бага зардлаар хамгийн өндөр чанартай бүтээгдэхүүн хийх тухай юм гэж би өмнөх бичлэгтээ оруулсан билээ. Тэгвэл SW процест маш чухлаар нөлөөлдөг боловч бид төдийлөн анзаардаггүй, анзаарсанч ач холбогдол бага өгдөг нэг алдаа бол буруу нэрлэгээ юм. Буруу нэрлэгдсэн асуудал нь чанарт ч тэр, зардалд ч тэр сөрөг нөлөө үзүүлдэг. Жишээлбэл системийн шинжилгээ хийхдээ оновчтой бус нэрлэгдсэн нэг асуудал дараа дараагийн үе шат болгонд нэмэлт тайлбар шаардаж цаг хүч барах болно. Тайлбар шаардалгүй цааш үргэлжилбэл ноцтой алдаанд ч хүрч бүтээгдэхүүний чанар мууддаг, гүйцэтгэлийн хугацаа сунадаг.
Оновчтой бус нэрлэгээ гэж бас нэг ойлголт байна, харахад нэр нь утгаа илэрхийлээд байгаа юм шиг хирнээ эргэлзээтэй санагдахаар, тийм нэрлэгээ олон таардаг. Мөн л SW хөгжүүлэлтэнд муу нөлөө үзүүлнэ. Програм бичигч нь Class-даа, Method-ууддаа, Хувьсагчиддаа шууд л санаанд орсон нэг нэрээ өгөөд програмаа түргэхэн бичиж дуусгахад анхаардаг. Гэтэл бичсэн програм нь жижиг биш төслийн code бол алдааны шалгалтанд орно, хожим хойно нэмэлт өргөтгөл хийхэд өөр хүн уншина, гүйцэтгэлийг нь сайжруулах шаардлага гарна гэх мэтээр олон удаа, олон хүн дамжин уншигддаг зүйл гэдгийг мартдаг. Иймд ердөө л оновчтой бус нэрлэгдсэн нэрнээс болж олон хүндрэл учирдаг гэдгийг ойлгож, шууд л санаанд буусан нэг нэрээ өгөх бус уг асуудлаа сайтар ойлгох, хийх гэж буй зүйлээ том зургаар нь харахыг хичээх хэрэгтэй.

2009-08-10

Алхимич мөн Зэн-Буддизм хоёр номны талаар цухас

Пауло Коэло – Алхимич номын хэсгээс...
...”Би хааяа гомдоллодог бол яая гэхэв дээ, би чинь хүний зүрх учир тэгж болох шүү дээ. Бид цөмөөрөө хамгийн нандин мөрөөдөлдөө хүрэхээсээ эмээдэг биз дээ, яагаад гэвэл бид түүнийгээ давахгүй ч юм уу эсвэл хэрэгжүүлж чадахгүй хэмээн айдаг. Үүрд хагацаж байгаа дурлалт хосуудыг, аз жаргалтай өнгөрөөж болох асан атлаа тэгээгүй мөчүүдийг, олж болох байсан ч олоогүй, элсэнд үлдсэн эрдэнэс. Эдгээрийн тухай бодохоос л айдас хүрч хүмүүсийн зүрх бид шимширдэг юм. Яагаад гэвэл ийм тохиолдлуудад бид шаналдаг юм аа”.
Миний зүрх шаналахаасаа айж байна хэмээн нэгэн саргүй шөнө харанхуй тэнгэр өөд харан Алхимичид хэлэв.
Чи тэгвэл түүндээ шаналахаасаа айх нь шаналахаасаа дор байдаг юм гэж хэл. Мөрөөдлөө хайхаар замд гарч байгаа ганц ч зүрх шаналдаггүй юм, юу гэвэл тэр эрэл хайгуулын мөч бүр нь Бурхан хийгээд Өнө мөнхтэй учирч буй учрал мөн... Энэ бол энэ номны гайхалтай хэсгүүдийн нэг нь.

