Pages

2011-07-08

Наадмын дурсамж

Тээр жил наадам үзэхээр хэдэн найзтайгаа аймгийн стадионд сууж байтал аав хүрч ирээд аманд гарах бөхчүүдийн тоо хүрэхгүй байна та нар бүгдээрээ гарч барилд гээд нэг нэг зодог шуудаг, заримд нь хромон гутал, заримд монгол гутал авчраад өмсгөчвөө. Ингээд бидний хэдэн нөхдүүд аймгийн наадмын нэгийн даваанд гарах боллоо. Манай хэд надаас арай биерхүү болохоор дайралдсанаа л өмсөөд өмсөөд бэлдчихлээ. Би үзэж үзэж жижгээс сонгож өмсөөд хамгийн сүүлд нь гараад зогсчвоо. Том том бөхчүүд хөшилдөөд л нэгийн даваа эхлэхээр боллоо. Наадамд барилдах нь бүү хэл зодог шуудаг барьж үзээгүй бид хэд ичиж сандарсан, дээр нь сүрдсэнийг ч хэлэх үү доожоо муутайхан дагаад л дэвээд гарлаа. Зүүдлээд ч байгаа юмшиг, сэрүүн ч байгаа юм шиг сонин санагдаад байж билээ. Одоо бодоход өмнө нь би дэвж үзээгүй байсан шиг санагдаж байна. Баруун жигүүрийн хамгийн доор очоод зогссон хүн зүүн жигүүрийн хамгийн тэргүүний бөхтэй таардаг юм хойно засуулч намайг хөтлөх нь холгүй нэг бөхийн өмнө авчраад тушаачихлаа. Аймгийн арслан Юнрэн гээд бүдүүүүн сайхан бөхтэй очиж очиж шүдэнзний мод шиг чөрчийсөн би таарчвөө. Манай дүү нар ээж аавтай хамт суугаад Ганбаа ах барилдана гээд дуран бариад хүлээж байсан юм байх, сүүлд нь хэлж байх нь Атгасан нудрага, чигчий хуруу хоёр шиг л харагдаж байсан гэж. За тэгээд эрийн хугархай юм хойно айхгүй зоригтой үзнэ дээ ухааны юм толгойд эргэлдэж байнаа. Арслан ташаагаа тулчаад намайг харах ч үгүй л сүртэй зогсоод байхын. Гайхасхийгээд ах хажууд нь очоод дөнгөж зогсох гэтэл сэнжигнээс гаанцхан атгаж дугтарчихаад явчихдаг гэнээ. Өвдгөөрөө зүлэг муутай халцархай газар чирэгдчихсэнийг хэлэхүү, юу юугүй хамгийн түрүүн ойчоод өгснийг хэлэх үү ичиж сандарсан би босоо л гүйчиж билээ. Тухайн үедээ ичээд хүнд ярьдаггүй л байлаа. Одоо ч эргээд дурсахад тэр алдартай нэр хүндтэй сайхан аймгийн арслан надаар нэг даваад явсан гэж бодохоор сайхан шүү.

2011-07-04

Leadership and Management

Титаникийн сандлыг тэгшлэх гэж үг байдаг гэнээ. Манайхаар бол Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдэг үгтэй ойролцоо, зөв гэж бодоод буруу зүйл хийхийг илэрхийлж байгаа хэрэг аж. Хаашдаа живэх гэж байгаа хөлөг онгоцны сандлуудыг тэгшлэхийн оронд амиа аврах завь хайх, эсвэл буцахдаа будаагаа арилжаад шороо биш мөнгө олоод ирэх замыг сонгох ухааныг манлайлал буюу leadership гэдэг байна.

Сандлыг мэргэжлийн түвшинд тэгшилэн өрж чаддаг ур чадварыг, эсвэл жин тээхдээ мундаг, тэмээнүүдээ сайн амрааж, хүчийг нь зөв зохицуулж чаддаг хүнийг бол менежер буюу менежмэнттэй хүн гэдэг байна. Живэхгүй хөлөг онгоц дээр, эсвэл буцахдаа мөнгө олоод явах боломжтой замаар явж байгаа үед бол энэ ур чадвар үнэтэй байдаг.

