Pages

Showing posts with label Ном. Show all posts
Showing posts with label Ном. Show all posts

2016-09-06

Өөрчлөлтийн тухай

Бизнесийн байгууллага дотор энэ л зөв гээд эхэлж байсан өөрчлөлт үр дүнгүй болж, нэг мэдэхэд замхараад алга болох, хугацааны хувьд сунжирах, ач холбогдолгүй болох, хэрэгжүүлж байсан хүмүүс нь шантрах г.м-ээр янз бүрийн бэрхшээлтэй тулгардаг. Мөн ихэнх өөрчлөлтүүд их бага янз бүрийн эсэргүүцэлтэй заавал тулгардаг.

Гэтэл хурдтай өөрчлөгдөх чадвар, хурдан дасан зохицох чадвар байгууллагад амин чухал гэдэгтэй маргах хүн нэг ч байдаггүй. Яагаад ер нь эсэргүүцэл заавал гардаг юм бэ?

Энэ номонд нэгэн мөрдөгч сарын дотор ижил овогтой гурван хүн оффис дээрээ алагдсан цуврал гэмт хэрэг дээр ажиллаж байгаа тухай гардаг. Гурван хохирогчийн овог нь Өөрчлөлт.

Мөрдөгчийн тогтоосон 13 сэжигтэн байгаа бөгөөд сэжигтнүүд бүгд энэ оффист ажилладаг байна. Нэрсийг нь жагсаавал:



  • Соёл
  • Амлалт
  • Дэмжлэг
  • Харилцаа
  • Алсын хараа
  • Төлөвлөгөө
  • Төсөв



  • Сургагч
  • Урамшуулал
  • Яаралтай байдал
  • Манлайлал
  • Гүйцэтгэл
  • Хариуцлага 


  • гэх мэтийн хүмүүс байна. 

  • Add caption
    Мөрдөн байцаагч маань сэжигтнүүдээс нэг нэгээр нь байцаалт авч, хооронд нь нүүрэлдүүлж, Өөрчлөлтүүдийг хэн хороосон тухай сэжүүр бүрийг шалгаж байгаагаар үргэлжилдэг юм байна.
    Хэрэв та энэ хэргийг мөрдөж байсан бол хэнээс эхэлж, ямар дарааллаар байцаалт авах вэ? Ер нь хэн буруутай байдаг вэ?

    Монголын бизнесийн байгууллагуудад яг ийм хэрэг их гардаг гэж бодож байна. Монголд юу өөр, юу адилхан байх бол?


    2013-12-21

    Төр улс цогцолсон нь

    Start-Up Nation гэх bestseller номыг Nepko энэ онд орчуулаад гаргасан байна. Өмнө нь би Израйлийг Палестин гэдэг улсын газар нутаг дээр Америк болон барууны орнуудын тусламжтай гэнэт гарч ирээд газар нутгийн төлөөх олон жилийн дайн самуун өдөөж бөөн хэрэг тарьсан улс юм гэсэн төсөөлөлтэй байснаа нуугаад яахав. Өөрсдийнх нь тайлбарлах өнцгийг хараад учиргүй Израйлчуудын зөв юм гэж бодоогүй ч өмнөх төсөөллөөс арай өөр нүдээр тэднийг харж, хэрэгтэй зүйлээ "сурч авах" ёстой улс юм гэж бодох боллоо.
    Энэ ном бүхэлдээ өндөр технологи бий болгох түүнээс бүх ирээдүй маань хамаарна гэж ухамсарлан "бүх бооцоо"-гоо тавьж зүтгэснийхээ үр шимийг нь хүртэж яваа улсын тухай юм.
    Израйл улсыг үүсгэн байгуулсан хүмүүсийн манлайлал, үзэл бодол, тэдний дайснууд, холбоотнууд, хөршүүд, еврэй хүний онцлог, олон орноос цагаачлан суусан өөр өөр соёлын хольц, иврит хэл, цөөн хүн ам, байнгын арми зэрэг онцлогууд нь дэлхийн хаана ч байхгүй өвөрмөц улс бий болох шалтгаан болжээ.
    Эргэн тойрны дайсагнагч улсуудын учруулж болзошгүй аюултай нөхцөл байдлаасаа болоод интернет бол тэдний олон улстай чөлөөтэй харьцан бизнес хийж болох ганц гарц болсон. Улмаар интернетээр яриа дамжуулах нэг шинэ технологийг бий болгон Америкын зах зээлд өндөр үнээр зарж чадсанаар технологи сонирхох явдал газар авч энэ талаар улсаас нь тодорхой дэмжлэг үзүүлэх арга эрэлхийлж эхэлсэн байна.
    Йозма буюу санаачлага гэсэн нэртэй улсын хөтөлбөр бий болсоноор шинэ технологи, инновацийг үүсгэдэг тогтолцооных нь гараа эхэлсэн. Йозма хөтөлбөрийн санаа нь бол:
    - Засгийн газар 100 сая долларын хөрөнгө оруулалт хийж, тодорхой чиглэл бүхий хэд хэдэн венчур капиталын сан байгуулна. Сан бүр Израйлийн суралцаж буй вебчур хөрөнгөтнүүд, гадаадын том венчур капиталын фирм, израйлын банк гэсэн гурван талаас төлөөлөлтэй байна.
    Улсаас 8 сая доллар авахын тулд гадаад венчур фирмтэй нийлээд 16 саяын хөрөнгө босгож Израйлын технологийн салбарт хөрөнгө оруулах ёстой.
    Засгийн газар сангийн 40 хувийг 5 жилийн турш эзэмшиж байгаад амжилттай ажиллаж эхэлбэл өөрийн хувиа сан байгуулагч нарт хямд үнээр авах бололцоо олгон сангаас гарах зарчимтай байсан нь гадны том фирмүүдийн сонирхолыг татах мэргэн бодлого гэж номонд дурджээ.

    Венчур сан гэдэг нь тодорхой нэг мэргэжлийн чиглэлийн компаниудад дагнан хөрөнгө оруулдаг сан юм. Шинээр эхэлж буй компаниуд ийм санд төслөө танилцуулан хөрөнгө оруулалт олох бөгөөд 100 компанид хөрөнгө оруулаад бараг ганц нь л амжилттай болсон тохиолдолд ашигтай ажиллаж болох загвар бүхий хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм.

    Миний ойлгож буйгаар гадны венчур капиталын фирм оруулж ирэх нь шинэ технологи бий болгоход шаардлагатай менежмэнт, ерөнхий арга зарчим нь мөн орж ирдэгээрээ улсад маш өгөөжтэй улмаар илүү богино хугацаанд ашигтай ажиллах боломж нэмэгдэхээс гадна гадаад зорилтот том зах зээлтэй холбох гүүр болж чадах давуу талтай юм.

