Pages

Showing posts with label Аяны богц. Show all posts
Showing posts with label Аяны богц. Show all posts

2007-03-12

Цагаан сар

Аав иж 2 хоёулханаа байгаа болохоор цагаан сарыг тулгачилгүй запастай очсон. Банш, бууз, мах шүүс, будаа цагаа угаалга цэвэрлэгээнд халз ороод л явчив. Ойрын хэдэн жил иймэрхүү хүнд хөдөлмөр эрхлээгүйг хэлэх үү, гар хөл нялхарсан гэж жигтэйхэн. Залуу байхдаа хавар намарт мод түлээний ажилд гар эвэршээд хутга ирлэсэн ч болохоор байдаг байлаа. Харин одоо тэгсэн төмсний салат хөшиглөөд л цэврүү үсэрчиж байна гэжийшд. Keyboard нүдэхээс өөр ажил хийдэггүйм аргагүйч... За тэр ч яахав.

Хөдөөгийн их нүүдлээс болсон ч байх, цаг хугацаанд хөгшид налсаар байгаагаас болсон ч байх аав ээж 2 маань тэр хавьдаа нилээд ахмаддаа ордог болчиж. Намайг залууд манайх шинийн нэгэнд бараг гэртээ ордоггүй тойроод золгоод явчихдаг байсан чинь бүүр шал ондоо болжээ. Шинийн нэгэн, хоёронд гэрээс бараг цухуйсангүй. Үеэл хаяал ах дүүсийн хөлд дарагдаж бэлэгний авдар дүнгэнэж энэ тэр алингаа алдах шахав. Ах гал тогоонд зоолттой, аяга таваг угаагаастай, банш жигнээстэй (нээрэн манай нутгийн зарим айлууд баншийг усанд чанадаг болсон байна лээ. Мань мэтийг нусаак байхад бас тэгдэг байсан гэнээ. Моод эргэж байгаам байлгүү). Төрлүүдийн зарим хүүхэд намайг танихгүй энэ тэр бяцхан батируулаастай. Өрөө дамжиж давхиад, шогшоод зүгээр суудаггүй өтцөн жаалууд нилээд чанга батируулаастай зарим нь нүдний харцаар хөдөлдөг болцон энэ тэр атмаан байсан үеэ санаастай ч гхшг.

Халамцуу гаруудад үнсүүлж золгох нээрэн лайтай заншил юмаа зүгээр л үнэрлэчихнэ биз пял хийтэл үнсэхийг яаанааа. Одоо яахав дээ. Гэснээс нээрэн Аав ээж 2-ыг ажилдаа явсан хойгуур ах Аннагаа уншаад гэвтэж байсан чинь хаалга тогшив. Малгай нь 45 градус хазайчихсан ээжийн “ангийн хүүхэд” орж ирээд учиргүй золгов. Сарвайсан гарнаас хэтрээд хүзүүдэж аваад цорвойхоор нь гостуу баагийнуудад үнэнхээрийн дургүйн дээр гэртээ ганцаараа байсан болохоор тэрүү гэнэт дургуй хүрэнгүүтээ боевик зан хөдлөөд сарвайсан гараа өргөсөөр навсайтал нь мангастцийшд. Гэвүүл яахуу? Хэ хэ арай ч мангастаагүй л дээ. Гэхдээ Жэки Чан шиг л 2 гаран доогуур нь булт үсрээд хажууд нь гарцан. Гостуу баагий гайхсан байхдаа, гэнэт фокус нь алдагдаад явцан байх. Сохор ухаандаа энэ залуу ч ёозгүй байгаан байна гэдгийг гадарлав бололтой тавган дээрээс ганц чихэр оноод авчиж чадахгүй байдгаараа биеэ бариад гачин гачин болжийноо нөгөөх чинь. Аяга цай уулгачихаад бараг чирээд гаргачихсан. Тохируулж ууж чадахгүй алингаа алдтал уухаар яадаг байнаа ер нь? Аав ээж 2-г ирэхэд нь гэмгүй царайлаад л Аннагаа уншаад гэвтэж байв шүү.