2011-06-28

Proactive vs. Reactive

“Гал унтраах” гэж манайхан ярьдаг даа. Ямарваа асуудал гэнэт босч ирэхэд түр зуур ч болтугай намжаахыг ингэж хэлээд байгаа юм. Тухайн асуудал тулгарах магадлал өндөр гэдгийг мэдсээр байж шийдвэрлэх, зайлсхийх арга чарга хайхын оронд асуудал тулгарахгүй гэдэг жижигхэн магадлалд нь найдаад суух нь амар санагддаг, түүнийгээ “сүх далайтал үхэр амар” гэх хөгжөөнтэй үгний ард нууж орхих үе байж л байдаг. Хүн төрөлх араншингаараа аль болох хамгийн бага хүчин чармайлтаар зорилгодоо хүрэхийг хүсдэг хандлагатай байдаг тул бид бүгдэд ийм чанар их бага хэмжээгээр бий. Асуудал босоод ирэх хүртэл нам жим сууж байгаад, асуудлыг нэгэнт нүүрлэсэн үед нь шийдэхийг хичээх энэхүү хандлагыг reactive гэдэг аж.

Proactive нь харин эсрэгээрээ, асуудал тулгарахыг урьдчилан бодож олох, эерэгээр зайлсхийх төлөвлөгөө зохиож хэрэгжүүлэх, хэрэв тулгарвал зохицуулах, шийдвэрлэх арга чаргыг мэдэж авах, гүйцэтгэхээр төлөвлөх бодлоготой хүнийг ингэж тодорхойлдог. Дээрх хоёрын аль нь ирээдүйд амжилт гаргахад илүү нөлөөлнө гэж санагдав? Proactive хүн ч мөн адил аль болох хамгийн бага хүчин чармайлтаар зорилгодоо хүрэхийг хичээгч төрөлх араншинтай хүн шиг л хүн. Гэхдээ гол ялгаа нь бол proactive хандлагын хувь нь давамгайлсан байдаг. Ө.х reactive хандлагаа бууруулж чадсан хүн. Амьдралын бүх л зүйлд ийм хандлага чухал болохыг ойлгож авахын тулд хүн болгонд их бага хэмжээний хугацаа хэрэгтэй, ойлгож авалгүй дуусах хүн ч байх магадлалтай тул эрт ойлгож тодорхойлсон нэгнийхээ санааг дамжуулж буй минь энэ.

2011-04-08

Чонон сүлд

Уг нь шинэ жилийн үеэр уншиж дууссан боловч блог
дээрээ тэмдэглэж үлдээх зав муутай гүйсээр өдий хүрлээ.


Монгол Хятад хоёр шиг түүхийнхээ турш биенээ үзэхгүй явж ирсэн улсууд хир олон байдаг бол. Ер нь түүхэн хөрш орнууд тийм байдаг ч юм болов уу. Уншаад өнгөц дүгнэхэд: Урт удаан хугацааны түүхэнд Хятад хүн ингэж манай талд орж байсан нь юу л бол гэж бодохоор, гэхдээ бодох тусам уг номны гол сэдэв нь зөвхөн хоёр улсын хэмжээнд л яриад байгаа зүйл биш байна. Энэ хоёр улсын нэг нь нөгөөгөө ялж дийлэх баатар заатар бол бид энэ номны тухай ярих бүртээ орхиод байдаг гол агуулгын дэргэд чипуха сэдэв!

Оны өмнөхөн хоёр ном авсан нь хоёулаа сүүлийн хагас зуун жилд байгаль дэлхий онц их хохирол амсан сүйдэж байгаа тухай байв. Дэлхий даяараа анзаараасай гэсэн зохиолчдын хүсэл. Нэг нь барууны амьдралын хэв маягийг бишрэн шүтэж даган дуурайгч дэлхий нийтийг шүүмжилсэн бол нөгөөх нь нүүдэлчний амьдралыг улам улам шахаад устгаж буй суурин иргэншлийн тухай...