    Монгол улс маань ийм тогтолцоо бий болгож чадвал тэдэн шиг улсаа гэсэн сэтгэлтэй эрдэм өвөрлөн ирэхээр явцгаасан олон мундаг хүмүүс байгаа нь эргэлзээгүй.

    Израйлын олон ийм хүмүүсийн жишээ, түүхэн явдлуудаар баялаг энэ номоос нэг хүний түүхийг өөрийн санаанд буйгаар тэмдэглэн үлдээе.
    Фроман гэдэг хүн Израйлаас АНУ руу техникийн мэдлэгт суралцахаар яваад тэндээ Berkley-ын их сургуульд сурч төгсөөд Intel компанид маш амжилттай ажиллаж байгаад Израйл буцах болсон тухайгаа удирдлагууддаа хэлжээ. Intel-ийнхэн чухал хүнээ зүгээр явуулахгүйн тулд очих газарт нь салбараа байгуулах шийдвэр гарч Intel Israel байгуулагдсан байна. Анхандаа таван хүнтэй эхэлсэн боловч яваандаа Intel-ын шинэ технологи бий болгодог чухал салбар болон хөгжиж Centrino, Core Duo, Dual Core концепцуудыг үүсгэн, үйлдвэрлэлд нэвтрүүлж чадсан байна.

    Номын тухай твитрээр->


    2013-01-26

    Эх сурвалж

    Айн Рэнд гэгч зохиолч эмэгтэйн бичсэн "Атлантын нуруу тэнийв" (Atlas shrugged) романаас сэдэвлэн хийсэн киног санамсаргүй үзээд номыг нь олж уншвал лавтайяа цагийн гарз болохооргүй эд байна даа гэсэн бодолтой явтал twitter-т @mona_Tb гэгч бүсгүй Эх сурвалжийг (The Fountainhead) нь эхлээд уншвал зүгээр гэж зөвлөхөөр нь анх уншихаар барьж авч билээ. За энэ бол энэ номыг унших болсон шалтгааныг дурсан бичсэн тэмдэглэл байлаа.

    Айн Рэнд хүмүүсийг, хүний нийгмийн хөгжилд оруулсан/оруулдаг хувь нэмрээр нь ерөнхийд нь дөрвөн хүнээр төлөөлүүлэн өөрийн үзэл бодлыг роман болгож хүргэсэн байна.
    Энэ дөрвөн хүн нь дотроо мөн хоёр төрөлд хуваагдана. Бүтээгч ба Шимэгч хүмүүс.

    Өмнөх үеийнхээ бүтээгчийн бүтээлээс урам дэм авч, суралцаж, дараагийн бүтээлийг бий болгох замаар замнасан цөөхөн хүмүүсийн ачаар л одоогийн хөгжлийн шатанд бид ирсэн. Гэтэл бүтээгчдийн замд шимэгчдийн армийн учруулдаг хор уршиг ёс юм шиг л дагалддаг тухай өгүүлжээ. Тэр арми жанжинтай, зохион байгуулалттай, зорилготой байдаг нь харамсмаар, бас өөрийгөө яг үнэндээ хэнийх талд нь байна вэ гэдгээ бодмоор санагдах үе цөөнгүй гардаг ном байна.

    Бидэнд илүү сонирхолтой байж магадгүй нэг хэсгийг сонирхуулая:
    ...Хүмүүст, хамгийн сайн сайхан үйл бол авах биш өгөх гэж зааж сургаж байна. Гэтэл бий болгоогүй зүйлийг өгч болохгүй шүү дээ. Бүтээх гэдэг нь өгөх, тараахаас өмнө бий болдог. Эс бөгөөс өгөөд байх юу ч байхгүй. Бүтээгчийн хэрэгцээ нь өглөг тараагчийн хэрэгцээ гэх зүйлээс ямагт түрүүнд байдаг. Гэтэл өөрийн хийж бүтээгээгүй зүйлийг бусдад бэлэглэгчийг, тэр бэлгийг бий болгосон хүнээс дээгүүрт тавьж шүтэхийг зааж байна. Өглөг буяныг шүтэн биширч байна. Харин ололт амжилт авчирсан үйлдлээс, бүтээлээс толгой сэгсэрч байна...

    Дээрх өгүүлбэрийг манай нөхцөлд буулгаад харахад: Татварын санд ганц төгрөг хийдэггүй баагий Татварын мөнгөөр гэр бэлэглэж, гэгээрсэн дүртэй зурагтаар өөрийгөө сурталчилж байна.

    Өөрөө чаддаггүй, хүнээс хэт хамааралтай нөхдүүд л хамт олонч ёс суртахууныг сайхан зүйл мэтээр байнга үглэж, хүмүүс бүгдээрээ өөрийгөө огоорч бусдадаа л тусладаг байгаасай, битгий тэгчээсэй, битгий ингэчээсэй гэсэн түмэн айдсаасаа болоод бүтээгчийн үйлдлийг хорьж хянах хүсэлдээ автан улмаар дайсан нь болон хувирдаг гэсэн хувийн дүгнэлт хийв.

    Хүмүүсийн яриад явдаг үг хэлэнд нь бүү итгэ, үзэл бодлоо ийм тийм гэсэн тайлбарт нь ч бүү итгэ, харин үйлдлийг нь ажиглаж хараад итгэж бай гэсэн утгатай ном юм аа гэж хэлсэн орчуулагчийнх нь үг уншаад дууссаны дараа нэгийг бодогдуулна.

    2012-09-02

    The Shawshank Redemption

    Imdb 250-г 9.2 оноогоор (яг одоо) тэргүүлэгч киноны тухай бүх хүн мэднэ бизээ. Ном нь Монголоор орчуулагдан гарсан байдаг юм байна. Киног нь үзсэний дараа номыг нь уншиж үзсэн Hunger Games-ын төрүүлсэн сэтгэгдэлээс үүдэн уг номыг уншихаар барьж авсан нь ямар ч байсан алдсангүй.

    Миний хувьд нотлох баримтууд ямар түвшинд байхыг хангалттай гэж үзээд ял оноодог тухай юу ч хэлж мэдэхгүй. Гэхдээ л гэмгүй хүнийг гэмтэн хэмээн үзэх, хийгээгүй хэргийнх нь төлөө яллахад хүргэж болно гэдгийг зохиолоос харлаа. 
    Цаазаар авах ял оноодоггүй муж байсан нь Эндийгийн хувьд зол болж, зохиол үргэлжлэх нь хэрэв уг хэрэг өөр мужид гарсан бол хууль гэмгүй хүнийг нөгөө ертөнцөд илгээж болох байсан шүү гэсэн мессежийг өгч байна. Үүгээрээ зохиолч буруугүй хүнийг яллаж болох ямар нэгэн магадлал байгаа л бол цаазаар авах ялаас татгалзах бодлыг олон хүнд төрүүлсэн байх гэж бодлоо. Жишээлбэл цаазалбал зохих хэрэг хийсэн хорин хүний дотор аль нэг нь буруугүй нь тодорхой, мөн түүнийг хэн нь вэ гэдгийг олох боломжгүй байвал ихэнх нь хэрэг хийсэн юм чинь гээд бүгдийг нь цаазлах шүүгч арай гарахгүй биз дээ? Буруу яллах магадлал байгааг хүлээн зөвшөөрч л байгаа бол цаазаар авахаас өөр арга олох нь хүнлэг юм байна.