Б.Явуухулан Японы Хайку хэлбэрийн шүлгийн тухай

Явуухулангийн түүвэр зохиолын хоёрдугаар ботийг хөдөө гэрийн номын сангаас олоод эргүүлжээ суутал хайкугийн тухай сонирхол татсан (дээхнэ Өлзийтөгсийн “Рауль Рауль хоёр” бичлэг дотроос анх хайку гэж юу гэсэн үг юм болоо гэж бодож байлаа, сүүлд тогоруугын бичлэг дундаас хайку гэдэг үгийг бүүр түүрхэн гадарладаг болсон болохоор ихэд олзуурхасан учир ийм буюу) нэг бичлэг байхыг олзуурхан авч ирсэнээ блог дээрээ байрлуулав:

Б.Явуухулан Японы Хайку хэлбэрийн шүлгийн тухай

Дорно дахины яруу найргийн өвөрмөц нэг хэлбэр бол японы хайку билээ. Японы хайку 3 мөр 17 үет шүлэг юм. Нэг хайку гол төлөв 5-7 үгээр бүтэх бөгөөд 8 үгтэй байх нь ховор тохиолдоно. Ер нь япон яруу найрагт шүлгийн бүтэц нь мөрийн жигд хэмнэл бөгөөд толгой буюу сүүл холбох шаардлага байдаггүй. Японы шүлгийн бүтэц буюу шүлэглэх ёс, өөрийн уламжлалд түшиглэж бүүр дундад зууны эхэн үед батжин тогтжээ. Энэ нь 5 болон 7 үет мөрөөр ээлжлэн шүлэглэх ёстой байжээ. Японы зохиолын яруу найраг эхэн үедээ Танка (богино дуу) гэдэг шүлгийн хэлбэрийг боловсруулан тогтоожээ. Энэхүү танка бол 5 мөр 31 үет шүлэг бөгөөд мөрийн үеийг тодорхойлбол 5-7-5-7-7 байна. Тэгэхдээ эхний гурван мөрийн үеийн нэгж нь эхний бадгийг бүтээж дараах хоёр мөрний нэгж нь хоёр дах бадгийг бүтээдэг ажээ. Танка хэлбэрт шүлгийн энэхүү бүтэц яваандаа хайку хэлбэрийг буй болгосон ажээ.

Хайку шүлгийг үүсгэн бүтээгч нь японы сонгодог яруу найрагч Басё билээ. Басёгийн уран бүтээлд хайку жинхэнэ бодит хэлбэр, шүлэглэх ёс гуримаа олжээ. Японы яруу найргийн түүхэнд “Басёгийн сургууль” буюу өөрийн барилыг дагагч олон яруу найрагч төрүүлсэн энэ хүн 1644-1694 оны хооронд амьдарч байжээ. Басё хайку хэлбэрийн яруу найргийн мэргэжлийн багш байсан бөгөөд японы яруу найрагт хайку хэлбэрийн шүлгийг цэцэглэлтийн дээд шатанд гаргажээ. Тийм учраас Мацуо Басё гэдэг нэр бараг япон яруу найраг гэсэнтэй адил ойлгогдох болж түүний “Хуучин цөөрөм” гэдэг хайку гарсан цагаасаа эхлэн япон яруу найргийн “Үлгэр жишээ шүлэг” болжээ. Өөрөөр хэлбэл хайку шүлгийн ойлголтын загвар болсон байна. Тэр шүлгийн эх ийм юм.

Фуру икэ я

Каразу тобикому

Мизу но ото

Орчуулбал:

Хуучин цөөрөм уруу

Хөөрхий мэлхий дэвхрэхэд

Усны чимээ гарав

Хайку шүлэг анх зохиогдсон тухай хоёр янз хувилбар яриа байдаг. Басёгийн шавь Сикогийн ярьснаар бол, хаврын нэг сайхан өдөр Басёгийн бяцхан байшингийн гадаа шавь нар нь цугласан байжээ. Хаврын өдрийн нам гүм байдлаас шалтгаалж,

“Хөөрхий мэлхий дэвхрэхэд усны чимээ гарав”

Гэсэн хоёр мөр шүлэг Басёгийн сэтгэлд буужээ. Энэ шүлгийн эхний мөрийг бодож олох хэрэгтэй болжээ. Тэгээд Басёгийн шавь Кикаку хажуугаас нь:

Ямабуки цэцгэн дунд

Хөөрхий мэлхий дэвхрэхэд

Усны чимээ гарав

Гэвэл яасан юм бэ? Гэхэд Басё татгалзжээ. Учир нь Ямабуки гэдэг шар өнгөтэй зэрлэг сарнайн хурц өнгө уг шүлгийн утга санааг илэрхийлэхэд таарахгүй байлаа. Тэгээд Басё өөрөө “хуучин цөөрөм уруу“ гэсэн мөрийг бодож олсон юм гэдэг байна.