Юн Мао Ши хэмээх багш өдөр тутам зэнг баримтлах талаар:
Маш амархан. Анхны, гол зарчим бол “Бүү яар”. Та яарлаа гээд үр дүнд хүртэлээ улам л удах вий. Бас та залхуурсан мэт хойрго хөшүүн байж болохгүй. Бүхий л ажил чинь эгээ л хөгжимчин хүн ятгынхаа чавхдсын хөгийг тааруулж буй мэт байх ёстой. Хэт чанга хэт сул байж болохгүй.
Ингэсний эцэст та эргэцүүлэн бодох, шийдвэр гаргахад хөтөлж буй тэр зүйлээ л харж байх ёстой. Өдөр бүр цаг ямагт түүнээ харж бай. Хаанаас ийм эргэцүүлэл, шийдвэр гарч буйг олохыг хичээж зүрхнийхээ гүнд хүрч бай. Хэрвээ түүнийгээ хаанаас ч бай олоод харчих л юм бол, таны урьдын мэдэх эд юмс, байнга хийдэг ажил төрөл чинь аажмаар огт мэдэхгүй зүйл болон хувирах вий.
Таны ажил амар хялбар санагдаад л явчих юм бол та ажилдаа амжилт гаргахаа болино. Харин ажил тань сайн байгааг та мэдэрч байх юм бол, таны ажил хялбархан бүтнэ.
Г.Аюурзана – Зэн буддизм: Амьдралаас ангижрахуй номоос...

Ойрын үед дахин дахин уншиж буй хоёр номтой болоод байгаа, тэдгээрийнхээ дуртай хэсгүүдээс блог дээрээ орууллаа. Уншигч танд дээрх хоёр хэсэг ойлгомжгүй санагдаж болох л юм. Ялангуяа сүүлийн Зэнгийн тухай, бас номынх нь нэр зэрэг нь бүүр гайхахад ч хүргэж болно гэдгийг би мэдэж байна. Гэхдээ л надад Зэн буддизм гэх энэ урсгал их сонирхолтой санагдаад байгаа юм. Санамсаргүй тохиолдоор Аюурзаны ‘хар’ цувралын нэгийг авч уншсан маань гарцаагүй аз. Миний энэ бичлэг танд энэ номыг авах сэдэл төрүүлсэн бол Мишима Юкиогийн Алтан Сүмийг бас аваад уншаарай. Би дээхнэ бичиж байсан энэ бичлэг дээр Алтан сүм номонд гардаг коаны тухай гайхашран бичсэн минь бий.
Зэн нь Энэтхэгт үүсээд Хятад Японд их хүчтэй хөгжсөн буддын нэгэн том урсгал юм байна. Манайхан ч бас аглагт суугаад Даяан хийдэг лам нарын тухай түүх номоос уншиж дуулж байсан байх. Тэр бол Зэн юм. Хүн хорвоод мэндлэхдээ Буддагын гэгээн шинж чанартай төрдөг бөгөөд учир шалтгаанаар нөхцөлдсөн энэ хорвоод өсөж торних зуур энэ шинжээ гээдэг гэх үзэл бий. Буддын гол үзэл бол хүн бүр гэгээрэлд хүрч Будда болж болно гэх сургааль юм. Үүнд хүрэхийн тулд бага залуугаас бурханы номд шамдан суралцаж нэг насны амьдралаа түүнд зориулахыг номлодог урсгал байдаг, харин Зэн бол утга учир логик сэтгэлгээний хязгаараас давсан өвөрмөц парадоксууд болох коануудын тусламжтайгаар хүнийг шууд гэгээрэлд хүргэж болно хэмээн үздэг аж. Энэ утгаараа ямарваа нэгэн ном судрын ёсыг сахихгүй байх, тэрч бүү хэл бурхан шүтээн хийж тахихаас хүртэл татгалзаж гагцхүү багшаас шавьд уламжлан явсаар өдийг хүрсэн нь илүүтэй сонин.
Энэ чиглэлээр тэр чигээрээ замнаад явчихгүй ч гэсэн дорно дахины сэтгэлгээний бас нэгэн гоц сор хэлбэр болох Зэнгийн тухай мэдлэгтэй болсоноор амьдрал илүү үнэн гэрэл гэгээгээ цацруулахыг, илүү энгийн дуу авиагаараа эгшиглэхийг мэдрэх болноо.