    Зөвхөн цаазаар авах ялын тухай хэлэлцэх сэдэл төрүүлсэн зохиолч ч биш л дээ. Шоронд олон жил хоригдсон хүмүүсийн сэтгэл зүй, амьдрах хэв маяг ихэнхдээ л наранд гараад эргэж дасахааргүй эвдэрдэг тухай хэлэлцүүлэг хийвэл зохих чухал бас нэг сэдэв байна. 
    Түүнчлэн яг үнэндээ аль нь хууль сахиулах ёстой "хуяг", аль нь хүмүүжих ёстой "ялтан" бэ гэдгийг ялгахад хэцүү өрнөл ч уг зохиолд бий. 

    Сайн зохиол гэдэг бол уншигч, үзэгчдэд, юм бол ийм байдаг гэж сургахаасаа илүү ийм байж болох юм шүү гэсэн хувилбар санал болгодог юм шигээ. Байж болох хувилбарыг нотолгоотой, үндэслэлтэй нь гаргаж тавьсанаараа бидний олж хардаггүй зөрчлийг харуулж улмаар бидний дотор өөрчлөлтийг өдөөж, хөгжил рүү чиглүүлэх, тэмүүлэх хүч хайрлаж байдаг юм байна гэж бодогдлоо.

    2012-08-31

    Хархулангийн бөгж

    Нирунзу гэнэ үү? Зохиолчийн талаар нэтээр хайгаад олигтой мэдээлэл олсонгүй. Гэхдээ баяр хүргэхээс аргагүй, гоё зохиол байна. Хир зэрэг түүхийн баримт түшиглэж бичсэнийг хэлж мэдэхгүй юмаа, түүхчид үүнд нь дүгнэлт хийж өгөх байх. Надад бол түүхийн баримтуудад тулгуурлан бичсэн байгаасай гэсэн горьдлого бол байна. Тийм бол бүүр гоёо. 
    За тэр эрхийвч бол уран сайхны төсөөллийн эрдэнэс байх л даа. Бусад Монголын түүхийн, тухайлбал Төгс тайж гэж байсан эсэх гэх мэт сонирхол татаж байгаа юм.
    Монголын байлдан дагууллын үеийн түүх, хувьсгалын үеийн түүх, ардчилсан хувьсгалын үеийн түүхийг хооронд нь гоё хэлхэж, уялдаа холбоог нь уран сайхан зохиож өгсөн байна.
    Гэхдээ өмнөх уншсан Hunger Games зохиолтой өөрийн эрхгүй харьцуулагдаад зарим нэг өгүүлэмжүүд бага зэрэг нуршсан мэт сэтгэгдэл төрөөд байлаа. Орчин үеийн зохиолуудад байгалийн уран дүрслэл гаргаад байхаасаа илүү, эрчимтэй үйл явдал, өрнөлийг нь чухалчилбал зохих болсон юм биш байгаа? 
    Бас нэг үргэлж миний зэвүүг хүргээд байдаг санаа энэ номоос ч багахаан цухалзаад байсныг энд бичээд үлдээчихье, юу гэхээр Монгол хүн бол тэнгэр угсаатай, цаанаасаа л бусад улсыг удирдахаар заяасан ч гэдэг юм уу, эсвэл Монгол хүн болохоороо бусад орны хүнээс ийм давуу байдаг ч гэдэг юм уу, жижигхээн сэтгэлгээний омогшил энэ номоос үе үе цухуйчих гээд байгаа нь одооны бидний дунд хүчтэй байгаа үзлийн илрэл л байх даа. 
    Бас нилээд realistic маягийн зохиол явж байснаа гэнэт Хутагт ирээдүйг яг зөгнөөд хэлчиж байгаа гэх мэт хачин өгүүлэмж орж ирэх нь хир зохистойг зохиолч өөрийн бодлоороо шийдсэн байлгүй л гэхээс.
    Саяхан манай нэг кино найруулагчийн зурагтаар ярьж байсан ярианаас бага сага санаж байгаагаараа бичье, тэгвэл миний хэлмээр байгаа үг хүнд илүү хүрэх байх. Ингэсэн гэнээ:
    - Шинэ зеландийн засгийн газар өөрийн улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх ямар арга байж болох тухай нэг мэргэжилтнээс асуужээ. Манай улс жуулчин татаж ирүүлэх гэхээр бүүр нэг замаас зайдуу байрлалтай болохоор жуулчин зорьж ирэх нь бага байнаа, үүнийг яаж, ямар сурталчилгаа хийвэл хүн тоож ирдэг болох болоо? гэж...
     Нөгөө хүн судалгаа хийж үзээд танайх бол худалдааны, жуулчны явдаг ерөнхий замаас гажсан хол байрлалтай, нэг тийм зах хязгаарт байдаг улс тул, төсөөлөхөд нэг үлгэр домгийн мэт сэтгэгдэл төрүүлэхээр имиж бүрдүүлбэл зүгээр гэж айлдсан байна. Үүний дагуу нөгөө улсынхан Тоокиний Холивууд тоодоггүй нэг зохиолыг өөрсөндөө тохирох юм гэж үзээд Шинэ зеланд гаралтай хүнээр найруулуулах, зураг авалтаа нутагтаа хийлгэх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулж хөөцөлдсөний үндсэн дээр Бөгжний эзэн гэдэг алдартай гурамсан кино бүтээгдсэн байна.
    Бид ч бас нэг л зохистой цэгээ олохгүй ядацгаагаад байгаа гэж би бодож байна. Монголын кино, зохиолыг гадагш зах зээлд гаргахын тулд дээрх Шинэ зеланд шиг хийрхэлгүй ажиллах хэрэгтэй байх.


    Бидний түүхийн орооцолдсон маш урт замыг бага ч гэсэн илэрхийлэхэд хамгийн гоё тохирох зохиол бол одоогоор Хархулангийн бөгж гэж хувьдаа бодож байна.
    Сайхан ном. Гэтэл яагаад огт яригдалгүй миний чихэнд хүрэлгүй өдий хүрчихэв? Энэ номны талаар дээхнэ Баттөр анд л нэг ганц пост блогтоо үлдээснийг санаж байна. Номоо хүргэх маркетинг огт хийгээгүй юу? эсвэл би зорилтот зах зээл биш байсан уу? мэдэхгүй. 
    Манайд ер нь producer дутагдаад байдаг юм биш үү? 