Өөр нэг хувилбар яриа нь гэвэл, нэг удаа Басё Буттё гэдэг нэгэн багш хүнтэй дэмий ярьж суужээ. ”Борооны дараа хөвдийн өнгө улам ногоон болдог” гэж Басёг хэлэхэд Буттё “Бурхан Будда хөвд хоёрын аль нь урд гарсан бэ?” гэж асуужээ. Гэтэл Басё гэнэт: Чи дуулав уу, мэлхий ус уруу дэвхэрлээ гэж хэлжээ. Энэхүү чимээнээс хайку анх үүсэж гарсан юм гэдэг байна.

Хайку шүлгийн утга санааг ойлгоход жилийн улирлын байдалтай холбож бодвол амархан ойлгогддог байна. Жишээ нь “хуучин цөөрөм” гэдэг хайку бол хаврын тухай шүлэгт холбогдох бөгөөд яагаад гэвэл “мэлхий” гэдэг нэр бол хаврын улиралд хамгийн их яригддаг “улирлын чанартай” үг юм. Япончуудын зан заншил ёсоор мэлхийн дууг хамгийн гоо сайханд тооцдог ажээ. Алтангургалдайн дуу ямар сайхан бэ, түүнтэй нэгэн адилд үзэж хаврын мэлхийн анхны дууг япончууд тэсэж ядан хүлээдэг байна. Энэ нь зуны эхэн сарын хөхөөний дууг монголчууд тэсэж ядан хүлээдэгтэй яг адил юм.

Олон зуун жилийн турш хуримтлагдсан жилийн улирлуудын билэг тэмдэг нь “улирлын үгсийн” баялаг хуримтлалыг буй болгосон учир “улирлын нэг үг” зөвхөн нэг шүлгийн дүрмийг буй болгоод дуусах бус юм. Хавар бүхэн хоорондоо адилгүй байдагчлан “улирлын нэг үг” нэг шүлгээс нөгөө шүлгэнд яг адил утгаар давтагдах нь бус нэг яруу найрагчийн бүтээлээс нөгөө яруу найрагчийн бүтээлд өөр өөр утгаар хэрэглэгддэг байна.

Тийм учраас хайкуг тайлж ойлгоход уг шүлгийг бичих болсон нөхцөл байдал дахин давтагдашгүй эгзэгтэй талыг өгүүлж байгаа юмны гаднах оршиж байгаа байдлыг анхаарах хэрэгтэй ажээ. Ямар нэгэн агшин ямар нэгэн эгзэг бол хайку шүлгийн бодит болон хийсвэр нөхцөл нь мөн. Тийм учраас хэзээ хаана яагаад ямар учраас гэсэн эргэцүүлэлгүйгээр хайкуг тайлан ойлгож болохгүй. Жишээ нь Басёгийн өөр нэг хайкуг аваад үзье.

Сизу но ко я

Инэ сурикакетэ

Цуки-о миру

Орчуулбал:

Аймшигт ядуу эр

Амуу тариа цайруулахаа болиод

Онгон сарыг ширтэв.

Гэсэн шүлэг байна. Энэ шүлгий ахуй амьдралын хөрөг нь “болив” какэру гэдэг үйл үгээр өөрчлөгдөж хүний хараа сар өөд шилжиж байна. Гэтэл сар бол түүний “уйтгар”, “ганцаардал”-ыг илэрхийлж байна. Энд яагаад болив гэж асуугаад сарыг хараад болив гэж тайлбарлан ойлгох хэрэгтэй болно. Энэ шүлэгт байгаль хүн хоёрын нэгдмэл чанарт байдлыг зөвхөн тэрхүү сарыг харах агшин буюу тэрхүү эгзгийг ашиглан гайхамшигтай илэрхийлж чаджээ.