Энэ ном дахь чонын тухай яриа бол байгалийн тэнцвэрийг бариулж явахын чухлыг ухаарсан нүүдэлчний тухай яриа юм. Чоно нь устаж тэнцвэр нь алдагдахад нүүдэлчин суурин иргэнд байраа тавиад тал нутгын амь тасарсан тухай муухай түүх шүү дээ.

Ёс заншлаа биднээс илүү сахидаг гээд байдаг Өвөр буюу өмнөд Монгол маань угтаа бол аль хэдийнээ нүүдэлчний амин сүнсээ тэнгэрт өргөсөн гэдгийг л олж харах шив.

Нөгөө номоо (Халуун хавтгай хавчигдмал дэлхий) ч бас уншсан, удахгүй дахин нэг сэтгэгдлээ бичиж үлдээнээ.

2011-03-28

2011 оны эхний post 3.28нд, 10 онд ер нь гар хүрсэнгүй шахуу байлаа даа, Харин энэ жил блогоо жаахан сэргээнэ. Бичмээр санагдсан, бодогдсон юм мэр сэр байна.

2010-12-24

Тээр жил өдийд блогчдыг шалгаруулаад тоолоод сууж байж билээ. :)

2010-09-16

Сүүлийн үед Монгол википедиа дээр оруулсан хэдэн хуудас

Монгол википедиа дээр хааяа нэг дажгүй гэсэн
ганц нэг хуудас оруулаад байгаагаа
блогтоо бас орууллаа.


CRM
CRM (Customer Relationship Management) буюу Хэрэглэгчтэй харилцах менежмент нь аливаа бизнесийн байгууллага хэрэглэгчтэйгээ хэрхэн харилцаж, улмаар борлуулалтын хэтийн төлвөө эерэг байлгах зорилгоор хэрэглэгддэг ухагдахуун бөгөөд мэдээллийн технологийн дэвшлийг (програм, техник хангамж) ашиглан энэхүү харилцаагаа үр ашигтай зохион байгуулж бизнесийн процессоо боловсронгуй болгодог юм. Тодруулбал ихэнх бизнесийн байгууллагад байдаг маркетинг, борлуулалт, үйлчилгээний үйл ажиллагаанд тохирсон програм хангамж бүтээгдэж эхэлсэн тэр цагаас энэхүү ухагдахуун бизнесийн ертөнцөд ихээр яригдах болсон хэрэг.

CRM хэрэглэж эхэлсэн компаниуд дараах давуу талуудыг олж авдаг байна.
  • Борлуулалтын бүтээмж эрс өндөрсөнө
  • Маркетингийн үйл ажиллагааг удирдах, дүгнэх боломж сайн болно
  • Үйлчилгээний ажлын бүтээмж сайжирч ажилчдын бүтээмж өндөрсөнө
  • Хэрэглэгчийн талаарх бүх мэдээлэл төвлөрч түүнийг боловсруулахад хялбар болно
  • Байгууллага дотор бичиг цаасны урсгал бага болсоноор олон үр дүн авчирна. Үүнд: мэдээлэл алдагдахгүй болно, цаасны зардал буурна, механик алдаа байхгүй болно, ажлын орчин ая тухтай болно, бичиг цаас зөөх зардал ажил бага болно г.м.
  • Гол хэрэглэгчдийн хүсэлт шаардлагыг биелүүлэхийн тулд шинжилгээ хийх бололцоо бүрдэх бөгөөд энэ нь хэрэглэгчээ хадгалан үлдэх чухал ач холбогдолтой
  • Өрсөлдөгчийн үйл ажиллагааг нарийн хянаж түүнд тохирсон шийдвэр гаргаснаар шинэ хэрэглэгч олж авах бололцоо сайжирдаг
  • Тухайн хэрэглэгчид тохирсон бүтээгдэхүүн үнийг санал болгох боломж бүрдэнэ
  • Борлуулалтын таамаглал хийх бололцоо бүрдэнэ

Аутсорсинг
Outsourcing гэдгийг заримдаа гуравдагч талтай гэрээлэх гэж хэлж болно. Учир нь захиалагчийн ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан гүйцэтгэгч дараах шалтгаануудын улмаас гуравдагч этгээдэд уг ажлын тодорхой хэсгийг, эсвэл бүтнээр нь хийлгэх болдог.