Үг хэл яриа - Др. С.Молор-Эрдэнэ

Амралтын өдрүүдээр жоохон новшоо эмхлэх цэгцлэх ажил хийгээд... Тэгсэн нэг сонирхолтой артикл дээр үед хэвлээд авчихсан байсан нь гарч ирэхээр нь блог дээрээ оруулмаар санагдаад, тачигнатал нь шивчихлээ... Зохиогч нь Др. С.Молор-Эрдэнэ гэсэн байна. Тараах учиргүй зүйл биш шиг санагдаад зөвшөөрөл авалгүй блог дээрээ оруулчихлаа, олон хүнд мэдлэг болох тул нүглээсээ буян нь давах байх гээд бөх зүрх гаргав, өршөөнө байх гэж тунчиг найдаж байна...

Эхлэл
Хэлснийг болон ярьсныг ойлгох нь үнэхээрийн байгаа байдлыг ойлгоход шийдвэрлэх үүрэгтэй. Тодорхойлж хэлсэнийг болон түүнийг сэтгэлдээ төсөөлж байгаа хоёрын хооронд үнэндээ бодож ухаарах гол асуудал гарч ирдэг. Аливаа биетийг гаднах байдлаар нь дүрслэн үгчилж хэлэх шаардлагатай болдог. Хэрвээ тэр биет урьд өмнө үзэгдээгүй байх юм уу эсвэл бусад биеттэй адил төсөөтэй биш бол түүнийг тодорхойлж хэлэхийн аргагүй. Ийм үед нэг бол шинэ үг бий болгож оноож нэрлэх эсвэл байгаа төсөөтэй үгээр ерөнхийлөн нэрлэж давтдаг. Бид бодолдоо болсон явдлыг хийсвэрээр төсөөлж мөн тодорхой нэг дүрмэнд захирагдахгүйгээр үйл явдлын хоорондын төсөө холбоогий нь бодоод хэлснийг ойлгохыг үргэлж хичээдэг. Хэл яриа болон логик нь хэрэг дээрээ аль болох хэмнэж өөрөөр хэлбэл экономчилж бодсон зарчмууд юм. Хэл яриагаар илэрхийлэх нь аль болох олон зүйлийг хамааруулан ерөнхийлсөн хэлбэрийг агуулах зорилготой байх жишээтэй.
Хийсвэр сэтгэх нь нэг ёсондоо аналогдож төсөөлүүлж байгаа хэрэг. Үг болгоны утга нь юмсын төсөөтэй байдлыг ажиглаж нэр өгснөөр үүссэн байдаг. Ерөнхийлсөнөөрөө бид юмсыг тодорхой бүтцэнд хамааруулж журманд оруулдаг. Танихгүй зүйлсийг тодорхойлохдоо заавал таньдаг зүйл дээрээ тусган ойлгодог. Болсон явдлыг аль энгийнээр дүрслэж нэгдмэл болгохын тулд давтагдаж байдаг үйл явдлуудад адилхан нэр өгдөг. Журамлаж байна гэдэг нь төсөөтэй зүйлийг төсөөтэй зүйлс рүү нь хамруулж байгааг хэлнэ. Тэгэхээр хийсвэрлэнэ гэдэг нь журамлах зарчим юм. Бүх л бодож байгаа зүйлс маань үгээр илэрхийлсэн нэрнүүдийн холбоосууд. Таван хошуу мал бол хөхтөн амьтад. Энэ өгүүлбэр дах бол гэдэг нь математикийн тэнцүү гэсэнтэй адилхан. Хэдийгээр тэдгээр нь хоорондоо ижил биш янз бүр ч гэсэн бид төсөөтэй гэдгээр нь ердөө л таван төрлийн гэж нэг л нэрлэгээгээр бүгдийг нь нэрлэдэг.
Категорчилж өөрөөр хэлбэл зэрэглэж ойлгохын тулд бид хэлбэрийг нь ямар формтойг ажигладаг. Энэ нь зүгээр ажиглаж мэдэрсэн болохоос биш жинхэнэ бидний дотоод мэдрэмжтэй огт хамаагүй. Бидний төсөөлөл хэзээ чжинхэнэ эд зүйл дээр тусдаггүй. Төсөөлөл болгон маань заавал нэг дамжлагаар буюу мэдэрсэний дараа бий болдог. Ямар нэг нууц үйл явдлыг мэдэрч үгээр илэрхийлэхийг хийсвэрлэх гэнэ. Хийсвэрлэсэнээрээ бид яг тодорхойлж чадахгүй гол зүйлийг орхидог. Зөвхөн хэрэгтэй гэсэн ялгарах шинжүүдийг онцлодог байх юм. Категорчилж ойлгох нь бидний ойлгох хэлбэр ба төсөөллийн туслах хэлбэр бөгөөд үнэхээрийн байдлыг тооцоолж чадах ухаан хөнгөвчилдөг. Бодож ярихдаа хүмүүс мэдэрсэнээ бодит зүйл болгодог ба өөрөөр хэлбэл ойлгомжтой болтол нь ерөнхийлдөг.