Ийнхүү хайку бичихэд гойд чамин хэллэг гоц ондоо зүйрлэл шаардагддаггүй, харин ямар нэгэн үзэгдэл юмын нэгээхэн эгзэгтэй өчүүхэн хэсэг мөртөө тэрхүү үзэгдэл юмсынхаа хөрөг зургийг төлөөлөн гаргаж чадахуйц мөнөөхөн эгзгийг олж энгийн үгээр зурагладаг байна. Тэрхүү өчүүхэн зураглал нь үзэгдэл юмсын бүхэл бүтэн дүр зургийг нүдээр үзэж биеээр мэдрэх адил хүний сэтгэл санаанд буулгадаг ажээ. Жишээ нь, японы сонгодог яруу найрагч эмэгтэй Тиёгийн:

Өдөржин горхин дээр

Өлөн сүүдрээ барих гэж

Тэмээлзгэнэ тонголзоно

Гэсэн хайку юун тухай өгүүлнэ вэ? Энэ шүлгийг уншихад юуны өмнө тэмээлзгэний сүүдэр анхаарал татаж байна. Тэрхүү тэмээлзгэний сүүдэр хүний сэтгэл санаанд толь шиг тунгалаг горхины ус, нарлаг халуун өдөр, салхигүй бөгчим нам гүм орчны зургийг тод тусгаж байна. Тэгвэл энэ шүлэг зуны өдрийн тухай шүлэг болох бөгөөд зуны өдрийг өчүүхэн тэмээлзгэний сүүдрээр хичнээн гойд зурсан нь гайхамшигтай. Гэтэл энэ шүлэгт зуны өдрийн тухай ганц ч үг дурсаагүй нь бүүр ч гайхамшигтай байна.

Алдарт Басёгийн тэргүүн зэргийн шавь 1660-1707 оны хооронд амьдарч байсан яруу найргийн мэргэжсэн багш Кикакугийн,

Гар хоосон гуйлгачны

Гадаа өмсдөг хувцас нь

Газар тэнгэр хоёр

Гэсэн хайку, бас хайку бичих онолын талаар хэд хэдэн ном бичсэн, яруу найргийн багш Масаока Сикигийн,

Гуулин зоос жингэнэж

Гуйлгачин олсноо тоолоход

Өвлийн шөнө хүйтэн

Зэрэг японы сонгодог яруу найргийн үлгэр жишээ болсон амьдралын үнэнийг хэдхэн үгээр сэтгэл зүрхэнд шингэтэл илэрхийлсэн олон сайхан хайкуг энд жишээ татаж болох байна. Эсвэл Басёгийн шавь Рансэцүгийн:

Намрын тэргэл сар

Нарсны мөчрийг тэр чигт нь

Хөх тэнгэрт хээлэв

Эсвэл Басёгийн

Мөчир дамжин гүйж

Мөнгөн дусаал урсах нь

Хаврын бороо ажээ.

Нүцгэн мөчир дээр

Нэвсгэр хэрээ суух нь

Намрын үдэш санж

Гэсэн хайкунууд, дундад зууны сүүлч үед амьдарч байсан сонгодог зохиолч Оцуюугийн

Аяныхаа зам дээр

Агч модны навчис гээсээр

Намар цаг өнгөрөв

Ранраны:

Зөрж яваа хүний

Барьж яваа шүхэр дуугарах нь

Намрын бороо ажээ

Зэрэг байгалийн хөрөг зургийг нүдэнд харагдтал зурсан сайхан хайкунууд байна. Мөн Сехакугийн:

Тэнгэрт түгсэн од

Тэндээ яасан үзэмжтэй вэ?

Тэхдээ яасан хол вэ?

Гэдэг гүн ухаан бодлогшролын ертөнцөд уншигчийн сэтгэлийг жуулчлуулсан өдий төдий хайкуг японы сонгодог яруу найраг бүтээжээ. Энэ бүхэн хайку шүлгийн сэдэв нь хичнээн баялаг, утга санаа нь хичнээн гүн гүнзгий болохыг нотлон харуулж байна.