    Hunger games

    Манайхан ч бас гадаадад хит болж байгаа зохиолуудыг удалгүй орчуулаад гаргачдаг болжээ. Amazon.com дээр нэг хэсэг шуугиулаад байсан Суззан Коллинсийн энэ зохиолоор хийсэн киног нь өвөл Өргөөд үзсэн юм. Олон жил кино үзээд ирэхээр киноны өрнөлийг үзэж байхдаа тааварлаад, түүнийгээ батлагдахаар өөрийгөө тоогоод додигор байдаг хүн чинь энэ киног үзэж байхдаа юу ч тааварлаж чадсангүй. Эхэн хэсэгтээ бол зөгнөлт кино гэдгийг нь ч ойлгоогүй хэсэг үзэж байгаад ойлгосон гэжугаа. Таашгүй өрнөлтэй сонирхолтой кино байсан болохоор
    номыг нь бас л mobi хэлбэрээр олдохоор нь сонирхоод хадгалаад авсан юм. Энэ зун уншсан анхны ном байлаа. Яг кино шигээ ном юм, үгүй ээ, ном шигээ хийгдсэн кино юм гэвэл зөв юм байна. Гэхдээ киног бол хялбарчилаад цаг хугацаанд баригдаад зарим зүйлийг цомхон болгосон байна лээ.
    Тэгсэн энэ зохиол чинь trilogy байсан юм байна. Catching Fire, Mocking Jay гээд үргэлжлэл хоёрыг нь ч Монголоор орчуулаад гаргасан байж, гурав дөрвөн өдөр шөнө нойроо солигдтол (амарч байгаа болохоор л) уншиж дуусгав. Нэгдүгээр боть дээрээ бөөн таавраар дуусдаг зохиолын үргэлжлэл ботиуд нь бас л гоё санагдсан хэрэг л дээ. "Happy Hunger Game" гээд л кинон дээрх хөтлөгчийн цуурайтуулан хэлж буй нь чихэнд сонсогдох шиг санагдаад, киног нь үзсэн номоо унших бас сонирхолтой л юм билээ.
    Гол хэлж буй санаа нь бас л одоогийн дэлхий нийтээр зөв гэж үнэлээд судлаад, сурталчлаад, итгээд байгаа чөлөөт эдийн засгийн тогтолцооны ирээдүй ийм байвал яах вэ? гэж зохиолч асуусан. Манай нийгэм зохиол дээр гардаг шиг хэлбэрт хэзээ ч орохгүй ээ гэж хэлэх хүн гарахгүй л болов уу. Гэхдээ зохиолч бидний ирээдүйд ийм нэг хувилбар байж болно гэдгийгээ л бичсэн болохоос уг нь ийм байвал найдвартай даа гэсэн гаргалгаа бол байхгүй, байх ч хэрэггүй гэж үзсэн байлгүй.
    Энэ зохиол шиг уран гоё зураглал огт алга, шууд л өрнөөд л өрнөөд л явчихна. Маасд хүрч мөнгө хийх зохиол иймэрхүү хэлбэрээр бичигддэг болсон эсэхийг мэдэхгүй ч энэ ном маш их борлогдсон болохоор амжилттай загвар юм байна даа гэж бодов.

    Морь унасан толгойгүй хүн

    Дунд ангид байхдаа Морь унасан толгойгүй хүн, Капитан Грантийн хүүхдүүд гээд хоёр номыг Газарзүйн багшийнхаа ярианаас сонсоод их л гоё байхдаа гэж бодож байв. 
    Тэр зуны амралтаар Морь унасан толгойгүй хүнийг нь олж аваад уншиж гарлаа. Адал явдал нь өндөрлөх дөхөөд мөн ч сонирхолтой хэсэг дээрээ явж байтал хуучин номны маань сүүлчийн бүлэг тэр чигээрээ урагдаад байхгүй болсон байх нь тэрээ, их шаналж билээ. Хайгаад, сураглаад номын сан, дэлгүүрээр яваад олдоогүй тул тэгсхийгээд хичээл ороод, сатаараад мартагнасан юм.
    Үүнээс хойш бараг 20 жил болох нээ, Kindle Fire-тэй болж, болсон болоогүй цахим ном цуглуулж явтал mobi хэлбэрээр олдохоор нь аваад л хадгалчихав. Энэ зун амралтаараа шавайгаа ханатал баахан ном уншихдаа багадаа дутуу орхисон "Морь унасан толгойгүй хүн"-ээ дуусгаж санаа амарлаа. Дашрамд хэлэхэд дутуу уншсан ном сэтгэл зүйд муу нөлөөтэй гэсэн шүү.
    Гоё адал явдал, дүрслэл, сонирхолтой цаг үеийн тухай сайхан зохиол юм аа. Ялангуяа хөдөөгийн амьдрал хальт хулт мэддэг бидэнд бол мөр хөөх, мориор хөөцөлдөх, хөдөө хээр амьд үлдэхийн төлөөх тэмцэл гээд л... Нэг эхлээд явчихвал уншиж дуустлаа үйл явдал нь өрнөдөг, зураглал сайтай гоё номоо олон жилийн хойно уншиж дууссандаа баяртай байна. Орчин үеийн хүүхдүүдэд ч гологдохгүй, дахин хэвлэгдэх болтугай.



    2011-09-26

    Win win

    Эхнэр, нөхөр, аав, ээж, ах, дүү, дарга, ажилтан, өрсөлдөгч, холбоотон гээд хүмүүсийн хооронд үүсдэг түг түмэн харилцааны заримд нь хоёр тал хоёулаа сэтгэл хангалуун үлдэх ёстой гэсэн үзэл баримтлал мөрдөж болдог байна. Үүнийг win win хандлага гэдэг ажээ.
    Замын хүзүү урт, зааны хүзүү богино гэдэг дээ. Хэрэглэгчээ нэг удаа амжилттай хуураад хожиж орхих нь тухайн чиглэлээрээ замнах зорилготой газарт бол явцгүй, зааны хүзүүг чухалд үзсэн шийдвэр гэдэг нь илт билээ... Урт замын аль нэг хүзүүн дээр уг хэрэглэгчээс алдсан итгэлийг нөхөх туйлын хэцүү шүү гэсэн санаа. Хэрэглэгчдээ яг л хэрэгцээтэй зүйлийг нь өгч, өөрөө ч тохирсон орлогоо олоод ирээдүйд дахин баяртайгаар арилжаа хийх боломжтой үлдэж байх нь бизнест амин чухал зарчим гэж ойлгохоор байна.
    Гэтэл маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг ч гэдэг. Хоорондоо өрсөлддөг спортын хувьд бол огт өөр. Хөлбөмбөгт нөгөө багийн хамгаалагчийг хамраараа газар хатгаж унатал нь хуураад гоолдох бол бахтай сайхан амжилт юм. Тэгэхээр бүх төрлийн харилцаанд win win гэсэн хандлага хэрэгждэггүй байх нь.
    Тухайн нэг харилцаанд win win үү? Эсвэл win-lose уу? Эсвэл бүүр Lose-win үү? Гэдгийг зөв тодорхойлж ашиглах чадвар маш чухал болж таарах нь ээ.
    Мөн нэг гэр бүлийнхэн, эсвэл нэг байгууллагынхан, нэг багийнхан гээд нэг тал болон шийдвэр гаргаж бусадтай харилцдаг хүмүүсийн хувьд бидний дунд ямар хандлага нь зонхилж байна вэ? гэдгээ анзаарч байх нь чухал юм байна.