1. Үгийг хэрэглэх
Олон зүйлийг нэг үгээр дамжуулж цаа нь илэрхийлэхийн тулд заавал ерөнхийлж хэлэх шаардлага гардаг. Хэн тодорхойлолт хэрэглэх шаардлагатай болно тэр хүн аль болох зүйлсийн тухайн үеийн адил байдлаар нь нэгэн хэлбэрт оруулан хэзээ ч эргэн санаж хэрэглэхэд бэлэн болгодог. Аливаа нэг хүлээн авсан мэдэрсэн зүйлээ бид ийм байдаг юм байна гээд нэг хэлбэрийн ойролцоо мэдрэмжүүдтэйгээ хамтатган ерөнхий болгож толгойдоо хураан хадгалдаг. Хийсвэрлэнэ гэдэг нь яг болсон зүйлийг ерөнхийдөө нэг болсон гэдгээр даран хучдаг. Бидний хийсвэрлэж байгаа болгон аль нэг зүйлсийг хасаад бодож байгаатай заримдаа адил. Хэл яриагаар бид зүйлсийн шинж бүтцийг илэрхийлэх биш харин зөвхөн нэрлэсэн нэрнүүдийн цуглуулагуудыг л хэлдэг. Хүний ухаан ч гэсэн зүйлсийг хэлбэр дүрсээр нь ялган үгээр гаргадаг.
Бид зүйлийг тийм ийм гэж тодорхойлохдоо толгойдоо байгаа тухайн бодлоороо л илэрхийлдэг. Хүлээж авсан шинэ зүйл болгон эхлээд замбараагүй байснаа дараа нь эмх журамтай болж тэгснээрээ нэг тодорхой дүр дураг толгойд тусдаг. Ойлгогдохгүй тодорхойгүй байсан зүйлийг тооцоолж эхэлдэг. Бид тодорхой дүрсэлж чадахгүй байна гэдэг нь эмх журамгүй бодож байна гэсэн үг. Байгалийг бид аль болох эмх журамтай ойлгохыг хичээдэг тэгсэнээрээ бид цааш амьдрах чадвартай болдог. Бид эмх журамтай бодож байна гэдэг альва зүйлийг зэрэглэж байна гэсэн ойлголт. Журамласанаараа үг тэмдэгүүдийн дараалалыг тогтоодог. Хэллэг, мөн цаашлаад тодорхойлолт зэрэг нь бид ертөнцийг тооцоолон дүрсэлж байна гэсэн үг. Энэ нь хялбар юм. Бүхий л ажигласан зүйлсээ бид хамруулан оюун ухаандаа хураадаг. Ингээд бид хэрэгтэй таарах үгнүүдээ сонгон өгүүлж үнэхээр болсон байдлыг орлуулдаг. Ингэж болоод байгаа нь үнэндээ таатай хэрэг юм. Үгнүүд нь үнэндээ сэтгэлийн хөдлөлийг даран барьж нэгэн зохион байгуулалтанд оруулдаг. Үгээр илэрхийлэхийн тулд үргэлжилэн өнгөрч байгаа үнэхээрийн үйл явдлыг хазаарлаж хадгалан хуримталдаг. Яагаад альваа хэл хэзээд хэрэглэгдэж болдог вэ гэ гэхлээр хэл бол ерөөсөө одоо цагаас ямар ч хамааралгүй хадгалагдаж ирсэн зүйл. Энэ бол цагаан толгойн үсэгнүүдийг хэрхэн холбож үг хийдэг нууц гэмээр. Ихэнхдээ бид хэл яриагаараа аливаа тусгасан зүйлээ хувилан өгүүлдэг. Мэдэж авсан мэдлэг гэдэг барьцтай хэзээд байж л байна. Бодож сэтгэх нь шугаман хэлбэрээр явагддаг ба харин үнэхээрийн болж байгаа үйл явдал бол үгүй юм. Бид зохиомлоор нэгтгэн хэлж байгаа нь үнэхээр л үнэн байдлаас холдож л байна гэсэн санаа.
Бид олон үйл явдлыг нэг өгүүлбэр болгож нэг бүтэн өгүүлбэрийг ганцхан үгээр илэрхийлж товчилдог. Жишээлбэл гараараа нэхмэлийн хийж байгаа хүнийг бид юм нэхэж байна гээд л хэлчихдэг. Нэхэх үед хөдөлж байгаа хуруунуудын нарийн төвөгтэй хөдөлгөөнүүдийг өгүүлэхэд төвөгтэй учир бид нэхмэл гэж хэлээд болчихдог. Үгчилж байна гэдгээрээ хүмүүс тэгээд л тэгчихдэг юм эсвэл ингээд л гэж хуруугаа хөдөлгөөд л товчлон илэрхийлчихдэг. Хорвоогийн бүх л зүйлс бараг л идэйнүүд гэсэн ойлголт. Жишээ нь цагаан өнгө эсвэл цагаан хун. Харин тэдгээр нь энгийн эсвэл иж бүрэн комплекс байж болно. Жишээ нь хун гэж хэлбэл цагаан өнгө, урт хүзүү, зөөлөн өд гэх мэтчилэн олон зүйл санаанд бууна. Мод гэхэд л хатуу, хөрөөдөх, шатаах гэх мэтчилэн ойлголтууд залган ой тойнд буух жишээтэй.