Шалтгаанууд
  • Зардлаа бууруулахын тулд - Энэ нь хямд ажиллах хүчин бүхий улс орон, эсвэл компаниудыг гуравдагч гэрээлэгчээр сонгох замаар гаргах байсан зардлаа бууруулах үндсэн зорилготой байдаг.
  • Гол бизнестээ төвлөрөхийн тулд - Бизнесийн гол нөөц болох хүн, дэд бүтэц, resource-доо төвлөрөөд бусад жижиг сажиг ажлуудаа төрөлжсөн өөр компаниудаар гүйцэтгүүлэх зорилготой байдаг.
  • Чанарыг сайжруулахын тулд -
  • Хугацаа хэмнэхийн тулд - Том ажлыг жижиглээд өөр өөр компаниудад өгч зэрэг гүйцэтгүүлэх, бага хугацаанд олон хүний хүчээр гүйцэтгүүлэх зэрэг аргаар цаг хэмнэж бүтээгдэхүүн үйлчилгээг хүлээлгэн өгөх хугацаагаа багасгах зорилготой байдаг.
  • Эрсдлээ бууруулахын тулд - Тухайн ажлыг гүйцэтгэхэд янз бүрийн эрсдэлүүд учрах магадлалтай бөгөөд үүнийг гуравдагч талд өгч шийдүүлсэнээр эрсдэл буурах боломжтой тохиолдолд аутсорсинг хийж болно.
  • Татварын боломж эдлэхийн тулд - Зарим улсад тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ явуулахад татварын таатай орчин бүрдүүлсэн байдаг бөгөөд үүнийг ашиглахын тулд тэр орны компаниудаар ажил гүйцэтгүүлэх сонирхол бий болдог.
  • Хүний нөөцийн улмаас - Тухайн ажлыг гүйцэтгэхэд хүний нөөцийн бололцоо хүрэхгүй тохиолдол элбэг гардаг бөгөөд энэ үед бусдаар ажлаа гүйцэтгүүлэхээр өгдөг. Иймэрхүү ажлаар мэргэшсэн байгууллагууд ч байх нь бий. Цөөхөн хэдэн өндөр мэргэжлийн хүмүүстэй, бусад ажлаа ихэнхийг нь аутсорсингоор хийлгэдэг компаниуд байдаг.
  • Өөрчлөлт нэвтрүүлэхийн тулд - Зарим нэг өндөр технологи, нарийн процессийг өөртөө нэвтрүүлэхийн тулд чиглэлийн сайн компаниар гүйцэтгүүлэх замаар суралцах үйл ажиллагаа явуулах үндсэн зорилготой байдаг.
Хэлний саад
Аутсорсинг бол глобал ойлголт бөгөөд улс дамнасан байдлаар хийгдэх нь их. Хөгжингүй орнуудын компаниуд хөгжиж буй орны хямд ажиллах хүчээр ажлаа гүйцэтгүүлэх сонирхол их байдаг боловч хэд хэдэн хүчин зүйлийн улмаас энэ нь тийм хялбар хийгддэггүй. Үүнд хамгийн эхэнд хэлний бэрхшээл орно. Гэрээ байгуулж ажил гүйцэтгүүлэхийн тулд сайн ойлголцох, тохиролцох зайлшгүй шаардлагатай бөгөөд хоёр өөр улсын зан заншил, хууль журам зөрөлдөх тохиолдол гэх мэт саадуудыг давж гарахын тулд хөгжиж буй орны компаниуд ажилчдынхаа хэлний мэдлэгийг дээшлүүлэх шаардлага тулгардаг. Хэлний зөрүү байдаггүй орнууд аутсорсинг хийхэд бусад улсаасаа харьцангуй давуу талтай байдаг бөгөөд жишээлбэл Америкийн Нэгдсэн Улс-аас Энэтхэг Улсад аутсорсинг хийж буй үйл ажиллагаа дэлхийд хамгийн сайнд тооцогддог байна.