    2011-08-09

    Priority

    Хүн амьдралынхаа турш янз бүрийн том жижиг сонголт хийсээр дуусдаг. Жишээ нь танд яг одоо миний энэ бичлэгийг уншиж аваад дараа нь Priority гэдэг ойлголтын тухай ултай суурьтайхан үргэлжлүүлэн бодох уу, эсвэл уншихаа болиод өөр ямар нэгэн ашигтай гэсэн зүйлээ хийх үү гэдгээ сонгох боломж байна. Үр дүн нь өөр.

    Та өөртөө ямар нэгэн чухал зорилго тавьсан уу? Түүндээ хүрэхийн тулд юу хийвэл хамгийн үр дүнтэй нөлөө үзүүлэх бол? Яг тэрийгээ хийх гэж байтал хэн нэгнээс шоудах санал ирээд гуяа алгадаад алга болж байгаа бол зорилгодоо хүрэх хугацаагаа сайн дураараа сунгаж орхилоо л гэсэн үг биз дээ? За, шоудах саналаас бол татгалзаж болно. Гэтэл аар саархан боловч цаг ордог, татгалзаж чаддаггүй ажлууд хүнийг хүлсээр байгаад зорилгодоо хүрэхгүй байх нэг том шалтгаан нь болдог гэнэ.

    Өглөө ирээд өнөөдөр хийх зүйлсээ дэвтэр дээр дэс дараалуулж бичээд таван минут ажиглаад харахад цаг хэмнэх ө.х зорилгодоо хүрэхээр ажиллах цаг гаргаад ирэх боломж ихэнх хүнд байдаг гэдэгт итгээрэй. Энэ мэтчилэн долоо хоног эхлэхэд, сар, жил эхлэхэд гэх мэтээр чадах чинээгээрээ төлөвлөж явбал ихээхэн цаг хугацааг өөртөө, зорилгодоо зарцуулах боломжтой.

    Энэ хүртэл уншсан бол та priority-ын тухай ултай суурьтайхан бодож үзэхийн чухлыг гадарласан болов уу. Товчхондоо бол сонголтгүйгээр хийхээс аргагүй түмэн ажлуудын дундуур зорилгодоо хүрэх гол ажлаа оруулж төлөвлөх, A; Б хоёр ажлын алийг нь эхлээд хийхээ шийдэж чадахгүй бол зорилгоо эргээд нэг харна уу гэсэн хоёр зөвлөгөөг тунгааж үзээрэй.

    2011-07-04

    Leadership and Management

    Титаникийн сандлыг тэгшлэх гэж үг байдаг гэнээ. Манайхаар бол Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдэг үгтэй ойролцоо, зөв гэж бодоод буруу зүйл хийхийг илэрхийлж байгаа хэрэг аж. Хаашдаа живэх гэж байгаа хөлөг онгоцны сандлуудыг тэгшлэхийн оронд амиа аврах завь хайх, эсвэл буцахдаа будаагаа арилжаад шороо биш мөнгө олоод ирэх замыг сонгох ухааныг манлайлал буюу leadership гэдэг байна.

    Сандлыг мэргэжлийн түвшинд тэгшилэн өрж чаддаг ур чадварыг, эсвэл жин тээхдээ мундаг, тэмээнүүдээ сайн амрааж, хүчийг нь зөв зохицуулж чаддаг хүнийг бол менежер буюу менежмэнттэй хүн гэдэг байна. Живэхгүй хөлөг онгоц дээр, эсвэл буцахдаа мөнгө олоод явах боломжтой замаар явж байгаа үед бол энэ ур чадвар үнэтэй байдаг.

    2011-06-28

    Proactive vs. Reactive

    “Гал унтраах” гэж манайхан ярьдаг даа. Ямарваа асуудал гэнэт босч ирэхэд түр зуур ч болтугай намжаахыг ингэж хэлээд байгаа юм. Тухайн асуудал тулгарах магадлал өндөр гэдгийг мэдсээр байж шийдвэрлэх, зайлсхийх арга чарга хайхын оронд асуудал тулгарахгүй гэдэг жижигхэн магадлалд нь найдаад суух нь амар санагддаг, түүнийгээ “сүх далайтал үхэр амар” гэх хөгжөөнтэй үгний ард нууж орхих үе байж л байдаг. Хүн төрөлх араншингаараа аль болох хамгийн бага хүчин чармайлтаар зорилгодоо хүрэхийг хүсдэг хандлагатай байдаг тул бид бүгдэд ийм чанар их бага хэмжээгээр бий. Асуудал босоод ирэх хүртэл нам жим сууж байгаад, асуудлыг нэгэнт нүүрлэсэн үед нь шийдэхийг хичээх энэхүү хандлагыг reactive гэдэг аж.

    Proactive нь харин эсрэгээрээ, асуудал тулгарахыг урьдчилан бодож олох, эерэгээр зайлсхийх төлөвлөгөө зохиож хэрэгжүүлэх, хэрэв тулгарвал зохицуулах, шийдвэрлэх арга чаргыг мэдэж авах, гүйцэтгэхээр төлөвлөх бодлоготой хүнийг ингэж тодорхойлдог. Дээрх хоёрын аль нь ирээдүйд амжилт гаргахад илүү нөлөөлнө гэж санагдав? Proactive хүн ч мөн адил аль болох хамгийн бага хүчин чармайлтаар зорилгодоо хүрэхийг хичээгч төрөлх араншинтай хүн шиг л хүн. Гэхдээ гол ялгаа нь бол proactive хандлагын хувь нь давамгайлсан байдаг. Ө.х reactive хандлагаа бууруулж чадсан хүн. Амьдралын бүх л зүйлд ийм хандлага чухал болохыг ойлгож авахын тулд хүн болгонд их бага хэмжээний хугацаа хэрэгтэй, ойлгож авалгүй дуусах хүн ч байх магадлалтай тул эрт ойлгож тодорхойлсон нэгнийхээ санааг дамжуулж буй минь энэ.

    2011-04-08

    Чонон сүлд

    Уг нь шинэ жилийн үеэр уншиж дууссан боловч блог
    дээрээ тэмдэглэж үлдээх зав муутай гүйсээр өдий хүрлээ.