2. Оноосон нэр үг ба утга

Үгнүүд гэдэг нь нэг ёсондоо бүхэл бүтэн онол гэсэн үг бөгөөд төвөгтэй олон шинж чанаруудыг хамтатган бүтдэг. Өгүүлбэр гэхээрээ тэр л олон нэрнүүдийн цуглуулга юм. Үг болгоны цаана тэгэхээр онолууд оршиж байдаг ба бидний хэл яриа гэдэг нь баахан л онол байх нь. Тэгвэл хүсэл, мөрөөдөл,, сэтгэл, санах, фантаазлах зэрэг нь зүгээр л нэрлэгээнүүд. Магадгүй бил цаашаагаа хүсэл мөрөөдлийн онол эсвэл сэтгэлийн онол гээд л ярьж болох юм.
Аливаа хүн ард хүүхэд цагаасаа эхлэн хэлийг практикт хэрэглэн сурдаг. Ө.х хэлийг сурдаггүй харин хэлийг хэрхэн хэрэглэж байгааг суралцдаг. Хэл яриа нь бараа бүтээгдэхүүн л гэсэн ойлголт юм. Бид хэлж ярихдаа өөрөө боловсруулаад өөрө хэрэглэдэг. Хүнтэй би ярьж байна гэдэг нь би тэр хүнтэй үгнүүдээ харилцан солилцож байна гэсэн ойлголт. Өдөр тутмын яриандаа хүмүүс нэг л зүйлийн тухай голдуу ярьдаг ба тэр нь үнэндээ хоорондоо бас ч үгүй нилээд ялгаатай зүйлс байдаг. Тийм ч учраас олон зүйлийг буруу ойлгосон байх талтай. Нэг үгээр хэлбэл буруу ярьж зөв ойлгодог гэмээр.
Тэгэхээр оноосон нэр хамгийн чухал байх нь. Жишээлбэл монгол хэлэн дах оготно, онгоц гэсэн хоёр үгнүүд нь толгой холбогдосн боловч шал өөр утгатай үгнүүд. Гэтэл онгоц гэдэг үгний утга бас л олон янз байдаг. Тэжээлийн онгоц гэвэл нэг том савыг хэлдэг. Нисдэг онгоц гэвэл магадгүй Бойнг онгоцыг хэлж байгаа ч юм билүү. Ингээд бидний хэл оновчтой ганцхан үгээр тус тусад нь өөр үгээр оноож нэрлээгүй байдаг нь хурдан ойлголцоход хүндрэлтэй юм. Олон зүйлийг ганц үгээр оноогоод нэрлэсэн байдаг болохоор тайлбарлах шаардлага үргэлж гарч хэл яриа улам төвөгтэй болдог.
Бидний хэл яриа явсаар байгаад тайлбарын тайлбар болж улам л хүнрэл үүсгэдэг. Анх л гадаад хэлнээс орчуулга хийж шинэ нэр өгч зохиож байсан хэлний мэргэжилтэнүүд оновчтой нэг л шинэ нэр өгчихсөн бол магадгүй өнөөдөр ингэж төвөгтэй хүндрэл учрахгүй байж болох л талтай. Үүний үр дагавар бол миний зөв, чиний зөв гэсэн хувийн хэл яриатай болж эхэлсэнээрээ эцэс төгсгөлгүй маргаан бий болдог. Хэл яриа маань харилцан ойлголцох хэрэгсэл биш бүр харин хэрүүл маргааны хэрэгсэл болон хувирдаг нь үнэндээ харамсалтай.