Одоо японы яруу найргийн эх авсан үзүүр буюу хайку шүлгийн эх үүсвэр болсон Хуучин цөөрөм гэдэг хайкугийн тухай өгүүлье. Бид энэ хайкуг японы яруу найргийн анхдагч дүрийн нь хувьд авч үзэх ёстой юм. Хуучин цөөрөм бол цаглашгүй, төгсөшгүй үргэлжлэх байгалийн билэг тэмлэг юм. Мэлхий бол байгалийн нэгэн дүр, нүүр царай болох яруу найрагчийн дотоод ертөнцийн билэг тэмдэг юм. Чимээ бол байгалийн ертөнц яруу найрагчийн ертөнц хоёрын харилцан утга санаагаа нээж харилцан бие биеэ тодорхойлж байгаа нэгдмэл чанар нь юм. Өөрөөр хэлбэл, хайкуг Басёгийн яруу найргийн ертөнцийн “үг” гэж ойлгож болно. Тэгвэл хуучин цөөрөм бол мөнх байх яруу найргийг орлож, мэлхий бол яруу найрагчийг орлож, чимээ (мэлхийг ус уруу үсрэхэд гарах) бол уг шүлэг өөрөө болж байгаа юм.

Ийм учраас хайку бол, нэг талаас яруу найргийн үндэсний уламжлалд тулгуурлан сэтгэлийн гоц хөдөлгөөн дунд утга санааг илэрхийлж байгаа тодорхой мэдрэхүйн уран зураглал юм. Нөгөө талаар хайку бол ямар нэгэн тодорхой нөхцөлөөс шалтгаалалгүйгээр хувийн далд зөн билгийн үүднээс утга санааг илэрхийлж байгаа хийсвэр билэг тэмдэгийн зураглал юм.

Төгсөв.

Жич: Хайку үгээр явцуу, утгаар өргөн зүйл бололтой. Бичиж байх үеийн миний хайку:

2007/III/8-нд гэртээ ганцаараа.

Эсвэл

Аймшигт блогчин эр

Бичлэгээ дуусгаад

ТV-ээ асаав.

2007-03-06

Гарчиг олдоогүй бичлэгийн үргэлжлэл

(Хайрхан Даваан дээрээс Отгонтэнгэр харагдаж байгаа байдал, гэрийхэнтэйгээ айхтар салхитай өдөр даваан дээр гарч Очирваань ууланд мөргөсөн. Энэ зун төрийн тахилга болно гээд ойр хавийн уяачид бөхчүүд бэлдээд л битүүхэндээ хэдэнд болох талаар чих тавьцгааж байх бололтой.) Уул нь тэр зургийг яах гэж тавьсан бэ гэхээр монголын даваа гүвээ болон том жижиг овоон дээр энэ мэтчилэн айхтар их хадаг уячихсантай таарах юм. Зөв, буруу, зан, заншил, шашин, шүтлэг талаас нь мэдэхгүй юм. Гэхдээ зарим газар нар салхи бороонд үжиршиж муудсан хадаг орчины өнгийг дарж, хогийн цэгээс нэг их дээрдэхгүй байгаа юм шиг санагдсаныг хэлэх гэсэн гол санаа юм.

Аймгийн төвөөс чанх урагшаа 15 орчим км болов уу зайтай байх Хайрхан даваан дээрээс цагийн 4 улиралд цаст Очирваань уул нар гарах зүгт дүнхийн харагдах нь сайхан. Шинийн нэгний үүрээр хавь ойрын нутгийн настайчуул голдуу улс энэ даваан дээр гарч арц хүж уугиулж, шинэ жилийн эхний наранд мөргөдөг заншил тогтсон байна. Багадаа энэ даваагаар хамаатны ахтайгаа үхэр туугаад давж байсан, тэр үед би орчных нь хараа булаам байдлыг анзаарахааргүй жаахан байсан бололтой.

Мандах нарны улбар туяанд сүрдэм сайхан харагдах шүтээн ууланд мөргөхгүй байхын эрхгүй бизээ. Энэ мэт сайхан байгал орон өөрийн үзэмж төгсөөс болон хүн зоны хөлийн талхилганд автан гундахыг нэг бус удаа харж байсан. Энэ удаа мөн давтагдав.