    Монгол Хятад хоёр шиг түүхийнхээ турш биенээ үзэхгүй явж ирсэн улсууд хир олон байдаг бол. Ер нь түүхэн хөрш орнууд тийм байдаг ч юм болов уу. Уншаад өнгөц дүгнэхэд: Урт удаан хугацааны түүхэнд Хятад хүн ингэж манай талд орж байсан нь юу л бол гэж бодохоор, гэхдээ бодох тусам уг номны гол сэдэв нь зөвхөн хоёр улсын хэмжээнд л яриад байгаа зүйл биш байна. Энэ хоёр улсын нэг нь нөгөөгөө ялж дийлэх баатар заатар бол бид энэ номны тухай ярих бүртээ орхиод байдаг гол агуулгын дэргэд чипуха сэдэв!

    Оны өмнөхөн хоёр ном авсан нь хоёулаа сүүлийн хагас зуун жилд байгаль дэлхий онц их хохирол амсан сүйдэж байгаа тухай байв. Дэлхий даяараа анзаараасай гэсэн зохиолчдын хүсэл. Нэг нь барууны амьдралын хэв маягийг бишрэн шүтэж даган дуурайгч дэлхий нийтийг шүүмжилсэн бол нөгөөх нь нүүдэлчний амьдралыг улам улам шахаад устгаж буй суурин иргэншлийн тухай...

    Энэ ном дахь чонын тухай яриа бол байгалийн тэнцвэрийг бариулж явахын чухлыг ухаарсан нүүдэлчний тухай яриа юм. Чоно нь устаж тэнцвэр нь алдагдахад нүүдэлчин суурин иргэнд байраа тавиад тал нутгын амь тасарсан тухай муухай түүх шүү дээ.

    Ёс заншлаа биднээс илүү сахидаг гээд байдаг Өвөр буюу өмнөд Монгол маань угтаа бол аль хэдийнээ нүүдэлчний амин сүнсээ тэнгэрт өргөсөн гэдгийг л олж харах шив.

    Нөгөө номоо (Халуун хавтгай хавчигдмал дэлхий) ч бас уншсан, удахгүй дахин нэг сэтгэгдлээ бичиж үлдээнээ.

    2010-07-22

    Монгол Гүн Ларсон


    Энэхүү сонирхолтой сайхан номыг төрсөн
    өдрөөр маань бэлэглэсэн ажлынхандаа их баярлалаа.

    Франц Август Ларсон (1870-1957) гэх энэ эрхэм Швед хүн 1893 оноос эхлэн 35 жилийн турш Монголчуудын дунд амьдарсан бөгөөд энэ үеийнхээ тухай дурдатгал номоо 1920иод оны сүүлээр Англи Герман хэлээр Европд хэвлүүлж байжээ. Европ тивийнхэндээ өөрийн энэхүү дурдатгалаа хүргэсэн нь тухайн үедээ түүхийн шоронд мартагдсан Монгол орны тухай бодитой ойлголтыг хүргэх гэсэн зорилготой байсан бөгөөд хожим комунист дэглэм дор өөрсдийгөө ч мэдэхээ байсан бидэнд бүр их үнэтэй эх сурвалж болон ирэх тавилантай байжээ.
    Надад энэ ном яагаад маш их таалагдсан бэ гэхээр ерөнхий агуулга нь тухайн үеийн манай орны аж байдал, амьдрал ахуйн тухай бөгөөд тэр үеийн тухай миний төсөөлж байснаас хамаагүй илүү гэрэл гэгээтэй сайхан дурдатгал байсан юм. Маш их олзуурхан унших болсон бас нэг шалтгаан нь энэ ном ямар нэгэн улс төрийн үзэл сурталаар буртаглагдаагүй байх магадлалтай маш цөөхөн эх сурвалжуудын нэг байж мэднэ гэж бодлоо.

    2010-02-15

    "Цасан цэцэг ба Нууцлаг дэвүүр" Лиза Си

    Лиза Си зохиолчийн Snow Flower and the Secret Fan гэдэг нэртэй номны талаар бичих гээд бүр жил тойрчиж. Харин саяхан энэ номоор кино хийх гэж байгаа гэсэн шум сонсоод дуусгахаар шийдэв. Энэхүү ном нь 19-р зууны үеийн Хятадад амьдарч буй хоёр бүсгүйн насан туршийн нөхөрлөл (эрчүүдэд сонин биш байж болох юм), тухайн үеийн Хятадын гэр бүлийн амьдрал, хатуу ёс заншил гээд нилээн өргөн хүрээг хамарсан уран зохиолын ном юм. Гол нь энэхүү номыг зохиолч туурвихдаа үнэн бодит хүмүүсийн амьдралыг сонсож зохиолын баатараа ургуулан бий болгосон нь сонирхолтой байлаа. Зохиолын үйл явдал хувьсгалын өмнөх Хятадын нэгэн тосгонд "боломжийн" гэр бүлд төрсөн Лили хэмээх охины амьдралаар эхэлнэ. Тухайн үеийн Хятадад эмэгтэй хүн болж төрнө гэдэг нь "эцэг эхийн зааж өгсөн хүнтэй сууж, удамыг нь үргэлжлүүлэх хүү төрүүлж өгөх" л гэсэн цорын ганц үүрэг зорилготой байлаа. Хэр сайн үүргээ биелүүлэхээс хамааран нийгэм болоод гэр бүлдээ "үнэлэгдэнэ". Эмэгтэй хүн үүнээс өөр эрмэлзэл, мөрөөдөлтэй байх нь байж болошгүй зүйл гэдгийг төрхөөс нь авхуулаад хатуу дэг жаягийн дор охидод зааж сургана. Нийгмийн давхаргаас шалтгаалан тухайн охидыг мянган жилийн түүхтэй "foot-binding" буюу хөл боох ёс заншилын дагуу 4, 5тай байхаас нь эхлэн ээж нь хийж гүйцэтгэнэ. Нэг ёсондоо охидын хөлийг багаас нь нойтон даавуугаар бага багаар чангалж боох бөгөөд явц дунд эрхий хуруунаас бусадыг нь улруу нь нугалж хугалаад ул өлмий хоёрыг нь ойртуулсаар хэлбэрт оруулж хөлийг нь "лянхуа цэцгийн хээтэй гутал" өмсдөг болтол нь ширгээнэ. Тэрүүгээр ч барахгүй бүсгүй хүний чинээлэг нөхөрт гарах эсэх нь хөлнийх нь хэмжээнээс шууд хамааралтай болж таарав. Ирээдүйн эр нөхөр, хадамдаа баараггүй таалагдах хэмжүүр нь хөлөө 7.5 см болгох байлаа. Юун царай зүс харах. Гоо үзэсгэлэнгийн хэмжүүр нь найм ч хүрэхгүй см хөл. Нөгөө талаас хужаа нарын эмэгтэй хүнийг хашаанаасаа хол явж чадахгүй болгох хэрэгсэл юм боловуу даа. Үнэнийг хэлэхэд энэ ёс заншилыг зохиолчийн зохиолоо сонирхолтой болгох гэж бий болгосон зөгнөл гэж бодож байлаа. Гэтэл ийм хөлтэй хятад эмээ нар Хятадын алс бөглүү тосгонд мэр сэр одоо ч байдгийн байна. Харахаас ч нүд хальтрам ийм хөлийг бол Хятад эрчүүд харин ч нэг таалдаг байсан болтой. Зохиолын баатар болох Лилигийн эгч хөл боох үед өвчинөө дийлэхгүй нас барж байгаагаар гарна. Охидын хөлийг боож байх үед тэднийг зэргэлдээ тосгоны үе тэнгийн нэгэн охинтой ёс заншилын дагуу танилцуулж найзлуулах бөгөөд ингэж танилцсан найзууд насан турш нөхөрлөж хоорондоо дэвүүр дээр бичсэн нууц бичгээр харилцах заншилтай байлаа. Үүний дагуу Лили Цасан цэцэг хэмээх найзтай болох бөгөөд Лилигийн хөл "алтан хэмжүүрт" хүрсэн учир чинээлэг айлд бэр орж, харин найзынх нь хөл том болсон учир гахай нядлагчтай сууна. Ерөнхийдөө энэхүү хоёр бүсгүй оноогдсон хувь заяагаараа зам замаа хөөн амьдрах ч багаасаа нөхөрлөсөн нөхөрлөлөө хадгалах хүнд сорилыг Хятадын нийгэм цаг үе солигдох хэцүүхэн үед хэрхэн туулж гарч буйгаар дүрслэн гаргасан байлаа. Энэ номд гарсан зүйлсээс өнөө цаг үед "үлдсэн" нэг зүйл бол эрэгтэй хүүхдийг эмэгтэйгээс нь илүүд үзэх үзэл боловуудаа. Үүнээс болоод хүйсын тэнцвэр алдагдсан. За миний мэдэх Хятад хүүхэн лав юу ч хийдэггүй (хоол, гэр орон цэвэрлэх, хүүхэд төрүүлэх etc) байсым даа. Нөхөр нь эхнэрээ тахиад хоймор дээрээ тавьцан байсан. Тэгэхээр өнөө цагийн Хятад эмэгтэй овоо "үнэд" хүрээд байж магадгүйм. Цаг үе өөрчилөгдөнөө гэж. Алганд багтах хөлтэй эмээ нар одоо үеийн эмэгтэйчүүдээ хараад юу боддог бол? Номыг уншсаны дараа Хятад хүний менталитиг "биширсэнээ" нуугаад юүхэв. Цаашид ч биднийгээ бишрүүлсээр байх болно гэдэгт "итгэж найдаж" байгаа шүү. Гээд бүсгүйчүүддээ номыг уншихыг зөвлөе.