Кайзен
Кайзен гэдэг нь Япон үг бөгөөд сайжруулах буюу илүү сайн болгохын тулд өөрчлөх гэсэн утгатай. Гол философи нь үйлдвэрлэлийн, инженерингийн, бизнесийн, менежментийн прогцессуудыг байнга сайжруулах зорилгоор гаргасан янз бүрийн санааг цуглуулан хэрэгжүүлэх арга зам юм. Бизнесийн байгууллагад бол удирдлагаасаа авахуулаад хамгийн доод түвшний ажилчид хүртэл ямар нэгэн функцийг улам сайжруулах санал гаргаж хэрэглэдэг. Кайзен нь Дэлхийн Хоёрдугаар дайны дараа японы хэдэн бизнесийн компаниудад хэрэглэгддэг байж байгаад Амеркийн чанарын удирдлагын хэсэг багш нар тус улсад анх танилцсанаас хойш дэлхий дахинд хэрэглэгддэг нэр томъёо болсон юм.

Хэрэгжүүлэлт
Ямар нэгэн асуудалтай байгаа процессоо байгууллагууд тодорхой хэмжээнд шийдвэрлэсэн байдаг нь асуудалгүй процессуудыг тэр чигээр нь ашиглах ёстой гэсэн үг биш юм. Ө.х асуудалгүй байгаа процессуудаа сайжруулах нь тухайн байгууллага хөгжиж байна уу үгүй юу гэдэгт хариулт өгдөг нэг хүчин зүйл мөн.

Кайзен циклийг дараах байдлаар тодорхойлж болно
  • Үйлдлүүдийг стандартад оруул
  • Стандартчилагдсан үйлдлүүдээ хэмж (Уг үйлдлийн бүтэн цикл явах хугацааг тодорхойл, уг процест ашиглагддаг нөөцүүдийг тодорхойл г.м)
  • Шаардлагуудыг нь тодорхойлж хэмжүүр тавь
  • Яавал бүтээмжийг өсгөх замаар уг шаардлагуудыг хангахаа бодож ол
  • Сайжруулсан процессуудаа стандартад оруул
  • Дээрх циклийг тасралтгүй хий
Кайзений таван үндсэн элемент
  1. Багаар ажиллах
  2. Хувийн зохион байгуулалт
  3. Сайн ёс суртахуун
  4. Чанарын циклүүд
  5. Сайжруулалтын төлөөх зөвлөгөөн
Монгол Улсад
Одоогоор ихэнх хүмүүс сонссон төдий байгаа боловч цөөн хэдэн томоохон компаниуд авч хэрэгжүүлэхээр ажиллаж буй талаар мэдээ байдаг. Жишээлбэл Мобиком компани ажилчдынхаа дунд кайзен саналын системийг нэвтрүүлж оноо өгөх байдлаар үнэлдэг байхад М-Си-Эс Электроникс компани мөн адил системийг нэвтрүүлээд дээр нь компанийн зүгээс зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд оролцох оролцоо нэг бүрийг үнэлэн оноо өгөх, мөн бүтээмжийн зөвлөл байгуулан ажиллах, процессуудыг стандартчилах зэрэг үйл ажиллагаанууд явуулдаг байна. Мөн Төрийн зарим байгууллагууд ч кайзен системийг нэвтрүүлэх, үйл ажиллагаагаа стандартад оруулах талаар өөр хоорондоо санал солилцож, гадаад улсуудын туршлагыг нэвтрүүлэхээр ажиллаж буй жишээ бий.

2010-07-22

Монгол Гүн Ларсон


Энэхүү сонирхолтой сайхан номыг төрсөн
өдрөөр маань бэлэглэсэн ажлынхандаа их баярлалаа.