Тайлга тахилганы идээ будаа, сацал дээжин дээр бужигнах нохой шувуу хаа сайгүй хүний хөлд талхлаган дарлуулсан өвс ногоог анзаардаг нэг нь анзаараад анзаардаггүй заримдаа сануулж байх хэрэгтэй бололтой. Бараг л Мартын 8-аар гарч мөргөхөө шахдаг гэж хүнээс дууллаа. Бодуул бодохоор л сэдэв юм. Хууль гаргалтай нь биш, үгүй ядаж лам нар даваа гүвээн дээр хог үлдээж болохгүй энэ тэр гээд хүмүүст ухуулж сэнхрүүлээсэй, хар, хөх өнгийн хувцас авч болохгүй энэ тэр гээд мань мэт нь ойлгохгүй хориг тавьсанаас дээр байлтай. (за за ламд номлол заах нь янз нь, алдас болуужин)

2007-03-05

Гарчиг олдоогүй бичлэг

Ганц хоёр өдөр алдаж ирсэн болохоор ажил овоорчихсон байх янзтай, мартахаасаа өмнө блог дээрээ амралтынхаа тэмдэглэлүүдийг оруулчья гэхээр завдахгүй шахам болох гээд байхым. Ганц нэгээр л сажлуулж байя дөө.

Эхний 7 хоног цагаан сарын бэлтгэл энээ тэрээ гээд, хөдөө сүртэй тэмдэглэдэг юм хойно янз бүрийн ажил ундраастай, банш хавсай, угаалга цэвэрлэгээ, чихэр жимс, амттан шимттэн бэлтгэх ажилд даруулаад их хотын ритмээрээ л байв. Цагаан сараар айл хэсэж нэг л их идэж уусан хүн болоод, ритм, форм алдагдаад ирэхийн сацуу хөдөөгийн налгар байдалд орж эхлэх нь тэр. Амарч байгаа хүн юм хойно өглөө үд болтол унтаж үхрийн дуунаар сэрээд л гэсн... Ээжээрээ бордуулаад л, гэснээс нээрэн жин нэмчихээд ирсэн байна лээ. г.м

Анна Каренина гээд Толстойн номыг аль халуун намар олж авсан ч унших зав гарахгүй байсан юм. Амралтаараа энэ номыг нэг л их удаан, бясалгах гэдэг нь байлгүй гэмээр уншив. Хэдий өнгөрсөн баларсан Оросын үед зохиол өрнөвч хүний амьдралын цагаан толгой л гэсэн үг. Нөгөө Баабар гуайн зөвлөсөн номнуудын нэг л дээ. Хар хурдаар нь уншаад бүхлээр нь залгичих ном биш байна. Stop!. Уншиж дуусаагүй байгаа болохоор түдгэлзүүлээд орхив.

За цаашаа: Хэдий амарч сэтгэл сэргэж сайхан байсан боловч интернэт гуайгаас хол байна гэж байхгүй, миний амьдралын салшгүй хэсэг болж дээ хөөрхий. Аймгийн холбоон дээрх интернэт кафэгаас хэд гуруун майлээ шалгаад дараа нь нэг пост бичих гэж оролдсон боловч блоггэр гуай ийм хурдаар ордоггүй юмаа гэж цэхэлзээд хавируулсангүй. Уул нь тэрхэн үед бичмээр санагдсан хэдэн зүйл толгойд байсан боловч одоо тийм ч сонин гэж бодогдохооргүй болчиж, Ямар нэгэн шинэ соргог санагдсан зүйлийг тэр дор нь тэмдэглээд орхихгүй болж гэм цаг хугацааны нөлөөгөөр элэгдэж мөлийгөөд шинэ сэргэг сонин бодууштай байдал нь мэдрэгдэхээ байх бололтой. Мөн шилэн кабел тавиад өндөр хурдаар орж байгаа гээд байсан зүйл бодит байдал дээр блогдож ч хүрэхгүй байсан нь шүүмжлүүштэй. Гэхдээ интернэтээс гадна өөр сайн нэвтэрч байгаа зүйлүүд байнаа цаана чинь. Интернэт гуай дэс дарааллынхаа дагуу л хөгжиж байгаа нь тэр юм байлгүй.