    2010-01-22

    Бүтээмж өндөртэй хүний 7 дадал


    Англи нэр: The 7 habits of highly effective people

    Зохиогч: Stephen R.Covey

    Номын төрөл: Хүний хөгжил

    Товч агуулга: Хүний тухай, хүний бүтээмж болон хүний зан чанарын тухай, ёс зүйн тухай зохиогчийн олон жилийн судалгаа, туршилт, ажиглалт дээрээ үндэслэн бичсэн энэхүү номоос та өөрийнхөө нөөц бололцоо, төвлөрөх ёстой өөрийн үнэлэмжүүдийг хэрхэн олж тодорхойлох, хүн өөрөө өөрийнхөө амьдралыг хэрхэн хөгжүүлэх боломжтой тухай олж мэднэ.

    Орчуулсан: Н.Сома, Дөлгөөн, Уянга

    Орчуулга хянасан: Ж.Бат-Эрдэнэ, Э.Юмчин

    Орчуулан хэвлэсэн он: 2006

    Үнэ: 13600 төгрөг /Интерном/

    • Зохиолч уг номыг бичих болсон гол шалтгаан нь юу вэ?

    Хувь хүний хөгжлийн эсвэл амжилтанд хэрхэн хүрэх талаар өгүүлдэг маш олон ном зохиол бүтээлүүд байдаг. Гэтэл хувь хүний бүтээлч байдалд, амжилтанд эдгээр номнууд нэг л өнгөцхөн эмчилгээ, өнгөцхөн арга ухаан зааж яг хүмүүний хүсдэг тууштай жинхэнэ амжилт гаргах хүчин зүйл болж ихэнхдээ л чадахгүй байгааг зохиогч анзаарчээ. Өөрөөр хэлбэл хувь хүний ямар нэг ур чадварыг түргэн хугацаанд хөгжүүлэх, бусадтай харилцах, өөрийгөө илэрхийлэх янз бүрийн арга замуудыг өгүүлцгээх мөртлөө эдгээр арга барил, ур чадваруудыг эзэмшсэн хүмүүс ажилдаа амжилт гаргасан боловч амьдралдаа тодруулбал гэр бүлийн тал дээрээ ихийг алдсан байдаг, эсвэл гэр бүлийн амьдрал нь жаргалтай сайхан яваа мөртлөө ажилдаа амжилт гаргаж чадаагүйдээ сэтгэл гонсгор яваа нь ч бий. Мөн мэргэжилдээ маш сайн боловсорсон боловч харилцааны ур чадвараар тааруу, хамтын ажиллагаанд зүтгэхдээ учир начрыг нь олдоггүй хүн ч бий. Олон сайхан бизнес цэцэглүүлж амжилтанд хүргэсэн боловч амьдралдаа сэтгэл хангалуун бус дотроо шаналагсад ч байдаг гэнэ. Яагаад ийм зөрчилтэй хүмүүс олон байдаг юм бэ? Амьдрал нэгийг өгвөл нөгөөг нь заавал авдаг гэж үү? хэмээн зохиолч өөрөөсөө асуусан бизээ. Гэтэл амьдралынхаа аль ч талбарт төгс амжилт гаргасан хүмүүс цөөнгүй. Эдгээр хүмүүс болон дээрх хүмүүсийн үндсэн ялгаа юу юм бэ? Зохиолч энэ бүхний шалтгааныг тодруулж жинхэнэ амьдралын утга учрыг хайхаар олон жилийн өмнө замд гарч тууштай судалгаа шинжилгээ, ажиглалтын үр дүнд өөрийн гэсэн дүгнэлтэнд хүрсэн тул энэ ном бичигджээ.

    • Ерөнхий агуулга

    Хүний зан заншил нь, өдөр тутмын жижиг сажиг гэлтгүй бүх үйл нь ирээдүйн амжилтынх нь үндэс шалтгаан болж байдаг тухай, өөрийн зарчим, хүсэл эрмэлзлэл хийгээд үнэт зүйлс, ажил амьдрал, үзэл бодол, ойлголтууд зэрэг таныг бүтээж буй бүхий л талууд өөр хоорондоо уялдаа холбоотой, зөрчилдөхгүй болж ирсэн цагт л жинхэнэ амжилт, жинхэнэ хүч чадал, жинхэнэ амар амгаланг олдог тухай өгүүлжээ.