Франц Август Ларсон (1870-1957) гэх энэ эрхэм Швед хүн 1893 оноос эхлэн 35 жилийн турш Монголчуудын дунд амьдарсан бөгөөд энэ үеийнхээ тухай дурдатгал номоо 1920иод оны сүүлээр Англи Герман хэлээр Европд хэвлүүлж байжээ. Европ тивийнхэндээ өөрийн энэхүү дурдатгалаа хүргэсэн нь тухайн үедээ түүхийн шоронд мартагдсан Монгол орны тухай бодитой ойлголтыг хүргэх гэсэн зорилготой байсан бөгөөд хожим комунист дэглэм дор өөрсдийгөө ч мэдэхээ байсан бидэнд бүр их үнэтэй эх сурвалж болон ирэх тавилантай байжээ.
Надад энэ ном яагаад маш их таалагдсан бэ гэхээр ерөнхий агуулга нь тухайн үеийн манай орны аж байдал, амьдрал ахуйн тухай бөгөөд тэр үеийн тухай миний төсөөлж байснаас хамаагүй илүү гэрэл гэгээтэй сайхан дурдатгал байсан юм. Маш их олзуурхан унших болсон бас нэг шалтгаан нь энэ ном ямар нэгэн улс төрийн үзэл сурталаар буртаглагдаагүй байх магадлалтай маш цөөхөн эх сурвалжуудын нэг байж мэднэ гэж бодлоо.

2010-06-23

Монгол википедиа буюу Дэлхийн хамгийн том нэвтэрхий толь

Википедиаг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Өдөр тутам биш юм аа гэхэд ямар нэг шинэ ойлголт тодорхойлолтыг хамгийн түрүүн энэ сайтаас хайж олдог болохоор Google мэтийн хайлтын системээр хамгийн өндөр эрэмбэтэй гарч ирдэг болсоор удаж байна. Энэ сайтын талаар би аль эрт мэддэг болсон ч үр дүнтэй ашиглах талаар ер нь бодож байсангүй.
Манай мэргэжлийн салбар (IT) маш хурдан хөгжиж байдаг онцлогтой болохоор шинэ ойлголт ухагдахуунуудыг мэдэж авах шаардлага байнга тохиолддог. Тэгээд л википедиатай нөхөрлөнө. Мөн ч олон удаа хэрэгтэй зүйлээ олж баярласан даа. Харин одоо бол википедиагийнхаа ачийг хариулах гээд энэхүү бичлэгийг бичиж сууна.

Хүн зөв хэрэгтэй мэдлэг мэдээллээр өөрийгөө цэнэглэж байх бол сайн зүйл, зайлшгүй зүйл, гэхдээ зөвхөн яг хэрэгтэйгээ шүү. Энэ тухай дараагийн бичлэг дээрээ илүү дэлгэрүүлж бичье. Харин одоо бичлэгээ үргэлжлүүлэхийн тулд жишээ авъя:
- Манай улс бол хөгжиж буй орон, уул уурхайн салбар нь хөгжлийг нь хурдасгах гол салбар гэж хүн бүхэн л ярьдаг. Гэтэл түүхэнд манайх шиг улсуудад Голланд өвчин гэх том шалгуур тулгарч, олон улс энэ хүнд шалгуурыг давж чадаагүйгээс иргэний дайн, ядуурал, ялзралдаа баригдсан ч гэж бас ярьдаг. Энэ бол Монголд хаа сайгүй яригдаад байгаа асуудал, түүнээс биш яг онолын үүднээс аваад үзвэл ямар ойлголт, ямар учир шалтгаантай, ямар үр дагаварт хүргэдэг, ямар аргаар зайлсхийх боломж байна гэх мэтийн талаар миний л хувьд огт ойлголтгүй явж ирсэн болохоор википедиагаас хайгаад үзсэн юм. Тэгээд тэндээс олсон Голланд өвчин (Dutch Disease) гэх энэ ойлголтыг өөрийгөө үл голон монгол википедиа уруу нь орчуулан оруулж ирэхээр шийдсэн. Англи хэлний мэдлэг дульхан, дээр нь эдийн засгийн салбарын хүн биш хэдий ч ийнхүү зориглосон гол шалтгаануудаа жагсаан бичвэл та бүхэнд сонин байх болов уу гээд доор цувуулан бичлээ.
  1. Голланд өвчин гэх энэ ойлголтыг өөрөө ямар ч байсан зохих хэмжээнд мэдэж авах (уншаад өнгөрөхөөс илүү орчуулаад үзэхэд хамаагүй их зүйл үлдэнэ гэж тооцов)