Очих болгонд л “жинхэнэ” хөдөөгийнхний амьдрал улам сайжираад байгаа нь илт. Гаднаа сансарын антенн тавьчихсан, TV-н олон сувгаар мэдээлэл авдаг болчихсон, бараг л хонины бэлчээрээс чатладаггүй байгаадаа энэ чинь гэмээр. Салхин сэнс, нарны зайгаар тог залгуулчихдаг, хөдөөгийн дундаж амьдралын түвшин аймгийн төв дээрхээс (нөхөр Завхан аймаг одоо болтол цахилгааны хязгаарлалттай сууцгааж л байна лээ.) лав илүү гарсан гэдэгт итгэлтэй байна... (Нэрсний дарс жоохон уучихсан чинь юу ч биччив дээ. Зогсохгүй бол бүүр дэмийрэх янзтай. Үргэлжлэл бий)

2007-03-03

Аян замын тэмдэглэл – (UB-s ZA)

Басчгүй хэдэн жил хариагүй санах маягтай байсан, дээр нь аав ээж 2 заавал ир гэсэн лүндэн буулгасан дагуу гахай жилийн цагаан сарыг дайруулан амралтаа аваад 1000 км-ын чанаддах гэрийнхээ зүг жолоо залвай.

Пургон машинд 15-уулаа (уул нь жолоочтойгоо нийлээд 11 хүн суудаг), хүн бүр цагаан сарын бэлэг сэлт, наймаа даавуу чихсэн өмбөө цөмбөө хэдэн цүнхтэйг хэлэх үү. Арай хийж завсар зайгаа олж сууцгаагаад явсан даа. Дээхнэ нэг гадаад хүн ингэж явдаг тухай “үл таних нэг монгол хүүхэн бараг өвөр дээр нь сууж явсан, замд үүрэглэж яваад нэг мэдсэн 2 хацраа нийлүүлчихсөөн давхиж байсан“ энэ тэр гээд хошигнох аястай бичсэн зүйлийг манай ажлыхан уншсан юм билээ. Намайг явуулцгаагаад л, шоолоод л байсан. Манайхаан тийм юм болоогүй шүү.

Онгоцоор явах гэхээр жоохон “татганаад”, дээр нь өвөл явж үзээгүйг хэлэх үү газар үзмээр санагдаад машинаар явах болсон хүн одоо яахав дээ. Хол замын сэгсрээнд ууц нуруугаа үргэлж болтол нүдүүлсэн шүү. Гэхдээ замд бас сонин ихтэй л явлаа.

Хол замд хүмүүсийн яриаг чагнасхийгээд л цонхоор хараад элдвийг бодоод давхих сайхан. (Би ер нь яриасаг хэдий ч танихгүй хүмүүстэй хэдий 1 өдөр 2 шөнө хамт явсан ч бай хамаагүй хэлгүй аятай л дүмбийгээд байдаг зантай хүн л дээ.) Гэтэл нэг нөхөр бараг бүтэн 30 цагийн турш тасралтгүй яриад л хэлсэн үгэндээ тачигнатал инээгээд л, мэдрэлтэй баагий юу даа энэ чинь гэх ухааны юм бодосхийж байв шүү... Хүмүүс сүүлдээ лав залхасан байх хэ хэ.

Хол замд анхаарууштай юм бол дууны баялаг сантай машинд суух хэрэгтэй юм билээ. Миний явсан машинд уул нь mp тоглуулагчтай хэдий ч уртаашаа 13 дуутай. Энэ хэдэн дууг ягштал цээжлээд харих шив. Ихэнх нь Жавхлангийн дуунууд. Эхэндээ сонсоод дагаад аялаад байсан сүүлдээ ч...

Замын хоолны газрууд намайг оюутан байхад ямар байсан тэр хэвээрээ... Цаг хугацаа зогсчихсон мэт л санагдаж байлаа. Айхтар их порцтой (порц сайтайгаараа өрсөлддөг бололтой юм. Сайн хоол өгвөл байнга явдаг жолооч нар буудаг болно гэж үздэг) бас тостой гэж тоймгүй хоол. Хэдэн ч хүн хэвтээд унтаж болохоор томоо гэгчийн наар. Зам дагасан гацаануудын амьдрал нэг иймэрхүү. Баруун аймгуудыг чиглэсэн хөл тасардаггүй болохоор орлого тасарна гэх юм байхгүй, бас хирэндээ шар нар, бор хоногоо борлуулаад л байдаг бололтойм. Тостой хоол гэснээс хамт явсан нэг залуу тэр аймаар тостой цуйван дээр наранцэцгийн тос нэмж асгаж байгаад идээд байгаам даа. А яа яа гайхмаар юм. Чонон ходоод гэдэг л тэр байх гсн.