Аливаа асуудлын цаана төсөөлөн хийсвэрлэх шаардлага гардаг. Хоёр хүн хоорондоо адил үг өгүүлбэрүүд хэрэглээд харилцан хэлэлцээд байгаа хэдий ч хэрэг дээрээ андуурах буюу буруу ойлгох зэрэг нь тус тусдаа цаанаа өөр утга санааг агуулчихсан байдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл бид бодож өгүүлбэр зохиохдоо ард нь нэг хүсэлтэй байдаг. Тэгэхээр үг өгүүлбэр гэдэг бол хэлбэр юм. Харин утга санаа гэдэг бол шал өөр хэрэг.
Үгийг өгүүлбэрээс тусад нь бас ялгаж үзэх нь маш чухал. Ганцхан үг бол бараг юуг ч хэлэхгүй. Аливаа зүйлийг тодорхойлсон өгүүлбэрийн хэлбэр дүрс нь гол биш утга санаа хамгийн гол нь. Бид хэл яриаг ойлгочихлоо тодорхой ойлгомжтой байлаа гэснээрээ зүйлсийг хамгийн ойрын мэдээжийн ойлголтоор ойлгохыг хичээдэг. Ингэж бид зүйлсийн цаад утгыг ойлгож танин мэдэх гүн ухааны сэтгэцээ хорьдог нэг аюул байдаг.
Бид хэл яриандаа болгоомжтой шүүмжтэй хандахгүй байснаараа байхгүй юманд нэр өгөх тэгсэнээрээ байхгүй юмыг бий болчихсон юм мэтээр ойлгодог. Тэр ч байтугай зүгээр нэг үгэнд бүр харин бүрэн итгэх ч явдал тохиолдоно. Үг болон бодит үнэхээрийн байдал хоёрын хоорондын ялгааг тухайн тэр нөхцөл байдалтай нь холбож үзэх заавал хэрэгтэй.
Зарим үгнүүд их үйлчлэлтэй байдаг явдал бол бидний өөрсдийн сонирхолтой ч бас холбоотой. Үгнүүдийн жинхэнэ утга санаа нь үзэл санаа болон түүний үнэ цэнэд оршино. Үгнүүд гэдэг бидний мэдэрч сэтгэлдээ тээж явдаг бодлоо эргэн санахыг хэлдэг. Мод гэдэг зөвхөн нэг үг юм. Энэ үг ургах ч үгүй, үнэртэх ч үгүй. Харин үнэхээрийн байгал дээрх нэг бүрчлэн моднууд болох матери бол ургаж байгаа өөрийн гэсэн үнэртэй лбайгаа.
Эд юмс үйл явц болгоны утга агуулга нь бидэнтэй ямар нэг холбоотой байдаг ба цаанаа бидний сонирхолыг агуулсан байх жишээтэй. Бид өөртөө эсвэл бусдад ярьж хэлж байхдаа оюун ухамсарынхаа төвд бодож мэдэрч бас хүсэж байдаг. Тэгэхээр бид ямар үгийг сонгож түүнийг яаж хэрэглэж байна вэ гэдэгнь ухаан сэтгэлтэй холбоотойгоор үүсдэг.

Энэ хүний Логикийн тухай бас нэг сонирхолтой бичлэг байгаа, зав зай гараад бас ямар нэг гомдол ирэхгүй бол блог дээрээ оруулнаа.