  2. Википедиадаа хувь нэмэр оруулах буюу Голланд өвчин гэх ойлголтын талаар өөртэй гээ адилхан ойлголтгүй хүмүүст тус хүргэх

  3. Эдийн засгийн салбарын бага сага ч атугай нэр томьёог Англиар нь мэддэг болох

  4. Манай улсад тохиолдох магадлалтай эдийн засгийн аюултай үзэгдэл мөн л юм бол бид үүний талаар нийтээрээ зөв ойлголттой болж авах нь хамгийн сайн дархлаа гэх зэргээр бодлоо.
Бүтэн орчуулж дуусаагүй байгаа, дээр нь олигтой орчуулга болоогүй гэдгийг ч мэдэж байна. Гэхдээ л ямар ч байсан үр дүнтэй байгааг та ороод үзээрэй. Мөн эгдүү тань хүрэхээр орчуулга байвал нээлттэйгээр шүүмжлэхэд би гомдох зүйлгүй ба та хэний ч зөвшөөрөлгүй шууд засварлан бичих, үргэлжлэлийг нь орчуулан оруулах боломжтой юм.
Яг одоо Монгол википедиа дээр 4634 бичлэг орсон байгаагаас үзвэл их идэвхтэй чамгүй олон залуус энд үүрлэсэн юм байна гэж бодохоор байна. Та ч гэсэн тэдний нэг болох үүд хаалга үргэлж нээлттэй. Олон хүн оролцох тусам хэрэгтэй мэдээллүүд улам их болж, улам олон хүнд тус болох аварга том нэвтэрхий толь болон хөгжинө.

2010-03-20

Алгирмаа - Ардын дууны тухай

Өмнөх бичлэгт Алгирмаа гээд маш урт ардын дуу
бичээд оруулсаны учрыг одоо өгүүлсү.

Цагаан сарын өмнөхөн @philharmonicmn-ы ачаар Улсын Филармонид Морин хуурын чуулгын Гайхамшигт ардын дуу 1 буюу Та дуул, Бид хөгжимдье нэртэй маш сайхан тоглолт үзэх завшаан тохиосон юм.

Тасалбар аваад ороход суудал дээр маань тоглогдох ардын дуунуудын жагсаалт, хөгжмийн найруулагч, удирдаачийн нэр, гоцлол хөгжимчдийн нэрс, үзэгчдийн дуулах дууны үг зэргийг бичсэн хуудас тавигдсан байлаа. Тэдний management угийн ийм сайн байдаг эсэхийг мэдэхгүй, надад их таалагдсан. Их сэтгэл гаргадаг юм байна лээ.

Батчулуун гуай ерөнхийд нь хөтлөөд, зарим хөгжмийг нь удирдаж, зарим дууны тухай тайлбар хийж байсан нь туйлын таатай байлаа. Ялангуяа Үхэрт хүйтэн хоёр гээд дууны тайлбарыг сонссоны дараа хөгжим нь үнэхээр эмзэгхэн уярам, шархирам байсан.

Монгол Улсын хилийг шинээр татахад хилийн цаана хоцрон харь орны харьяат болсон Барга-Монголчуудын дуу юм билээ л дээ. Хожим нь манайхан Морин хуурын чуулгадаа зориулан дахин найруулж тавьсан нь тэр байж. "Үхэрт хүйтэн хоёр" хамар шархируулсан.