Архангай аймгийн Тэрхийн цагаан нуур гээд зам дагуу уртаашаа 30 орчим км сунаж тогтсон сайхан нуурын хөндийгөөр нүдгүй цасан шуурга дайрч машин бараг цасанд суунгаа алдан явахад тэр айхтар шуурганаар мотоциклтэй хүн зөрж байгаам даа. Хөдөөнийхөөн гэж айхтар улсууд шүү. Мань мэт нь явган ч явж чадахгүй цасанд зоогдоод маруужин болно биз.

За тэгээд явсаар Солонготын даваан дээр гараад нутгийнхаа уулсыг харан, овоо тойрч байхад бараг л нулимс гарах шахав. Нутаг нуга, Жалга довны үзэл гэдэг л энэ байхдаа хөөрхий. Бодоод байхнээ шүүмжлээд байдаг энэ үзэл надад лав байдаг юм билээ. Зөвтгөх талаас нь бодоод үзвэл жалга довондоо хайртай байна гэдэг бусад нутаг надад хамаагүй, хайргүй гэсэн үг биш. Өөрийн төрсөн нутаг гэхээр цаанаа л сэтгэлд дотно дурсамж ихтэй болохоор л... Нутгархадаг бөхчүүдийг ойлгож байх шиг байнаа би. Би гэхэд л Цэрэнпунцаг заантай ганцхаан удаа л гар барьж, зургаа татуулж байсан хэдий ч давахад нь догдлон баярлаж, унахад нь донслон харамсаж суудаг байлаа. Бүүр ганц ч удаа “амьдаар” нь хараагүй мөртлөө Баяржавланг барилдахад мөн ялгаагүй. Хүмүүс энэ талаар юу гэж боддог юм бол доо.

Тосонцэнгэл өнгөрөөд шөнө давхиж явтал замд нэг машин зогсож байна. Хажууд нь хөнхөрдүү нүдтэй мөртөө монголжуу царайтай 2 хүн гар өргөөд зогсож байв. Зогсоод асуутал Нөмрөг сум явах замыг зааж өгөөч гэж байна. Тэгсэн харин манай жолооч ах: 10 мянгыг өг. Тэгвэл хэлж өгнө, 20-ыг өгвөл дагуулж яваад замд чинь оруулаад өгье гэдгийн байна. Нөгөө сайхан монгол зан, замын хүний тусархуу заншил хаачив? – Туслах жолоочтойгоо хамт буугаад хэсэг байснаа эргэж орж ирээд цааш хөдлөв.

Тэсэлгүй Та нар чинь яасан аймаар шудрага гарууд вэ? Замд төөрч, ядарсан л улс байлгүй? Яаж байгаан гэсэн чинь:

- Энэ муусайн Тувагууд өөрсдөө үнэхээр хөгийн гарууд байдгын. Өнгөрсөн жил бид 2 Тува руу яваад тэнд ёстой баларсан. Эд нарыг боломж л гарвал дарж байх хэрэгтэй муусайн п.. нар байгаа юм. Тувад бид нар ингэж асуусан бол бүүр балрах дээрээ тулах биз. – Надад хэлэх үг байсан ч дуугарсангүй аан гээд л өнгөрлөө. Энэ хоёр Тува нь цаашаа олон хүнд энийг нь ярина. Манай хоёр жолооч биш юм гэхэд амьдрал хөөсөн бас нэг монгол жолоочид энэ нь эвгүй зүйл болон тусна гэдгийг манайхан яагаад боддоггүй юм бол... Гэхдээ Тувагууд ч ингэж боддоггүй бололтой. Яг ийм case л амьдралыг үргэлж хар өнгөөр будаж байх юм даа хөөрхөс.

Шөнө 05:30, Үүрэглээд явж байтал нэг мэдсэн чинь Ганбаа сэрээрэй, хүрээд ирлээ гэдэг юм байна. Харсан чинь бүүр манай байрны урд хүрээд ирж. 50 орчим км замд унтаад явчихсан байгаа юм даа. Аймаар ядарч очсон. Гэртээ ороод толгой хүзүү хөл гараа нэг сайхан угааж аваад шууд 14:00 хүртэл тас.