    • Зохиолчийн итгэж үнэмшиж буй тэр арга зам юу вэ?

    Энэ номонд хувь хүний зан заншлын ёс зүйг өөриймшүүлэхийн тулд зохиогчийн санал болгож буй хоёр үндсэн зорилтод хүрэх замаар явахыг зөвлөжээ. Эдгээр хоёр зорилтод хүрэхийн тулд өөртөө тодорхой долоон дадлыг хэвшүүлэх бөгөөд энэ нь таны амьдралыг бүрэн сэргээх болно гэж зохиогч итгэж байна.

    Эхний зорилт бол хараат байдлаас бие даасан байдал руу шилжих. Ямарваа зүйлд өөрийн тодорхой зарчмаа баримталж бодлоготой хандах, аливаа үйл хийхдээ сэтгэл оюундаа бодож дуусгаж байж эхлэх, хийх зүйлсээ өөрийн зарчим үнэт зүйлд тулгуурлан эрэмбэлж байж барьж авах замаар бие даасан хүн болох тухай тун сонирхолтой бичжээ.

    Удаах зорилт бол бие даасан байдлаас харилцан хамаарсан хоршил бий болгох. Бид амьдрал дээр, ажил дээр, ангидаа хаа сайгүй бие биентэйгээ харилцаж баг болон амьдрах, ажиллах, сурах шаардлага үргэлж тулгарч байдаг. Харилцаж буй талууд харилцан сэтгэл хангалуун үлдэх боломж байдаг гэдгийг мэдэж, түүнийг олтолоо харилцан ойлголцохоор ажиллах тухай win-win зарчим, өөрийгөө нөгөө хүндээ ойлгуулахын тулд эхлээд өөрөө нөгөө хүнээ маш сайн ойлгож байгаад дараа нь ойлгуулах тухай, амжилтын төлөө гэсэн ойлголцол бий болгож хоршил үүсгэх тухай гайхалтай өргөн хүрээтэй сэтгэж бичсэн байна.

    Энэ ном бүхэлдээ чухал зүйлсээр дүүрэн, тэр болгоны тухай бичихгүй ч миний хувьд чухал гэж үзсэн бас нэгэн ойлголтыг энэхүү тоймдоо оруулая гэж шийдлээ.

    • Түгшүүрийн хүрээ ба Нөлөөний хүрээ
    Дэлхий дээр зургаан тэрбум гаруй хүн амьдардаг. Бүгд өөр өөрийн гэсэн түгшүүрийн хүрээтэй. Жишээлбэл би гэхэд ундны усыг хамгаалах юмсан гэж санаа зовж байна. Улаанбаатарын байшин хорооллынхон ундны усыг хэтэрхий үрэлгэн хэрэглэж ирсэн гэдгийг би олж мэдээд харуусаж байна. Түгшиж байна. Гэр хорооллынхон болохоор газрын хөрсийг маш их бохирдуулдаг гэдэгт бас санаа зовж байна. Энэ үзэгдэлүүд намайг дэлхий дээр оршин байгаа эсэхээс үл хамааран явагдаж байгаа боловч би түгшиж байна. Танд бас надад түгших санаа зовох маш олон зүйл байдаг. Миний санаа зовдог бүх л зүйлсийг миний түгшүүрийн хүрээ гэж үзэж болох юм. Үүнтэй адил танд ч бас санаа зовдог, айдаг зүйл бишгүй бий. Тэр бүгд бол таны түгшүүрийн хүрээ юм. Бурханы авралаар ч гэх юм уу, эсвэл гай болж ч гэх юм уу бидэнд бас нөлөөний хүрээ гэж бий. Энэ бол миний нөлөөлж чадах бүх зүйлсийг хэлж байгаа юм. Жишээлбэл би өөрийн хэрэглээний усаа гамтай хэрэглэж чадна (эсвэл гамгүй асгаад байсан ч чадна, энэ бол нөлөөлж чадахыг харуулж байгаа юм). Газрын хөрс рүү үл шингэх зүйл асгахгүй байж бас чадна (албаар асгаад байж ч бас чадна), гудамжинд хог хаяхгүй байж чадна (эсвэл шуудайтай хог аваачаад цацчихаж бас чадна) Энэ бичлэгийг блогоороо дамжуулаад танд хүргэж чадна (эсвэл ком дээрээ хадгалаад мартчихаж чадна) гэх мэт.

    Хүний нөлөөний хүрээ түгшүүрийн хүрээний дотор байдаг.

    Өөрөөр хэлбэл та түгшүүрийнхээ хүрээнд байгаа бүх зүйлд нөлөөлж чадахгүй гэсэн санаа. Та өөрийнхөө цагийг нөлөөнийхөө хүрээнд ажиллах замаар нөлөөний хүрээгээ томруулмаар байна уу, эсвэл нөлөөний хүрээнийхээ гадуур сачий чинь хүрэхгүй зүйлсийн тухай бодоод түгшээд суугаад байх уу? Нөлөөний хүрээндээ төвлөрч ажилласанаар та түгшүүрийн хүрээтэйгээ тэнцүү болтол нь тэлж чадна. Баабарын хэлээд байсан оймсныхоо асуудлыг шийдэж чадахгүй жижигхээн нөлөөний хүрээтэй байж хойд мөсөн далай хайлж байна гэнэ яанаа гээд л битгий давхиарай гэж захиад байдгын цаад нарийн учир энэ бололтой.

    Энэ ном бүхэлдээ маш цогц үзэл санааг өгүүлсэн байна. Тухайлбал хувь хүн өөрийн зан чанар, баримталж буй зарчимууд дээрээ ажиллаж цэгцлэсэнээр өөрийгөө амжилт бүтээлийн замаар уриалан дуудах боломжтой болно. Үүнд туслах гарын авлага болохуйц дорвитой барьцтай нягт нямбай бүтээл болжээ. Дээр өгүүлсэн бие даасан хүн болох ба харилцан хамаарсан хоршил бий болгох хоёр зорилт, түгшүүрийн хүрээ, нөлөөний хүрээ зэрэг олон олон чухал ойлголтууд хоорондоо хэрхэн уялдаж байгааг, түүнчлэн өдөөлт ба түүнд зориулсан хариу үйлдэл хоёрын дунд бидний төдийлөн анзаардаггүй маш чухал орон зай байдаг. Өөрөөр хэлбэл таныг тэнэг гэж хэлсэний төлөө дэлбэртэлээ уурлахуу эсвэл яагаад тэгж хэлэв гэдгийг эргэцүүлэх үү гэдгийг бодох цаг танд бий. Үүнийг хэрхэн ашиглаж сурах тухай энэ номноос уншиж мэдээрэй.

    Номын болон зохиолчийн тухай бусад линкүүд:

    http://ganbaa.blogspot.com/2006/11/blog-post_10.html

    http://baatarchuluun.blogspot.com/2007/07/blog-post_2777.html