Youtube дээрээс оллоо. Тайван тухтай сууж байгаад
сонсоорой. Үнэхээр эмзэглэм, уярам сайхан аятай дуу.




Мөн тоглолт эхлэхээс өмнө хөтөлбөр дээрээс "Халх жонон" гээд дууны нэрийг хараад бодож байсан бодол маань хөгжим нь эхэлмэгц бас л нулимс цийлэгнэхэд хүргэсэн.

Жонон бол Монголчууд улс дотроо хөлөө жийлцэн цамнаж асан цагт баруун түмнээ удирддаг байсан Эзэн хааны дараа орох өндөр хэргэм тушаалын нэр юм. Баруун түмнээ удирдахаар Халхаас очсон Жонон гэдэг бол баруун зүүн болсон Монголчуудын эвийн билэг тэмдэг юм даа гэж бодож суулаа. Үлгэрлэвээс Мандухай Цэцэн Хатаны хоёр ихрийн нэг Жонон болон одож буйтай дүйнэ. Хөгжим нь ч уярам сайхан юм билээ.

Үзэгчдийн дуулах дуун дунд Алгирмаа гэх энэ дууны хураангуй үг бичээстэй байсан. Үзэгчид дунд суучихаад дуулж байхдаа миний хайрт дараах мөрийг заагаад: -Юун 13 жил вэ? ийм удаан алга болчихдог байсан юм байхдаа гэж асууж билээ. Би ч мэдэхгүй болохоор дуугаа дуулангаа мөрөө л хавчсан.
...
Авааль нөхөр Алтансүх
Амбан сияаны цэрэгт яваад хө
Амьд үхсэн нь сураггүй
Арван гурван жил боллоо хө.
Арван гурван жилийн дотор
Андуу зөрүү явсан бол хө
Агаар хурмаст тэнгэр намайг
Амийг минь гартал ниргэг хө!
...

Тоглолтын дараа хоёулаа гараад алхаж явахдаа энэ дууны бүтэн утгыг мэдэж авахгүй бол хураангуйгаас нь ойлговол Алтансүх гэж нөхөр дураараа 13 жил цэрэгт ор сураггүй яваад Алгирмаагаа зовоож байгаа юм байна гэсэн утга харагдаад байв.

Гэртээ очоод Монгол Ардын дууны ном гаргаж ирээд харвал нилээн урт дуу байвөө. Хураангуйлсан ч биш, зүгээр нэг хэсгийг нь л дуулсан юм байж.

Энэ дууны үг бол тухайн цаг үеэ харуулсан бүтэн зохиол шахуу юм билээ. Манжийн үед Хятадад гарсан бослого үймээнийг дарахаар Монголын хошуудаас морин цэрэг татаж байсан тухай баримтууд байдаг юм байна. Сонирхоорой.

Хөөрхий Алтансүх, Алгирмаа хоёрын үе хэцүү байжээ. Гэхдээ үнэнч Алгирмаагаас одоогийн амьдралаа босгож ирэхээр гадаадад ажиллаж буй хайртай нөхөр Алтансүхээ хүлээж буй Алгирмаанууд сэтгэлийн хатийг нь, тэвчээрийг нь, итгэлийг нь олж хараад тайтгардаг болов уу гэж ч бодогдов.

Ардын, уртын дуунуудаа бид цаг үеэсээ болоод бүтнээр нь сонсоод байж чадахгүй байгаа юм байна, хөгжимчид маань ая данг тун сайхан болгож шинэчилж чадаж буй боловч дууны үг утгыг дамжуулах талаар ажиллаж буй хүн байхгүй шиг.

Гэтэл ая нь соёлоо, үг нь ухаанаа агуулсан хамгийн чухал өв соёл маань...

Эрхэм урлагын зүтгэлтэнүүд минь утга санааг нь алдагдуулалгүйгээр өв соёлоо хойч бидэндээ дамжуулж хайрлаач гэж хүсээд энэхүү бичлэгээ өндөрлөе дөө.